ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2015.01.19 10:01

Өнөө жилийн цагаан сарын буузны амтыг “Нүүдэл” брэнд өнгөлнө

Цаг агаарын байдал цагаан сарын буузанд ч яах аргагүй асуудал үүсгэж мэдэхээр байна шүү. Нийт нутгаар өмнөх жилүүдийнхийг бодвол харьцангуй тогтуун сайхан байгаа. Говийн аймгуудаар бүр нэмэх хэмтэй өдрүүд ч байсан. Идэр есийн хүйтэн шувтрахад Монгол түмэн маань сар шинийнхээ баяртай золгоно. Энэ янзаараа налайсан өдрүүд үргэлжилбэл бууз, банш хөлдөж өгөхгүй шинжтэй дэг ээ. Тээр жилийн сар шинийн баяр санаанаас минь огт гардаггүй юм.

Цагаан сар ч гуравдугаар сар дөхөж болсон байх. Бууз, банш хөлдөж өгдөггүй. Дэмий амсар нь хатаад байдаг. Дээр үеийн орос хөргөгчний хөлдөөгчинд юу шальтай оров гэж дээ.

Гаднах температурт хөлдөхгүй байгаа буузаа хөлдөөгчиндөө цөөн ширхгээр нь хийж аваад л хөлдөөмөөр аядаад шуудайлаад байлаа. Шинийн нэгний өглөө зочин гийчиндээ буузаа жигнэж өгөх гэтэл бүгд хоорондоо наалдчихаж. Баарцагласан нэг том бууз болчихсон байж билээ. Одоо ч тэр үеийг бодвол бэлэн үйлдвэрийн бууз гэж сайхан юм элбэг болсон. Ажил алба ихтэй хот суурин газрын мань мэтийн хүмүүст бэлтгэсэн бууз, банш авчихаар амар байдаг юм. Цагаан сарын нөр их бэлтгэлийн ажил хөнгөрөөд л явчихна. Үйлдвэрийн бууз болгон адилгүй. Орц, найрлага, амт чанарыг судалж, сонголт хийнэ гэдэг түвэгтэй. Монголчууд сар шинийн бууз банш ямар байхаас тухайн жилийн өнгөө тодорхойлдог уламжлалтай ард түмэн. Өнөө жилийн цагаан сарын бууз, баншны амтыг "Махимпэкс" компанийн "Нүүдэл" брэнд өнгөлнө гэдгийг "Танайд өнжье" буландаа онцлон хүргэж байна. Эдний бүтээгдэхүүн хэрэглэгчдээс авсан судалгаа, амталгаагаар олны сэтгэлд таашаагдсаар ирсэн. Тиймээс "Нүүдэл" бууз, баншийг хэрэглэгчид сэтгэлд өег гээд шуудсонгож байгаа. Дан ганц бууз, банш гэлтгүй "Мах импэкс"-ийн хиамнууд ч дэлгүүрийн лангуун дээрээс хамгийн түрүүнд дуусчихсан байдаг. Үнэхээр амт чанараараа тасархай юм чинь мэдээж шүү дээ. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үндэсний ууган компанийн гал тогооны ажил хэрхэн өрнөдгийг сурвалжиллаа. Тус үйлдвэрт үүр цайхаас үдшийн бүрий хүртэл бүтэн нэг өдрийн турш өнжсөн тэмдэглэлээ хуваалцаж байна.

ӨГЛӨӨТЭЙ УРАЛДАХ ҮЙЛДВЭРИЙНХЭН

Таван шард байрлах "Мах импэкс" компанидманай сурвалжлах баг 06.20 цагт очлоо. Борлуулагч, түгээгчид аль хэдийнэ ирчихэж. Тун их ажилтай хүмүүс нааш цааш сүлжилдэнэ. Шинэхэн бүтээгдэхүүний ачилт ид явагдаж байлаа. Ер нь үйлдвэрийн ажил эндээс л эхэлдэг байна. Хиамнуудаа нэр төрлөөр нь ангилан сагснуудад хуваан хийжээ. Электрон пүү дээр тавьж жинлэнэ. Нярав, борлуулагч хоёр ширээний ард суучихсан зэрэг тэмдэглэл хөтөлнө. Нэг сагс бүтээгдэхүүн гэхэд 20-30 кг татаж байна лээ. Эдний үйлдвэрийн эртэч хүмүүсийн нэг борлуулагч Ш.Чанцалдорж гуайтай уулзлаа. Тэрбээр 1979 оноос хойш өнөөдрийг хүртэл үйлдвэртээ технологичоос авахуулаад цехийн дарга хүртэл ажиллаж байсан нэгэн.Өглөө бүр 06.00 цаг гэхэд ирдэг тэрбээр ажлынхаа онцлогийн талаар сонирхуулахдаа "Ах нь гэрээсээ 05.30 цаг гэж гараад ажил дээрээ ирнэ. Бүтээгдэхүүнүүдээ хүлээж аваад дэлгүүрүүддээ хүргэнэ дээ. Миний хувьд 50 гаруй дэлгүүрт борлуулалтаа хийнэ. Манай бүтээгдэхүүн амт, чанарын хувьд бусад үйлдвэрийнхээс шал өөр байдаг юм. Тиймээс дэлгүүрүүд дуртай авна, бүтээгдэхүүнтэй буцаж ирнэ гэсэн ойлголт байхгүй" гэв.

Ийнхүү гадаа нэг цуваанд орон зогсох түгээлтийн машинуудад 07.25 цаг гэхэд бүтээгдэхүүнээ ачиж дууслаа. Эдний бүх ажил хуваарийн дагуу явагдана. Минут, секундээр хэмжигдэнэ гээч. Хэрэглэгчдийнхээ өглөөний цайг хоцроохгүй гэж ургах нартай уралдан ажиллацгаана. Бүтээгдэхүүн зайгүй ачсан арав гаруй машин 07.30 цагт хөдөллөө. Тэд нийслэлийн зургаан дүүрэгт бараагаа хүргэдэг. Эднээс гадна орон нутгийн түгээгчид гэж тусдаа байна. Налайх, Багахангай, Багануур гээд алслагдсан дүүргүүд болон Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод аймаг руу ч бүтээгдэхүүнээ түгээж байгаа гэсэн.

"МАХ ИМПЭКС"-ИЙН ДОТООД ХЯНАЛТЫГ МАГТЪЯ

"Мах импэкс"-ийн 16 нэр төрлийн хиам үйлдвэрээс борлуулалтад гарахдаа олон шат дамжлага давдаг юм билээ. Мэдээж, бүтээгдэхүүн болгоноос дээж аваад тэрийгээ хадгална. Дээрээс нь дотоод лабораторидоо шинжилгээ хийнэ. Химийн болон микробиологи гэсэн хоёр хэсэгтэй. Хяналт, шалгалт нь чанга гэж жигтэйхэн. Яг л мэргэжлийн хяналтынхан гэсэн үг. Бүтээгдэхүүнд нэг л үл тохирол илрэхэд тэр төрлийг зөрчил дутагдлаа арилгатал нь худалдаанд гаргахыг тас хорьчихдог гэсэн. Нэгэнт л хүний эрүүл мэндтэй холбоотой хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа улс чинь ингэж ажиллахгүй гээд ч яах билээ. Хамгийн чухал нь эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэхийн тулд лаборатори найдвартай, баталгаатай байх учиртай. Эдний лаборатори хүнсний бүтээглэхүүний химийн найрлагыг богино хугацаанд найдвартай тодорхойлдог ХБНГУ-ын иж бүрэн компьютерийн удирдлага бүхий тоног төхөөрөмжтэй. Түүнчлэн ажилчдын хувцас, үйлдвэрлэлийн орчноос тогтмол шинжилгээ авч, ариун цэвэрт хяналт тавьж ажилладаг болохыг Лабораторийн эрхлэгч, доктор профессор С.Уянга ярилаа. Сонирхуулахад тус лаборатори Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс зохион байгуулдаг шинжилгээний ур чадвар үнэлэх шалгалтадбайнга 90-100 хувийн гүйцэтгэлтэйгээр оролцдог байна.

Лабораторийн шинжилгээнд орсон ч гэсэн бүтээгдэхүүнийг ачихаас өмнө төмөр сав барьсан, цагаан халадтай эмэгтэй орж ирээд сагсанд хийсэн хиамнуудыг нэг бүрчлэн эргүүлж тойруулан харж, нэр төрөл болгоноос зүсч авч байсан нь лабораторийн ажилтан байжээ. Тэрбээр хиамнуудад мэдрэхүйн эрхтний шинжилгээ хийж үнэлгээ өгдөг байна. Амт, үнэрээс нь хужир тунг хэрхэн тааруулсныг гаргаахгүй сайн мэднэ. Хэрэв жаахан асуудал гарах юм бол тухайн бүтээгдэхүүнд хориг тавих бүрэн эрхтэй.

"Махимпэкс" компанийн Малын их эмч Л.Дуламжавын ярьснаар лаборатори бэлэн болсон бүтээгдэхүүнийг шинжлэхээс урьдаар гаднаас ирэх түүхий эддээ их анхаарал тавьдаг байна. Ийнхүү нарийн хяналт шалгалтыг давсан сайн чанарын бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдэд хүрэхээр замдаа гарлаа. Гадаа гэгээ орохтой зэрэгцэн "Махимпэкс" компанийн хөл хөдөлгөөн ч нэмэгдэв. Үйлдвэрийн ажил 08.00 цаг гэхэд ерөнхийдөө жигдэрдэг юм билээ. Хиам болон бууз баншны үйлдвэрлэлт хэрхэн явагдаж байгаа шат дамжлагыг сонирхлоо. Цехүүд сэрүүн, шал нь нойтон байгааг тодруулахад "Тогтмол усаар цэвэрлэгээ хийх ёстой. Мөнхалуун орчинд нян үрждэг болохоор сэрүүн нөхцөлд үйлдвэрлэлээ явуулдаг" гэж технологичид тайлбарлав.

"НҮҮДЭЛ" БУУЗАНД ЭЛДЭВ АМТЛАГЧ ХОЛЬДОГГҮЙ

"Мах импэкс" компани "Нүүдэл" нэртэй бууз, банш худалдаанд гаргаад багагүй хугацаа өнгөрсөн. Үндэсний брэнд бүтээгдэхүүн болсон "Нүүдэл" бууз, баншийг үйлдвэрлэж байгаа цех рүү ортол ихэд дотно санагдлаа. Цагаан сар дөхөхөөр аав, ээж, ах, эгч нартайгаа ширээ тойрон сууж байгаад буузаа хийдэг багын дүр зураг буув. Тэнд цагаан халат, малгай өмсч, амны хаалт зүүсэн бүсгүйчүүд буузыг чамбай гэгч нь "урлаж" байлаа. Томоос том ванданг тойрон сууцгаажээ. Есөн өөр хүн чимхэж байгаа хэрнээ яг л нэг гараар хийсэн шиг хийцтэй. Нэгэн жигд тасдсан гурилыг гурван эмэгтэй элдэх гэж хурдан юм. Гараар элдсэн буузны гурилны ёроол салж унаад байдаггүй давуу талтай. Ингэж элдэхийн өөр нэг онцлог нь гурилны нимгэн зузааныг гарын мэдрэмжээр тааруулдагт байгаа юм. Бууз, баншаа "Милл хаус" үйлдвэрийн дээд зэргийн гурилаар хийж байгаа болохоор урсч, наалдана гэсэн асуудал гарахгүй гэж хариуцсан технологич Ц.Цэрэнлхам бидэнд өгүүлэв. Харин баншны хувьд чимхэлт нь автомат машинаар жигд дараад гаргаж байна лээ. "Нүүдэл" брэндийн жорыг танилцуулахад дээд зэрэглэлийн гурил, тарган хонь, үхрийн мах, сүүл, сонгино, гоньд, давс. Яг л бидний гэртээ хийж иддэг буузны жор байгаа биз. Өөр ямар нэгэн амт оруулагч байхгүй. Монгол буузны амт, жорыг хадгалдаг болохоор эдний бууз бусдаас ялгардаг ажээ. Чимхэж бэлтгэсэн буузаа хасах 30 хэмийн хөлдөөгчинд гурван цаг болгоход тэс хөлддөг юм билээ. Ер нь орчин цагт гэртээ ул боов хийдэг айл үлдээгүй шиг бууз хийх завтай хүн тун цөөхөн биз. Цаг заваас гадна зөвхөн Улаанбаатар гэхгүй Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ гэх мэт хот суурин газрын хүмүүс бууз хийгээд хөлдөөх аргагүй болсон. Жилээс жилд нэмэгдэж байгаа утаанд уушги, ходоодоо зэрэг хордуулаад яахав. Иймд баталгаатай газар үйлдвэрлэж, зориулалтын орчинд хөлдөөсөн, үндэсний манлай үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүн болох "Нүүдэл" брэндийн бууз энэ жилийн сар шинийн баярын буузны амтыг өнгөлөх нь тодорхой. Ер нь тэгээд хүн хүч, явдал чирэгдэл болж гэртээ хийснээс бэлэн бууз худалдаж авсан нь биед амар. Зардал мөнгөний хувьд дүндээ дүн болж байна лээ. Уншигчид маань харьцуулаад үзнэ биз. "Нүүдэл" бууз нэг кг нь 6600 төгрөгийн үнэтэй гэсэн. Мянган ширхгийг авахад 260,000 орчим төгрөг болно. Гэртээ 1000 бууз хийхэд ч ай даа мөн их ажил болно доо. Зах руу явж мах сонгоод, гурилаа шилээд, хамжиж чимхэх хүн дуудаад...

"Мах импэкс"-ийн бууз, банш хийдэг Хагас боловсруулсан бүтээгдэхүүний цехэд бас хуушуур, котлет, бургер, бөөрөнхий мах үйлдвэрлэдэг юм билээ.

ОРГАНИК ОРЦТОЙ ОЛОН ТӨРЛИЙН ХИАМ ШИНЭЭР ХИЙНЭ

"Махимпэкс" компани өнгөрсөн оноос "ISO 9001" чанарын стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн бол 2007 оноос техник технологио шат дараатай бүрэн шинэчилжээ. Герман, Австри зэрэг улсад үйлдвэрлэсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд нь өдөрт 15 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Бүтээгдэхүүн боловсруулах бүхий л үйл явц дамжлага нь автомат болохоор ажлын бүтээмж ч жигд явагддаг байна. Дээрээс нь ариун цэврийн шаардлага хангахдаа стандартыг давуулан биелүүлнэ үү гэхээс цалгардуулахгүй.

1946 оноос өрхөө татсан "Махимпэкс" гэдэг энэ айл мах бэлтгэх бүхэл бүтэн том баазтай. Хөдөө орон нутгаас мал махаа бэлтгэхдээ тарга тэвээргийг нь чухалчилдаг ажээ. Манай сурвалжлах багийг үйлдвэрт өнжиж байхад мах бэлтгэлийн өрөөнд тарган, тарган хонины гулууз олноор нь өлгөсөн харагдав. Тэнд махны гадна талыг арчиж цэвэрлэж байхад нөгөө талд шулж сортолж байлаа. Үйлдвэрлэж байгаа хиамныхаа төрлөөс хамаарч махнуудаа ангилан ялгадаг байна. Махаа жинлээд холигч машин руу хийх аж. Бүх тохируулга нь автомат болохоор холигчид хийсэн маханд ямар хэмжээний давс, нитрит орох шаардлагатай гээд жорыг нь заадаг. Ингээд жорын дагуу хольсон махаа сэврээх өрөөнд хадгалдаг байна. Энэ өрөө нь стандартын дагуу тохируулсан температуртай. Олон тасалгаатай вандангууд дээр бэлтгэсэн хиамны махаа төрөл бүрээр нь ангилан тавьжээ. Тухайлбал, "Зочид", "Утлагат", "Хүслэн", "Аялал" гэх мэтээр ялгасан харагдав. Ингэж махыг 24 цаг амрааснаар өнгө, ус шингээх чадвар нь сайжирдаг ажээ. Тэнд амарсан мах бүтээгдэхүүн болохоор дараагийн шат дамжлага руу шилжинэ.

Хиаман цехэд ч үйлдвэрлэлт нэлээд эрчимтэй явагдаж байлаа. Ургамлын гаралтай сайн чанарын шар буурцагны уургийг хиамандаа хольдог юм билээ. Ийм байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг болохоор "Махимпэкс"-ийн хиамнууд уураглаг чанар нь өндөр байдаг юм байна. Ингээд төрөл бүрийн хиамнуудаа үйлдвэрлэнэ дээ. Өргөн, нарийн, өндөр, нам гээд л. Гадна талын бүрхэвчээс хамаарч янз бүрийн хэлбэртэй дүрстэй хиамнууд бий болох нь тэр. Бүрхэвчний хувьд ОХУ-ын "Атлантис-Пак" үйлдвэрт захиалж хийлгэдэг. Хэвэнд шахаж бэлэн болгосон хиамнуудаа Германы "Бастра" фирмийн утлага, чаналганы камерт оруулна.

"Махимпэкс"-ийнгайхалтай нэг бүтээгдэхүүн бол төрөл бүрийн утлагат мах. Утлагат махны цехэд ортол гахайн цоройг олноор нь өлгөсөн харагдав. Утаж бэлэн болгосон гахайн цоройг хэрчээд савлаж байлаа. Гахайн махаа тэд Европын холбооны улсуудаас импортолдог гэсэн. Гахайны аж ахуй эрхэлдэг дотоодын компаниудын хувьд эдний хэрэгцээг нь хангаж чадахгүй аж. Мөн тус үйлдвэрийн царцаамаг, гүзээ, цусан хиамнууд нь эрэлт ихтэй байдаг. Дотор махан бүтээгдэхүүний цехийн технологич Б.Туяа энэ талаар ярихдаа "Эдгээр бүтээгдэхүүнүүд нь коллегин, төмөр ихээр агуулсан болохоор цус багадалтаас сэргийлж, эрүүл мэндэд ач тустай" гэлээ.

Аливаа бүтээгдэхүүний амт, чанар нь жорноос шууд хамаардаг. Тэгвэл "Мах импэкс"-ийн хиамнуудын жорыг Ж.Алтанцэцэг хэмээх бүсгүй "барьдаг". Тэрбээр энэ үйлдвэрт 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай нэгэн. Жорны өрөөний хаалгыг татангуут төрөл бүрийн ногооны үнэр сэнхийв. Германы "Могунциа" фирмийн жор амтлагчийг хэрэглэдэг байна. Найрлагад заасан норм, хэмжээний дагуу тэр жороо бэлтгэдэг байна.

Тус үйлдвэр байнга л шинэ жор бүхий хиамнуудыг туршдаг гэсэн. Лаборатори ч байнгын ажиллагаатай болохоор энэ тал дээр судалгааны ажлууд их хийгддэг байна. Одоогоор дөрвөн шинэ төрлийн хиамны туршилт хийж байгаа аж. Улаан лоольтой, коньяктай, сармистай, өргөст хэмхтэй хиам шинээр худалдаанд гаргахаар бэлтгэж буй гэнэ. Биднийг өнждөг өдөр эдгээр хиамны амталгаа явагдсан юм. Өвөрмөц содон амттай санагдав. Худалдаанд гаргавал борлуулалт ч сайн байх нь дамжиггүй. Гэхдээ технологичид хэсэг хугацаанд олон дахин туршиж байж зах зээлд нийлүүлэх тухай хоорондоо ярилцацгааж байна лээ.

Шинэ төрлийн хиам худалдаанд гаргахаар ийнхүү байнга туршихаас гадна уламжлалт хиамны амтыг хэвээр нь хадгалахыг хичээдэг тухай тэд ярив. Хуучны долоон төгрөг 20 мөнгөний хиам одоо тэр амтаараа "Аялал" нэртэйгээр үйлдвэрлэгдэж байгааг технологич нар онцоллоо.

ҮЕ ЗАЛГАМЖИЛСАН БОЛОВСОН ХҮЧИНТЭЙ ӨНӨР ГЭР БҮЛ

"МАХИМПЭКС"

Далан жилийн түүхтэй "Мах импэкс" компанийн хувьд олон зуун айлын амьдралыг "хариуцаж" байгаа. Тиймээс ажилтнуудынхаа ахуй амьдрал, боловсрол, эрүүл мэндэд нь ихээхэн анхаардаг ажээ. Тухайлбал, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон фитнес клуб ажиллаж байсан. Мөн аэробик танхим, саун, дүш гээд цөм бий. Бас мэргэжлийн багш ажилтнууддаа хичээл заадаг юм билээ. Эрүүл хүн эрүүл хүнс үйлдвэрлэх учраас спортыг чухалчилсан хамт олон ажээ.

Олон жилийн түүхтэй "Махимпэкс" компанийн боловсон хүчнүүдийн тухайд ихэнх нь хуучны гэгдэх хүмүүс. Тэд залуу хойч үеийнхэндээ зааж сургаж өөрсдөө ч, сэтгэл хангалуун ажилладаг ажээ. Түүнчлэн гэр бүлээрээ, 2-3 үеэрээ энэ үйлдвэртэй амьдралаа холбосон хүмүүс ч олон байгаа ажээ. Харин маркетингийн албаныхны хувьд шижигнэсэн залуус байв. Тэд 07.00 цаг гэхэд цуглацгаадаг юм билээ. Ингээд л бүтээгдэхүүнийхээ борлуулалт, судалгаа зэргийг нягт нямбай ярилцаж, санал солилцож байсан шүү.

Өглөө болгон таны ширээн дээр алаглах амтат хиам, бууз, банш, махан бүтээгдэхүүнүүдэд энэ үйлдвэрийн 300 гаруй хүний сэтгэл, хөдөлмөр зүтгэлшингэн бэлэн болдог юм байна. Үүрийн гэгээгээс үдшийн бүрий болтол хэрэглэгчдийнхээ төлөө мандах нартай уралдан ажилладаг "Мах импэкс"-ийнхэнд ажлын амжилт хүсээд сурвалжлагаа өндөрлөсөн юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд