ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.07.03 12:07

Өргөмжит консулын газрыг Мадрид хотноо нээв

Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 1-2-ны өдрүүдэд Испаний Вант Улсын Гадаад харилцааны сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Европын Холбооны нөлөө бүхий орон, испани хэлтэй орнуудын цөм болсон Испаний Вант Улсад энэхүү айлчлалыг хэрэгжүүлснээр “гуравдагч хөрш”-ийн талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг улс төрийн аргаар бэхжүүлэх, олон улсын тавцан дахь байр суурийг өргөжүүлэхэд ач холбогдолтойн дээр хоёр орны эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд тодорхой алхам боллоо.

1Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Испаний Гадаад хэргийн сайд Гарсиа Маргаёотой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, оюутан залуусыг солилцох, хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх шаардлага байгаад санал нэгдэж хэрэгжүүлэх зарим ажлын талаар тохиролцлоо. Мөн Европын Холбоо, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцохын зэрэгцээ олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Ноён Г.Маргаёо хоёр улсын дипломат харилцааны 40 гаруй жилийн түүхэнд Монгол улсаас Гадаад харилцааны сайд анх удаа айлчилж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болж буйг онцлон тэмдэглэж байлаа.

1Сайд Л.Болд Испаний нийслэл Мадрид хотод байгуулагдсан Монгол Улсын Өргөмжит консулын газрын албан ёсны нээлтэд оролцож, Өргөмжит консулаар томилогдсон Испаний иргэн Адриана Поведад Монгол Улсын төрийн далбааг албан ёсоор гардуулав. Энэ үеэр хатагтай А.Поведа Испанид Монгол Улсыг бүх талаар сурталчлах, Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Тэрээр өргөмжит зонсулын газартаа Испани болон Монголын иргэн 2 хүнийг өөрийн зардлаар авч ажиллуулж эхлээд байгаа юм.

Испанид одоогоор 300 гаруй Монгол иргэн бүртгэгдсэн гэдэг мэдээ байдаг бөгөөд 6 дугаар сарын 30–ны өдөр Барселона хотод танхай этгээдүүд Монгол залууг зодсон явдал гарсан байв. Барселона болон Мадрид дахь өргөмжит консулууд энэ хэрэгт анхаарал хандуулан монгол залуугийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд залуугийн бие сайн байгаа хэмээн сайдад мэдээлж байв.

1

Парламент хооронд хамтран ажиллахаар болов

1

Мөн  Гадаад харилцааны Л.Болд Испаний Сенатын дарга Пио Гарсиа-Эскудеро Маркест бараалхлаа. Тэрээр Сенатын даргатай уулзах үеэр УИХ-ын дарга З.Энхболдын мэндчилгээ болон урилгыг уламжилж, УИХ-д Монгол, Испанийн парламентын бүлэг байгуулагдсныг мэдээлэхийн ялдамд хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллааг хөгжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв.

Сенатын дарга ноён П.Э.Маркес ойрын үед Испаний Парламентад найрамдлын байгуулах чиглэлээр ажиллахаа мэдэгдээд, УИХ-ын даргыг тааламжтай цагтаа Испанид айлчлахыг урив.

1

Эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

1

Гадаад харилцааны сайд айлчлалынхаа үеэр Испанийн Эдийн засаг, өрсөлдөөний яамны Гадаад худалдааны асуудал эрхэлсэн дэд сайд Хэйми Гарсиа Легазтай ажлын уулзалт хийлээ. Талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх маш олон таатай боломж байгааг санал нэгтэй тодотгон бизнес эрхлэгчдийн харилцан уулзалтыг нэмэгдүүлж бодлогоор дэмжих тухай ярилцав. Ялангуяа дэд бүтэц, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй түүн дотроо арьс шир боловсруулах, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах бололцоо байна гэж талууд үзсэн бөгөөд 6 дугаар сард Улаанбаатар хотод болсон Монгол, Испанийн бизнес форум маш амжилттай болсон тул дараагийн форумыг 9 дүгээр сард Испанид зохион байгуулахаар тохиролцов.

1

Энэ үеэр Испанийн экспортыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулахаар манай улсын Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамнаас санал болгосон Арьс шир боловсруулах цогцолбор үйлдвэр байгуулах төслийн танилцуулгыг сайд Л.Болд, дэд сайд Х.Г.Легазд гардууллаа.

Гадаад харилцааны сайд мөн Испанийн Худалдааны танхимын Ерөнхийлөгч Артуро Фернандезтэй уулзаж, Монгол, Испаний бизнес эрхлэгчдийг холбож, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Тус танхим нь Испаний эдийн засгийн хөдөлгүүр болсон нийт 500 мянга гаруй компанийг эгнээндээ нэгтгэдэг юм.

1

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад ажиллалаа

 

Испанид ажиллах үеэрээ Гадаад харилцааны сайд Л.Болд Мадрид хотод байрладаг НҮБ-ын харъяа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төв байранд зочилж ажлын уулзалт хийлээ. Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай хоёр гүйцэтгэх захирал, хэд хэдэн газрын дарга зэрэг шийдвэр гаргах бүрэлдэхүүний хамт Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм.

1

Л.Болд сайд уулзалтын үеэр аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн хамт цаашид илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах тодорхой хувилбаруудыг санал болгов. Тухайлбал, ирэх онд манай улс олон улсын аялал жуулчлалын “ИТБ” үзэсгэлэнд түнш орноор оролцох, манай Засгийн газар аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 42 орны иргэдийг визгүй зорчуулах шийдвэр гаргасныг уг байгууллагын шугамаар дэлхий даяар сурталчлах, Монголын аялал жуулчлаын суртчилгааг сайжруулж, брэнд бий болгоход дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгов. Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Рифай Монгол улсын ССАЖЯ-тай үр дүнтэй хамтран ажиллаж буйгаа дурдаад эдгээр чиглэлээр хамтран ажиллаж, боломжит туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгдэв.

Тухайлбал, Монгол улсын аялал жуулчлалын шинэ хуульд мэргэжлийн экспертиз хийх, мэдээлэл сурталчилгааны төлөвлөгөө боловсруулах, салбарын удирдлагын чадавхийг бэхжүүлэх зэрэгт тус байгууллага тусалж байгаа бөгөөд төслүүдийн тайлан төлөвлөгөөг Гадаад харилцааны сайдад анхлан албан ёсоор гардуулав. Мөн Торгоны зам дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх олон улсын томоохон хөтөлбөрт Монгол улсыг албан ёсоор хамруулахаар болжээ гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.

Онцлох нийтлэлүүд