ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.05.16 10:05

Өрхийн сарын дундаж орлого нэг сая төгрөгт хүрчээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын нийгэм эдийн засгийн байдлыг өчигдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.3 сая болж, үүний 665.4 мянга буюу 52.6 хувь нь эрэгтэй, 600.4 мянга буюу 47.4 хувь нь эмэгтэйчүүд аж. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 61.5 хувь нь хот, суурин газарт, 38.5 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байгаа юм байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ажилгүй иргэд 7.6 мянга буюу 6.6 хувиар өсчээ. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2018 оны нэгдүгээр улиралд 9.7 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.6 пунктээр, өмнөх улирлаас 2.4 пунктээр тус тус өссөн байна. Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.8 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Говь-Алтай, Говьсүмбэр, Сэлэнгэ, Архангай, Төв, Дорноговь, Дорнод, Орхон аймгуудад улсын дунджаас 2.7-20.0 пунктээр илүү байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний 4 сард ажилгүй 26.4 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 5.0 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 23.5 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

Өрхийн нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого нэг сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 137.6 мянган төгрөгөөр (15.4 хувиар) өсчээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 10.4 хувиар, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 38.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2018 оны I улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 118.8 (12.6 хувь) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 96.4 (13.8 хувь) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзвэл, улиралд 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 13.4 хувь, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 14.3 хувийг, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 29 хувийг эзэлж байна. Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 7.9 мянга байна. Улсын хэмжээнд 2018 оны нэгдүгээр улиралд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ нийт хэрэглээнд 7.3 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 40.9 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.6 дахин их байгааг харуулж байна.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ОРЛОГО ӨСЧЭЭ

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний дөрвөн сард 720.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 72.7 мянга буюу 11.2 хувиар өсчээ. Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 72.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 13.1 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 17.5 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн орлого 62.5 (13.6 хувь) тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 18.4 (45.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Дөрөвдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 25140 эх амаржиж, 25310 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2500 (11.0 хувь)-гаар, амьд төрсөн хүүхэд 2520 (11.1 хувь)-иар тус тус нэмэгдсэн байна. Мянган амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний дөрвөн сард 15 болж, өмнөх оны мөн үеэс 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үеэс хоёр хүүхдээр буурсан байна. Эхийн эндэгдэл 2018 оны эхний дөрвөн сард долоо болж, өмнөх оны мөн үеэс 40 хувиар нэмэгдсэн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны дөрөвдүгээр сард 13418 болж буурахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 2145 (62.7 хувь)-аар, салхин цэцгээр өвчлөгчид 1415 (32.3 хувь)-аар, трихомониазаар өвчлөгчид 97 (6.0 хувь)-гоор, сүрьеэгээр өвчлөгчид, гонококкт халдвараар өвчлөгчид 100 (6.5 хувь)-гаар, 66 (5.0 хувь)-гаар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цусан суулгаар өвчлөгчид 529 (90.6 хувь)-өөр, мөөгөнцрөөр өвчлөгчид 31 (5.7 хувь)-ээр, тэмбүүгээр өвчлөгчид 92 (4.4 хувь)-оор тус тус өсчээ.Улаанбаатар хотод 2018 оны 4 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 260 болсон байна.

ГЭМТ ХЭРГИЙН ТОО ӨСЧЭЭ

Улсын хэмжээнд 2018 оны эхний дөрөвдүгээр сард 14632 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5772 (65.1 хувь)-оор өсчээ. Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд хулгайн гэмт хэрэг 3164 (2.1 дахин), залилах гэмт хэрэг 1119 (2.5 дахин), дээрмийн гэмт хэрэг 524 (4.2 дахин), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 785 (29.9 хувь), хөрөнгө завших гэмт хэрэг 165 (3.0 дахин), хүчингийн гэмт хэрэг 103 (2.1 дахин), хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 80 (29.9 хувь)-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улсын хэмжээнд 2018 оны эхний 4 сард 28.4 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 3.4 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 2158 (7.1 хувь), баривчлагдсан хүн 689 (17.1 хувь)-өөр тус тус буурсан байна. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2018 оны эхний 4 сард 12744 болсны 618 (4.8 хувь) нь 18 хүртэлх насны хүүхэд, 5575 (43.7 хувь) нь эмэгтэйчүүд байна. ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2018 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар өслөө. ДНБ-д эцсийн хэрэглээ 68.6 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 34.6 хувь, цэвэр экспорт (-3.2) хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс хөрөнгийн нийт хуримтлал 5.9 пунктээр өсөж, харин эцсийн хэрэглээ 0.6 пункт, цэвэр экспорт 5.3 пунктээр буурсан байна. Mөнгөний нийлүүлэлт (M2) 2018 оны 4 дүгээр сарын эцэст 16.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 150.0 (0.9 хувь) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.8 (30.1 хувь) их наяд төгрөгөөр өссөн байна. Мөнгөний нийлүүлэлт 2018 оны 4 дүгээр сард өмнөх сараас 150.0 тэрбум төгрөгөөр өсөхөд хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 12.2 хувь, төгрөгийн харилцах 1.1 хувь, төгрөгийн хадгаламж хадгаламж 0.9 хувиар өссөн нь голлон нөлөөллөө. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.8 хувийг эзэлж, өмнөх сараас 0.2 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 1.1 пунктээр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.3 хувийг эзэлж, өмнөх сараас 0.4 пункт, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурсан байна.

УЛСЫН ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН НИЙТ ТЭНЦЭЛ АШИГТАЙ ГАРЧЭЭ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний дөрөвдүгээр сард 2.5 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2.4 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 98.2 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 690.0 (22.9 хувь) сая америк доллар, үүнээс экспорт 225.8(11.9 хувь) сая америк доллараар, импорт 464.2 (41.5 хувь) сая америк доллараар тус тус өссөн байна. Экспорт 2018 оны эхний дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 225.8 сая америк доллараар өсөхөд боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 68.8 сая америк доллар, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт 68.7 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны 4 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 6.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувь (төмс, хүнсний ногооны дэд бүлгийн үнэ 24.3 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.7 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 9.3 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.5 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.0 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 23.0 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

МАЛЫН ХОРОГДОЛ ӨСЧЭЭ

Том малын зүй бус хорогдол 2018 оны эхний 4 сард улсын хэмжээнд 1.6 сая болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (3.5 дахин) саяар өсөв. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 812.3 мянга, хонь 522.9 мянга, үхэр 132.8 мянга, адуу 88.5 мянга, тэмээ 828 байна. Нийт хорогдсон малын 52.2 хувийг ямаа, 33.6 хувийг хонь эзэлж байна. Улсын хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 2018 оны эхний 4 сард 30.9 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4.9 (19.0 хувь) мянгаар нэмэгдэв.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны эхний 4 сард урьдчилсан гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 798.8 (21.5 хувь) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 567.9 (21.0 хувь) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 295.9 (35.4 хувь) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 223.2 (14.6 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Төмөр замын тээврээр 2018 оны эхний дөрөвдүгээр сард 8.1 сая тонн ачаа, давхардсан тоогоор 811.1 мянган хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 1.6 (23.9 хувь) сая тонноор өсөж, зорчигчид 34.6 (4.1 хувь) мянгаар буурчээ.


Онцлох нийтлэлүүд