ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2015.09.09 08:09

Өршөөлийн хууль батлагдсанаар Монголын улс төр, нийгэм эрүүлжинэ

Саяхан батлагдсан Өршөөлийн хуулийг өршөөлгүйгээр дайрч муулж, энэ хууль л хэрэгжчих юм бол дэлхий сүйрэх нь гэх нь холгүй сүржигнэж буй хэсэг бүлэг хүмүүс байнаа. Тэд үнэхээр ингэж буруу бодоод байгаа юм уу, жүжиг тавиад түүндээ үнэмшээд балраад байна уу мэдэх юм алга. Үнэндээ Ардчилсан намын болон энэ УИХ-ын хийж байгаа хамгийн чухал, хамгийн зоримог, нийгмийг эрүүлжүүлэх,бүүр хувьсгалын шинжтэй чухал арга хэмжээ бол энэ Өршөөлийн тухай хууль юм. Өршөөлийн хууль яг өмч хувьчлал шиг, байр, мал хувьчилдаг шиг түүхэнд орох ганц зүйл нь магадгүй энэ болно. Үүнийг цаг хугацаа харуулна. Өршөөлийн хууль хэрэгжсэнээр Мрнголын улс төр нийгэм эрүүлжиж зөв гольдиролдоо орох болно. Өдгөө Монголын улс төр, бизнесийн хүрээнийхэн хэн хэнийхээ атганд орж, аалзны тор мэт бие биендээ барьцаалагдан орооцолдсон эрүүл бус голдрилд орчихсон яваа. “Таны оролцсон ийм нэг хэрэг байгаа. Би л аргалж өгч байгаа шүү” гэсэн шантаажтай хичнээн ч хүн яваа юм. Улс төрийн хүрээнийхэн дотор “төмсөгдөнө” гэдэг үг бий. Энэ нь тухайн хүний хууль бус зүйлийг мэддэг, түүгээрээ яг эмзэг эрхтнээс нь атгачихсан мэт үгэндээ оруулах, өөрийн нам бүлэгтэй ашигтай шийдвэр гаргуулж дуулгавартай байлгахыг хэлдэг. “Төмсөггүй хүн ч гэж хаа байх билээ” гэж хэлж байгаа улстөрчдийг бид харахаараа нэг болсон. Өршөөлийн хууль ийм эрүүл бус том зангилааг задалж тайлснаар манай улс төр, бизнесийнхэн бусдын барьцаанаас гарч, хэнээс ч айхгүй, дарамт шантаажгүй ажиллаж амьдрах боломж бүрдэж байна.

Гэтэл хамгийн их өршөөгдөж буй, өршөөл ус агаар шиг хэрэгтэй байгаа хүмүүс хамгийн их эсэргүүцэн орилж байгаад үнэмших хүн байна уу.Энэ зүгээр жүжиг гэж захын хүн мэднэ. Үүнийг мэдсээр байхад “өршөөлийг жадлан эсэргүүцэх нь” гэсэн үзэгдэл улам гаарсаар байгаа нь зэвүүцэл төрмөөр байна. Жишээ нь, МАН-ынхан. Энэ намаас УИХ-д гарч, нэр нүүр нь болж явсан Д.Дондог хэрэгт холбогдон шоронгийн хаалга татсан. Тэрийг М.Энхболд тэгээд шорондоо үх үх гэж хэлээд байгаа юм уу. Мөн намын ТӨХ-ын дарга асан Д.Сугарыг элдэв хэл аманд өртүүлээд зогсохгүй Үндсэн хуулийн Цэцийн халдашгүй бүрэн эрхийнхээ ачаар л ачигдчихалгүй яваа гэцгээдэг. Шүүхээр батлагдаж нотлогдоогүй ч энэ намын дарга, лийдэрүүдтэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй олон зүйл яригддаг. Намын дарга М.Энхболд тэргүүтэй Бадамжунайтан гээд хотын фракцийнхны газрын наймааны талаар захын хүн ярьж бичдэг. Сү.Батболдын Бороо гоулдын татварын талаарх шуугиан, Улаанбаатарыг даргалж байсан Д.Билэгт, Болормаа нартай холбоотой шуугиан, Улаанбаатар сан, Улаанбаатар банк гээд энэ намынхан нэр холбогдсон үнэн худал нь мэдэгдэхгүй дуулиант хэргүүдийг Өршөөлийн хуулиар өршөөж тэр тухай хэн ч сөхөж ярьж бичих эрхгүй болно. Ашигт малтмалын газрын дарга нь хэрэгт татагдахад түүнийг дагалдаж олон залуус шоронгийн хаалга татсан байдаг. Тэр залуусаасаа МАН нүүр буруулах болоогүй байлтай. Дурдаад байвал ундраад л байх. Тэгэхлээр МАН Өршөөлийн хуулийг эсэргүүцэж яг харагдаач.Үнэхээр эсэргүүцэж байдагсан бол шударга гэхээсээ тэнэг бүр дээр нь увайгүй хүн ёсны наад захын жудаггүй хаашаа робот шиг хүмүүс вэ гэж хэн ч гэсэн бодно. Үнэхээр ийм хөлдүү сэтгэлтэйсэн бол юун улс орон удирдуулах, шар хадны сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэх байлгүй. Тэгэхлээр зүгээр л шударга дүр эсгэж, хүмүүс ингэвэл сайн байх болов уу гэж мөчид бодоод л сонгуулийн шоу хийх гэж байгаа ядарсан арга. Хөшигний ард тэд энэ хуулийг батлагдаасай хэмээн залбирч байгаа. Ядаж л өөрсдийнх нь нэрний өмнө ёс мэт дагалддаг дээрх гуншингуудаасаа албан ёсоор ангижрахыг хүсч байгаа.

Дахин дахин хэвлэлийн хурал хийж, хүн өршөөхийг эсэргүүцэж байгаа бие даагч гишүүдэд ч энэ хууль хамаагүй юм биш. Тэд бас хамгийн их өршөөлд хамрагдаж байгаа. ИНЕГ-ын халаа сэлгээ, идэж уусан асуудал батлагдаж нотлогдоогүй ч бие даагч нартай байнга холбоотой яригддаг. Гацууртын ордны эргэн тойрон дахь хэл ам, хэрүүл дунд Х.Болорчулуун гишүүний хадам аавынх нь нэр хавчуулагдсан сонсогддог. Үйлдвэрчний эвлэлийн эд хөрөнгө шамшигдаж алга болсон зарга, баригдаж байгаа баригдаж дууссан гэх олон давхар орон сууцны эргэн тойронд С.Ганбаатар гишүүнийг хардсан л байдаг. Хэрэв эд үнэн бол та нар болоод эргэн тойрны чинь танил тал, ах дүү, хамаатан садан найз нөхөд чинь ялд унахгүй. Худлаа байсан ч эсэн бусын элдэв цуу үг энэ хуулиар тас дарагдана гэсэн үг. Үүнээс илүү өршөөл гэж улстөрчдөд юү байхав.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаад Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж авах нь зөв гэсэн байна. Тэгвэл хамгийн ойрхон жишээ, Чингис, Самуурай бондын мөнгийг Ардчилсан намынхан хувааж идсэн гээд бөөн хардлага явж байдаг. “Женко” тэргүүтэй бүлэг улс шинэ барих төмөр замын мөнгийг идсэн гэсэн үнэн худал нь тодорхойгүй үг хэл энэ хуулиар тасарна. Ж.Батзандан гишүүн бас Өршөөлийн хуулийг их эсэргүүцэж шударгалж байгаа нь анзаарагдаад байгаа. Өршөөлийн хуульд хахь хамаагүй хүн үү энэ залуу. Үгүй дээ хамгийн их хамаатай. Хамгийн том өршөөл энэ залууд ирнэ. Адаглаад л долдугаар сарын нэгэнд үрэгдсэн дөрвөн хүний амийг танаас гүжирдэн нэхэх нь больдог юм байгаа биз дээ, Өршөөлийн хууль батлагдвал.

Монголын үе үеийн төрийн тэргүүнүүд ч элдэв янзын хэл аманд өртөж, сайн муу нэрийг авсан байдаг. Үнэн ч бай, худал ч бай энэ бүхэн хууль хэрэгжсэнээр оргүй болно. Дахиж ял асууж араас чинь чаргууцалдаад байхгүй болно. Дараагийн ерөнхийлөгч дараагийн ерөнхий сайд, дараагийн их хурлын даргаасаа айхгүй болно. Дуудахад нь гүйж ирээд элдвээр долдойлох хэрэггүй болно.

Саяын цухас дурдсан зүйлс бол зөвхөн улс төрийн дээд хүрээнийхний тухай юм. Үүнээс цаашлаад шил дараалан шалгагдаад байсан аймгийн Засаг дарга нар, агентлагийн даргууд, аж ахуй эрхлэгчид, адгийн нэг хорооны архичин хүртэл өршөөгдөнө. Согтуу зодолдохдоо нэгнийхээ шүдийг булга цохичихсоныг нь хорооны цагдаа мэддэг. Тэр барьцаагаараа цагдаа хараад гөлс хийж, ойр зуур хамаг зүйлд нь гүйж зарагддаг нэгэн чөлөөтэй болно. Шөнийн 00 цагаас хойш архи зарж байгаад баригдсан жижигхэн баарны эзэн шалгалтаар ирсэн цагдаагаа долоо хоног бүрт дайлах гэж үгээ барж суудгаа болино. Яагаад гэвэл тэдний бүх хэрэг өршөөгдөнө.

Өршөөлийн хууль нийгмийн эд эс ширхэг бүхэнд өгөөжөө өгнө. Надад ямар хамаа байхав гэж үүнийг уншигч та бодож сууна уу. Та биш юм гэхэд таны гэрийнхэн, ах дүү, хамаатан садны чинь нэг жолооны эрхээ хасуулсан бол энэ хуулиар өршөөгдөж жолоо барих эрхээ олж авч байгаа.

Манай сошиал ертөнцийн­хөн Өршөөлийн хуулийг маш их эсэргүүцэж, ууртай байна лээ. Үүнийг ард түмний дуу хоолой, хүсэл бодол гэж бодох ч хэрэггүй. Сошиал ертөнц гээд байгаа тэр орон зайд улс төрийн зорилготой захиалгат баг ажилладаг юм. Тусгай цалин хангамжтай тэд эзнийхээ захиалгаар юу бич гэснийг нь а, б-гүй жиргэж суудаг. Тэнд зүгээр л хийсвэр жүжиг тоглож хийсвэр зүйл ярьж, хийсвэрээр санаа зовж, хийсвэрээр эх орныхоо төлөө тэмцэж хийсвэрээр үхэж хийсвэрээр төрж байдаг улс бий. Тэндээс эрүүл саруул дуу хоолой, үзэл бодол,бодит үйлдэл хэзээ ч гарахгүй. Тэдний үгийг дагах юм бол улс орон харанхуй ангал руу унахтай адил. Жирийн ард иргэд цахим ертөнцөд хүн муулаад суудаггүй. Ард түмэн зах дээр наймаа хийж, үйлдвэрт ноос угааж, хадлан хадаж, багшилж, солонгос киногоо үзэж уйлж, уурлаж зогсоо завгүй ажиллаж хөдөлмөрлөж амьдарч байдаг юм. Төрж, өтөлж, үхэж өчүүхэн ч зав чөлөө байдаггүй энэ хорвоод жиргээд суучихвал хэн тэр жиргээг нь бусдад түгээж интернэт ажиллуулж, цахилгаан станцын нүүрс хүрздэх билээ. Бодит ертөнцөд л үнэн дуу хоолой оршиж, энгийн иргэд амьдарч байдаг.

Монголын нийгмийг шоронжсон гэдэг. Яагаад гэхээр нэг даргыг шалгалаа гэхэд дороо ажиллаж байгаа салбар хариуцсан таван дарга нь мөн хэрэгт татагддаг. Тэр таван даргын дор мөн л тав таван мэргэжилтнүүд нь хэрэгт татагддаг. Гэх мэтээр хэрэгтнүүд геометрийн прогрессоор өсдөг байна. Тиймээс ажлаа хийгээд явж байсан олон хүн даргынхаа хоморгонд гэнэт хэрэгтэн болж шоронд хатаж байгаа. Геометрийн прогрессоор өссөн тэр олон хоригдол хууль гарснаар мөн л тэр хэмээр цөөрнө гэсэн үг. 1937 оны аймшигт баривчилгаа, хоморголон хядалт яг л ийм зарчмаар явсан байдаг юм. Нэг хүн баригдаад хэд хэдэн хүний нэр хэлдэг, нөгөө хэд дахиад хүмүүсийг нэрлэдэг гээд л хөвөрчихсөн юм билээ.

Өршөөлийн хууль хэрэгж­сэ­нээр улс төрийн нэг хүчин сонгуульд ялж засагт гарахаараа өрсөлдөгч намынхаа хамаг лийдэрүүдийг хоморголон хорьж оймсыг нь гозолзуулан ачиж чадахаа болино. Үлдэж байгаа зургаан сардаа л тэсч чадалгүй ууж идчихдэггүй юм бол сэтгэл амар амьдарч болно гэсэн үг. Яагаад гэвэл 2015 оны долдугаар сарын 1-нээс өмнөх таны хийсэн хэргүүд өршөөгдөнө. Харин энэ хугацаанд шуналтаад идэж уугаад шорон оронд орвол ёстой арчаагүй сул улстөрч юм даа гэдэг нь харагдана.

Хилс хэргээр хэлмэгдсэн, яльгүй шунал, шальгүй омгоосоо болж алдаж шоронд хатаж байгаа олон хүн, тэдний ар гэрийнхэн энэ хуулийг хэрэгжээсэй хэмээн амьсгал даран хүлээж суугаа. Уучилж өршөөнө гэдэг ухаарал өгөхийн хамгийн дээд хэлбэр гэдэг.

Яг өнөөдрийн нөхцөлд нийгэм, улс төрийнхөө байдлыг ажиглаад нэг шинжээрэй. Улс төрийн хүрээнийхэн нь бие биеийнхээ барьцаанд орж, энгийн олон нь өрийн сүлжээнд дарагдаж, нийгэм маань тэсэрч задрахын өмнөхөн тулж иржээ.

Төр ард түмнээ өршөөн уучилж, аргадах цаг нь болжээ. Тэрнээс аашилж загнаж тас шавхуурдаж одоо боллоо. Францын хаан Людвик “Ард түмэн яг нялх хүүхэд шиг: Аргадангуут тайтгардаг” гэж хэлсэн байдаг.

Өдгөө Өршөөлийн хууль хэрэгтэй, хэрэггүй гээд энэ цөөхөн ард түмэн чинь хоёр хэсэг болсон байна. Төр барьж байгаа намууд ард түмний сонголтоор гарч ирсэн л юм бол нийгмийг хагаралдуулсан жүжгээ зогсоо. УИХ Өршөөлийн хуулийг хэлэлцэж батлахдаа анх хаалттай хуралдсан. Одоо ч гэсэн хаалттай хэлэлц. Хэн ямар санал өгсөн нь хэнд ч мэдэгдэх ёсгүй. Юу яасны чинь өршөөлийн хуулийг дэмжсэнийг нь дахиж нэр дэвшүүлэхгүй. Харин ч хаалттай хуралдааны нууцыг задалсан хүнийг хамгийн анхны хэрэгтнээр татаж хоригдолгүй болчихлоо гэж гонгиноод байгаа байгууллагад нь өгөх хэрэгтэй. Тэд хамгийн анхны хэрэгтнээ шүүж нийгэмд хууль мөрдөхгүй бол ингэдэг юм гэж үзүүлэх хэрэгэй. Ингэж чадвал Монголын улс төр, нийгэм цэвэр тунгалаг болохын эхлэл тавигдана.

Онцлох нийтлэлүүд