ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.06.08 05:06

Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина

Засгийн газар өчигдрийн /VI.07/ хуралдаанаараа Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгаж,  УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Хуулийн төсөлд гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд өөрийн шууд асрамжид байгаа 18 хүртлэх насны хүүхэдтэй эрэгтэйчүүд, ял эдэлж байхдаа хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж, тахир дутуу болсон хүмүүс, 60-аас дээш насны эрэгтэйчүүд, 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгасан байна. Харин хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн этгээдийн ялаас хоёр болон гурван жилийг өршөөн хасахаар тусгажээ.

Зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ялаас, зарим захиргааны зөрчил гаргасан этгээдийг шийтгэлээс чөлөөлж байгаа нь алдаж эндсэн иргэндээ төрөөс онцгой итгэл хүлээлгэж байгаагийн илэрхийлэл бөгөөд энэ нь тэдний цаашдын засрал хүмүүжилд эергээр нөлөөлнө гэж хууль санаачлагчид үзэж байна.


Онцлох нийтлэлүүд