ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2016.01.02 01:01

Өрөөнийхөө цонхоор, өмнөтөө Тэнгэр ширтэн зогсохуй морин хараацайнууд нисэлдэх нь...

Манай сонины “Утга зохиол” буланд хэвлэгдсэн их сэтгэгч Дамдинсүрэнгийн Урианхай найрагчийн “Цээжин аглагийн шүүдэр буюу голын эргээс эргүүлэг рүү нь...” хэмээх афоризм, максимим, эсээ-бодролын номоос шинэхэн эсээнүүдийг нь хүргэж байна.

(ЭСЭЭ-БОДРОЛ)

Тэнгэрт багирдуу үүлтэй, Богд Дүнжингарав дүнсгэрдүү, бодлогошронгуйяа хөмсөг зангидан дүнхийж, юу хүүрнээд буй нь тодорхой сайн ойлгогдохгүй ч лавтайяа юухан нэгийг хөхөмдөг хөх агаараар, амгалан, түнэр ойнхоо ногоон салхиар тодхон тодхоноор чихнээ сонсгон, тасралтгүй шивнэнэ.

Цонхны цаана зөндөө зөндөө морин хараацайнууд далавчныхаа үзүүрээр цонхны шил маажин алдан, миний “Чачиртын гол”-ын загас, жараахайнууд шиг “буцлан” нисэлдэнэ.

Сониноос уншсанаасаа тогтоосон минь, “Хамгийн хурдан нисдэг шувуу бол морин хараацай. Цагт 200 км нисдэг!” гэж тогтоож үлджээ.

Яасан ч хурдан нисдэг жигүүртэн юм бэ дээ, Хайрхан! Тэдний нисэхийг хараад, “Агаар огторгуй далавчинд нь зүсэгдэхдээ өвддөггүй байгаа даа? гэж бодогдон, агаар огторгуйг өөрийнхөө хөрзгөр хөөрхий арьс шиг санан эмзэглэнэ.

“Агаар огторгуй зүсэгдлээ ч дорхноо л, хоромхонд л тасарсан тасархай нь уулзан нийлж, морин хараацайсын түрмэг, шалмаг далавчаар зүсэгдсэн “шарх”-аа уулзан учрахын баяраар дор нь эдгээнэ шүү дээ! Агаар огторгуй мөнхөд амьд, бүтэн байх агуу хүчирхэг, хувилгаан амьдралтай!..” гэж бодоод тайтгарна.

Морин хараацайнуудын далавч хүний нүдэнд гүйцэгдэхтэй, үгүйтэй жирс-жирс дэвэн, бие биеийнхээ хойгуур урдуур гялс-гялс хэрэн, тэгш, муруй, том, бага тойрог, тиг тэнгэрт зуран бүжицгээх нь газраар дүүрэн инээд цалгиан цацах агаад, тэгэхдээ, жишиг зүйргүй хурдан нислэгэндээ толгой нь эргэн зүг чигээ алдан эргэлдэх мэт санагдахаар харагдавч тийнхүү хурданаа нисэлдэн цэнгэлдэх нь оюуныг бүтээгч хүмүүний цээжинд элдэв ялдар санаа үүсгэн торниулдаг ид шидээрээ түмэнтээ түмэнтээ баярлуулдгийнхаа бахыг эдэлдэг биз дээ, тэд минь!

Тогоруу, тагтаа, бор шувууд мэт газарт буух нь харагддаггүй, газраар галуу, ятуу мэт явгалан гүйх нь ч харагддаггүй нь, “тэд угаасаа, ам руугаа хийх юм эрэн зүдрэхээр газарт хэзээ ч буудаггүй юм болов уу?” гэж бодогдуулна.

Ер, шувууд тэнгэрт нисэж явахдаа газрын хамаг амьтдаас өндөрт харагддаг ч газарт буугаад, өвс ногоонд явгалахаараа тун намхан, тун өрөвдмөөр, өвс боргийн ёроолоос үл цухуйх цох, гүрвэл, нүүнээ хорхойноос арай өндөр харагддаг нь яамай даа, хөөрхий! гэж залбирмаар санагдуулдаг нэг яльгүй харамсал барайлгадаг нь шувуудыг дээш нь өргөн татах “Тэнгэрийн өргөх хүч”-ийг шувуудыг доош нь чангаан буулгах “Газрын намсгах хүч” дийлдгээс шувууд газарт буухаараа намхан харагддаг ч юм бил үү, бүү мэд! Гэлээ ч, манай байрны цонхны цаахнуур морин хараацайнууд сая живаа, сая живаа навчтай саглагар саглагар үй түмэн салаа мөчиртэй модны навчис намрын ширүүн салхинд сэрэлзэн хөдлөх шиг өөдөө сөөргөө агаар өрөмдөн зурс-зурс нисэлдэн, далиа улам улам эрчлэн “шурагдах” мэт урагш шуухайн зүтгэх нь “Тэнгэрийн татах хүч”, бас ч нэгэн бодохноо, “Газрын татах хүч” хоёртой тэрсэлдэн тэнцэлдэх мэт урагшаа, дээшээ ч цахилан дэвэлдэж, хойшоо, дээшээ ч цахилан дэвэлдэж, “Хар гэрэл”, “хар цахилгаан” шиг харван халин зуралзах нь агаарын урсгалын “Үрэлт”, “Эсэргүүцэл”-ийг элэглэн тохуурхаж, хүний атаархлын хорыг цайруулан эеэрүүлж, үл үзэгдэх алсыг сүлжин одох мэт харагдана.

Тийн, тэнгэр сандчаан, үүл, хур дуудан үймэлдэхийг нь харахуй, газрын амьдралаас жишихэд, үүрээ эвдүүлсэн шоргоолжнууд нүд эрээлжлүүлэн нүдэнд газар дайвуулан, үүрнийхээ орчин тойрноор үерлэн гүйлддэг нь санаанд орж, “шоргоолжнуудын хурдан хөл нь хөл биш, далавч байсансан бол, тэд л, магадгүй, морин хараацайнуудаас түргэн нисэж чадах байсан байх даа!” гэсэн бодол сэрхийлгэвч морин хараацайнуудын нислэг өөрсдийнхөө тухай бодлоос бусад бүх бодлыг хором зуур л толгой дотроос ор мөргүй арчин устгана.

Морин хараацайс тэнгэрийнхээ өндрөөс зөвхөн тэдэнд л харагдах ямар нэг юмтай уралдах мэт агаар хэрчин сүлжиж, жирс-жирс нисэлдэн сандрах нь, тэд тэнгэрээс хааяа нэг доошоо (тэд үргэлж нар өөд, тэнгэрийн гүн рүү харж нисдэг биз!), газар руу, хүмүүс рүү харахдаа газрын болоод хүмүүсийн амьдралаас харц дальдран өөрийн эрхгүй уйлж байгаа нь л тэр юм билээ!

Газар, тэдний хувьд, өөр дээрээ үүдэж-төгсөж, өнгөрч-үлдэж байгаа аливааг өвөртөө тэврэн харуулагч шидэт “Толь” юм билээ!

Морин хараацайнууд үүлсийг шүргэн алдан нисэж явахдаа доошоо, “Газар-Толь”-доо Хүмүүс бидний ахуй амьдралыг хараад хүнийг өрөвдөн уйлдаг, морин хараацайнууд уйлахаар л бороо асгадаг юм билээ!

Морин хараацайнууд уйлахаар бороо ордгийг би сая л, өтөлсөн хойноо ойлголоо, чааваас!

Орчлонгоос ойлгосон бүгдээ би хайрладаг, “Хайртай!” гэж үнэнээ хэлдэг.

Хүүхэнд, Шувуудад, Шоргоолжинд, Наранд, Өвс ногоонд, Элс шороонд, Цэцгийн өргөсөнд, Эрвээхэйнд, Гол усанд, Салхи шуурганд, Дуунд, Гуниганд, Учралд, Жаргалд, Агаар огторгуйд, Аав, Ээждээ, Үр хүүхдүүддээ, Амьдралд... Амьдралд... Амьдралд үнэнхээр хайртайгаа насан туршаа бичсэн! Одоо, орчлонгоос ойлгоогүй, мэдээгүй бүгддээ ч хайртай болж байна! Гагц, өнөө эргээд бодохноо, “Хайртай!” байдаг үнэнээ зөвхөн цаасан дээр л бичиж! Заримдаа, залуудаа, элсэн дээр, цасан дээр, цасан шамрага шавсан цонхны шилэн дээр ч бичиж насны халуунаар томоогүйтэж ч л явж!

Одоо, Бурханы хайраар бүтээгдэж, Бурханы амь амьсгааг шингээсэн бүгдэд хайртай болсноо цаасан дээр биш, элсэн дээр биш, цасан дээр биш, цантсан цонхны шилэн дээр биш, морин хараацайнуудын далавчин дээр бичих л үлдэж!..

Морин хараацайнууд цонхны минь цаахнуур үймэлдэн нисэлдэнэ...

Цонхоо дэлгэхээс!..

Хараацайнууд над руу улам ойртон... улам ойртон нисэлдэж эхэллээ...

Далавчинд нь гар хүрэхээр... үзэгний минь үзүүр ч шүргэхээр маш ойрхон!..

2015.08.04-05. Алтан Тэвшийн хөндий.

“Цонхоор харагч” хийгээд “Цонхоор харагдагчид”

/ҮР-БОДОЛ/

“Цонхоор харагч” зурагтаа унтраагаад цонхоор харна.

“Цонхоор харагдагчид”-тай нэгдэхийг хүсэвч эс чадна.

“Цонхоор харагч”-ийн дотор, хаа нэгтээ нь “хашгичин” буй “дотоод юмс”-ын нь эсэргүүцэл час улайсч өөрийгөө хамгаалан тусгаарлаж, юугаар ч юм, эс мэд, ямар нэг үл үзэгдэгчээр “Цонхоор харагдагчид”-ыг хаана.

“Цонхоор харагдагчид” нь хичнээн “харь”, хичнээн “хүний” харагдах тусам “Цонхоор харагч”-ийн нүд болоод сэтгэл төчнөөн гайхан гунина.

Хичнээн их гайхах, гуних тусмаа төчнөөн хүчтэй уягдана...

Ойлгохыг... туслахыг... “цагаатгах”-ыг... эвлэрэн нэгдэхийг хүснэ.

Гагц, үл эвлэрэгч “дотоод юмс” эрс татгалзана.

“Цонхоор харагч”-ийг зовлонтойёо шаналган тамлаж, хоромхон ч эс эвлэрч өгнө. Эсрэгээр, эсэргүүцлээ улам улам нэмнэ. “Цонхоор харагч” цонхоор удаан харах тусам нь “Цонхоор харагдагчид”-тай нь улам зөрчилдөж, улам “харьшаана”...

“Дотоод юмс”-ын эсэргүүцэл, зөрчил, “харьсал”, үл эвлэрлийн ужгаар “Цонхоор харагч”-ийг үл амраагч, үргэлж шаналгагч Гайхашрал, Цөхрөл, Гэмшил, Эмзэглэл, эцэст, өөрөө өөртэйгөө “үл эвлэрэх”-ийн эмгэнэл азарган борооны үүлс мэт бөөгнөрөн барайж, ойлгохыг хүсэх -ойлгож эс чадах, хүлцэхийг хүсэх -хүлцэж эс чадах, нэгдэхийг хүсэх -нэгдэж эс чадахын гашууныг “Цонхоор харагч”-д хурцаар мэдрүүлнэ...

“Цонхоор харагч” цонхоо хаана.

Амьдрал, Үхлийн аль алинаас ангид харь зүүдээр амьдарна...

Цонхоор харахыг тэсгэлгүй хүсэвч эс харна.

Цонхоор харахгүй хичнээн тэсэвч харахгүй удаж... өнжиж... хонож эс чадна.

“Цонхоор харагдагчид”-аасаа нууцлагдан үлдэхийг үхэхээсээ дор мэт бодон үхтлээ айна.

2015.10.20-23. Хүн чулууны хөндий.

Нулимсаа үл харуулагч

(ҮР-БОДОЛ)

Хүн шиг хүн болж өгөөгүй үрийг нь хүмүүс муулахад бурууг нь өөртөө аван гэмших, үрдээ гомдох зэрэгцэн үрээ өмөөрч суугаа эх, үрээ өлгийтэй нялхад нь тоонондоо хүртэл өргөн бахаа хангаж, тэнгэр намсан чагнатал ялдам уяханаар бүүвэйлсэн өдөр шөнүүдээ зүүд мэт санан уйтайяа, уйтайяа уйлдаг.

Нулимсаа харуулдаггүй!

Ширгэсэн голын хуурай ёроолд хөхөр даан хэвтээ ангамал чулууд голынхоо урсгалын харгиа, боргио, алив амьтны балчирхан шулга үр мэт цовхчин шуугичин дайрч өнгөрөх “халуун” нойтон чимээнд шөнөжин нойргүй хонодгоо санагалзан санагалзан гунихарч, одоо хувхай цагаан тоос шороонд дарагдан унтанги ч юм шиг, сэрэнгэ ч юм шиг үүрэглэн цагийн “мөнх”-ийг эдлэхдээ урьд огт “Байгаагүй” мэт, эсвэл, “Байсан”-аа үхсэн мэт, огт дуулдахаа больсон Голынхоо урсгалын хий үер шуугианыг л өдөржин шөнөжин... өдөржин шөнөжин... өдөржин шөнөжин сонсон “өнгөрсөн”-өө зүүд мэт үзэн уйтайяа уйтайяа уйлдаг.

Нулимсаа харуулдаггүй!

Хавар, зундаа дандаа Тэнгэр өөд ширтдэг модод намрын салхи шамраганаар нүцгэрээд доошоо, газар руу... элс шороо руу Эх-Модныхоо саглагар саглагар мөчрүүдээсээ тасран унасан шаргалхан... шаргалхан... хорчгорхон... хорчгорхон үй живаа навчсаа нэгд нэггүй тоолон, ганцыг ч үлдээлгүй тоолон, уйтайяа уйтайяа уйлдаг.

Нулимсаа харуулдаггүй!

Миний харсан, дотроо шаналан бодсон минь: Амьдын насанд хамгийн хэцүү юм,- нулимсаа харуулахгүй уйлах!

2015.10.18-22. Хүн чулууны хөндий.

Моддын “ухаан”

(ЭСЭЭ-БОДРОЛ)

Ой...

Ойн захад ургасан өндөр, саглагар шилтэс модны хажууд зогсон модны орой руу ч, навчис шилмүүс рүү нь ч, тэнгэрт нүүдлэх үүлс рүү ч ширтэн бодлогоширлоо.

Гайхамшигтай!

Ямар гайхамшигтай юм!..

Хүн төрөлхтөн моддын "ухаан"-аас л суралцмаар санагдаад санаа алдлаа...

Модод хичнээн саглагар, том, хичнээн өндөр сүрлэг ургалаа ч нэг ч гишүү нь нэг ч гишүүгээ, нэг ч мөчир нь нэг ч мөчрөө, нэг ч навч нь нэг ч навчаа, нэг ч шилмүүс нь нэг ч шилмүүсээ сүүдэрлэлгүй, зай зайгаа гайхмаар "ухаан"-тай олоод ургачихаж!

Модны нэгхэн ч эс нэгхэн ч эсээ нарнаас халхлаагүй, нэг нэгнээ сүүдэрлээгүй хэрнээ нэгний нь сүүдэр нөгөөгийнхөө сүүдрээс саланги салгуу, тус тусдаа бус, зүүний сүвэгчээр нийтгэгдэж байгаа мяндсууд шиг нийлж эвлээд нэг дор, нэлэнхүй том сүүдэр болж газар дарсан харагдана.

Юухан нь ч бай, юухан нэгээсээ агаар, салхи харамлалгүй, нарны илч, гэрлийг өөр өөртөө хэрэгтэй хэмжээнээс илүү гаргахаар булаахгүй урган сүндэрлэнэ гэдэг "Амьд оршихуй"-н дээд хууль, дээд "далд ухаан" юм байна даа! гэж баярлах хүүхэдлэг гэгээн сэрэхүй ямар нэгэн шувуухай толгой, цээж рүү нисээд орчих мэт хаа нэгтээгүүр сэрхийнэ...

Моддын "ухаан", үнэнхээр л, эгэл хүмүүс бидний байтугай хүний хорвоод заларсан (номноос уншснаар минь!) Найман Их Будда, -Амитаба Цаглашгүй Гэрэлт Будда, Шагжаа Муни Будда тэргүүтэн ч хүрээ энг нь даваагүй Дээд гэгээрэл, Дээд ухаарал байх! гэж бодогдоод алгаа халуунаар хавсран залбирлаа.

Ой руу жаахан дотогшиллоо.

Өө, бас нэг ёстой гайхамшиг!

Нэг үндэснээс Хус, Шинэс хоёр хамт зэрэгцээд ургачихаж!

Хоёулаа жигтэйхэн гоолиг, өндөр, хоёулаа үзэсгэлэн, сүрлэг, хоёулаа ногоохон ногоохон навчис, шилмүүсэнд хучигдаад нэлмийчихэж!..

Нэг үндэс!

Нэг үндэст болохоор "нэгэн амь" оршихуй!

Мөнх бусыг мөнх бусаар нь айлгахуй!

Мөнх бусыг мөнхөөр тэжээхүй!..

Бурхан минь!

Модод яасан ч нууцлаг үзэсгэлэнтэй юм!

Ямар нууцлаг увдис, хүчний жанлаваар ч дээшээгээ эгц, шулуухан, юунд ч үл хоригдон, үл саатан зүтгэж тэнгэрт ойртдог юм!?

Хаа нэгтээ, энд тэнд "Газрын татах хүч"-ний дийлдэшгүй эсэргүүцлээр муруй хазгай ургасан нь тааралдлаа ч эгц, шулуун ургасантайгаа ав адил үзэсгэлэнтэй нь яасан ч атаархаж үхмээр гоё "гажиг" агаад бурханлаг гоо сайхан юм!?

Яасан ч ажиггүй, яасан ч анир чимээгүйхэн ургаж, холтос дотуураа урсаж байгаа агуу амьдралын аймшигт зовлон, эсэргүүцэл, "Хэцүү"-гийн үер, шуургыг нам гүмд хувиргаж чаддаг ч юм, Бурхан минь!..

Модод минь, модод минь, -Монголд минь ургадаг модод минь, бүгдийг тань үнсье!

2015.08.26. “Төр Хурах”-ын ам.

2015.10.10-11. Алтан Тэвшийн хөндий.

Онцлох нийтлэлүүд