ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.02.15 12:02

Ө.Лхагвабаяр: Машины толь хулгайлахад л баривчлах ялаар шийтгүүлнэ


Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Лхагвабаяртай ярилцлаа.


-Хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-2019 онд улсын хэмжээнд хулгайлах гэмт хэрэг 8968 бүртгэгдсэн. Энэ нь 3360-аар буюу 23 орчим хувиар буурсан үзүүлэлт. Бусдын эд хөрөнгийг хулгайлсан зөрчил 2670 бүртгэгдсэн байна.

-Сая малын хулгайн гэмт хэргийн ялыг чангалж өглөө. Өнчин ишиг хулгайлахад л хорих ялаар шийтгэдэг болсон тухай мэдээлэл нийтэд цацагдчихлаа. Үр дүнд нь малын хулгайн гэмт хэрэг буурсан үзүүлэлт гарсан байна лээ. Ахуйн хулгайн гэмт хэргийн зүйл заалт ямар байдаг юм бэ?

-Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байгаа. Энэ төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдвэл ял шийтгэл нь хүндэрдэг. Жишээлбэл орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, эсхүл түүх соёл, техник шинжлэх ухааны хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож байгаа тусгайлж хамгаалсан зүйлсийг хулгайлж үйлдсэн, эсхүл учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглаж үйлдсэн, энэ гэмт хэргийг үйлдэж амьдралынхаа эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн зэргээс хамаарч хүндрүүлэн үздэг байгаа.

-Ямар тохиолдолд зөрчил гэж үздэг вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хүч хэрэглэхгүйгээр авсан нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Тухайлбал хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй, мөн дээр дурдсан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тохиолдолд хулгайлах зөрчлөөр шийдэгдэж байгаа.

-Энэ тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь ямар байдаг вэ?

-Зөрчлийн тухай хуульд зааснаар хулгайлах зөрчилд оногдуулж байгаа шийтгэл нь албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаанд баривчлах ялаар шийтгэж байгаа.

-Өвлийн улиралд машины хучлага хулгайлах төрлийн зөрчил их гардаг. Ер нь өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэг хэд бүртгэгдсэн бэ?

-Өнгөрсөн онд энэ төрлийн хэрэгт 871 хүнийг илрүүлж баривчлах шийтгэл оногдуулсан. Дээрх этгээдүүд маань хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд зүйлсийг хулгайлж Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулсан гэсэн үг.

-Машины толь сугалаад аваад явахад л баривчлах ялаар шийтгүүлнэ гэж ойлгож болох уу?

-Тийм. Ерөнхийдөө бусдын өмчлөлд байгаа ямарваа нэгэн зүйлийг хулгайлсан тохиолдолд жижиг гэлтгүй л хариуцлага тооцогдно гэж ойлгох хэрэгтэй.

-Илрүүлэлтийн тухайд ямар үр дүнтэй байдаг вэ. Нэг үеэ бодоход булан камержуулалттай болчихлоо?

-Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт 28 хувьтай байна. 2018 оныхтой харьцуулахад найман хувиар өссөн дүн мэдээтэй байгаа. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэд цагдаагийн байгууллагад хандахгүй байх тохиолдол ажиглагддаг. Энэ маань хулгайч нарыг өөгшүүлж байгаа үйлдэл.

-Хулгайн гэмт хэрэг гол төлөв хэдийд үйлдэгдэж байна вэ. Иргэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байгаа шалтгаан нь юу байна?

-Орон байрны хулгайн гэмт хэрэг гол төлөв өдрийн цагаар үйлдэгддэг. Энэ юутай холбоотой вэ гэхээр иргэд ажилдаа яваад орон гэр нь эзэнгүй үлдэж байгаатай холбоотой. Тэгэхээр энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хөршийн холбоог сайжруулах, боломжтой бол орон гэрээ эзэнгүй үлдээхгүй байх, хаалгандаа аль болох далд цоож зүүж эзэнгүй гэдгээ мэдэгдүүлэхгүй байх, цонхондоо хамгаалалтын төмөр зүүх зэргээр урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.

-Удахгүй Сар шинийн баяр болно. Энэ үеэр хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал нэмэгдэх гээд байдаг. Иргэдэд юуг анхааруулах вэ?

-Сар шинийн баяраар иргэд томоохон худалдааны төвүүд үйлчлүүлэгчдийн хөлд дарагддаг. Энэ үед халааснаасаа бэлэн мөнгө, үнэт эдлэлээ алдах өндөр эрсдэлтэй байдаг. Өөрийнхөө эд хөрөнгөнд эзэн болж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Нэг талаараа өмч хөрөнгөө хамгаалах нь та бидний үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх олон төрлийн ажил, арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулсны дүнд 2019 онд хулгайн гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан.

Онцлох нийтлэлүүд