Цаг үе
2015.05.24 05:05

Ө.УЯНГА: Олон цаг дуулсны дараа их идэж, шингэн юм уудаг

Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, цээл хоолойт Ө.Уянгатай ярилцлаа.

-Тоглолтоо хийх гэж байгаа гэсэн. Энэ тухайгаа сонирхуулаач?

-Бахархал хүндэтгэлийн тоглолт хийх гэж байгаа.

-Юугаараа бахархах вэ?

-Дуу хоолой, эх орон, аав ээж бүх л зүйлийг багтаасан тоглолт хийх юм. Бидний бахархал тэр л байлгүй дээ гээд “Бахархал” гэж нэрлэхээр шийдсэн. ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин Н.Мөнхзул бид хоёр нэг анги. Ангиасаа дуурийн дуулаачийн чиглэлээр тууштай ажиллаж байгаа хоёр. Н.Мөнхзул маань Буриадын театрт олон жил ажиллаж байна. Бас тэрбидний бахархал. Буриадад маш нэр хүндтэй, Ардын жү­жиг­чин хүн. Буриадын Ерөн­хийлөгч ийш тийшээ авч явж дуулдаг. Манай Зул Улаан-Үдийн театрын нэрийн хуудас болсон залуу. Бид ч тэнд очоод Зулынхаа буяныг эдэлдэг. Монголоос очиж байгаа хүмүүс Улаан-Үдэд Зулаатай уулзахгүй өнгөрнө гэж байдаггүй. Дуучны хувьд маш сайн. Олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцдог уран бүтээлч.

-Тоглолтод ямар дуунууд дуулагдах бол?

-Эх орон, эцэг эх, хайр сэтгэл ер нь бүх л сэдэв багт­сан. Сонгодог уран бүтээ­лээсээ бас оруулсан. Эхний хэсэгт фанограммтай дуунуудаа оруулна. Хоёр дахь хэсэгтээ сонгодог, дуэтүүдээсээ оруулна. Ари дуулна. Төгсгөл хэсэгтээ сим­фони оркестртойгоо мэр­гэж­лийн хэмжээний дуунуудыг дуул­на. “Бахархал” тоглолт маань тавдугаар сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох юм.

-Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Тоглолтын бэлтгэл ид явагдаж байна. Реклам, нэвтрүүлэг, оркестр, төгөлдөр хууртайгаа бэлтгэл хийнэ. Хувийн бэлтгэл хувцаснаас эхлээд зөндөө л ажил байна.

-Тоглолтын хувцсаа хаанабэлтгэдэг вэ?

-Ер нь захиалж хийлгэдэг дээ. Тэгэхгүй бол монгол хүн том ястай байдаг юм байна. Нарийхан даашинзнуудаас юуг нь авах вэ. Тоглолтод зориулаад хувцас хийлгэдэг юм. Олон жил “Торго” салон, “Урлах эрдэм”-ээр хийлгэж байсан.Сүүлийн үед “Best tailor”-ын Б.Биндэръяагаар олон хувцас оёулж байгаа. Н.Мөнхзулын маань хувьд Монгол дахь анхны том тоглолт нь. Эрэгтэй хүн ч гэлээ хувцсандаа анхаарахгүй бол болохгүй. Эмэгтэй нь хувцсаа гурав сольчихоор эрэгтэй нь бас төдий тоогоор солихгүй бол болдоггүй. (инээв) Хүн уран бүтээлдээ яаж хандаж байгаа нь хувцсаар нь илэрдэг. Би бол хувцсандаа их анхаардаг. Сонор мялаахын хажуугаар нүд баясгах ёстой. Өмнөх “Монгол” тоглолтдоо ч “Торго”-ынхувцас өмсч байсан. Анхнаасаа торгон хувцас их өмсч байсан даа.

-Энгийн үед торгон хувцас хэр өмсдөг вэ?

-Энгийн үед бараг хэрэглэдэггүй юм. Тоглолтод зорриулж хийсэн сүртэй янз бүрийн даашинзууд маань торгоор урласан байдаг. Энгийн үед би нэг их торго хэрэглэдэггүй, даавуун дээл өмсөнө.

-Тоглолтын дараа энэ хувцаснуудаа яадаг вэ?

-Тоглолтын хувцаснуудаа гэртээ тусгай өрөө гаргаад хадгална. Тайзны хувцас нэг өмслөө, хадгаллаа. Дахин энд тэнд том тоглолт болбол гаргаж өмсөнө. Ерөнхийдөө л архивлагдана.

-Тоглолтын нэрүүд тань “Бахархал”, “Монгол”, “Гранд опера”гэх мэтээр сонгодог ч гэх юм уу, хүнд ч гэх юм уу, байх юм аа?

-Тоглолтын маань төрөл жанраас хамаараад нэр нь даацтай, тохирсон байхгүй бол болохгүй. Биднийг, дуурийг сонсдог улсууд өөр хүмүүс байдаг. Хэр баргийн хүн ойлгодоггүй. Би бол хэр баргийн хүнд ойлгуулчих гээд үзээд байдаг. Дуурийн дуучин, дуурийн хоолой гэдэгийм байдаг гэдгийг жилд нэг удаа тоглолтоороо харуулъя гэж боддог л доо.

-Амьдрал дээрх Уянга тайзан дээрх дүр төрхтэйгээ хэр зөрчилддөг вэ?

-Янз бүр. Өнөөдөр чөлөөтэй хувцасласан байна, хөдөө гадаа явахад пүүз хослол өмсөөд гарахаар хүмүүс намайг танихгүй. Амьдрал дээр бол би зүгээр суугаад байдаггүй, хөдөлгөөнтэй хүн. Театрын тайзан дээр байгаа шигээ ихэмсэг, хэр баргийн хүн халдаж чадахгүй мэтээр хүмүүс ойлгодог. Жирийн үед танилцсан хүмүүс “Өө, ийм энгийн байсан юм уу” гэдэг.

-Нүдний шилчинь харааных уу?

-Харааны шил. Би дол­дугаар ангиасаа харааны шил зүүсэн. Шилтэй байхаар хүн бараг таньдаггүй. Дуулдаг болоод, тайзан дээр гарахдаа шилээ нэг хэсэг орхиж үзсэн. Дандаа контакт линз зүүхээр нүдэнд тийм ч таатай биш. Тайзан дээр линз зүүгээд гарахгүй бол юм бүдэгхэн харагдахаар сонин, муухай хоолой гараад байгаа юм шиг санагддаг.

-Таныг гургалдай хоолойт гэдэг. Хоолойнхоохүч чадлыг хэзээ мэдрэв?

-Ер нь хүн СУИС-д орж ирэхдээ хүчтэй хоолойтой байдаггүй. Хоолойн булчинг хөгжүүлдэг. Энэ булчин сайн ажиллаж гурав дөрвөн цаг дуулахад цуцахгүй байх хүчийг дасгал сургуулилтаар олж авдаг. СУИС, Хөгжим бүжгийн коллежид тав, зургаан жил сурч байж үүнийг эзэмшдэг. Анх өөрийнхөө хэмжээнд ардын дуу дуулдаг хүүхэд байлаа. Шалгуулаад дуурийн ангид тэнцэн өөрийн төрөлх хоолойг эвдээд огт өөр болгож, дасгал сургууль хийсний үр дүнд илүү дээшээ өнгө гардаг, жиргэдэг, шувуу шиг дуугардаг энэ тэрийг чинь сурсан юм шүү дээ. Түүнээс биш төрөхдөө л тас хийтэл дуулдаг байсан юм биш. Дуурийн хоолой дээд өнгө рүүгээтехникээр явдаг. Бөхтэй адилхан. Байгалиасаа хүчтэй төрөөд мэх сурч түүнийгээ хөгжүүлээд явдаг шиг сонгодогурлаг бас их хө­дөл­мөр шаарддаг. Хоолойгоо байнга формтой байлгахын тулд өглөө болгон дасгал уншина. Өдөрт хэдэн цагаар дуулна. Унтаж амарна, бие хаагаа тохируулна. Ямар дүр бүтээх гэж байгаа юм, таргантуранхай байх уу гэдгээ бас зохицуулна. Бас их түвэгтэй. Мэдээж аль ч орныдуурийн дуучид микрофонгүй дуулж зрительд өөрийгөө хүргэх ёстой учраас дуу хоолой маш чанга байх ёстой. Хоолойгоо чанга дуугаргахын тулд тэр их дасгал сургуулилт хийдэг.

-Хэн нэг хүнийг холоос дуудах, орилж чарлах хэрэг гарвал баллах нь ээ?

-Жирийн хүмүүсийг хол илүү давж дуугарна. Чанга хоолойтой, тэр эрч хүчээрээ заримдаа амьтан хүн эргэж хартал чанга инээж хөхөрчихнө. Байнга чанга дуугарсаар байгаад сурчихдагшиг байгаа юм.

-Энгийн үед дууриас өөр дуу дуулдаг уу?

-Хүний төрөлхийнхоолой гэж бий. Энгийн үед хүн амандаа дуу аялаад сууж байдаг шүү дээ. Тийм хоолой бол байлгүй яах вэ. Хааяа нэг ардын дуу аялмаар үе байдаг. Ардын дуу, уртын дуу дуулчихна. Мэргэжлийн хүмүүсийн дэргэд бол ичмээр л дээ. Найр наадамд очвол дуурь хоолойгоор дуулаад байхгүй, ардын ганц нэг дууэвлэгхэн дуулчихна.

-Залуу хүний хувьд ямар хамтлаг дуучны дуунд дуртай вэ?

-Надад сонирхдоггүй сэдэв гэж байхгүй. Ерөнхийдөө хүнд рок сонирхож сонсоно. Сонгодогтой их төстэй. Мон­голын сайхан хамтлаг дуучид байна. Уитни Хьюстон, Селин Дионы дууг сонсох дуртай. Сонсч кайф авдаг сайхан дуучид байна аа.

-Дуурийн дуучин хүн дүрдээ орохын тулд хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Шууд гараад дүр бүтээнэ гэж байхгүй. Маш их судалдаг. Эмчийн дүр бүтээлээ гэхэд эмч ямар байх ёстой юм. Зарц боол ямар байх ёстой юм хаан хатадямар байсан юм судалж байж л дүрээ бүтээнэ. Нэлээд их дасгал сургуулилт хийж, найруулагчтайгаа урт хугацаанд ажиллаж байж нэг дүр тайзан дээр бүтээдэг.

-Кинонд тоглоход хан­галттай туршлагатайбайх нь ээ?

-Кино урлаг, драмын урлаг, дуурийн жүжигчин хүн ялгаатай. “Мама миа” кинонд тоглохдоо л би үүнийг мэдэрсэн. Жүжигчин л юм чинь болчих байх гэж бодсон. Манай акулууд зөндөө л кинонд тоглож байсан. Тунгалаг тамирын Долгорт П.Цэвэлсүрэн гуай тоглож байлаа. Ингээд харахад болчихмоор ч камерын өмнө нүдний харц, нүдээрээ уйлж инээх өөр юм билээ. Том тайзан дээр том хөдөлгөөн хийвэл ялгарч харагддаг. Камерт том хөдөлгөөн хийвэл камераасаа гараад явчихдаг. Нүүрээрээ тоглодог юм билээ.

-Дуурийн дуучин хүчтэй дуу хоолой гаргахын тулд бэлхүүсээрээ нарийхан байж болохгүй гэж сонссон юм байна?

-Та нар анзаардаг л байх. Эмэгтэй хүн турахаараа бие хөнгөрөөд байдаг. Хоолой чхөнгөн болно. Жаахан тар­галаад ирэхээр инээх нь хүртэл зангарагтай болоод эхэлдэг. Хүний бие яаж өөрч­лөгдөнө, хоолойнд яг тэгж нөлөөлдөг. Жаахан тураад ирвэл жонгиноод нарийхан дуугараад сайн дуулаад эхэл­дэг. Сэтгэл санаа өөрч­лөгдөхөд хоолой яг тийм бол­дог. Нас ахиад, жин нэмэгдээд эхлэхээр дуучид том дүрд дуулаад эхэлдэг. Тэр чинь хоолойн бяр сууж байна гэсэн үг.

-Том дуурьт хэдэн цагаар дуулсны дараа хамгийн түрүүнд юу хийдэг вэ?

-Маш их өлсч, ам цанга­чихсан орж ирдэг. Дуулахад үнэндээ тамирчин шиг калори шатаадаг байхгүй юу. Хүн харахад гүйж харайхгүй мөрт­лөө хоёр, гурван цаг дуулсны дараа их идэж, шингэн юм уудаг.

-Италид мэргэжил дээшлүүлсэн гэж сонссон. Заримдаа франц оросоор ч дуулах шаардлагатай болдог байх?

-Зөвхөн дуулаад зогсохгүй хэлний тал дээр маш их ажил­лах шаардлагатай болдог. Толгойгоо ажиллуулах учир­тай. Тэр хэлийг бид төгс эзэмшээгүй л байгаа шүү дээ. Дуурийн дуучин итали хэлтэй байх ёстой. Мэдээж орчин үед англи хэл хэрэгтэй. За тэгээд орос, германаар дуулж байна. Шаардлагатай бол хятадаар ч дуулж байна.Солонгос зэрэг хөгжилтэй орны үндэсний дуурьт биднийг сонирхвол тухайн хэл дээр нь дуулах болно. Хувирах шаардлагатай. Францаар “Кармен” дуурь тавихад франц хэл­ний багш ирж бидэнтэй хэллэг дээр нь ажиллалаа. Франц мэтийн хэцүү хэл ороод ирвэл өөрсдийгөө дайчилна даа. Хэл бидний хөдөлмөрийн 80 хувь нь.

-Олны танил эмэгтэй байх амаргүй. Өөрт чинь яаж тусдаг вэ?

-Сайн муу зөндөө л хэлэгд­сэн. Би чинь урлагийн нэр дор нэг их тоохгүй гудийх­гүй яваад байдаг. Хэнэггүй ч юм даа. Айхавтар ач холбогдол өгдөггүй.

-Заримдаа таны одоо­гийн нөхөр хэн байгаа талаар хэлэлцүүлэг өрнөх шахууболох юм?

-Би бусадтай л адил амьд­рал туулж байгаа. Бусдаас нэг их өөрөөр яваагүй. Олны танил болохоор их л сонирхдог шиг байгаа юм. Би нэг их буруу яваагүй. Урлагийн хүнийг хүн сонирхоно. Би ч гэсэн хүн сонирхоно. Бас нүдтэй, амтай, хамартай, чихтэй л хүн юм чинь. Үнэрлэнэ, барьж үзнэ, илж таалж үзэхийг хүсч байгаа. Хүнээс гажууд юм хийгээгүй л гэж боддог. Одоо бол гэр бүлтэй. Сайхан ажиллаж амьдарч л явна.

Б.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд