Нийгэм
2015.04.29 02:04

100 шонхор экспортолно

Засгийн газрын тогтоолын дагуу тусгай зориулалтаар агнах агнуурын амьтдын тоо толгойг тогтоодог билээ. Өчигдөр Засгийн газар хуралдаж тусгай зориулалтаар 2015 онд агнах агнуурын амьтны тоог тогтоох тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулав. Уг өөрчлөлтөд 350 толгой тул загас барьж буцаан тавиулахаар, 150 толгой цагаан зээр, 300 хүртэл агнуурын шувуу агнуулахаар, гадаад оронд амьдаар гаргах идлэг шонхор шувуу 100 толгой байхаар тусгажээ. Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор идлэг шонхрыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг таван жилийн хугацаагаар хориглосон. Гэвч өнгөрсөн онд 40 идлэг шонхрыг соёлын зориулалтаар гаргасан байна. Холбогдох хууль, тогтоомжоор уг шувуу түгээмэл ашиглах нөөцтэй “элбэг” амьтны ангилалд хамаардаг юм. Манай улс 2010 онд Монгол орны махчин шувуудыг хамгаалах зорилгоор Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабигийн байгаль орчны албатай таван жилийн хугацаатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд идлэг шонхор шувууны байгаль дахь өндөглөх боломжийг нэмэгдүүлэх төслийг 2010 оноос Төв, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн хорин суманд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд байгуулсан 5250 хиймэл үүрэнд 2011 онд 200 үржлийн хос үүрлэж 600 ангаахай, 2012 онд 380 үржлийн хос үүрлэж 1298 ангаахай, 2013 онд 500 гаруй үржлийн хос үүрлэж 2000 ангаахай үүрнээс ниссэн байна. Иймд 100 толгой идлэг шонхрыг гадаад улс орнуудад худалдаалахад тухайн зүйл амьтны популяцид сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тооцож байгаа аж.

Онцлох нийтлэлүүд