ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.09.16 01:09

​108 ганжуур эргэх ёслол болж байна

Дашчойлин хийдээс өнөөдөр Хүрээ Майдар бурхны сүншгийн ажлын хүрээнд 108 ганжуур эргэх ёслол үйлдэн, гороолж байна. Майдар бурхны сүншигт залах Ганжуур, Данжуур судруудыг тус хийдээс өмнө нь зохих журмын дагуу авсан сүсэгтэн олон өөрсдийн судар дотор гэр бүл, ойр дотны хүмүүсийн нэрийг бичиж үлдээсэн байдаг бөгөөд тэдгээр судрыг ийн Майдар бурхан дотор сүншиг болгон мөнхлөн залж байгаа ажээ.

Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тамгын лам Ц.Алтанхүү “Майдар бурхныг бүтээх, сүншиг, дуганы ажлыг хийхдээ хуучин Майдар бурхныг бүтээхдээ тэмдэглэн үлдээсэн гол номлолуудыг барьж гүйцэтгэж байна. Сүншгийн ажлын явцад 108 Ганжуур, 10 Данжуур судрыг өргөн зална. Анх майдар бурхныг бүтээж байхад ард иргэд бүгд оролцож байсан. Учир нь Майдар бурхан өөрөө ирээдүйн бурхан. Тиймээс ирээдүйн сайн сайхныг бэлгэдэж сүсэгтэн олон бүгд энэхүү сайн үйлсэд нэгдэхийг уриалж байгаа юм” гэв.

Ганжуур, Данжуур эргэх ёслолыг үйлдэхдээ хуучин хүрээнд байсан 30 аймгийн сууринг эргэж, Дашчойлин хийдээс эхлэн дөрвөн км замыг нар зөв тойрон гороолж байна.

Онцлох нийтлэлүүд