ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2015.11.23 01:11

12 мянганы тэртээгээс ирсэн үлэмж биет арслангийн гүег

Сибирийн хөлдүү цэвдэг, гүн хөр цас бол эртний хүн, амьтан, ургамлыг өнөө цагт хадгалан үлдээх хамгийн сайн бунхан. Эндээс эртний арслан заан, хүн, барсын олдворууд гарч ирэх нь элбэг. Өнгөрсөн сард л гэхэд Якутын Шинжлэх ухааны академи бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн эртний агуйн арслангийн хоёр зулзага олжээ. Эрт цагт эдгээр гүег эхийн халуун хэвлээс унаж, хөхөө хөхөж, амьдрал гээчтэй танилцаж байсан биз ээ. Гэвч гэнэтийн ослын улмаас хорвоод төрөөд нүдээ ч нээж амжаагүй байсан зулзагнууд цасан дор үүрд нойрсчээ. Тэднийг 12 мянган жилийн настай гэж үзэж байна. Магадгүй үүнээс ч урт настай байж болох. Эрдэмтэд жинхэнэ насыг нь тогтоохоор нарийвчилсан судалгаа хийж байгаа юм. Тэдэнд Якутын Шинжлэх ухааны академийнхан Уян, Дина гэх нэр өгчээ. Гүегүүдийг Абын дүүргийн “Уяндина” голын эрэг орчмоос олсон хэмээн академийн эрдэмтэн доктор Алберт Протопопов мэдэгдсэн байна. “Уяндина” гол нь Якутын нийслэлээс 1045 км зайд оршдог аж. Археологийн үнэт олдворууд гүн цэвдэг дор олон мянганы турш байсан ч үс, ноос, дотор эрхтэн, амны хөндий, тэр бүү хэл сахал гээд бүхий л бие нь дөнгөж өчигдөрхөн амьдарч байсан мэт маш сайн хадгалагджээ. Энэ бол агуйн арслангуудын олдворууд дотроос хамгийн бүрэн бүтэн үлдсэн томоохон олдворуудын нэг юм. Эрдэмтэд өдгөө генийн судалгаан дээр илүү ажиллаж агуйн арслангуудын тухайн үеийн хооллолт, ахуй амьдралыг судалж байна. Түүнчлэн гүегүүдийг Их Бри­танийн Гронингенийн их сур­гуульд радиокорбаны шин­жилгээ хийхээр авч явжээ.


Уян, Дина нар хорвоод мэндлээд тун удаагүй, магадгүй хоёр долоо хоног, хамгийн цаад тал нь нэг нас хүрч байсан аж. Тэдний хүйсийг хараахан тогтоогоогүй ч эмэгчин байх магадлалтай гэсэн байна.

Анх 2008, 2009 оны үед Оксфордын их сургуулийн эрдэмтэд манай дэлхий дээр тодруулбал одоогийн Их Британи, Европ, хойд Америкийн нутаг орчмоор 13 мянган жилийн тэртээ vлэмж биет арслангууд амьдарч байсан талаар тогтоож байжээ. Аварга том арслангууд нь Африкийн арслангаас дөрөвний нэг дахин том бөгөөд идэш тэжээлээ барьж авахад зориулагдсан урт мөчтэй байсан аж.

Оксфордын судалгааны багийнхан эртний арслангуудын vлдэгдлийг хойд Америкт амьдарч байсан Америкийн арслан, Орос, Аляск, Юкон болон Европын хойд хэсгээр амьдарч байсан агуйн арслан гэсэн хоёр хэсэгт хуваасан юм. Эл амьтад хүйтэн, мөсөн тундртай бүс нутагт амьдарч байсан гэх. Тэд газар нутгаа заан, хирс, бар, буга гэх зэрэг биеэр том амьтдын сvрэгтэй хуваалцаж байсан байж болох. Одоогийн арслангийн өвөг болох эдгээр нууцлаг амьтад 13 мянга орчим жилийн тэртээ бөөнөөрөө устаж үгүй болсон аж. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр, эсвэл сөргөлдөгч дайсан, хүний үйл ажиллагааны улмаас устсан байх гэсэн таамаглалыг археологийн судлаачид, эрдэмтэд дэвшүүлдэг. Тухайлбал, эртний хүмүүс хүнс, тэжээлийг нь устгаж, арслангуудыг олноор нь авласан гэж тэд vздэг байна. Харин эдгээр олдворууд эртний агуйн арслангууд яагаад устаж үгүй болсныг хэлж чадна гэжээ.

Онцлох нийтлэлүүд