ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2019.03.16 04:03

2018 онд хэрэглээний зээл өссөн үзүүлэлттэй гарчээ

Монголбанкнаас бодлогын шийдвэр гаргаж, өнгөрсөн оны сүүлчээс хэрэглээний зээлийг хязгаарласан. Энэ шийдвэрийн үр нөлөө хэрхэн харагдаж байгаа болон зээл хумигдсанаар эдийн засгийн тэлэлтэд нөлөө үзүүлсэн эсэхийг тус банкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир тайлбарлажээ.

- Макро зохистой бодлогын шийдвэрийн хүрээнд хэрэглээний зээлийг хязгаарлах хоёр шаттай арга хэмжээ авсан. Эхлээд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоох шийдвэрийг 2018 оны 6 дугаар сард гаргасан. Үүний дараа иргэд сарын төлөлтөө багасгахын тулд илүү урт хугацаатай зээл авах эрсдэл бий болсон. Тийм учраас есдүгээр сард хэрэглээний зээлийн хугацааг дээд хязгаарыг 30 сараар хязгаарлах шийдвэрийг гаргасан. Эдийн засгийн шинжлэх ухааны хувьд бид өрхийн өрийг бий болгохгүй байх, санхүүгийн эрсдэлийг бууруулах замаар ард иргэдийнхээ амьжиргааг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс эдгээр арга хэмжээг авсан юм.

Гэтэл ард иргэдийн хувьд тухайн хязгаарлалт үйлчилж эхлэхээс өмнө илүү ихээр зээл авах эрмэлзэл өндөр байлаа. Улмаар 9-12 дугаар сард хэрэглээний зээл маш хурдтайгаар өсөх үр дагаврыг бий болгосон. Бидний хувьд макро зохистой бодлогын арга хэмжээг гэнэт хэрэгжүүлбэл, хүмүүсийн ирээдүйн төлөвлөлтөд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн. Мөн 2019 оны эхнээс төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байгаа. Энэхүү орлогын өсөлттэй нийцүүлж, шилжилтийг аажмаар хийх нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл энэхүү хязгаарлалт хэрэгжиж эхлэхээс өмнө хүмүүс зээлээ маш хурдацтайгаар тэлэх үйл явц ажиглагдсан. Гэхдээ бид энэхүү зээлийн тэлэлт нь санхүүгийн том эрсдэлийг богино хугацаанд бий болгохгүй гэж үзэж байгаа. Тэр утгаараа өрхийн хэрэглээ өслөө. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, өрхийн хэрэглээ өсөхийн хэрээр эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулж байгаа. 2018 оны хувьд эдийн засаг, зээл тэлэлттэй, өрхүүд санхүүгийн хэрэгцээгээ хангасан он болж өндөрлөлөө гэж дүгнэсэн.

Онцлох нийтлэлүүд