ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2015.04.18 11:04

2030 оны долдугаар сарын 1-ний УЛААНБААТАРЫН ӨГЛӨӨ

Арван таван жилийн дараа угтах тэр өглөө их сайхан байх нь. Яагаад гэвэл “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” чуулган дээр үг хэлсэн хотын удирдлагууд, бизнесийнхэн бүгдээрээ өөртөө итгэлтэй, урам зоригтой,эцэж цуцахааргүй, хөгжлийн гарцаа олсон нь мэдрэгдлээ. Тус чуулган дээр “Улсын эдийн засаг хямарснаас Улаанбаатарын эдийн засаг хямраагүй” гэсэн үг цуурайтав.Өнөөдөр нийслэлд төсвийн хөрөнгийн зарцуулалт бүрэн хийгдэж байгаа юм байна. Аж ахуйн нэгжүүдтэй хийсэн бүх гэрээнийхээ төлбөрийг хийгээд явж байгаа юм байна. Концессын гэрээ байгуулсан бол хот өөрийн хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлж байгаа юм байна. 2020, 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрүүд нь судалгаа тооцоотой, хувийн хэвшилдээ итгэсэн, хэрэгжих боломжтой 20 том төслийг хөдөлгөсөн нь Улаанбаатарын ирээдүйг гэрэлтүүллээ.

Яагаад заавал 2030 оны долдугаар сарын нэгэн гэж? Жил жилийн энэ өдөр их гоё, хүн бүрийн сэтгэл санаа өөдрөг, газар дэлхий нар хураа хайрласан, монгол наадмын уухай цуурайтсан, хүмүүст амралтын уур амьсгал орсон сайхан өдөр байдаг юм. Тийм болохоор энэ өдрөөр төсөөлөх нь гоё. 2030 оны долдугаар сарын 1-ний өглөө та босоод тагтан дээрээ гараарай. Та мэдээж тохилог сууцанд амьдарч байх болно. Учир нь нийслэлийн нийт өрхийн тоо тэр үед 388.9 мянгад хүрсэн байх бөгөөд 70 хувь нь төвийн дулаан, цахилгаанд холбогдсон байх юм. Үлдсэн 31.3 хувь нь хотын дагуул бүсүүдэд ногоо, цагаагаа тарьж, туслах аж ахуйгаа эрхлэн тааваараа сайхан амьдарч байх юм. Тэд хэн байх вэ гэхээр настан буурлууд, цэвэр агаар, цагаан идээн дээрээ байх бага насны хүүхдүүд юм. Монгол ахуйгаа хадгалсан нэг бүс, орчин үеийн стандарт бүхий бас нэг бүс өнөөдрийн нийслэлд ийнхүү бий болох цаад хугацаа нь 2030 он юм. Ер нь бол Улаанбаатар хот хоёр дэд төвөөс бүтнэ. Баянхошуу, Сэлбэ гэсэн хоёр төвтэй хот болох юм билээ. Нийслэлд хэрэгжиж эхлэх бас нэг гоё төсөл нь амьтны хүрээлэн усан парк юм. Усан тоглоом, усан спорт гэсэн хоёр хэсгээс бүрдэх энэхүү усан бүсэд нийслэлийн иргэд далайн эргийн хотод байгаа мэт мэдрэмжээр амьдарна. Усан гадаргуу нь манай халуун, хуурай уур амьсгалыг чийглэг тааламжтай болгож, температурыг 4-7с. болгож, хиймэл нуур, наран шарлагын талбай бусад үйлчилгээтэй том цогцолбор бий болох юм.

Удахгүй нийслэлд эхний хөнгөн метро босно. Метроны урт одоогоор 17,7 км байх юм. Ашиглалтад орох цаад хугацаа 2020 он. Хотын төв дундуур баруун аймаг явдаг 22-ын товчооноос зүүн тийш Баянзүрхийн товчоо хүртэл 17 буудалтай метро ашиглалтад орно. Метроны 6.2 км нь өргөгдсөн ил хэсэгтэй, 6.6 км газар доогуур, үлдсэн 4.9 км өргөгдсөн байх юм. Метро ашиглалтад орсноор хот доторх иргэдийн хөдөлгөөн сийрч дагуудаа үйлчилгээний төвүүд нь дэлхийн хотуудын түвшинд очно.

Нийслэлд нэн тэргүүнд авто зам, тэр дундаа хурдны замын асуудал даруй шийдэгдэх юм. Туулын хурдны зам хөндлөн 30 км, босоо тэнхлэг нь 92 км-ийн урттай баригдана. Зам дагуудаа дэд төвүүдтэй, 60 км замыг ойрын үед ашиглалтад оруулах юм. Нийслэлд одоо 676.6 км засмал зам байна. Тэгвэл энэ замын урт 2030 он гэхэд 3000 км-т хүрэх юм билээ. 2015 онд 18 байршилд зам барилгын ажил явагдана. Үүнд Хөгжлийн банкны санхүүжилт, концессын гэрээ, нийслэлийн төсөв гэх мэт санхүүжилтээр 91.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх аж. 2030 он хүртэл нийслэлд баригдах авто зам, гүүрэн байгууламжийн судалгааг гаргасан байгаа юм билээ. Үүгээр бол 2030 он хүртэл Улаанбаатар хотод 5.300 орчим зам шинээр баригдаж, 2.000 гаруй гүүр, 3.000 гаруй гүүрэн байгууламж барина гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

Энэ бүгдийг цогцоор нь хөгжүүлэхэд одоогоор 25.4 их наяд төгрөг шаардлагатай. Ийм их хөрөнгө оруулалтыг хийж чадах хувийнхэвшил, хөрөнгө оруулагчид дээрээ бид хадаг барьж очихоос өөр аргагүй гэж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хөрөнгө оруулалтын чуулган дээр хэлсэн. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид 70, 80-аад оны бүтээн байгуулалтаас давсан бүтээн байгуулалтыг сүүлийн 4-5 жилдхийгээд байна. Тиймээс 2030 он хүртэл УБ-ыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөө урам зоригтойгоор УИХ-д оруулсан. Бидэнд бүтээн байгуулалт хийх хангалттай хувийн хэвшлийнхэн байна хэмээн Э.Бат-Үүл итгэл дүүрэн хэлнэ лээ.

Өнөөдөр Улаанбаатар хотод ямар ч дугуйн зам байхгүй. Хөрс, агаарын бохирдол ихтэй. Хотоос гараад амралтын цагаа өнгөрүүлэх орчин байдаггүй. Тийм болохоор ойрын хугацаанд Туулын эрэг дагуу дугуйн замыг тавьж, Богд уулыг тохижуулах юм байна. Туул голыг дагасан Богд уулын хормойгоор эхний ээлжинд зургаан км дугуйн зам тавих аж. Хотын баруунаас зүүн зах хүртэл 18-25 км дугуйн зам тавихад хот өөрөө баруун зүүнээ маш хялбар холбочих боломжтой. Үүнийгээ сая ярьсан Богд уултайгаа холбочиход аялал жуулчлалын таатай бүс босох ажээ. Аялал жуулчлал гэснээс урд болон хойд хөршүүд маш том зах зээлтэй. Эндээс хөрөнгө оруулагчид, өндөр үнэтэй, чанартай аялал жуулчлалыг яаж татах ёстойг тооцож байна. Үүнийг хийж чадах юм бол дэлхийн томоохон хотуудтай эн зэрэгцэх боломжтой. Жишээ нь Улаанбаатарт татваргүй барааны маш том дэлгүүр, музей, энтертайнмент төвүүд, казино, рестораныг байгуулах хэрэгтэй. Дэлхий даяараа аялал жуулчлалын гол орлогыг бүрдүүлж байгаа хүмүүс бол Хятад болон оросууд. Ийм газар байж бид зөвхөн уул уурхай яриад хэрэггүй юм. Ийм л хотыг бүтээн байгуулахад 10 орчим тэрбум ам.доллар хэрэгтэйг сая монгол мөнгөн дүнгээр хэлсэн. Үүнийг дагаж 100 мянган хүн ажлын байртай болж 3.5 сая жуулчин хүлээн авна, жилийн орлого нь гурван тэрбум байх боломжтой юм.

Энд гадны ихэнх хотуудад байдаг агаарын туннель буюу агаарын гудамж байгуулах гэж байгааг хэлэх ёстой. Улаанбаатарыг бүхэлд нь аваад үзвэл тийм том хот биш. Гол гудамжууд нь цөөхөн. Шинээр баригдаж буй бүх барилгууд агаарын замаар холбогдож болно. Тооцоо хийгээд үзэхэд хотын гол цэгийг холбоход 7.2 км болно. Үүнийг хувийн хөрөнгө оруулалтаар шийдчих боломжтой гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа. Ер нь бол агаарын гудамжийн нийт урт 50 км байна. Эхний ээлжийнх нь 7,2 км, дараагийнх нь 27 км, гуравдугаар ээлж нь 14 км-ийн урттай баригдаж ашиглалтад орохоор боллоо.

Энэ мэтчлэн Улаанбаатар хотод хэрэгжиж эхэлсэн, хэрэгжихэд бэлэн болсон олон төслүүд шил шилээ даран байна. Ойрын хугацаанд гэхэд нийслэлд боловсролын чиглэлийн 28, эрүүл мэндийн 2, автозам, нийтийн тээврийн 27, инженер шугам сүлжээний 40, хот тохижилт, ногоон байгууламжийн 29, соёл спортын 5, бусад 11 гээд нийтдээ 142 төсөл хэрэгжихээр боллоо. Энэ бүгдийг хийхэд юу ч дутаагүйг ард түмэн хэлж байна. Гагцхүү өнөөдөр төр засаг удирдаж буй нөхдийн хүсэл эрмэлзэл, эрх ашгийн зөв эрэмбэ, сэтгэл л хэрэгтэй.Энэ бүгдийг нийслэлд хийж хэрэгжүүлэхэд Шинжлэх ухаан технологийн шинэ нээлт, онцгой чадвар, мэдлэг боловсрол чухал биш юм. Өнөөдөр төр засагт байгаа хүмүүс эхлээд өөрийнхөө хувийг эндээс яаж авахав, миний эрх ашиг хаана нь байна, миний оролцоо байхгүй бол хөдөлгөхгүй гэсэн үзлээрээ хандах юм бол энэ бүхэн үлгэр болно. Энэ бүх хөгжлийг бий болгох хувийн хэвшлийнхэн нийслэлд байна. Эдийн засгийн чадамж ч нийслэлд бий. Монгол Улсын ДНБ-ий 63 хувь нь нийслэлд байна. Нийт зээлийн 84 хувь, нийт хадгаламжийн 83 хувь, нийт хүн амын 46 хувь нь Улаанбаатар хотод байна. 2030 он гэхэд нийслэлийн хүн ам 1.763.0 саяд хүрэх төлөвтэй. Гагцхүү энэ бүхнийг зөв зохион байгуулах, сэтгэл зүрхнээсээ ажиллаж хөдөлмөрлөх улс орны удирдагчид л дутагдаж байгаа юм.

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” чуулган дээр Э.Бат-Үүл үгийнхээ эхэнд “Энд өнөөдөр намайг ажилтай байлгаж, миний цалинг өгч байгаа хүмүүс цугларсан. Та бүгдийн татварын орлогоор бид цалинждаг. Та бүхэн бидэнд өөрийнхөө хүч хөдөлмөрөө зарж олсон мөнгөнөөсөө татвар өгдгийн учир бидэнд үйлчлээрэй гэснийх. Төр засгийн төлөөлөл болох бид нар бол та бүхэнд үйлчлэх үйлчилгээний байгууллагын ажилтнууд болохоос засаглаж удирддаг байгууллагынхан биш юм” гэж хэлсэн. Нийслэлийн удирдлагууд л лав хувийн хэвшлийнхэнд ийнхүү итгэж найдаж, хандаж эхэллээ. Саарал ордонд суугаа нөхдийн хандлага ямар байгаа юм бол доо.

Онцлох нийтлэлүүд