ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2017.09.12 03:09

“48 цаг” кино наадмын бүртгэл эхэллээ

Image result for “48 цаг” кино наадам

Монголын киночдод хэдийнэ танил болсон “48 цаг” кино наадмын бүртгэл эхэлжээ.

Киночдын ур чадварыг дээшүүлэн, авъяаслаг залуу уран бүтээлчдийг тодруулах, олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгох, Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой тус наадам найм дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Бэсрэг кино нь дэлхийн кино урлагийн тогтсон төрөл хэлбэр төдийгүй томоохон хэмжээний уран бүтээл туурвихад суралцах эхлэл байдаг. Энэ нь бүрэн хэмжээний киноны олон хэсгийг хооронд нь зөв уялдуулж сургадаг гол арга юм. Мөн залуу уран бүтээлчдэд богино хугацаанд түргэн сэтгэж, багаар ажиллах ур чадвар эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээ, идэвх сонирхлыг нь дэмжих, кино сонирхогчдод мэргэжлийн бус ч өөрийгөө нээх, сорих бололцоо олгох, дэлхийн үе тэнгийн уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн алхаж, харилцан туршлага солилцуулахад наадмын гол утга учир, ач холбогдол нь оршино. Энэхүү наадам нь 48 цагийн дотор зоxиолоо бичиж, жүжигчдээ сонгон найруулж, зургаа авч, эвлүүлэг, дуу оруулалтаа xийн, 4-7 минутын богино хэмжээний кино бүтээдэг. Тиймээс ч уран бүтээлчдээс жинхэнэ хурд, уран сэтгэмж шаарддагаараа онцлог билээ. Амьдралынхаа 48 цагийг ур ухаан, хурд хүчээ сорин бүтээлчээр өнгөрүүлэх уран бүтээлчдийг энэ сарын 28-ныг дуустал бүртгэх аж. “48 цаг-Монгол 2017” наадмын шилдгээр шалгарсан бүтээл 2018 оны гуравдугаар сард Франц улсын Парис хотод болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд оролцож дэлхийн 150 орны киночидтэй шилдгийн төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.

Дашрамд дурьдахад, “48 цаг кино наадам” анх Монголд 2010 оны есдүгээр сарын 9-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж 22 баг оролцсоноос “iCity” студийн продюсер Ч.Хоролдоржийн “Зүүд” шинжлэх ухааны уран зөгнөлт бэсрэг кино наадмын тэргүүн байрын шагнал хүртэж, АНУ-ын Майами хотноо болсон Олон улсын наадамд оролцсон юм. Манай бүтээл Америк, Европ, Ази, Африк, Австралийн 80 гаруй хотын 3,500 гаруй баг оролцсон эл наадмын шилдэг 16-д багтаж, Канны олон улсын кино наадмын “Бэсрэг киноны булан”-гийн үзлэгт оролцож томоохон амжилт авчирч байжээ.. Монгол залуучууд анхны наадамд сойсон анхныхаа бүтээлээр ийнхүү нэр хүндтэй наадмын шилдэгт тооцогдсон нь монголын киночид дэлхийн бусад томоохон наадмаас шагнал хүртэж, эх орныхоо нэрийг дэлхий даяар цуурайтуулах боломж ойрхон ирсэнийг харуулж байна.

Онцлох нийтлэлүүд