ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.07.08 02:07

"4K болон 8K" чанартай видео дүрс дамжуулалтын дата хэрэглээг бууруулах шинэ технологи бий болжээ

Видеог кодлох энэ технологийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд томоохон компаниудын хийсэн ярианы үр дүнд дор хаяж дата ашиглалтыг бууруулна гэж амласан видео кодчилох шинэ технологи зарлагдлаа. Өндөр чанартай видео дүрс дамжуулалтын дата хэрэглээг хамгийн багадаа хоёр дахин бууруулах шинэ технологи бэлэн болжээ.

Ингэснээр бага хурдаар интернэтэд холбогддог хүмүүс өндөр чанартай видео дүрс үзэх боломж нээгдэж байна. IPTV зэрэг VoD (Video on Demand) үйлчилгээ үзүүлэгчид 8K чанартай видео контентыг зах зээлд гаргах боломж ойртжээ. Гэхдээ шинэ технологийг нэвтрүүлэхийн тулд гар утас, телевизийн хүлээн авагч бокс зэрэг төхөөрөмжүүдэд зориулагдсан шинэ чип үйлдвэрлэгдэх ёстой юм. Тиймээс зах зээлд шууд хэрэглэгдэж эхлэхэд бэлэн биш, хугацаа шаардагдах гэнэ.

H.266 ба олон талт видео кодчилол (VVC) гэж нэрлэгддэг кодекыг Германы Fraunhofer Heinrich Hertz хүрээлэн зарласан. Apple, Microsoft, Qualcomm, Ericsson, Intel, Huawei зэрэг компаниуд түүний бүтээн байгуулалтад ажиллаж байжээ.

“Одоо хэрэглэгдэж байгаа H.265 стандарт нь 90 минутийн урттай 4K видеог дамжуулахдаа 10GB дата шаарддаг. Шинэ технологийн тусламжтай энэ хэмжээ 5GB болж буурах юм” гэж бүтээгчид нь тайлбарлажээ.

8K чанартай дүрсийг өнөөдөр гэртээ 85Mbps хурдтай интернэт холболт бүхий хэрэглэгчид үзэх боломжтой байдаг. Энэ нь одоогийн нөхцөлд бараг боломжгүй шаардлага юм. Тэгвэл H.266 стандартыг ашигласнаар 40-50 Mbps хурдтай холболт байхад хангалттай ашиглаж болох юм. Мөн виртуал реалити (VR), 360 хэмийн видео дүрс бүхий хэрэглээнүүдийг ашиглах боломж нээгдэх юм. Гэхдээ шинэ стандартыг хэр олон үйлдвэрлэгч төхөөрөмждөө нэвтрүүлэхээс бүх зүйл шалтгаална гэдгийг зарим мэргэжилтнүүд сануулж байна.

Х.ЕСҮ

Онцлох нийтлэлүүд