ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.06 04:05

888 төсөл бүрт хэрэгтэй байгаа зээлийг бүрэн олгоно гэв

Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гаригт болдог Шинэчилж шийдье 222 уулзалт Гадаад харилцааны яаманд боллоо. Тус уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нар оролцож Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох 888 төслийн санаачлагч, мэргэжлийн холбоодын төлөөлөл нарт нэгдсэн мэдээлэл олгож, тулгамдсан асуудалд нь хариулт өглөө.

Засгийн газраас 888 төсөл нийт нэг их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. Үүний Чингис бондоос үлдсэн 400 орчим тэрбум төгрөг бий. Мөн Самурай бондын 400 тэрбум төгрөг юунд зарцуулагдаагүй бэлэн байгаа. Харин үлдсэн 200 тэрбум төгрөгийг нь улсаас санхүүжилт авсан төслүүлийн өөр эх үүсвэрээр орлуулах замаар тэндээс татах боломжтой хэмээн Ерөнхий сайд хэллээ.

Шалгараад буй 888 төслийг судлах судалгааны ажлын хэсэг ажиллаж, төслүүдийг ангилж, мэдээллийн сантай болсон. Мөн төсөл санаачлагч нартай холбогдож ажлын явцыг дор бүр нь тайлагнаж байсан. Ингээд эхний ээлжинд төсөлүүдийн санхүүжилтыг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор тогтсон. Ингэхдээ арилжааны банк төслийг таван ангилалаар судлан Хөгжлийн банкинд мэдэгдэж бондын хөрөнгөнөөс санхүүжилтыг татах юм. Төслийг бүлэг болгон хуваарилах таван ангилал:

-Тухайн төсөлд шаардагдах хөрөнгөний 1/3 -нээс илүүгүйг зээлэх хүсэлттэй төслийг ангилах. Тус бүлэгт хамаарах төслүүд хамгийн эхэнд санхүүжилтээ авах юм байна.

-Харин 1/3-нээс илүү хэмжээтэй зээл хүссэн төслийг нэгтгэн судлах аж.

-Мөн санхүүжилт олгох үзүүлэлтүүдийг бүрэн хангасан ч барьцаа хөрөнгө нь багадаж буй төслүүд хэмээх бүлгийг нэгтгэнэ. Үүнд шинээр байгуулагдаж буй Үндэсний даатгалын корпорациар даатгал гаруулж барьцаа хөрөнгийн дутууг нөхөж болно. Мөн одоо ажиллаж буй Зээлийн батлан даалтын сангаар барьцаа хөрөнгөө нөхөж болох юм.

-Тооцоо судалгаа дутуу хийгдсэн төслүүд. Энэ бүлэгт тооцооллыг дэлгэрэнгүй гаргаж чадаагүй төслүүд хамаарна. Тооцоолол дутуу байх нь зээлжих эрх хаагдах үндэслэл болно. Тиймээс эдгээр төслүүдийг боловсоруулан хэрэгжих боломжтой хэмжээнд нь хүргэж өгөх арга хэмжээг авна.

-Огт хэрэгжих боломжгүй төслүүд. Энэ нь банкны шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй, авсан санхүүжилтээ эргэн төлөх чадваргүй, хийсвэр төслүүд юм. Энэ бүлэгт хамрагдсан төсөлд санхүүжилт олгогдохгүй.

Мөн хоёр тэрбум төгрөг хүртлэх зээл хүссэн 579 төслийг бий. Эдгээр төсөлд зориулан Чингис бондын хөрөнгөөс 100 тэрбумыг Жижиг дунд үйлдвэрлэлийн санд байршуулж олгохоор болсон гэдгийг Хөгжлийн банкны захирал танилцууллаа.

Харин төсөл санаачлагчдын зүгээс зээлийн хүсэлт төрийн байгууллагуудаар яваад, шат шатандаа танагдан, анх хүссэн хэмжээнээсээ хоёрооё гжрав дахин бага болон ирж байна гэх гомдол гарсан. Тухайлбал, “Экспрессив" ХХК-ийн захирал Г.Майцэцэг “Манай компани л гэхэд анх Чингис бондын эх үүсвэрээс таван тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан. Гэтэл яаман дээр хоёр тэрбум болж буураад, арилжааны банкин дээр очоод 750 орчим сая төгрөг л болж буурсан. Арилжааны банкууд эрсдлээ үүрч байна гээд ингэж бууруулаад байна шүү дээ" гэсэн.

Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Тийм зүйл огт байх ёсгүй. Мөнгийг өгвөл өгсөн шиг өгөх ёстой. Дутуу алсан могой шиг байлгаж болохгүй. мөнгө өгнө гэж хэлчихээд амсуулаад л өнгөрөх юм бол авсандаа гай болж, өгсөндөө зовлон болно. Дахиж тийм асуудал гарвал шууд Засгийн газарт хандаарай. Бид арга хэмжээ авах боломжтой. Яагаад гэвэл эх үүсвэрийг нь бид гаргаж өгч байгаа" гэсэн юм.

Онцлох нийтлэлүүд