ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.07.11 11:07

Мөөеө аваргын нулимстай тэр жилийн наадам

Зураг дээр зүүн гараас С.Лхагва начин, Д.Долгорсүрэн заан, Д.Мягмар заан,

Х.Баянмөнх аварга, Д.Цэрэнтогтох аварга, Ц.Санжаа заан. 2008.07.12

Наадмын урьд орой Дан­зан ах яриад "Нөхөр минь чи, мандат асуугаад байл уу. Гэрээр ирж авах уу" гэж бай­на. Дуун дээр нь уухайн тас зөвшөөрөлгүй хаачихав. Мань хүн үндэсний их баяр наадмын бөхийн салбар ко­мис­сын нарийн бичгийн дар­га. Шөнө дүл болсон хойно тэднийд тавьж хүрлээ. Мар­гааш өглөөний мандмал нар­тай зэрэгцэн наадам эхлэх гэж байдаг. Бөхийн комиссын нарийн бичгийн даргын ажил гэдэг ар араасаа л ундарч байгаа нь дамжиггүй. Шө­нийн арваннэг, арванхоёр цагийн үед очиход сая л гэрийн бараа харж байгаа бололтой, хадмынхаа нутаг Архангайн Хотонтын айраг­наас хулаар мэлтэлзүүлсэн шигээ сууж байна. Бас болоо­гүй ээ, Дашийн Мяасүрэн гуайтай хамтарч бүтээсэн "Түшээт ханы Намхай аварга" дуугаа аялсан шигээ гоёлын­хоо дээл хувцсыг бэлдээд.


"Өнөө жилийн наадамд хэн хэн зодоглох гэж байна даа" гэхэд, лав л Цэрэнтогтох аварга барилдахгүй сураг байна. Бөхийн бүртгэлд нэр нь алга гэнэ. Ингэж л миний бие соёлын гавьяат зүтгэлтэн Довдонгийн Данзангаас "Наад­мын ногоон талбайд ажиллах эрхтэй" гэсэн ман­дат авч, өнөө л хүчит авар­гуудтай бөхийн асарт суудал зэрэгцсэн нь тийм учиртай. Хаа нэг наадам найрын үеэр гаргаж салхи амсуулдаг саа­рал даавуун тэрлэгээ өмсөөд гарч өглөө дөө.

Төв цэнгэлдэхийн урд хаал­­гаар эртхэн шиг шуд­раад авлаа. Нээлтийн ёслол дөхүүлж, Төрийн тэргүүн үг хэлэх үед харуул хамгаалалт гэдэг чинь манийг байтугайг нь нам зогсоодог болохоор юм эртхэндээ дээр бодсон минь зөв байсан нь мэдээж. Хэлхгэр халхгар бөхчүүд нэг нэг том цүлхийсэн цүнх үүр­чихсэн өнгө өнгийн дээлээр гоёцгоожээ. Царай зүс нь хүрэн бор, ёстой л нөгөө хүрэл эрчүүд гэдэг чинь тэд байна. Аймаг аймгаараа, гал галаараа бөөгнөрөөд зогсч байв. Увсынхан Баянаа авар­гаа бараадчихсан, Баянаа аварга болохоор Мөөеөгөө хайгаад байгаа бололтой ийш тийшээ хараад л. Харц нь нэг л тогтож өгөхгүй байгаа нь илт. Арга ч үгүй юм даа, халуун залуу насныхаа ааг омог, амжилт ялалт, баяр хөөр, харамсал харуусал бүхнээ тамгалж орхисон но­гоон дэвжээнд наадмын өг­лөө аваргуудын сэтгэл на­саа­­раа уягдчихсан морь шиг л байдаг байх.

Тэгтэл удаа ч үгүй Мөөеө аварга цэнгэлдэхэд ороод ирлээ шүү. Хүрэн торгон дээлийнхээ хормойг үл ялиг­хан чичрүүлсхийн алхаад Баянаатайгаа уулзаж байна. Гартаа нэг чамин цүнх, нарны шүхэр ч билүү, бас нэг зүйл барьчихсан инээд алдаад "Ид үед голын цэнгэлдэхээр орж ирэхэд намсхийх шиг л болдог сон" гэх өөрийгөө болоод Баянаагаа явуулсан яриа хөөрөө дэлгэсэн шигээ зогсоно. Хоёр аваргыг тийн хөөрөх зуурт Сосорбарам, Эрдэнэ-Очир, Мижиддорж, Хайдав нарын арслангууд, за тэгээд ахмад заан, начингууд бүгд л ирж эрэмбээрээ мэнд усаа мэдэлцэж байлаа. Наад­мын нээлт дууссаны дараа бөхийн барилдааны нэгийн даваа эхлэв. Гэлэгжамцын Өсөхбаяр аварга зүүн жи­гүүрийг магнайлан 512 хүч­тэнийг түүчээлэн боссон. Тэр жил анх удаа Өсөхөө аварга зүүн жигүүрт гарсан юм. Үнд­сэндээ Өсөхөө, Сумъяа хоёр л аваргуудаас босч байлаа. Өмнөх жилүүдэд нь зүүн жигүүрийг Дашдоржийн Цэ­рэн­тогтох аварга манлайлж байсан санагдана.

Баянаа аварга тодоос тод улаан шаргал дээлээ хөглө­рүүлээд, Мөөеөтэйгээ хөт­лөл­цөөд цэнгэлдэхийн зүүн талд байх бөхийн асар буюу аваргуудад зориулсан модон саравч руу хандлаа. Би гэдэг хүн дагаад л туучихлаа. Өнөө­­дүүлтэй чинь хамт очоод суудал зэрэгцээд ав­лаа. Өврөөсөө тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд бас бус зүйлийг тэмдэглэхээ аядав. Юу чиг тэмдэглэх вэ дээ. Гэхдээ л хэлбэрдэхгүй юу даа. Аваргууд бол намайг албаны хүн гэж л ойлгоод байгаа. Харин би болохоор "Наад­мын ногоон талбайд..." гэх мандатаа нүүрэндээ наах нь холгүй хүзүүнээсээ пайз шиг зүүчихсэн, пээдгэр амьтан л алхаад байгаа. Бөхчүүдийн модон саравчийг манайхан мэднэ дээ. Яагаав, тэр жил Сүхбат аварга зодог тайлж бөхөд хайртай олныхоо сэт­гэ­лийг үймрүүлж, гомдоож орхихдоо Пүрэвээ засуулын хамт төрийн есөн хөлт тугнаасаа адис авчихаад Баянаа аваргын зүг ханддаг даа. Тэгээд аваргын энгэрт хацраа наагаад жаахан хүү­хэд шиг мэгшин уйлж буй дүр зургийг мэдэхгүй хүн ховор. Тэр модон саравчийг хэлээд байна л даа. Мөөеө, Баянаа аваргаас гадна Өлзий­сайханы Эрдэнэ-Очир арс­лан, олон түмнээ "том" хэ­мээн алдаршсан Цэрэн­донойн Санжаа заан, улсын начин Сэнгэдовдонгийн Лхаг­ва нарын ахмадууд сууцгаа­сан юм. Тэд бөхчүүдийнхээ өнгийг л шинжиж байсан. "Өнөө жил залуучууд л өнгө­тэй байна даа" гэсэн нь гар­цаагүй үнэн байж билээ. Тэр жил(2008 он)-ийн наадмын шөвгийн дөрөвт Б.Ганбат заан хамгийн түрүүнд ам авч байсан гэж бодохоор залуу­чууд өнгөнд гарч ирсэн нь илэрхий. До.Ганхуягийн на­чин цолтой түрүүлдэг наадам шүү дээ. Нэгийн давааны эхний дүйзүүд болох улсын цолтнууд ам бөхчүүдээ ээлж дараалан унагаж, цэргийн хүүхдүүд малгайгаа барин гүйлдэж байх зуур Эрдэнэ-Очир арслан "Хүүхээ, хоёу­лаа наадмын хуушуур олж идэх үү" гэдэг юм байна.

Өвгөн арсланг тохойлдон босч байтал Лхагва начин "манай хүүхдүүд хуушуур авчирч өглөө" гээд бор ууттай, цаасан уутандаа тос нь нэвч­сэн халуун хуушуур аваад ирлээ. Эрдэнэ-Очир арслан, Лхагва начин бид гурав мо­дон саравчнаасаа жаахан цаашилж ширэг зүлгэн дээр хөлөө жийн сууцгаагаад наад­мын хуушуурын амт үз­сэн. Лхагва начингийн хүү жүжигчин Дэмидбаатарын аавдаа авчирч өгсөн хуушуур болов уу гэж бодно. Эрдэнэ-Очир гуай "мангар аа, нааш ир. Хуушуур ид" гэж Санжаа зааныг дуудлаа. Монгол бө­хийн дэвжээнд нэгэн цагт гарч ирсэн хүчтэнүүд бол яах ар­га­гүй Эрдэнэ-Очир, Санжаа нар л даа. Өвгөн арсланг манайхан дөрвөн үеийн удам­тай бөх гэдгийг мэднэ байх. Арслангийн өвөө нь Хас гэж даншгийн цолтой бөх байсан бол аав нь Хасын Өлзийсайхан гэж төрийн наад­мын үзүүр булааж, Түвдэндорж аварга, Дор­нодын "гулзгай" Дамчаа арс­лан, Буур аварга, "аат" Лув­сан­жамц, Шаравын Ванчин­хүү нарын домог болсон хүч­тэнүүдтэй гар зөрүүлж явсан бөх юм. Эрдэнэ-Очир арслан тавин долоон онд байна уу даа, ааваараа дөрөв давж тэр жилээ улсын цолонд хүрч байсан түүхтэй.

Хоёрын даваа дундаа орчихсон байх үед сарав­чиндаа ирж суулаа. Аваргууд маань мөн л наагуур цаагуур явж наадамчин олонтойгоо мэндчилж, нутгийн бөхчүү­дийнхээ өнгийг харж бахдаж яваад иржээ. Мөөеө аварга ирээд суучихсан байна. Цэ­рэн­тогтох аварга хөх ч гэмээр юм уу, ногоон ч гэмээр юм уу нэг л гоёмсог торгон дээлтэй ирчихсэн луу мэт сууж байна. Хоёрын даваанд тахимаа өгсөн залуучууд бөхчүүдийн модон асрын хажууханд ирж бай мөрийгөө авч байлаа. Хадаа аваргатай жигтэйхэн адилхан хүү Даваажав нь зодоглоод хоёрын даваанд уначихсан таахага таахага алхаад ирдэг юм аа. Элэг бүснийх нь уяа газар сул унжчихсан, хүүхэд шиг инээм­сэглэл тунаруулан ирсэн тэрээр шууд л Мөөеө аварга дээр хүрээд ирэв. Мөөеө аварга ч түүнийг хүлээгээд үг ч дуугарахгүй духайгаад сууж байв. "Даваажав аа, яав аа" гэвэл, өнөө бага Хадаа чинь толгойгоо маажаад "нэг л болж өгөлгүй уначихлаа, ах аа. Ядахад энэ баруун гуян дээр хатиг гарчихсан түүндээ зовиурлаад мэх ч хийж чад­сангүй..." гээд нэг давсны бай мөрийгөө авахаар цааш ханд­­лаа. Тэрхэн хоромд Мөөеө аварга чив чимээгүй суугаад л байлаа. Миний бие аваргатай бас ч үгүй тав гур­ван үг сольж суусны хувьд аварга яагаад чимээгүй бол­чихов гээд хартал мэлмэ­рүүлж суудаг байгаа. Хадаа­гаа боджээ. Зүрх сэтгэлдээ төрсөн үр шигээ хадгалж, хайрлаж явсан энгүй их хүчит Хадаа нь Баянаад юм уу, Цэрэнтогтох, Мөнгөн, Ган­баатар...өөр хэнд ч юм бэ дээ тахимаа өгчихөөд Мөөеө аваргынхаа өмнө гэм хийсэн хүүхэд шиг үсээ илбэсээр ингээд л ирдэг байсан болов уу. Тийм л дурсамж дурдатгал сэтгэлийг нь өвтгөж, цээжийг огшоож өөрийн эрхгүй мэл­мэрүүлэхэд хүргэсэн байх. Мань хүн ерөөс Хадааг нь өвчиж төрсөн тэр хүүгийн барилдахыг харах гэж л хоёрын давааг яс сууж хүлээ­сэн нь тодорхой. Даваажав ч байгаа аваад яваад өглөө. Мөөеө аварга ч модон саравчнаас босоод явчихсан даа.

Дөрвийн даваанд байна уу даа, Магалжав харцага, Бат­заяа начин хоёр жаахан бу­дилдаг юм аа. Чи давсан, би давсан, дахиж барилдана, барилдахгүй гээд л. Тэгтэл Санжаа заан "наад хоёрыгоо хас" гэд сүртэй нь аргагүй хашгирав. "Одооны энэ за­луу­чууд нэг л халирамтгай болчихсон. Бидний үед чинь бол аймаар л юмнуудтай даваа бүрт л тунадаг байлаа. Хэзээ ингэж маргаж байлаа даа" гээд л. Өвгөн заан үнэ­нээ л өгүүлж байна. "Тавын даваа хэдхэн мөчийн дараа эхэллээ" хэмээн бөх тайл­барлагчийн цээлхэн хоолой цуурайлахтай зэрэгцээд цэн­гэлдэх шуугиад явчихаж байгаа юм. Би гэдэг хүн амихан­даа хоёр найзыгаа л бодож суулаа. Соронзон­болд, Бямбажав хоёрыгоо. Манай хоёр нэг нь аймгийн, нөгөө нь цэргийн арслан цолтой байсан. Хоорондоо үй зайгүй найзууд. "Хор­шоо­лол" нийгэмлэгт Дамиран­гийн Баатаржав гэж хүний гар дээр анх очиж байсан хоёр. Би болохоор Бямбажавыг сайн мэдэхгүй. Харин Сорон­зоор дамжуулж түүнтэй нө­хөр­лөөд байсан үе. Тавын даваанд хэд хэдэн удаа өв­дөг­лөж, начин цолны үзүүр дээрээс атгаад алдсан хоёрыг маань өнөө жил хэн амлаж халаадаг билээ хэ­мээн аминдаа зүрхшээж л суусан. Тэгтэл өнөө хоёр золигийг чинь тавын даваанд хэн ч амлалгүй хооронд нь тунагачихдаг юм аа. Бүүр ч зүрхшээгээд явчихлаа шүү. За ямар чиг байсан нэг нь цолонд хүрэх нь ээ гэж бод­лоо. Ингээд өнөө хоёрын барилдаан Соронзон­болдын даваагаар өндөрлөж Алтай нутгийн залуу, анд нөхөр минь улсын цолны босго алхдаг юм аа. Соронзыг туг тойроод ирэхэд нь өмнөөс нь гүйлээ. Баяр хүргэлээ. Дахиад даваа бий шүү гэсэн зүйл хэлээд холд­лоо. Гэтэл өнөөх чинь зургаад өмнөх жилийнх нь наадмын түрүү бөх Хадбаатарын Мөнх­баатар арсланг, долоод Гэлэгжамцын Өсөхбаяр авар­гыг даваад заан болчихдог байгаа. Санаанд багтамгүй сайхан баяр гэж тэр байх. Зургаагийн даваанд Цэрэн­тог­тох аварга бид хоёр л өнөө модон саравч дотроос илүү­тэй өндөлзсөн шиг санагддаг. Цэрэнтогтох аварга хүргэ­нийхээ дээлийн захыг муш­гиад сууж байгаа. Хүргэн нь Д.Рагчаа гарьд л даа. Тухайн үед заан цолтой байсан. Раг­чаа зургаагийн даваанд Сүх­бат аваргын шавь Өлзий­батын Даваабаатар гэж ул­сын цолгүй залууг амласан байв. Даваабаатар Сэлэн­гийн Өсөх-Ирээдүйгээр ул­сын цолны босго алхчихаад Рагчаатай үзсэн нь тэр. Тун эвгүй барилдаантай тэрээр Рагчаа зааныг тонгорчихлоо. Ингээд начин цолыг алгасч харцага боллоо. Рагчаа тахи­маа өгчихөөд хадам аав дээ­рээ ирдэг юм аа. "Цэрэн­тогтох аварга "Та хоёр уул нь ойрхон л газардсан даа. Чи арай л эрт, жаахан яараад тахимаа өгчихөв үү" гэж бай­на. Рагчаа аргаа барахдаа "Та тэгээд хамт унасан, да­хиулъя гэж орилоод байхгүй яасан юм бэ. Одоо нэгэнт тахимаа өгчихсөн, өнгөрсөн" гэх зүйл хэлээд цааш алх­чихлаа. Царай нь гэж барай­сан л юм харагдана. Үнэндээ бүтэн жилийн хөдөлмөр тэ­гээд нурна гэдэг хэцүү л дээ. Өөр нэг сонирхолтой барил­даан нь Сумъяабазар аварга Бөхийн холбооны тэргүүн Нямдоржийн хүү Ганбаатар нарын хооронд болсон юм. Сумъяаг Ганбаатарыг амла­хад Цэрэнтогтох аварга ши­рээ­гээ шааж "Сумъяа дандаа буруу ам авах юм. Ган­баатарыг ноднин л авдаг газар байсан шүү дээ. Одоо бол барахгүй ш дээ" гэж бай­сан. Үнэхээр ч Сумъяа аварга өндөр Ганбааг бараагүй.

Долоогийн даваа шувт­рахад зүүн баруун жигүүрийг магнайлж боссон Өсөхөө, Сумъяа аваргууд үзэгчдийн суудалд хэдийнэ шилж­чихсэн, Доржсамбуу гарьд, Мөнхбаатар арслан, Баяр­жавхлан гээд дээгүүр барил­дах бөхчүүд бүгд тахимаа өгчихсөн байлаа. "Хүн бүр л Ганбатын наадам боллоо доо" гэж шагшиж байв. Үнэн­дээ тэгж бодохоос ч өөр арга­гүй байв. Наймын даваанд Ганбат (тухайн жил заан цолтой байлаа) шинээр заан цолны болзол хангаад бай­сан До.Ганхуяг, Нямдоржийн Ганбаатар, Баттулгын Сорон­зонболд нараас ам авч бай­гаа юм. Төв цэнгэлдэхийн баруун урд талын асраас Ганбатыг ам авахаар гарын даа нарын зүг хандахад Эрдэнэ-Очир арслан "Ган­хуягийгаа аваарай" гэж хоо­лой мэдэн орилж байлаа. Түүнийг нь Ганбат заан ан­заа­раагүй байх. Балжаа аварга "Шавьдаа ам авахыг зөвлөнө" гээд босоод явчихав. Төрийн наадмын наймын даваанд ам авна гэдэг үнэндээ амаргүй нь мэдээж. Өндөр даваанд ам авахын зовлонг ахмадууд яс махаараа мэднэ. Балжаа аваргыг гарын даа нар дээр очиж амжаагүй байтал Ган­бат ам аваад эргэчихэв. Бал­жаа аварга ч ирээд суу­дал­даа суулаа. Ганбат хэнийг авав гэхэд, Ганбаатарыг ав­чээ гэлээ. Ахмадууд "ээ бу­руудсан даа" гээд л шогш­роод явчихлаа. Ганбат заан Ганбаатар гарьдад тэгэхэд нэг их эвгүй татуулж амаа барьсныг наадамчид мэднэ ээ. Ингэж л Монголын алдарт аваргуудтай хамтдаа суудал зэрэгцэн ардын хувьсгалын наян долоон жилийн наад­мыг үзэж билээ. Дөнгөж сая­хан л мэт санагдаж байв ч даруй таван жил болсон бай­на шүү.


Онцлох нийтлэлүүд