ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.01.08 10:01

Америкийн татвар төлөгчид бидэнтэй адилгүй

-Тэднийг утаагаар далимдуулж молиго үмхүүлэх боломжгүй-

Саяхан МҮОНТВ-ээр нэвтэрсэн мэдээг сонсоод олон үзэгчийн зүрх нь савлажээ. Тэрхүү бухимдлаа бидэнтэй хуваалцахаар манай сонины редакцид ирсэн хүмүүс ч бий. Үнэхээр тэр мэдээнд өгүүлсэн шиг үйл явдал өрнөж байгаа бол уйлах ч багадахаар байгаа юм. Олон үзэгчийн гайхашийг барсан уг мэдээнд манайхан утаа багасгах аргаа олж ядахдаа гэр хорооллын айлуудын эсгийг зузаалж, шавар байшингуудын шавардлагыг нь нэмж давхарлах арга олжээ. Дулааны алдагдал багатайгаар өвөлд өнтэй зусья гэсэн айлуудын хувьд бас ч байж болох асуудал байх л даа. Гэтэл эсгий зузаалж, нэмж шавардах хөрөнгийг хаанаас гаргах вэ гэдэг нь үнэхээр анхаарал татсан сэдэв.

Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнөөс АНУ-ын Мянганы сорилтын сангийн тухай чихэнд чимэгтэй мэдээлэл сонстож эхэлсэн билээ. Тэр жагсаалтад багтаж чадах л юм бол тэнгэрийн умдаг атгана гэж бид бодож эхэлсэн. Зарим олон улсын ажиглагчдын тайлбарласнаар Ерөнхийлөгч Ж.Буш дэлхий нийтэд авч хэрэгжүүлж буй дайнч бодлогоо зөөлрүүлэх гэсэн арга гэгддэг Мянганы сорилтын сангаас хувьд хүртэх орны жагсаалтад багтсанаа анх сонсоод бид хөөр болж байлаа. Бас хөрөнгө оруулах эхний орнуудын нэг болсноо ч бахархан тэмдэглэсэн. Тодорхой шат дараалалтай явсан энэ хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсэг нь Монголд төмөр замын салбарыг дэмжих төсөл байлаа. Гэвч оросууд нөлөөллөө авч үлдсээр ирсэн цөөхөн газрын нь нэг болох төмөр замд америкчуудыг хамрыг ч шагайлгахыг хүсээгүй. Тийм ч учраас 188 сая ам.долларыг хэрхэхийг шийдэх хэрэгтэй болсон билээ. Америкийн ард түмний сэтгэл шингэж, татвар төлөгчдийн нь мөнгөөр боссон тэр их хөрөнгө оруулалтыг Азийн Монголд өгөхдөө америкчууд аль болох хэрэгтэй зүйлдээ зарцуулаасай гэж санасан нь мэдээж. Бас албан тушаалтнуудын ашиг сонирхолд нь олз болголгүй, аль болох олон монгол хүнд хүртээхсэн гэж бодож байгаа нь ч ойлгомжтой. Тиймдээ ч оросуудын ашиг сонирхлын төмөр хаалгыг мөргөөд буцсан 188 сая ам.доллараа цэвэр агаар буюу эрчим хүч, хүрээлэн буй орчны төсөл, хойд өмнөд чиглэлийн замын гэсэн хоёр төсөлд зарцуулахаар болсон юм. Өнгөрсөн зургадугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд Мянганы сорилтын Корпорацийн мэргэжилтнүүд манайд ирж судалгаа хийгээд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн түлшний зарцуулалтыг багасгах, цэвэр түлшийг ашиглуулах замаар агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Нөгөөх 188 сая ам.долларын 47.2 сая ам.долларыг нь өнгөрсөн есдүгээр сараас 2013 оны есдүгээр сар хүртэл хэрэгжих цэвэр агаар төсөлд зарцуулах болсон билээ. Гэтэл энэ 50 сая орчим ам.долларыг хэдэн айлд туурга авч өгөөд, байшин шавардаж өгөөд дуусгах гэж байгаа гэж үү. Уг нь америкчууд утаандаа угаартсан нийслэлчүүдийг онгон зэрлэг тал шигээ сэрчигнэсэн цэвэр агаарт амьдраасай гэж хүссэн байх л даа. Гэвч утаагаа алга болгоно гэсэн лоозон барьж, утаагүй амьдрах нийслэлчүүдийн чин хүслийг саалийн үнээгээ болгосон албан тушаалтантай монголчуудын хувьд энэ нь говийн зэрэглээ шиг замхран алга болно.

Харин америкчууд биднээс өөр болохоор утаа алга болгоно гээд жил бүр молигодуулсаар ирсэн манай татвар төлөгчдөөс ялгаатай л байх болов уу. Мянганы сорилтын сангийн их хэмжээний хөрөнгө оруулалтын тухай ид яригдаж байх тэр цагт АНУ-ын татвар төлөгчид  сенатадаа хандан захиа илгээсэн байдаг. Уг захианд Монгол зэрэг ардчиллыг хөхиүлэн дэмждэг улс орнуудад хөрөнгө оруулахаас татгалзаж байгаа хэрэг биш ч жагсаалтад багтсан улс орнууд нь Ж.Бушийн цэрэг дайны ажиллагааг дэмжиж байсны шагналаа авч байна гэж хардах талтай байна гэсэн санаатайг хэвлэлээр бичиж байв. Өөрсдийнхөө хөлс хөдөлмөрөөр олсон хөрөнгийг зөв зүйлд зарцуулагдаасай гэж америк татвар төлөгчид юу юунаас илүү хүсдэг нь эндээс харагдаж байгаа юм. Харин тэд өөрсдийнх нь хөрөнгө гэр хорооллынхны эсгий туургыг нь зузаалж, байшин пинг гаднаас нь нэмж шавардахад зориулж дуусгасан, тэгээд тэр нь утаа багасгаж, Улаанбаатар цэвэр агаартай болсон гэсэн үлгэрт итгэх болов уу. Дэлхийд хамгийн их агаарын бохирдолтой улс орон, хот хаа байгааг АНУ-ын НАСА буюу Сансар судлалын төвийнхөн тогтмол хянаж байдаг билээ. 2008 оны Бээжингийн олимпийн өмнөхөн уг төвийн сансрын хяналтаар үнэхээр хятадууд агаарын бохирдлоо багасгасан эсэхийг нь шалгаж байсан удаатай.

Уг нь энэ төсөл хэрэгжиж, эрчим хүчний хэмнэлттэй технологийн хэрэглээ нэвтрүүлсэнээр агаарын бохирдол багасч, 2029 он гэхэд Улаанбаатар хотын 485 мянган иргэнд ашиг тус нь ирнэ гэсэн судалгааг гаргасан юм билээ. Гэвч манайхан нөгөө л утаагаар далимдуулж хөлждөг аргаа үүн дээр гаргаж, бүр эсгий туурга, шавар элс гээд байх юм бол америкийн татвар төлөгчид зүгээр ч орхихгүй л байх даа. АНУ-ын татвар төлөгчид бид биш, манай татвар төлөгчдийг бодвол өгснөө нэхэж, хянаж шалгаж чаддаг хүмүүс билээ.

Э.ЭНЭРЭЛ

Онцлох нийтлэлүүд