ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.02.26 11:02

Мажоритар уу, пропорциональ уу, эсвэл холимог уу?

Монголчууд ирж буй цагаан барс жилдээ баян болохыг, бар улс болохыг бие биедээ ерөөн бэлгэ­дээд удаагүй байна. Гэх­дээ төр нь бодлоготой, түшмэд нь ёстой журам­тай байж ард олны энэ хүсэл биелэгдэх жамтай. Бодлогоо гаргадаг төр, жудагтай түшмэдтэй бо­ло­хын тулд бидэнд хам­гийн түрүүнд юу хэрэгтэй вэ. Шударга хүмүүсийг төрд гаргаж чадах шудар­га сонгуулийг явуулдаг болох хэрэгтэй, тэр сон­гуулийг явуулах даацтай хууль бидэнд шаард­ла­гатай. Харин тэр хуулийг энэ цагийн улстөрчид хэлэлцэн батлуулахаар ид ярьж байгаа билээ. Ирэх хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жаг­саалтад багтсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд чухам ямар өөрчлөлтийг оруулна гэмээнэ тэр нь Монголын төрд шууд тус­га­лаа олох нь тодорхой.

Одоогийн байдлаар тус хуулийн төслийг бо­ловсруулах ажлын хэс­гийнхэн хуралдаж ярил­цахаас гадна намын бүл­гүүд нэлээд нухацтай ярил­цаж байгаа сэдэв бол сонгуулийн тухай хууль юм. Сонгууль явуул­даг үндсэн гурван зарчим байдгийг манайхан ерөн­хийдөө мэднэ. Мажори­тар буюу дийлэнх олон­хийн, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тэгээд дээрх хоёр хувилбарын холимог гээд гурван тог­тол­цоо бий. Монголчууд 1992 онд Ар­дын их хур­лын сонгуу­лийг мажори­тараар хий­чихээд Улсын Бага хур­лаа пропоциона­лиар хийсэн байдаг. Харин нэг танхим болж УИХ-ыг бай­гуулсан ца­гаа­саа мажо­ритар тог­тол­цоогоор явсаар ирс­нийг хэлүүлэх юун. Сон­гуулиас сон­гуу­льд үүнийг болохгүй байна гэж ярь­саар бас сольсон юмгүй өнгөрсөн 2008 оны сон­гуулийг томс­госон мажо­ри­тараар хийсэн нь бас л багагүй бэрхшээл авчир­сан юм. Ер нь төгс төгөл­дөр сонгуулийн систем гэж үгүй. Өөр өөрийн сайн болоод сул талтай. Харин дэлхий нийтийн чиг хандлага ямар байна, сонгуулийн тогтол­цоо­нуудын ялгаа, эдгээр нь манай хөрсөн дээр хэр­хэн бууж болох тухай тайлбарлах гэж оролдъё.

МАЖОРИТАР

ТОМСГОСОН МАЖОРИТАР

Одоогоор УИХ-ын сүү­­­лийн буюу өнгөрсөн 2008 оны сонгуулийг зо­хион байгуулсан томс­госон мажоритар тогтол­цоог хамгийн муу хувил­бар гэдэг дээр олон хүн санал нийлж байгаа. Тий­мээс ч намын бүлгүүдийн дийлэнх гишүүд "Томс­госон мажоритар л биш шүү" хэмээж байгаа аж. Өөрөөр хэлбэл тэд сон­гуу­лийн цөөхөн хоногийн сурталчилгааны хуга­цаанд дэд бүтэц хөг­жөө­гүй хөдөө орон нутгаар хөндлөн гулд явж, хөрөн­гө мөнгө тоймгүй ихээр цацсан сүүлийн сонгуу­лиас үнэнээсээ хаширчээ. Бас хамгийн гол нь нам дотроо нэг нэгийгээ "ал­даг" бохир сонгууль өрнөх магадлал хамгийн ихтэй нь томсгосон мажоритар юм. "Моод Монголоор дуусдаг" гэдэг шиг дэл­хийн ихэнх орны тат­галз­сан тогтолцоогоор бид өнгөрсөн сонгуулиа явуулсан. Гэхдээ Авст­рали зэрэг оронд ийм сонгуулийн тогтолцоо байсаар байгааг хэлэх хэрэгтэй л дээ. Харин манайх шиг нутаг дэвсгэр том, хүн ам цөөн оронд тохирох хувилбар уу гэдгийг бодох л хэрэгтэй байв.

Цаашид энэ тогтол­цоогоор явна гэвэл сон­гуулийн кампанит ажлын цаг хугацааг өөрчлөхөөс өөр аргагүй. Сонгууль албан ёсоор зарласны дараа нэр дэвшигчид өөрсдийгөө танилцуулж, сонгогчид түүнийг танина гэж хэчнээн хүсэвч сон­гогчид нь тархай бутар­хай оршин суудаг ма­найд тун бүтэл муутай билээ. 2008 оны сон­гуу­лиар нэр дэвшинэ гэдэг­тээ итгэгсэд уг цаг хуга­цааны бо­ломж­гүй байд­лыг мэдэж бай­сан боло­хоороо сонгууль зарла­хаас хэдэн сарын өмнөөс сумдаараа урьдчилан нэгэнтээ той­роод авсан удаатай. Бас энэ сонгуу­лийн тогтол­цооны нэг муухай нь хүн гэдэг амьт­ны муу чанарыг дэндүү тод мэдрүүлдэг гэмтэй. Зэрэгцэж суугаад намын­хаа бодлогыг нэг дуугаар ярина гээд гар­сан улсууд хашаа той­роод л намын­хаа нөхдийг "хийж" өгнө дөө.  "Би үхэхээр чи үх" гэж байгаа учраас яах ч билээ гэж зөвтгөмөөр ч юм шиг. Нэг тогоонд хоол идэж ирсэн улсууд нөгөөгийн­хөө алдаа, сул талыг дайс­­ны намын хэн­бугайгаас ч илүү мэдэх учраас хавир­гаа хэмлэгс­дийг үздэггүй монгол ахуйд бол ёстой тохи­рохгүй тогтолцоо гэж болох юм. Тэгээд ч өнгөр­сөн сонгуулиар нэгдэж явж чадсан нөхөд өндөр амжилт үзүүлсэн билээ. Тухайлбал, Өвөрхангайд нэр дэвшсэн З.Энхболд, Г.Батхүү, Д.Зоригт, Р.Ба­дам­дамдин нар цугтаа явж чадсан тул гурав нь, Увсад Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ц.Ням­дорж нар, Сонгино­хайр­ха­ны дөрвөн бэрхийн хоёр нь болох Н.Алтан­хуяг, Д.Кёкүшюүзан Бат­баяр нар сонгогдсон гээд жи­шээг дурдаж болно.

Тэ­гээд ч дэлхийн чиг ханд­лага тэр чигтээ мажо­ри­тараас пропорциональ руу шилжиж байгаа бө­гөөд томсгосон мажори­тарыг хамгийн муу хувил­бар гэх юм билээ. Гэхдээ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах одоо­гийн гишүүдийн ихэнх нь үүнээс татгалзаж байгаа нь сайн хэрэг. Үүнийг дэлхийд гарын таван ху­руунд багтах орон хэрэг­лэдэг гэж байгаа. Ихэнх нь орон нутгийн сон­гуульд хэрэглэдэг. Ма­найд үүнийг бодлого, дэс дараалал­гүй явдаг хэм маягаараа сонго­чих­сон гэдэг билээ. Сонгуу­лийн тухай хуу­лийг бат­лахдаа сонгуу­лийн тог­толцоогоо тог­тоогүй байж дагалдах заалтуудаа түрүүлээд баталчихсан. Гэтэл эр­гээд пропор­цио­наль бол­но гэхэд нөгөөх нь зөрөөд байжээ. Тэ­гэхэд нь Ж.Наран­цац­ралт гишүүн "Хэрэв одоо­гийн тойргоо жижиг гээд байгаа юм бол томсго­соноор нь явъя" гэсэн санал гаргаснаар нэг иймэр­хүү тогтолцоо­гоор сонгуулиа хийх бол­сон юм.

НЭГ МАНДАТТАЙ МАЖОРИТАР

Мажоритар тогтол­цоо­гоор явж ирсэн он жилүүдэд монголчууд өнөө­гийн шүүмжилж яриад байгаа муу зур­шилдаа дасал болсон. Нэг л гишүүдээс юм нэх­дэг улсууд болж хувир­сан. Хүүхдийн сургалтын төлбөр, мотоцикль авах мөнгө ч гэж байх шиг. Хоолны гурил, чанах ууц, шатсан амбаарынх нь оронд гэр, урсгасан гэрийнх нь оронд майхан гээд л осолдохгүй оронд нь эхнэртэй нь орохгүй юм даа. Сонгогчдыг бо­ловсруулах тухай яриаг ийм тогтолцоотой байж яриад ч хэрэггүй. Хал­дашгүй дархан эрхтэй болохын тулд зарлагад­сан их мөнгө төгрөгөө, бас дөрвөн жилийн турш гувшуулах зардлаа олж авахын тулд гишүүд хууль баталж, төр түшилцэхээс өөр зүйлд толгойгоо за­ра­хаас ч аргагүй болно. Толгойгоо хэрхэн сийрэг­хэн гашилгадаг болсны тод жишээ нь тэрбум төг­рө­гийн хэрэг. Анхандаа 500 мянган төгрөгөөр сумын клубт хөгжим авч өгөхөөс эхэлж байсан арга нь жилээс жилд нэ­мэгдсээр сүүлдээ төсвийн тухай хуульд тэрбум төг­рөгийг тараан шингээж дөрөв дэх засагла­лынх­ны амыг таглах болтлоо хөгжлөө. Үнэндээ сон­гогч­дын мөнгийг нэг гараараа аваад нөгөө гараараа буцаан өгдөг энэ хэв маяг руу оруу­лахад гайхал мажоритар тогтолцоо нөлөөлсөн нь ойлгомжтой. Энэ тогтол­цоогоороо үлдэхийг хэн хүсч, хэн хүсэхгүй байгаа вэ. Уламжлалт сонгуу­лийн хэлбэрт дасан зохицож ирсэн, тойрогтоо тулж ажиллаж, тордож, хөрөнгө мөнгөө гаргаж ирсэн гишүүд хуучин хэл­бэрээрээ явахыг хүсч бай­гаа. Тэдний хувьд голдуу хөрөнгө мөнгө ихтэй биз­несийнхэн, бас намдаа нэр нөлөөгөөрөө дээ­гүүрт орж чадахгүй залуу гишүүд голдуу байгаа юм. Томсгосон биш, жижиг мажоритараар явбал хэ­дийг зарцуулаад дахиад дөрвөн жил суух вэ гэдгээ хэдийнээ тооцоолчихсон нөхөд байхыг ч үгүйс­гэхгүй. Гэхдээ энэ тог­толцоонд сайн тал бас бий. Учир нь тойрогтой байна гэдэг нь тулж ажил­лаж, сонгогч олны амьд­ралыг мэдэж мэдрэх, хууль тогтоомжиндоо тусгаж нэг талаас гүүр болдог сайн талтай.

ПРОПОРЦИОНАЛЬ

Сонгуулийн тухай хуу­линд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн ерөн­хийдөө энэ тогтолцоогоор явна гэж санал нэгд­сэн хэмээн тус ажлын хэсгийн гишүүдийн нэг болох Су.Бат­болд ярилц­лага­даа дурдсан байсан. Дэлхийн чиг хандлага ма­жо­ритараас пропор­цио­наль руу явж байгаа гэдэг юм билээ. Гэхдээ шууд пропорциональ болох уу үгүй юу гэдэг бас л бодох асуудал. Пропорциональ болбол УИХ-ын гишүүд маань тойргийнхоо хү­мүү­сийн "шаналгаа"-наас салах хэдий ч төр түших ажлынхаа хэм­жүүрийг тойрогтоо хэдэн төгрөг татдагаар хэмждэг зарим гишүүдийн ойл­голтоор бол бүр өөрс­дийгөө зоргоор тавьчих аюултай юм. Гэхдээ энэ тогтолцоогоор ард түмэн элчээ томилоод хэвшвэл түшээд маань ч хууль боловсруулах үндсэн үүр­гээ гүйцэтгэх ажлаас холдуулж чаддаг болно. Тэгэхгүй бол түшээд Зас­гийн газрын өмнөөс л ажиллаж, өвсийг нь хадаж, ноосыг нь самнаж өгөх гээд гүйгээд байна. Харин цаана нь бод­ло­гын түвшинд хэрэгжиж буй ажил гэж алга.

Пропорциональ тог­толцоо бол аль намаар төр бариулахаа сонгог­чид шийдэж, тэр хувь хэм­жээгээр төлөөлөл нь пар­ламентад суудаг ар­гач­лалтай. Ерөнхийдөө аль нэг намын төлөөлөл хэт олноор парламентад суух боломжгүй тогтол­цоо. Өмнө нь Сэлэнгэд нэр дэвшсэн  Э.Бат-Үүл, С.Насанжаргал нарын саналын зөрүү долоо, Баянзүрх дүүрэгт нэр дэвш­сэн Т.Ганди, Х.Ху­лан нарын саналын зөрүү дөрөв байсан. Гэлээ гээд хэдхэн сана­лын зөрүүгээр ялсан нам парламентад суудал авч, харин ялах "хоншооргүй" нэр дэвшигчдэд дугуйл­сан иргэдийн санал эл­сэнд асгасан ус мэт болдог байсан. Харин пропорционалийн хувьд цөөхөн гэлтгүй саналыг нь хувилаад гаргаад ир­дэг учраас сонгогчийн нэг санал ч ганцдахгүйгээр төлөөллөө парламентад суулгах боломжтой бол­но. АНУ-ын Үндэсний ардчиллын хүрээлэнгээс өнгөрсөн УИХ-ын сон­гууль пропорционалиар явсан бол хэрхэх байсан талаар судалгаа хийжээ. Үүнийг намуудын авсан саналын тоогоор хувилж гаргахад ИЗН дөрвөн суудал, Иргэний эвсэл дөрөв, АН 30, МАХН 33 бас бие даагчид 4-5 суу­далтай байх байсан гэж байгаа. Харин мажорита­раар МАХН 46, АН 27, ИЗН нэг, ИХ эвслийн Ногоон нам нэг, бие даагч нэг байгаа шүү дээ.

Энэ тогтолцоо нэг намд дангаар эрх мэд­лийг өгдөггүй. "Та нар цөөнх болоход хүрэхгүй. Манай бүлэгт орвол ор" гээд дээрэлхдэг байдал байхгүй болно. Дангаар засаг байгуулах биш эвсэх магадлал нь өндөр болдог. Бас шальдир бульдар жижиг намууд азаар нэг гишүүнтэй бол­чихоод Засагт ороод улс төр хийгээд байдаг нь ч алга болдог. Хуу­линдаа босго хувь тог­тоогоод өгчихдөг нь энэ сөрөг талыг алга хийдэг ажээ. Гэхдээ дэлхийн улс орнуудад уг хувийг өөр өөрийнхөөрөө тавьдаг. Дэлхийн дундаж нь 2.5 хувь юм билээ. Хэрэв та­най нам сонгогчдынхоо 2.5 хувийн саналыг авч чадаагүй бол дуу хоо­лойгоо өргөх эрх бий болоогүй байна гэсэн үг гэж ойлгож болох нь. Зарим оронд энэ босго нь таван хувь байх бол заримд нь нэгээс хоёр хувьтай нь ч байна. Гэхдээ ганц хувь 600 гишүүнтэй нүсэр бүтэцтэй орнуудад л байдаг жишээтэй. Ма­найх энэ босгоо хэд гэж тогтоохоос олон зүйл шалт­гаална. Энэ босго нь жижиг намуудын бүрэл­дэн тогтох, төлөвшихөд их чухал юм билээ.

Хэдийгээр УИХ-д бай­гаа зарим гишүүн про­пор­циональ тогтолцоо л хэрэгтэй, үүгээр явна гэж байгаа ч тэнд сууж байгаа хүмүүсийн эрх ашгийн зөрчил, жалга довны сонирхол дээр тоглох хүсэл нь шууд про­пор­циональ болгочихгүй л харагдаад байгаа юм.

Нөгөө талаас пропор­ционалиар явбал улс тө­рийн намуудаас гаргасан жагсаалтад хамгийн өн­дөр оноотой бичигдсэн улстөрчид намынхаа авсан суудлын тоогоор улаан шугамд багтах бо­ломжтой болно. Ингэхээр улс төрийн намын дарга нарт асар их эрх мэдэл ирнэ, дагаад тойрон хүрээ­лэгчдийн наль шаль зан ихэсч таарна. Ма­найх шиг на­мууд нь бүрэн төлөв­шөө­гүй оронд шууд пропор­ционалиар явж чадна гэхэд бас л асуу­далтай. Намын даргыг тойрон эргэлдэгч, нэрээ жаг­саалтад дээгүүр тавиу­лахыг хүсэгч нарын хор ч гүйнэ шүү дээ.

Гэхдээ төрд насаараа зүтгэсэн тулхтай, турш­лагатай улстөрч хэн нэгэн мөнгөөр бороо оруу­лаг­чид гутамшигтайгаар ялагд­даг тэр байдлыг халахад энэ тогтолцоо яах аргагүй чухал.

2004 оны сонгуульд Хөвсгөл аймагт нэр дэвш­сэн Ө.Энхтүвшин биш Б.Эр­дэ­нэбат, Л.Гүн­да­лай, О.Энхсайхан, М.Энх­сайхан нар сонгогдож байлаа. М.Энхсайханыг танигдсан улстөрч гэхэд нөгөө гурав нь Ө.Энх­түвшинтэй харьцуулахад улстөрчийн карьерийн дэргэд хэн ч биш байв. Гэвч өнгөрсөн дөрвөн жилд нь Ө.Энх­түвшин Зас­гийн газрын хэрэг эрхлэх газрын дар­гаар ажиллаж байсан боло­хоор тойргийнхон­тойгоо нөгөө хэд шигээ тулж ажиллаагүй байсан биз. Ямар ч байсан тухайн үед учир мэдэх хүн "Манай энэ тогтолцоо ийм л гажиг байгаа юм. Хөвс­гөл­чүү­дэд хийсэн аж­лаа­раа бол Ө.Энхтүвшин ха­маа­гүй илүү юм хийсэн байгаа ш дээ. Төрийн төлөө хийсэн нь их ч гурил будаа барьж гүй­гээгүй болохоор уна­чих­лаа" гэж байсан би­лээ. Мажоритар, пропор­цио­налийн ялгаа нь үүн­дээ. Мөн өнгөрсөн 2004-2008 оны бүрэн эр­хийн хугацаанд АН-ын ганц эмэгтэй гишүүн Б.Мөнх­туяа бүлгийнхээ дэд дарга, Аюулгүй бай­дал, гадаад бодлогын байн­гын хорооны даргын ал­быг хүртэл хашиж, эр­чүүдийн хуйвалдаад аваад хаячихсан эмэг­тэйчүүдийн 30 квотын төлөө гүрийтлээ зүтгэж байсан. Харин төмөр замынхаа тэр тойрогт бага ажилласан байж болох юм. Гэтэл түүнийг юу ч хийгээгүй, тойрог сольсон гэсэн сөрөг сур­талчилгаа явуулсаар бай­­гаад унагачихсан билээ. Тиймээс төрийн сайн түшээ гэсэн ойл­голтыг тойргийн сайн үйлч­­лэгч гэдгээс ялгаж өгдгөөрөө энэ тогтол­цоо­ны сайн тал нь.

Гэхдээ намын жаг­саал­­тад чухам ямар шал­гуураар бичихээ сонгуу­лийн тухай хуулиндаа маш нарийн суулгаад өгчихвөл дагалдах сөрөг тал нь багасна.

ХОЛИМОГ ХУВИЛБАР

Энэ бол ерөөсөө дээрх хоёрыг аль алийг нь нийлүүлсэн холимог хуурга. Дэлхийн жишигт мажоритараас шууд пропорциональ болох биш зам зууртаа холимог тогтолцоог авч хэрэглэдэг юм билээ. Ерөнхийдөө улс төрийн намууд нь төлөвшөөгүй, бас жалга довны үзэл ихтэй манайх шиг улсад ерөнхийдөө тохирсон тогтолцоо гэж болохоор. Энэ хувил­ба­рыг ярихдаа одоогийн гишүүд дараагийн дөр­вөн жилдээ өөрсдөдөө зөөлөн суудал бэлтгэхээр 152 суудал энэ тэр гэж байгаа нь утгагүй. Үнэн­дээ 152 тэрбум нийлэ­хээр хэдэн сая ч болох юм, хэлж ч мэдэхгүй тоо гарах гээд байна. Харин 76 гишүү­нээ 38-ыг нь пропор­циаоналиар, 38-ыг нь мажо­ри­тараар сон­гож болно. Нөгөө бол 26:50 гэсэн харьцаатай ч байж болно. Үнэхээр тойргоо тордоод гүйгээд байдаг нь хууч­наараа, төрийн төлөө нэгэн на­саар чинхүү сэт­гэлээр зүтгэж ирснүүд нь на­мынхаа жагсаалтаар гараад ирэх боломжтой болно. Ингэснээр хэний ч эрх ашгийг хөндөхгүй, бас ч боломжийн баг бүрдэх боломжийг өгнө. Герман бол холимог тогтол­цоо­ны загва­раа­раа алдар­тай. Германы сонгуулийн тогтолцоог холимог тог­толцооны сонгодог заг­вар ч гэх нь бий. Өнгөрсөн есдүгээр сард болсон сонгуулиар Христосын ардчилсан холбоо, Чө­лөөт ардчил­сан намууд эвсч Засгийн газраа байгуулсан. Тэд­ний аль нь ч дийлэнх олонхи бол­сон санал авч чадаагүй ч арай олон санал авснаа­раа нэгдэж чадсан нь энэ. Харин тэднээс цөөн санал авсан намууд нь нийлж цөөн­хийн үүргээ гүйцэтгэх бол­сон. Өмнө нь эвсч Засгийн газарт багтан Ангела Мер­келийг Германы анх­ны эмэгтэй канцлераар томилж байсан Социал демократ нам өнгөрсөн сонгуулиар мултарч, цөөн­хийн үүрэг гүй­цэт­гэхээр шилж­сэн билээ.  Холимогийн сөрөг тал нь гэвэл нэг хэсэг нь ман­датаар гарсан нөгөө хэд нь рейтингээрээ гар­сан учраас мажори­та­раар сонгогдсон хэд нь "Би чамайг бодвол ард түмний мандаттай хүн шүү" гэж томордог гэж байгаа. Бас тойроггүй хэд нь өмнөхтэй харьцуу­лахад хүлээх үүрэггүй болчихоод хийсээд байх сөрөг тал ч бий. Гэхдээ чанар чансаатай хуулиар хийдүүлэх явдлыг хааж болно шүү дээ. Сон­гуу­лийн тогтолцоонууд нэг иймэрхүү ялгаатай ажээ. Монгол хөрсөнд буухаа­раа бас л өөрийн сайн, муу талаа дагуулсаар л ирэх билээ.

 

Э.ЭНЭРЭЛ

Онцлох нийтлэлүүд