ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.03.02 11:03

Ерөнхий сайд яагаад хилэгнэв?

Ерөнхий сайд С.Бат­болд ойрын үед тун бу­хим­дуу, уур уцаар ихтэй явах болжээ. Засаг тол­гойлоод 100 хоногийн нүүрээ үзээд буй Ерөн­хий сайдын уурыг чухам юу барах болсон юм бол оо. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд хэд хэдэн уулзалтуудыг хол­богдох байгуулла­гынхан­тай хийсэн бөгөөд Зас­гийн газрын ээлжит ху­рал­даанаас гадна ээл­жит бус хурлуудыг ч зар­лан хуралдуулсан билээ. Уцаар ихтэй байсан Засгийн газрын тэргүүн доод албан тушаалтнуу­даа хяргачих шахаад байжээ. Ерөнхий сайд С.Батболд яагаад ийм ууртай байх болов, түүнийг хэн ингэж хилэгнүүлэв?

Түүнийг төрийн албаа хувьдаа ашиглах болом­жийг хэзээ ч алдаж бай­гаагүй албан тушаалт­нууд нь уур­луул­сан ажээ. Монголд төрийн алба ямар байгаа, амин хувийн хонжооны төлөө өчүүхэн боломжийг хурган дарга нар хэрхэн ашигладаг нь дараахь үйл явдлаас харагдах биз ээ. Хэв­лэ­лийнхнээс хаалттай бол­сон Ерөнхий сайдын өн­гөрсөн долоо хоногт хий­сэн уулзалтуудыг нэхэн сурвалжилснаа хүргэж байна.

Ерөнхий сайд долоо хоногийн өмнө Стан­дартчи­лал хэмжил зүйн үндэсний төвийнхнийг өргөн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзжээ. Уг уулзалтад Мэргэжлийн хяналтынхан, гаалийн­хан ч байсан аж. Гэхдээ гол шүүмжлэл стандарт тогтоогч нарт ирсэн байна. Стандартчилал хэм­жил зүйн Үндэсний төвд салбар, салбар тус бү­рээрээ 50 орчим хороо байдаг. Тэдгээр хорооны дарга нар, удирд­лагууд­тайгаа Ерөнхий сайдад ба­раалхсан байна. Хүнс, барилга, зам гээд салбар бүртээ Монголын стан­дарт ийм л байх ёстой гэж жишиг тогтоож өгдөг газ­рынхан өөрсдөө эмгэ­нэл­тэй байдлын жишгийг тог­тоож байна хэмээн Ерөн­хий сайд бухимд­жээ. Аж ахуйн нэгжүүдэд стан­дарт тогтоож, түү­нийгээ шалгаж явах ёс­той нөхөд маань шалгах бус  ийм байх ёстой гэж гаргасан стандартаа зар­чихдаг гэнэ. Бүр тийм сүлжээ бий бол­жээ. Ерөнхий сайд С.Бат­болд ийм сүлжээ байдгийг мэд­сэнээ хэлээд "Барил­га нураад байдаг. Улаан­баатарт өчнөөн мөнгө төгрөгөөр зам тавь­чихаад байдаг. Жил ч болоогүй хагараад бай­даг нь ямар учир байна. Энэ чинь та нарын гаргасан стандар­таар явж байгаа биз дээ. Яагаад та нар ийм юм хийж байгаа юм. Үүнд хариулаадах" гэж зам хариуцсан хорооныхныг шахамдуулж, нөгөө хэд нь хар цагаан дуугүй сууж байжээ. Стан­дартчилал хэмжил зүйн төвийн зарим хүмүүс тухайлсан төсөв, тен­дерт зориулж стандарт гаргадаг гэнэ. Тэдний гаргасан стан­дартад нь дүйцэж тендер авах газар олдохгүй, ол­дохгүй байхаас ч өөр аргагүй. Зөвхөн тодорхой эзэнд нь зориулаад гар­га­чих­сан юм чинь. Ерөн­хий сайд ч "Та нар улс ор­ныхоо төлөө ажиллаж байгаа юм уу. Хувьдаа ажиллаж байгаа юм уу. Тө­сөл, тен­дерт зориулж стандарт гаргадгаа больж, стан­дартаар хий­дэг бизнесээ  зогсоохыг үүрэг болгож байна.

Ер нь эртнээс сайн, муугаа ярьчихъя. Ийм бусармаг байд­лаа зог­соохгүй бол аль намын ч бай, хэний ч хүн бай, улсад хэдэн жил ажил­ласан байх чинь ч хамаагүй шүү. Төрийн ажлаа хийж чадахгүй хувь­­даа ажиллаад бай­вал улсын ажлыг өгөөд хувийнхаа ажлыг хийгээд яваарай" гэжээ.

Ерөнхий сайдын бас нэг уулзалт нь улсын бо­лоод хувийн их, дээд сур­гуу­лиудын удирдлагууд, нийслэлийн удирдлагууд газрын албаныхан оролц­сон уулзалт юм. С.Батболд Ерөн­хий сайд болон­гуу­таа боловс­ролын сал­барын­ханд хандан анх­ны үгээ хэлсэн бөгөөд энэ сал­барт томоохон ши­нэч­лэ­лийг хийнэ гэсэн. Гэвч төлөвлөснөө хийх гээд эхэлсэн чинь өнөөх Мон­голын бүтэхгүй болохгүй бүхэн төрийн сүлжээгээр хэрхэн газар авсан нь ил болж эхлэв. Улсын их, дээд сургуу­лиудыг нэгтгэх, хотоос гаргах томоохон төлөв­лөгөө бий. Хотын ойрол­цоо хотхон бай­гуул­на гэхээр дэд бүтцээс эхлээд асуудал гарч байгаа уч­раас ХААИС-иас бусдыг нь хотын зах руу шилжүүлэх хувилбар нь дэмжигдэж байгаа юм. Шинэ Засгийн газрын тэр­гүүний төлөвлөгөөгөөр ШУТИС-иас гадна "Мо­биком", "Скайтел" гээд томоохон үүрэн теле­фоны компаниудыг тэнд үйлдвэрлэл эрхлүүлж, оюутнуудын дадлага­жил­тын бааз суурь болгох ёстой байжээ. Энэ ажлаа ярьж байгаад Ерөнхий сайд Баянголын аманд ШУТИС-д өгсөн томоо­хон газар байгаа. Тэнд энэ бүгдийгээ нэг дор байгуулж, мэдээллийн үндэсний том төвтэй бол­но. Энэ салбар хөгжиж байж улс орон хөгжинө. Улсын төсвөөр тийшээ дулаан, ус гээд дэд бүт­цийн бүхий л асуудлууд нь шийдэгдэх талаар ярьсан гэнэ. Гэвч тэнд суугсад дор бүртээ дуугүй хавчигнаад эхэлжээ. С.Батболд "Та нар яагаад дуугүй суугаад байна. Ер нь хууль бус юм хий­чихээ­рээ ингээд дуугүй суугаад байдаг биз дээ" гэхэд хотынхноос нэг нь "Яагаад дуугүй байгаад байгаа юм. Газар нь бай­гаа юм уу" гээд мэдэн будилан матаад авчээ. ШУТИС-ийн захирал Б.Дам­динсүрэн ч "Тал нь байгаа" гэсэн аж. Нэлээд хэдэн жилийн өмнө Баян­голын ам буюу Найрам­дал зуслан байдаг тэр сайхан газарт ШУТИС-д ихээхэн хэмжээний газар өгчээ. Гэвч тус сургуулийн удирдлагуудын хэлж бай­гаагаар багш нар нь орон сууцны асуудал ярьж эхэл­сэн учраас тэдэнд газраас нь өгч,  хувийн сууцнуудыг сүн­дэр­лүүл­сэн юм байх. Гэвч бодло­гын хэмжээний асуудал босч, улс өгсөн газартаа үндэсний төв барих гэтэл газар байхгүй болжээ. Хилэгнэсэн Ерөн­хий сайд "Олгосон шигээ аваарай" гэсэн даалгавар өгсөн байна. Бас тэрбээр "Оюутнуудыг хотоос зайдуу гаргаж байгаа нь зугаа цэнгээний газраас холдуулж, хичээл ном­доо шамдах боломжийг нь нэг талаас гаргах гэж байгаа. Гэтэл үүнтэй зэ­рэг­цээд шинээр үйлчил­гээний газар байгуулах эрх хөөцөлдөөд гүйгээд байгаа хүмүүсийг мэдэж байна шүү. Энэ санаагаа татвал таарна шүү" гэсэн байна.

МУИС-ийг Нисэх рүү шилжүүлэх тухай яриг­даж байгаа билээ. Тус сургуульд тэр хавьд газар өгсөн байдаг юм байна. Гэхдээ Монголын үндэс­ний хэмжээний том сур­гуулиа байрлуулах гэхэд тэрхүү газар нь багадаад байгаа аж. Тиймээс газ­рын албаныхан байгаа дээр уг газрыг нь том­руулах асуудлыг шийдэх гэжээ. Энэ удаад газрын албаныхан дуугүй суу­жээ. Учир нь аль хэдийнэ тэр ха­вийн газар нь "эздэд"-ээ очсон гэнэ. Хэзээ хэзээнийхээ илүү уурссан Засгийн газрын тэргүүнд одоо­гийн хотын удирдлагууд өмнөх хүмүүсээ тэр хавийн газрыг ийш тийш нь болгосон талаар хэл­сэн бололтой юм. Гэвч Ерөнхий сайд МУИС-ийг тэнд байгуулах хувилбар дээрээ хатуу бодолтой бай­гаа аж. Хо­тын удирдлагууд болоод газрын албаныханд "Хүмүүс байна даа. Та нар газар авсан хүмүүс­тэйгээ яриад нэг ойлгол­цоодох. Буян болно гээд сургууль номын газарт энэ газрыг өгчих гээд гуй. Бас хотын өөр бүст газар олгох тухай ч яриад үзэх хэрэгтэй. Хуулийн дагуу яриад, асуудлыг шийдээд Засгийн газрын хурал­даанд оруулж ир. Ямар аргаар газар авсныг нь судал. Хууль бусаар авс­ныг нь цуцал. Ер нь төрийн ажилд хувийн ажил шиг ханддаг энэ байдлаа та нар болих хэрэгтэй" гэсэн хатуу сануулга өгчээ.

Бас ураны ордын лицензийг дур мэдэн олгосон хэмээн Цөмийн Энергийн газрын дарга. Энхбат  болон АМГ-ын зарим хүмүүсийг буруут­гажээ. Цөмийн энергийн тухай хуулийг буруу хэрэг­жүүлсэн хэмээн Энхбатыг буруутгасан бөгөөд улсын төсвөөр хайгуул хийгд­сэн газ­руу­дыг хувийн ком­паниудад тэр дундаа гад­ныханд өгснийг буруутгав. Тэгээд дэлхийн аль ч оронд цацраг идэвхт бо­дис болох ураны олбор­лол­тод анхаардаг байхад манайд асуудалд ингэж хандаж байгаа нь байж болшгүй хэрэг хэ­мээсэн сурагтай. Тэгээд 2009 оноос хойш олгогд­сон лицензүүдийг бүг­дийг цуц­лахыг үүрэгдсэн байна. Арга хэмжээ авах асууд­лыг ч хөндөв. Мар­дайд лиценз авсан нөхөд тө­мөр зам хуулж эвдэлс­нийг Ерөн­хий сайд дур­даад "Яа­хаа­раа Монго­лын хө­рөн­гөөр боссон Мон­голын төмөр замыг тэд сүйтгэж байгаа юм" хэмээн ши­рүүл­жээ. Ерөнхий сай­дын уурлаж, хилэгнэсэн учир шалт­гааныг сурвал­жилбал ийм байна.

Э.ЭНЭРЭЛ

Онцлох нийтлэлүүд