ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.03.02 01:03

Д.Хосбаяр: Дитер Болентой хамтран ажиллах болсон маань монгол хөөмийний маань буян

Хөөмийн урлаг Монголоор хаяглагдаж чадахгүйд хүрч, багагүй шуугиан дагуулаад буй энэ үед барууны орнуудад Монголын хөөмийг танилцуулж яваа нэгэн уран бүтээлчтэй ярилцлаа. Д.Хосбаяр гэдэг энэ залуу сүүлийн арав гаруй жилийн турш Европын үзэгчдэд ардын язгуур урлагаа толилуулж яваа нэгэн билээ. Бас түүнийг "Германы авьяаслаг залуус" нэвтрүүлэгт оролцсон гэдгээр нь манайхан сайн мэдэх болсон. Түүнтэй онлайнаар хийсэн ярилцлагаа хүргэж байна.

-Манайд нэг хэсэг­тээ л хөө­мийг хятадууд өөрсдийнхөө нэ­рээр бүртгүүлсэн талаар хэл ам таталсан шуугиан үүслээ. Сон­соход та үүнийг анх олж мэдээд гаргаж тавьсан "хэр­гийн эзэн" бололтой. Та энэ талаар анх хэзээ мэдсэн юм бэ?

-Би л ганцаараа үүнийг анх олоод мэд­чихсэн юм биш л дээ. Хөөмийчид, хөөмийд сэтгэл зүрхээ зориулж байдаг бүх хүн л тэр мэ­дээллийг дор нь олж ав­сан. Интернэтийн ачаар ЮНЕСКО-д хятадуудыг бүртгүүлээд нэг ч хо­ноогүй байхад Европод амьдардаг монголчууд болон энэ урлагийг дэмждэг, шүтдэг герман хүмүүс интернэтийн сайтуудаар эсэр­гүүцлээ илэрхийлээд эхэлсэн шүү дээ. "China, khoomii not yours don\'t register in UNESCO" гээд ин­тер­нэтээр олон хүн санал бодлоо илэрхийлж, га­рын үсгээ хүртэл цуглуул­сан арга хэмжээ болсон.

-Та хөөмийн урлагт зүтгэж яваа хүний хувьд яг ямар алхмыг хийв дээ?

-Тэр янз бүрийн эрх мэдэлтэн, тамга тэм­дэг­тэй хүмүүс шиг шууд нө­лөөлөх юм би хийж чадах­гүй л дээ. Гэхдээ энэ урлагийг өөрийнхөө хэмжээнд олон түмэнд таниулж яваа хүний хувьд "Германы авь­яаслаг за­луус" тэмцээнд орсныгоо цагаа олсон азтай явдал болжээ гэж бодож байгаа. Миний бодлоор Хятадын талаас хичнээн бичиг илгээж, энэ тэрийг хөөцөлдөж яваа ч гэсэн "Монголоос ирсэн Хосоо эртний Монголын урлаг хөөмийгөө сонордуулна. Ер бусын ховор гайхал­тай дуу хоолойг та сонсох болно" гэж дэлхийн олон нийтийн нэгээхэн хэсгийн нь өмнө зар­луулаад дуул­сан явдал маань энэ урлаг Монголынх юм шүү гэдгийг ямар нэг хэм­жээ­гээр ойлгуулж чадсан байх аа. Цаашдаа ч би хөөмийч хүний хувьд олон улсын тавцанд ямар л сурталчлах боломж бай­на тэр бүгдийг ашиг­лан, энэ урлаг Монголынх гэдгийг, монгол хүн ингэж дуулж чаддаг гэдгийг харуулсаар байх болно.

-Хятадууд хоолойн цоор гэд­гээр бүртгүүлсэн харин бид хөөмий гэдгээрээ бүртгүүлэх боломжтой гэсэн гэнэ. Үнэн үү?

-Хөөмий болон хөөмийтэй төс­тэй дуулах урлагуудын нэг хэлбэр бол Хятадын хоолойн цоор гээд байгаа зүйл нь юм болов уу даа. Гэхдээ би л лав өдийг болтол хятад хөөмий гэж сонсч байгаагүй. Хам­гийн сайн мэдэж байгаа нэг зүйл гэвэл манай хөөмийчид болон хөөмийн багш нар хоёр улсын соёлын солилцоо гэсэн нэрээр урд хөршид очиж хөөмий зааж эхэлс­нээс хойш энд тэндхийн тайзан дээр Өвөр Монголын хөөмийчид гэсэн хүмүүс мэр сэр харагдаж эхэлсэн юм. Хэрвээ тийм олон жилийн түүх судартай байсан юм бол урьд нь яагаад мэдэгддэггүй байсан юм бол доо.  Өч төчнөөн л хөөмийн уулзалт тоглолт болж байхад яагаад ирж оролцдоггүй байсан юм бэ. Хамгийн гол сонир­хол татаж байгаа зүйл нь болохоор ЮНЕСКО-гийн албан ёсны вэб хуудас дээр Хятадын хоолойн цоор гэдэг нэрээр биш Монголын хөө­мийн дуулах урлаг (Mongolian throat singing art) гэдгээрээ бичигд­сэн байгаа. Хятадын талаас ЮНЕСКО-д танилцуулсан хөөмийн тухай видео дээр манай нэр бүхий хүмүүс гарч л байгаа шүү дээ. Одоо тэр хүмүүс нь өөрс­дөө юу хийснээ мэдэж байгаа байлгүй. Хоолойн цоор гэсэн нэ­рээрээ байх юм бол ядахдаа арай өөрөөр орчуулагдах байлгүй дээ.  Хариуцаж ажилладаг хүмүүсийн нь ярьж байгаагаар бол энэ жи­лийн­хэд бүртгүүлэх гээд ажиллаж байна, урьд өгсөн ма­териал нь хоцрогдож очсон гэсэн шалт­гаа­наар ороогүй юм гэсэн. Энэ ба­рууны улсуудад хэвлэл мэдээлэл болон вэб хуудсуудаар нь монгол хөөмийг хятадууд өөрийн нэр дээр бүртгүүлж авлаа гээд шуугиж бай­на шүү дээ. Саяхан энэ асуудлаар БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Па­рист ирж ЮНЕСКО-гийн нэр бүхий хүмүүстэй уулзсан гэсэн. Энэ оны сүүлээр Африкийн Кенид болох зөвлөлдөх уул­зал­таар шийдэгдэнэ гэсэн хариу өгсөн байна лээ. Тэд­ний албан ёсны вэб дээр хя­та­дуудын бүртгүүлсэн нэр бүхий зүйлс дотор монгол хөөмий гээд байж байгаа талаар сайд маань тайлбар хүсч асуусан л байх гэж найдаж байна. Сайдын те­левизээр хэлж байхыг харахад тоймтой зүйл ярихгүй л байна лээ. Бодвол цаад хүмүүсээсээ асууж лавласан биз ээ. Ер нь албан ёсоор тоймтой хариуг хэн ч хэлэх­гүй байгаа нь хачирхал төрүүлээд л байгаа юм.

-Та Германд амьдраад удаж байна уу. Ямар учир шалт­гаан­тай анх тийшээ явав даа. Өөрийн­хөө тухай дэлгэрэнгүй танил­цуулна уу?

-Би хөөмийн урлагийн өлгий нутаг Ховд аймгийн Чандмань сумын унаган хүүхэд. Энэ сайхан уул ус, говь хангай тэгширсэн ёстой л бурхны орон гэмээр газар төрж усыг нь ууж, ёсыг нь дээдэлж өссөн. Хөөмийний хувьд манай удамд хөөмийлдөггүй хүн байхгүй. Бүгд л хөөмийлнө. Зах зээл эхэлснээс хойш зарим нь амьдралын эрхээр ондоо, ондоо ажил төрөл эрхлэн амьдарч байна. Тэгэхдээ одоо ч гэсэн хөөмийлбөл хөөмийлчихнө шүү гэх тийм л хүмүүс. Анх Хөгжим бүжиг төгссөн хэдэн найзуудтайгаа санаа нийлэн хамтлаг байгуулж Монголдоо тоглож байгаад ба­руунд гарсан. Тэр үед хөлтэй болгон л ийш тийшээгээ явж бизнес эрхэлж байсан даа. Бидний чадах юм гэвэл бурхнаас хайрласан энэ жаахан авьяасаараа хоолоо олж идэх л байлаа. Мэдээж, дэмжиж тусалсан хүмүүс олон байгаа. Тэгээд л тэнд учир зүйгээ олж янз бүрийн тоглолт фестивальд орол­цож явсаар бас ч өөрсдийн хү­рээтэй болсон. Тэр үед манайд урлагийг ямар хэмжээнд хүлээж авдаг байсан  билээ, цалин мөнгө нь ч хэд байсан билээ. Тиймээс эндээ үлдэж энэ содон урлагаа Европын ард түмэнд хүргэж, танил­цуулъя гэж шийдсэн юм. Цаг ху­гацаа их хурдан өнгөрчээ. 14 жил болж. Бас ч энэ хугацаанд чамгүй их юм хийж. Одоо эргээд бодоход хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байгаа шүү. Бие даасан болон бусад уран бүтээлчидтэй хамтран нийт 14 CD,  хоёр ч DVD гаргасан байна. Энэ бүхнээрээ Европын ард түмэнд монголчууд чухам ямар урлаг соёлтой ард түмэн юм бэ гэдгийг таниулахад бага ч болов хувь нэмрээ оруулсан гэж боддог доо.

-Одоо ямар хамтлагтай, яг юу хийж байгаа вэ?

-Би "Khosoo&Transmongolia" гэдэг уран бүтээлийн хамтлагт ажилладаг. Манайх надаас гадна морин хуурч Т.Амартөр, Б.Зоригт­баатар, их хуурч Б.Мягмарбүрэнхүү хамтлагийн менежер Г.Алтансувд гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй. Бид хамтраад монгол урлаг тэр дундаа морин хуур, хөөмийгөө хүмүүст хүргээд явж байна даа.

-Та Германд их олон жил ар­дын язгуур урлагаа сурталчилж яваа. Германчуудын хувьд олон үндэстний язгуур урлагт хүн­дэтгэлтэй ханддаг хүмүүс үү эсвэл Монголынх үнэхээр өөр байдагт юм бол уу?

-Герман гэлтгүй европчууд дээд зэргийн хөгжмийн мэдрэмжтэй хүмүүс. Энд бидний урлагийг со­нир­хох олон учир шалтгаан байна аа. Манай хөөмий, морин хуур, монгол аялгуу чинь тэр чигээрээ л байгалийн дуу хоолой. Өөр улс орны язгуур урлагийг хүндэтгэн үзэж сонирхоно гэдэг бол түр зуурынх, харин үргэлж сонсох гэж CD худалдан авч тоглолтыг нь тогтмол ирж үзнэ гэдэг бол тэр дуу хөгжмийг таалж байна гэсэн үг. Яагаад гэвэл, том хот суурин газар амьдардаг хүмүүс чинь өдөр тутам ав­то­машины дуу чимээ, үйлдвэрийн нүргээн, хүмүүсийн шуугианаас өөр юм сонсч чадахаа байчихсан байдаг. Тэд салхи яаж шунгинадаг, гол горхины дуу чимээ, уулын цуурай, шувуудын жиргээг, эсвэл нам гүмийг ер мэдэхгүй. Харин манай монгол дуу хөгжим аялгуу энэ бүгдийг агуулсан байдаг. Мон­голчууд бид харин өөрсдөө тэрийг шууд мэдэрдэггүй. Яагаад гэвэл бид тэр сайхан байгалийн дуу чимээ аялгууны дунд нь төрж өсч, амь­дарч байгаа учир тэр дуу хөг би­дэнд мэдээжийн нэг байдаг л зүйл. Харин европчуудын хувьд ийм хөгжим сонсоод ямар нэгэн алдсан юмаа олсон юм шиг, урьд нь огт сонсч байгаагүй мөртлөө их дотно сэтгэгдэл төрлөө гэж хэлдэг.     

-Хөөмийг гадныхан үнэхээр үнэлдэг гэж үү. Хөгжилтэй, ир­гэншилтэй хүмүүсийн хувьд дуу хоолойгоо өөрөөр дуугаргадаг нь нэг талын эртний хүмүүсийг санагдуулдаг юм биш үү. Зэрлэг хүмүүсийн урлаг гэх нь бий шүү дээ?

-Хөгжилтэй гэхээрээ л байшин барилга сүндэрлэсэн, гудамж тал­байгаа зассан, айл болгонд төгөл­дөр хуур байдаг, бие биентэйгээ эелдэг харьцана гэдэг ойлголт энэ зуунд хоцрогдсон зүйл. Юм болгон үндэс суурьтай, учир шалтгаантай байдаг. Шинэ юм болгоныг соёл гээд дагаад гүйгээд байвал нэг л өдөр гишгэх газаргүй болчихсон байх аюултай. Улс үндэстний эрт­ний урлаг соёл гэдэг бол их нандин өв. Зэрлэг хүмүүсийн урлаг гэж үздэг хүмүүс цөөнх нь. Харин энэ урлагийг техникийн хувьд хүний хоолойгоор дуугарч байж яг хөгжим шиг, бас хоолойгоор дуулж байгаа болохоор өөрийн гэсэн хоолойны өнгөтэй, хүнийг уярааж чаддаг гэж үнэлдэг хүмүүс маш их. Тиймээс ч би энэ олон жил Европын ор­нуудад уран бүтээлээ сонирхуулж явахдаа байнгын олон үзэгчтэй байж, тоглолт маань хүмүүсээр тасрахгүй байгаа биз ээ. Харин Монголд хөөмийгөө тэр болгон сонсдог хүн ховор юм шиг санагд­даг шүү.    

-Манай урлагийнхан Европын орнуудаар тоглолт их хийж бай­сан. Сүүлийн үед сонстохоо байжээ. Тэр чигийн зах зээл хаагдсан хэрэг үү, эсвэл бүр хөлөө олоод нам гүм болчихов уу?

-Эхний жилүүдээ бодвол манай хөгжмийг сонирхдог хүмүүсийн хүрээ улам л нэмэгдэж байгаа шүү дээ. Зах зээл хаагдана гэдэг үг зөвхөн шинэ үүссэн түр зуурын юман дээр л байдаг байх. Манай язгуур урлаг бол нэг мода дагаж гарч ирээд алга болдог урлагтай адилгүй. Энэ урлагаа бид устгахгүй мартахгүй авч яваад л байвал хэзээд мөнхөд байх урлаг. Үн­дэстэй юм мөхдөггүй юм. Харин дуураймал хуулбар юм бол мөнх биш.  

-Одоо ярилцлагаа таны оролц­­сон "Германы залуу авь­яастан" тэмцээн рүү хандуулъя. Дитер Болены зохион байгуул­даг авьяаст­нуудын тэмцээнд ямар учраас оролцох болсон юм бэ?

-Энэ тэмцээн өнөө жил гурав дахь жилдээ болж байна. Анх энэ тэмцээнд орох санааг миний хамт­ран ажилладаг "SONY MUSIC" компаниас санал болгосон. Их удаан бодсон доо. Олон ч хү­мүүстэй зөвлөлдсөн. Тавигдах шаардлага нь ч өндөр байсан. Бас уран бүтээлч хоёр л минутын дотор багтаан хөтөлбөрөө үзүүлэх ёстой байдаг. Яаж ч бодсон энэ  бага хугацаанд хөөмийг хүмүүст хүргэж ойлгуулна гэдэг хэцүү шүү дээ.  Тэгээд хугацаа нь ч их дөхсөн байсан. Би гэр бүлийнхээ хүнтэй ярьж байгаад тэртэй тэргүй бид өөрсдийн гэсэн үзэгчидтэй. Тэм­цээнд оролцоно гэдэг нь монгол хөөмийгөө олон сая хүнд нэг дор үзүүлж сонирхуулах ховор боломж. Ийм боломж дахин олдоо ч уу, үгүй юу.  Ямар ч байсан оролцъё гээд урьд төлөвлөсөн байсан бүх тог­лолтуудаа цуцлаад оролцсон доо.  

-Тэр тэмцээн одоо манай нэг телевизээр орчуулагдаад ид явж байна л даа. Бичлэг ха­рахад таныг хөөмийлж байхад танхим нам гүм болж, дуусахад хүмүүс алга ташиж байгаа ха­рагд­сан. Хэддүгээр үе болтол нь явсан бэ?

-Өнгөрсөн жилийн тавдугаар сараас эхлээд өнгөрсөн ар­ван­хоёрдугаар сард дууссан. Нийтдээ долоон үе шаттай явагдсан л даа. Өнгөрсөн жилийн тэр тэмцээний онцлог нь нийт 26 улсын 37 гаруй мянган хүн оролцсон явдал гэгдэж байгаа. Ер нь янз бүрийн хүмүүс байгаа шүү дээ. 2008 онд 18 мянган хүн оролцсон байдаг юм. Би зургаа дахь үе буюу хагас финалд үлдэж оролцсон. Миний оролцсон сүү­лийн хагас финалын тоглолтыг гэхэд Европ даяар 13 сая хүн шууд үзэж сонирхсон судалгаа байна лээ. Монголынхоо язгуур урлаг болон хөөмийгөө тайлбарлаж ярьсан зарим хэсгүүдээс минь монтажлаад телевизороор гар­гаагүй байсан. Магадгүй түүнээс болж миний яаж дуулаад байгааг тэр бүр хүмүүс ойлгоогүй байх л даа.  Би анхнаасаа оролцох эсэх шийдвэрээ гаргаж ядан суухдаа телевизээр шууд дамжуулах хагас финалд үлдэх зорилго тавьсан. Хэрэв тэгж чадвал олон сая хүн миний Монголын хөөмийг таньж мэдэж чадна гэж бодсон. Хагас финальд үлдэх зорилгодоо хүрч чадсандаа баяртай байгаа. Олон сая хүн надаар дамжуулан энэ урлагийг мэддэг болсон гэж бо­дохоор их сайхан санагдаж байгаа шүү.

-"Modern talking" хамтлагийн аялгууг хөөмийлөхөд энэ хамт­лагийн хоёрын нэг, уг тэмцээнийг зохион байгуулагч Дитер Болен сэтгэл догдлон хүлээн авч байх шиг байсан. Та тэр аялгууг зо­риуд бэлдсэн байсан уу?

-Уг тэмцээнийг зохион байгуул­сан "Grundy licht" гэдэг дуу хөгж­мийн компанид Дитер Болен өөрөө хандан энэ сонин хоолойгоор миний өөрийн дуунууд хэрхэн эгшиглэхийг сонсмоор байна гэж хүссэн юм билээ. Яг үнэнийг хэ­лэхэд би тэгж бэлтгэлгүй дуулах дургүй байсан.  Цаг огт байгаагүй, тайзан дээр гарахаас хоёрхон цагийн өмнө шийдсэн болохоор ямар ч бэлтгэлгүй байсан даа.  Тайзны ард шүүгч нар бидэнтэй хамт юм янзлаад сууж байхад нь хүртэл би Дитерт хэлсэн. "Би хөө­мийгөөрөө монгол дуугаа дуул­маар байна" гэж. Гэвч тийм боломж олдоогүй. Тэмцээн дууссан хойно Дитер Болен миний өрөөнд орж ирээд надад баяр хүргээд "Би их сонирхож байна. Бидний хамтын ажил үүгээр дуусахгүй чамтай хамтарч уран бүтээл хийнэ" гэсэн. Тэр хэлсэн үг нь надад үгээр хэ­лэхийн аргагүй сайхан санагдсан. Дэлхийн хэмжээнд хүлээн зөв­шөөрөгдсөн том хүнтэй хамтарч ажиллана гэдэг ховор боломж.  Дитер Болен чинь Германы шоу бизнест хамгийн нөлөөтэй хүн шүү дээ. Тэр хүний амнаас гарч байгаа үг болгон олны анхааралд байдаг. Шүүлтийн үеэр ч миний талаар их сайхан сэтгэгдэл хэлсэн. Ер нь бол шударга гар шиг санагдсан шүү. Нэгэн цаг үед дэлхийд гялалзаж явсан энэ хүнтэй хамтарч ажил­лана гэдэг бол монгол хөөмийний маань буян. Одоо бид ярьсан ёсоороо хамтрах төлөвлөгөөгөө гаргасан. Ажил маань үргэлжилж байгаа. Монголчууд маань удахгүй бид хамтарч эхлээд ямар уран бүтээл гаргасныг маань сонсох байх аа. 

-Германы энэ тэмцээний шаг­нал хэд вэ. Та үүнд оролцох гэж хураамж төлдөг үү, бас хэд хэдэн үе шалгарсан гээд урам­шуулал өгдөг үү?

-Энэ тэмцээний хамгийн гол шагнал нь дуу хөгжмийн том, том компаниудтай хамтарч ажиллах гэрээ байдаг. Нэг том компаниас гэрээ авбал түүн шиг том шагнал гэж юу байх билээ. Тэд нар жижиг юм хийхгүй л дээ. Бэлэн мөнгөний хувьд түрүүлсэн уран бүтээлч зуун мянган евро буюу манайхаар хоёр зуун сая төгрөгийн шагнал хүртэнэ. Би урилгаар орсон болохоор ямар нэгэн илүү төлбөр төлөөгүй. Мэ­дээж тэнд өрсөлдөж байгаа бүх хүмүүс зардал энэ тэрээс ав­ахуу­лаад бүхий л зүйлээ өөрсдөө хариуцдаг. Тэгээд түрүүлсэн нь л шагналтай бусад нь байхгүй гэсэн үг. Тэдэн үе явлаа энэ тэр гэж шагнал өгдөггүй. Харин спон­сорлож байгаа байгууллагуудын шагнал гэж олгодог юм билээ. Би Дитер Болентэй хамтарч ажиллах гэрээ авсан. Энэ бол миний тэр уралдаанд оролцсон хөлс хүч маань юм. 

-Ер нь энэ тэмцээнд орсноор та Монголыг, хөөмийг хэр сур­талчилж чадсан бол?

-Монголын урлагаа сур­талч­лахаас гадна бас Монгол Улсаа давхар сурталчилсан гэж бодож байна. Тэр нэвтрүүлгийг үзсэн олон сая хүн дотор үнэнийг хэлэхэд Монгол гэж ямар улс байдгийг ч мэддэггүй хүмүүс байгаа шүү дээ. Тэдэнд Монголын тухай ойлголт өгнө гэдэг бас л том сурталчилгаа. 13 сая хүн шууд үзсэн гэж би дээр хэлсэн дээ. Гэхдээ энэ тэмцээний сүүлийн хоёр шатыг нь шүүгч шийддэггүй. Телевизээр шууд дамжуулсны дараа үзэгчдээс са­нал авах маягаар шалгаруулдаг. Манайхан орчуулагдан гарч бай­гаа олон шоунаас энэ тухай ойл­голттой болсон байх аа. Тэр тэм­цээний дараагаас миний электрон шуудан болон гар утсаар асар олон хүн холбогдсон. Одоо ч гэсэн амраахгүй байгаа гээч. Хөөмийгөө ямар учиртай юм бэ, яаж дуулдаг юм энэ тэр гээд тайлбарласан хэсгийг нь гаргаагүйд үнэндээ жаахан сэтгэл дундуур л байгаа.

-Яагаад хассан юм бол. Дав­хар санаа зорилго байсан юм болов уу, нэвтрүүлгийн цагтаа баригдсан юм болов уу?

-Би ямар учраас хассан юм бэ гэсэн асуултыг зохион байгуулагч нарт тавьсан л даа. Гэвч надад одоо хүртэл хариу өгөөгүй. Тэмцээнд оролцоход хэний ямар дуу, зохиог­чийн эрх нь ямар юм, гарал үүсэл нь юу юм гэсэн хуудас бөглүүлж авдаг л даа. Ер нь энэ тоглолт болгон дээр зохиогчийн эрхийн хуудсыг бөглүүлж авдаг ёстой юм. Тэр үед ганц хоёр хүн намайг монгол хөөмий гэсэнд  хята­дуу­дынх гэж бүртгэгдсэн байсан даа гэж хэлж байсан. Мэдээж, би тайл­барлаж гаралгүй яахав. Тэгээгүй бол Монголын хөөмийч Хятадын язгуур урлагаас тоглоно гэж зарлах байсан байлгүй. Цөөн хэдэн хүн интернэтээс Хятадын бүртгэлтэй гэж харчихаад тэгж байснаас бус ерөнхийдөө гол зохион бай­гуулаг­чид нь хөөмий бол хаанаас гарал­тайг мэдэлгүй яахав дээ. Би хувьдаа Хятадынх гээд бүртгэгдчихсэн гэсэн ойлголт нь ямар нэг байдлаар миний Монгол урлаг, хөөмий энэ тэр гэсэн яриаг минь хасч танахад хүргэсэн байх вий гэж бодоод л байгаа юм.

-Хуудас бөглүүлэх үед өөр бэрхшээл гараагүй биз?

-Үгүй ээ. Цөөн хэдэн хүн л тэгж ойлгосон байсныг эс тооцвол бу­сад нь инээдтэй юм л гэцгээж байсан. Гэхдээ зохион байгуулагч нарт Дэлхийн Обертон дуучдын холбоо гэдэг байгууллагаас хөө­мий Монголоос гаралтай урлаг болох талаар албан бичиг явуул­сан. Би энэ холбооны удирдах зөвлөлд багтдаг юм. Хөөмийг хя­тадууд өөрсдийн нэр дээр бүрт­гүүлсэн явдлыг эсэргүүцэж тайлбар шаардсан бичлэгийг би энэ хол­бооныхоо нэр дээрээс ЮНЕСКО-гийн Герман дахь салбарт нь хүр­гүүлсэн байгаа л даа.

-Обертон дуучид гэхээр ямар дуучид болдог юм бэ?

-Дээд болон давхар өнгөний дуучдын холбоо л доо. Нийт 7000 гаруй гишүүдтэй сайн дурын бай­гуул­лага юм. Дэлхий дахинд буй ийм урлагийн хүмүүсийг нэгтгэсэн байгууллага. Хамтарсан концерт, аялал гээд олон зүйл дээр хамтран ажилладаг. Манай байгууллагын вэб сайтан дээр хөөмийлдөг бүх л хүмүүсийн мэдээлэл болон хаа хаана тоглолт нь болох бүхий л мэдээллүүд нь байгаа.

Онцлох нийтлэлүүд