ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.03.05 10:03

Бүрэн суманд унасан “Их тэнгэрийн дүлий” юу өгүүлнэм?

Саявтар Төв аймгийн Бүрэн суманд сансраас төмөр биет унаж бөөн дуулиан шуугиан болов доо. Түүнийг манай хэв­лэл мэдээллийнхэн буюу "Өнөөдөр" сониныхон АНУ-ын Дельта-2 зөөгч пуужингийн хоёр дахь угсрааны шингэн түлш­ний сав хэмээн таамаг­ласан нь үнэн болж байна. Тэд бүхэл бүтэн улсын  тусгай байгуулла­гуудаас ч илүү хурдан шуурхай, овсгоотой  ажил­­ласан нь бахарх­маар. Монголын тагнуул, онц­гой байдлын газар, цэр­гийн­хэн үүнийг суд­лахад бүтэн сарын хуга­цаа хүрэлцэхүү үгүй болов уу хэмээн санаа нь зовцгоож духаа атируу­лан гүн бодолд автац­гаасан. Харин шинжлэх ухааны, сөрөг тагнуулын,  бүүр гүйцэтгэх ажилла­гааны нөр их бөгөөд хүнд хүчир ажиллагаанд нь  зориулж төсөв мөнгө хуваарилж өгөх хэрэгтэй хэмээн сүйд майд болц­гоохоо тэд мартаагүй билээ. Ийнхүү  манай "хүнд гарууд" машид нууцыг хадгалсан ноцтой царай гарган  телевизийн дурангийн өмнө  эгнэн сууцгааж байсан нь саяхан даа. Гэтэл сэтгүүлч  бүсгүйчүүд  турьхан ху­руугаараа компьютерийн   товч хэдхэн товшоод  л  хаанахын юун төмрийн хог болохыг  хоёрхон цагийн дотор интернэ­тээс тогтоочихдог байгаа.  Манай төрийнхөн тэгж мунгинаж байгаа юм чинь  Бүрэн сумын Засаг дарга нөгөө хаягдлыг  нь хад­ганд боогоод өрөөндөө тахиж байсан гэдэг бол бүх нийтээрээ ингэж мунхарсан, мухар сүсэгт автсан үед байх л хэрэг болчихоод байна. Зо­хиолч С.Буяннэмэхийн "Их тэнгэрийн дүлий" хэмээх өгүүллэгийг та бүхэн санаж байгаа. Өнгөрсөн зууны хориод оны сүүлээр уг үйл явдал болдог. Зохиолын баа­тар зам дээрээс талх олчихоод юу гэдгийг нь мэдэлгүй хадганд боо­гоод тахил шүтээнээ бол­годог. Түүнийг  тэнгэрээс бурхны илгээсэн зүйл хэмээн сүсэглэдэг билээ. Тийм ч учраас "Их тэнгэрийн дүлий" хэмээн нэрлэж нутаг усаараа шүтэж байдаг тухай гардаг. Зохиолд цааш нь бичихдээ  тэр нутгаар явж байсан хот газрын хүмүүс талх гарган зүсэж, дайлах гэтэл нутгийн   хүмүүс бөөн юм болж мөргөж сүсэглэн айж эмээдэг. Зочид гайхан "энэ бол жирийн идэх юм" хэмээн тайлбарлаж үзүүлж та­ниулж байж үнэмшүүлсэн талаар гардаг. Уг зохио­лыг шог хошин зохиол хэмээн үзэж тэр үеийн хүмүүсийн гэнэн тэнэгийг гайхалдан шоолцгоодог цаг саяхан. Гэтэл бүтэн зууны дараа Бүрэн сумын  дээд боловс­рол­той Засаг дарга "Их тэнгэрийн дүлий" олдог байгаа. Тэрбээр намайг Засаг дарга байх үед шүтээн шүтлэгтэй догшин ууланд минь бурхадаас илгээмж явууллаа хэмээн бодож нөгөө төмрийн хогийг хадгаар ороон өрөөндөө залсан байна. Тэгээд хүнд хэлэлгүй нууж "Муусайн юмнууд надад зориулж бурхнаас өгсөн зүйлийг хуваалцаж буян хишгээс минь хэлтлэх гэлээ" хэмээн аминдаа л бухимдаж явжээ. Түүгээр нутагладаг малчид нь болохоор "Муусайн дарга нар хамгийн өнгөтэй өөдтэйг нь хамчихдаг. Бидэнд болохоор юу ч үлдээсэнгүй. Ямар ч байсан энэ үлдсэнээс нь авч хадгална аа хөө" гэл­цэн төмрийн хөрөөгөөр жижиглэн авч тахихыг оролдоцгоосон гэнэ. Даанч титаны хайлш бо­ло­хоор дийлдээгүй биз. Харин "Өнөөдөр" сони­ныхон тэдгээр ард түм­ний урмыг ихэд хугалж зэвүү­гий нь хүргэсэн  биз ээ. Яагаад  гэвэл уг зүйлийг  ямар ч бурхан илгээ­гээ­гүй,  зүгээр л төмрийн хог байсан гээд палхийтэл хэлчихээр чинь дэврүүн сэтгэлтэй романтик дар­гын болон малчдын  сэт­гэл гутрах нь хир байлгүй яахав. Тэгээд ч ямар ч бурхны панатуудад  иймэр­хүү зүйл хэлэхэд амиа хорлочихгүй л бол дээдийн заяа юм. Гэхдээ тэр Бүрэнгийн "их тэнгэ­рийн  дүлий" асуудлын гол биш.  Хамгийн гол нь   жижиг дөрвөн ханатай гэр шиг  том төмөр хоёр гур­ваараа нисэж ирээд унаж байхад хэн ч мэдээгүйдээ байна. Тэр төмрүүд дэл­хийн агаар мандалд орж ирснийг ОХУ-ын агаар сансрын алба мэдээд, хараад бүртгээд сууж бай­сан байх юм. Ма­най­хан харин тэднээс асуу­сан нь их юм. Түүнээс уул нь манай төрийн одоо байгаа байдлаа харахул Түвдийн ч юм уу Балбын лам нараар есөн зоос татуулмаар юм. Харин ч овоо доо. Уул нь бид чинь сансарт хүнээ нисгэсэн ард түмэн шүү дээ. Оросууд уг хаягдлыг хаана буух нь вэ хэмээн харуулдаж байтал хи­лээс нь гараад явчихсан бололтой. Бидний хөр­шүүд ийм л байна шүү дээ. Техникийн хөгжил нь ийм сайн юм л  гэж байна. Түүнээс бидэнд дуулга­сангүй, ямар муухай юм гээгүй байна. Тэд дуулгах ч алба үгүй. Монголчууд болохоор  энэ хүйтэн дайддаа л улам мунх­раад л мухар сүсэгт баригдаад л сууж байна. Дундад зууны харанхуй шашин л хөгжөөд, мухар сүсэг л гаараад  байхаас өөр хөгжиж гийсэн юм алга. Техник технологи, техникийн сэтгэлгээ  үнэн хоцрогдож ээ. Ийм байхаас ч өөр яах билээ дээ. Сүүлийн хэдэн жил  инженерийн чиглэлээр суралцаж төгсдөг  оюутан гэж бараг байхгүй  бол­сон. Харин гудамжинд хог шүүрдэж зогсоо  ТҮК-ийн ажилчин нь хүртэл хуульч эдийн засагч мэргэжил­тэй байгаа. Бид хэдийг энд овоогоо тахиж лусаа баярлуулсаар суух зуур  дэлхийн хөгжил мөн ч хол явжээ. Мэдээж энэ төмрийн хогийн эзэн улс болох АНУ бол  бүгдийг нь мэдэж байсан л байж таараа. За манай пуу­жингийн хог тойрог замаас гарлаа. Далайд унагачихъя байз гэж  үзээд чадалгүй  эх газар дээр унагах болоод явчаа биз. Тэгээд хүн цөөн­тэй­гээр нь хамгийн ойр элсэн цөл болох манай говь дээр унагах гээд залуур­даа л даа. Гэтэл тэнд ч хүрэлгүй унах болоод эсгий өмбүүлийг нь бяц дарчилгүйхэн эзгүй хээр унагаж аваад биднийг яах бол гээд хараад л сууж байсан байх. Хиймэл да­гуулаар тодруулж үзээд л нэг морьтой нөхөр хам­гийн түрүүнд ирлээ, эрхбиш халуун төмөрт духаа наачихгүй байлгүй гэлцэн шоолон хөхрөл­дөж, халуун кофегоо ооч­сон шиг суусан биз ээ. За яахав сансраас ирсэн төмрийн хог нийслэл хо­тоос минь хоёр зуугаад­хан км зайтай унаж, бид түүнийг нь бурхны ил­гээлт хэмээн итгэж шүтээ­нээ болгон мунхарч соёлт хүн төрөлхтний доог тохуу болоод л өн­гөр­лөө. Тэгвэл нэг согтуу нөхөр тив алгасдаг пуу­жин­гийн  хөөргөх кноп дарчихаад тэр нь мэдээж цөмийн цэнэгтэй байж таараад нийслэлийн маань дээ­рээс унаад ирэ­хэд бид мэдэж ч амжилгүй энэ хорвоогоос талийх нь байна шүү. Юун хамгаа­лах, агаарт нь устгах, ядахдаа мэдэж аваад хоргодох байр сав руу орох гэх зүйл бол ёстой үлгэр ажээ. Бидний хамгаа­лалт ийм л байна. Нөгөө манай арми, агаа­раас эсэргүүцэн хамгаа­лах салбар, радио лока­торын батарей гэх зэрэг зүйл бидэнд бий юу. Монго­лын тэнгэрт шувуу ниссэн ч хардаг гэж хөөр­цөглөдөг байсан биш билүү. Энэ бүхэн одоо хаачсан хэрэг вэ. Орчин үеийн дайн байлдаан дандаа агаараас л цохилт өгөн ялалт бай­гуулдаг болчихсоныг бид харж байдаг. Бид тэгвэл сохор дүлий хүн лүгээ сууж буйгаас ямар ялгаа байна. Тэнгэрээс унах зүйлд толгой дээрээ ба­рих юм  бидэнд  бөөгийн хэнгэргээс өөр  чухам юу байгааг манай армийн­хан  хэлж өгч сэт­гэл санааг минь амраамаар байна.

Онцлох нийтлэлүүд