ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.03.06 04:03

Г.Бямбасүрэн: Дүрмээ зөрчдөг Удирдах зөвлөлийнхөн өөрсдөө намаас гарах хэрэгтэй

-ШУДАРГА ШИЙДВЭР ГАРСАН БОЛ ЗУУРАЛДАХ ШААРДЛАГА НАДАД АЛГА-

Сонгинохайрхан дүүр­­гийн  Иргэдийн хур­лын даргаЗасаг даргын хэрүүл  удаан үргэлжилж улс төрж­сөн билээ. Удир­дах зөвлөл үүнийг өчиг­дөр хуралдан нэг тийш болгох шийдвэр гаргажмаргалдагч гол баат­руу­дыг албан тушаа­лаас нь огцруулахаар  шийдвэр­лэсэн. Мөн Сон­гино­хайр­хан дүүр­гийн МАХН-ын дэд дар­га Г.Бямба­сүрэнг на­маас хөөх шийд­вэрийг ч энэ өдрийн хурлаасаа гаргасан юм. Намаас хөөгдсөн Г.Бям­басү­рэнтэй утсаар хол­богдоход гэрээсээ гарч чадахгүй зодуулчихаад сууж байна гэлээ. Ингээд үйл явдал юу болсон хий­гээд намаас хөөгдөх шийд гарсан  өдөр  хэнд зо­дуулсан нь анхаарал татаж, түүн­­тэй уул­за­хыг хүс­­лээ. "Үнэ­нийг со­нир­хож байгаа бол гэрт ирээд уулз. Тол­гой тархи өвдөөд гэрээ­сээ гарч чадахгүй нь" гэс­нээр түүнтэй гэрт нь очиж ярилцсан юмХацар нь зулгарч, нүд нь хавдсан тэрээр  гэр­тээ хүлээж суулаа. Ин­гээд түүнтэй болсон явдлын талаар ярьс­наа хүргэе

-Удирдах зөвлөлийн хурлаас таныг намаас чинь хасахаар болжээ. Ямар үндэслэлээр ха­сагдсан гэж бодож байна?

-Дүрэмд байдаг на­маас  хасах тухай заалтад намаас нэр дэвшсэн хүн­тэй зэрэгцэж нэр дэвших, намын эсрэг суртал­чил­гаанд оролцсон бол  хас­санд тооцно гэсэн  байдаг юм. Би нэр дэвшигчтэй зэрэгцэж нэр дэвшээгүй.  Намын  эсрэг сурталчил­гаанд оролцсон юм байхгүй. Ийм учраас Удирдах зөвлө­лийн энэ шийдвэр нь ямар ч үндэслэлгүй юм. Мөн Удирдах зөвлөл на­маас хөөхийг мэддэг юм биш. Дүрмээрээ намын анхан шатны байгуул­лага шийддэг асуудал. Нам дотор болохгүй бай­гаа юмыг шударга үнэ­нээр хэлж шүүмжилж ярьс­ны төлөө дүрмээ зөр­чиж ингэж шийдвэр гаргаж байгаа бол  на­маас хасагдах хүн нь би биш, харин Удирдах зөв­лө­­­лийн нөхдүүд өөрсдөө дүрэм зөрчсөнөөрөө намаас гарах хэрэгтэй. Ер нь өнөөдөр намд болж байгаа хууль бус, шу­дарга бус, хэсэг бүлэг хүний эрх ашгийг хам­гаалсан ийм үйл явдал нь  Монголын ард түмний эрх ашиг, өдөр тутмын  амьдралд нөлөөлж бай­гаа нь олон баримтаар харагдаж байгаа шүү дээ. Ялангуяа нийслэлд дан­даа л манай намын нөхдүүд удирдах ажил хашаад  сууж байгаа. Гэтэл нийслэлчүүдийн ажил амьдрал ямар байгаа билээ. Энэ бол манай намын хэсэг бүлэг нөхдүүдийн хийж байгаа бодлого, үйл ажилла­гаатай шууд холбоотой. Явж, явж үнэн үг хэлсэн хүн  Хувьсгалт намд байх газаргүй л болсон  юм байна л даа. Манай намын дотоод зохион байгуулалт, нам дотор болж байгаа  бодит зүй­лийг үнэнээр нь ярьсан хүнд ингэж ханддаг юм байна. Ийм байдал газар авах шинжтэй.  Боловсон хүчний бодлого гэж манай намд алга.  Нэг  хүний эрх ашгийн төлөө ийм юм хийж байна ш дээ.

-Нэг хүн гэж хэнийг хэлээд байгаа юм?

-Нэг дүүргийн Засаг даргын суудлын асууд­лыг манай намын Удир­дах зөвлөл, Хяналтын зөвлөл хоёр хамтарч хурал­даад л хэлэлцэж, шүүмжилсэн  хүнийг  на­маас хасна гээд сууж бай­гаа нь үнэхээр намын дүрэмд ч, хуульд ч ний­цэхгүй. Намын удирд­ла­гын иймэрхүү үйл ажил­лагаанд дүгнэлт хийх цаг аль хэдийнэ болж гэдэг нь харагдаж байна.

-Дүрмээрээ намын анхан шатны хурлаар таны асуудлыг оруулах болов уу?

-Анхан шатны хурал болох байх. Би анхан шатны үүрийн хурлаар хэлэлцүүлнэ гэж бодож байна. Үүр намайг на­маас хасах  шийд гарга­вал  өөр хэрэг. Гэтэл үүрийн хийх ёстой дүр­мээр заагдсан үүргийг Удирдах зөвлөл шүүрч аваад намаас гишүүнээ хасаад сууж байгаа бол дэндүү болчимгүй хэрэг.

-Үйл явдлын гол баатар нь Ч.Сайхан­баяр, С.Баярт хоёр гэж ойлгож байна. Гэтэл тэр хоёрыг албан тушаалаа өг гэчихээд  таныг яахаараа намаас хөөх болчихдог байна. Тэр л хамгийн сонирхолтой санагдаад байгаа юм.

-Тэнд байгаа Иргэ­дийн хурлын дарга, Засаг даргын хэрүүлийг надтай хутгаж намайг энэ явдлыг зохион байгуулсан мэ­тээр  намаас хөөх нь үнэ­хээр ёс зүйгүй асуудал. Миний хувьд энэ байдлаа засч залруулаач гэж бүтэн жилийн өмнөөс л ярьсан. Тэрийг анхаарч арга хэмжээ авч ший­дэхгүй байсан мөртлөө шударга шүүмж хэлсний төлөө намайг хаслаа гэж харж байна. Манай Удирдах зөвлөл огцрох ч багадаж байна.

-Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэл­сүх энэ саналыг оруул­сан гэж сонссон. Өмнө нь намын байрны үүдэнд таныг ерөнхий нарийн бичгийн дарга чинь шанаадсан гэж баахан дуулиан болж шүүхдэлцээд авсан. Тэр гомдол, өширхөл нь иймэрхүү байдлаар илэрхийлэгдэж  байдаг юм болов уу?

-Ер нь тэгж л ойлгогдохоор  байна л даа. Хийж байгаа үйлдэл, хэлж байгаа юм нь өшөө авах гэсэн оролдлого шиг харагдаж байна.

Цаанаа үнэн үг хэлчихлээ, бидний болох­гүй  юмыг шүүмжил­чих­лээ, ил гаргалаа гэж өөрс­дийнхөө булхайг нуух гэ­сэн арга л юм шиг. Удах­гүй намын Бага хурал болох байх. Дараа нь Их хурал зарлана. Нам до­тор болж буй муу муухайг  засч залруулахын тө­лөө  гишүүд бас дуугардаг болоод байгаа. Намын энэ бузар булхайн та­лаар тэсвэр алдан ярьдаг хүн ч бас олон болжээ. Өм­нө нь нийслэлийн  намын хорооны хурал дээр нэг ч хүн үг хэлдэггүй, шүүмж­лэл хэлэхгүй л өнгөрдөг байсан. Сая хамгийн сүүлийн хурлаар долоо, найман хүн үг хэлсэн. Дандаа  болохгүй, бүтэх­гүй байгааг нь  шүүмжилж дуугарсан. Шүүмжлэлийг хүлээж авч,  дүгнэлт хий­хийн оронд харин үнэ­нийг хэлсэн хүнийг гооч­лоод суудаг  нь намын үйл ажиллагаа ямар ал­даа­тай ямар их завхарч бай­гааг л харуулсан хэрэг.

-Та бас намын ши­нэч­лэл ярьдаг жигүү­рийн гишүүн. Жигүүр намын удирдлагууд болон үйл ажиллагаанд шүүмжлэлттэй ханд­даг. Таныг шүүмжлэл хэлсний төлөө намаас хөөх болсон нь ч жи­гүүртээ нам нь хэрхэн ханддагийн бас нэг ил­рэл болов уу гэж хараг­даж байна. Ийм маягаар шүүмжлээд байвал намаас хөөчихнө гэсэн сануулга ч юм билүү гэсэн хар төрлөө. Та үүнийг юу гэж бодож байна?

-Манай нам болохгүй байгааг нь шүүмжилсэн хүнээ ингэж л дарамтал­даг байхгүй юу. Тэгээд бүр дүрэмд байхгүй зүй­лээр удирдлагууд нь сайн дураараа дарамталж бай­на.  Өнөөдөр хүний эрхийг, хуулийг яаж зөр­чиж хэрхэн гууль болгож байна.  Цөөхөн хэдэн хүний албан тушаалт­нууд л үүнийг   хийгээд байгаа.

-Өчигдрийн Удирдах зөвлөлийн хурлаас гар­сан шийдвэрээс хойш та намын гишүүн хэвээ­рээ байна уу, эсвэл үгүй юу?

-Дүрэмд тодорхой байгаа. Батлахаа өгөөгүй тохиолдолд намаас гар­санд тооцогдохгүй гэж.

-Нэгэнт  хөөгөөд байхад та намдаа байх гэж зууралдах хэрэг байна уу?

-Би учрыг нь олно. Шударга шийдвэр гарч байгаа бол зууралдах шаардлага байхгүй. Намд байх гавьяагүй, ал­даа гаргачихсан байвал үнэхээр надад энэ намд байх гээд зууралдах шаардлага алга. Гэхдээ шударга үнэн гэж байдаг бол тэр нь ялтал би энэ намын үйл ажиллагаанд оролцох болно.

-Анхан шатны хур­лаар намаас хасах шийд­вэр гаргасан ч МАХН-ын болж бүтэх­гүй байгаагийн төлөө тэмцсээр л байх нь гэж ойлгож болох уу?

-Бололгүй яахав. Тэр­тэй тэргүй намын гишүүн ч бай, биш ч бай нэгэнт л нийгэмд ажиллаж амь­дарч явахаас хойш шу­дар­га ёсны төлөө чада­хаасаа чадахгүйгээ хүр­тэл тэмцэнэ. Сая манай дүүргийн намын зарим нөхөд цуглаад ярьсан байна. Яахаараа Удир­дах зөвлөл анхан шатны байгууллагын өмнөөс ийм шийдвэр гаргадаг юм гээд ярьсан  байна лээ. Би  нөхөдтэйгээ зөвлөж байгаа нэг хэвлэлийн Бага хурал ч хийлгэдэг юм уу гэж бодоод байна.

-Намын гишүүн болоод хэдэн жил болж байна?

-1978 оны гишүүн. Олон жил намын ажил хийсэн. Үнэхээр  нэг ял­зар­сан, заваарсан юмтай зууралдаж чадахгүй тэвчиж чаддаггүй учраас шүүмжилдэг нь үнэн.

-Удирдах зөвлөлийн хурал болох үед таныг ингээд зодчихоо юуХурлаас хойш ийм юм болов уу. Ямар хүн таны нүүрний арьсыг зулгартал, нүдийг чинь хөхөртөл зодчихов оо. Үйл явдал ингэж таарсан нь бас хачин санагдаад байна?

-Өчигдөр би  ойрхон хөдөө  явчихаад гэрийн­хээ  гадаа  машинаасаа буугаад гэртээ  орох гэж байхад хоёр залуу  айл асуусан. Мэдэхгүй гээд эргэх гэтэл намайг цохиод унагаачихсан.

-Та өөрөө ийм юманд өртөөд байдаг  хүн үү. Байсхийгээд л зодуулж байх юм. Байн, байн ийм байдалд ороод байхаар чинь худ­лаа хэлээд байна уу гэж бодохоор. Та өмнө нь намынхаа ерөнхий нарийн бич­гийн дарга­даа шанаа­дуулсан гээд байсан. Гэтэл нөгөө хүн тэгээ­гүй гээд шүүхдээд, сүүл­дээ та хүн гүтгэсэн болж хувирсан санаг­дана?

-Үнэн үг хэлээд бай­вал энэ байтугай л юм болох юм шиг байна.  Одоо энэ гуравдугаар сарын арван нэгэнд том жагсаал цуглаан болох гэж байна. Өнөөдөр улс төрийн хамгийн  ууган нам дадлага туршлага­тай,  энэ намаас ард түмэн их юм хүсч хүлээж байхад манайхны удир­даж байгаа энэ нөхдийн хийж байгаа  үйлдэл нь олон түмний нүдэнд бу­зар булай нь ил тод ха­раг­­даж байгаа нь тодор­хой. Тэрийг нь гишүүний хувьд хэлэхгүй гээд яах юм. Ингэлээ гээд тэр ал­бан тушаалаараа айлган сүрдүүлж, нухчин дарж, өөрсдөө үүрд энэ албан тушаалын суудал дээрээ сууж байх гэсэн арчаагүй арга барилаараа хариу барьдаг  юм байна. Үүнийгээ засах чадвар алга.   

-Удирдах зөвлөлийн гишүүд тэгээд бүгд дүрмээ мэдэхгүй байна гэж баймгүй. Намын дүр­мээр Удирдах зөв­лөл  гишүүнээ хасдаг­гүй гээд хэлчих хүн байгаагүй гэж үү?

-Би Удирдах зөвлө­лийн хурал дээр юу яригд­саныг сонссон.  Д.Дэмбэ­рэл дарга гэхэд л "Энэ чинь анхан шатны бай­гууллага шийддэг. Бид хөөж болохгүй" гэсэн   байна лээ. Нэлээд хэдэн хүн шударга үнэн үг хэлсэн гэж сонссон. Тэ­гэхэд  нь "Ерөөсөө л ин­гэж шийднэ" гэж М.Энх­болд, У.Хүрэлсүх хоёр зүтгэсэн байна лээ. Л.Дондог гэж Хяналтын хорооны дарга нэртэй ямар ч чадвар байхгүй, дарга нарын дуугарс­наар утсан хүүхэлдэй болж, дамжуулах үүрэг гүйцэтгэдэг хүн байна. Их идэвхтэй дэмжсэн гэнэ лээ.

-Намаа шүүмжилж болохгүй гэсэн дүрэм  арай байдаг юм биш биз дээ. Уг нь шүүмжлэл өрнүүлж санал бодлоо хэлэх нь ардчиллын нэг хэлбэр гэж бодож байнаЦаашид шүүмж­лэл өрнүүлсэн үг хэл­сэн хүн энэ мэтээр на­маас хөөгдөнө гэсэн айдастай болчих биш үү?

-Яг тийм замаар л яваад байх шиг байна.

-Сонгинохайрхан дүүр­гийн ИТХ-ын на­рийн бичгийн дарга  Лхагвасүрэн  гэдэг хүн манай сонинд төлбөр­тэй ярилцлага хүнээр өгч явуулсан байсан. Гэтэл өчигдөр   ийм  М.Энх­болд даргыг шүүмжилж ярилцлага өгөөгүйМиний өмнөөс ярилцлага зохиогоод тавьсан. Шүүхэд өгнө гэсэн байна лээТэр хүн ч гэсэн Удирдах зөв­­лөлийн энэ шийд­вэрээс болоод арай өөрийнхөө ярьсныг үгүйсгээд эхэлсэн юм биш биз дээ. Эсвэл на­мын удирдлагууд чинь  дарамтлаад ийм бай­далд хүргэв үү. Ер нь Ө.Лхагвасүрэн гуай нам­даа шүүмжлэлттэй хан­даж үг хэлдэг бай­сан уу?

-Дарамтлуулсан л байхгүй юу. Шүүмжилбэл  намаас хөөдөг юм байна гэж тэр хүн бодсон байж болно. Эцсийн эцэст сонин буруутан болох нь байна шүү дээ. Ийм л аргаар манайхан ажиллаад байна. Хурал цуглаан дээр энэ нам болохгүй байна гэж шүүмжилж үг хэлж л байсан хүн. Янз янзын дарамт ирээд л арга буюу  ингэж байгаа  биз.

Бидний ярианд Г.Бям­ба­сүрэн гуайн эхнэр Б.Бадамханд  оролцов. МАХН-ын гишүүн тэрээр  " Би ч гэсэн шударга юмны төлөө үг хэлээд явж байгаа  миний ханьд нам  ингэж хандаж байгаад гайхаж байна. Нам гэдэг чинь У.Хүрэлсүх, М.Энх­болд, Л.Дондог биш. Тийм учраас шүүмжлэл хэлдэг хүмүүс  намтай тэмцэж байгаа хэрэг биш. Намыг удирдаж байгаа тэр хүмүүсийн арга барил нь болохгүй байна. Энэ хүмүүс намыг удирдаж чадахгүй байна. Хайран сайхан намыг энэ хүмүүс  үгүй хийх нь гэж шүүмж­лээд байгаа юм.   Манай намаас төрийн албанд дандаа болохгүй хүмүүс тавигдаад байна. Ганц нэгхэн өөрийн бүлгийн хүнээ хамгаалахын тулд хэдэн хүний амь амьдра­лаар тоглодог байж болох уу.  Ийм аймшигтай юм  манай намд явагдаад байна. Ард түмний сэтгэл зүй ч үүний эсрэг  бэлт­гэгдчихсэн байгаа. МАХН-ын удирдлагууд үнэнийг харахыг хүсэхгүй явж байгаад шалдаа унах цаг нь болчихсон. Жирийн гишүүдээ айлгаж, амыг нь бариад сурчихсан. Хурал цуглаан болохоор эхлээд  шүүмжилж байгаад сүүл­дээ магтаад дуусчихдаг. Би ч тэсэхгүй хэлдэг. Шүүмжлээд байгаа юм уу, магтаад байгаа юм уу гэж. Энэ хүн чинь  энэ намын төлөө үхэн хатан гучин хэдэн жил яваад юу хожив. Ажил амьдралаа­раа хохироод л дуусч байна. Болохгүйг нь за­сах гэж үг хэлээд, хэлс­нийхээ төлөө өнөөдөр ийм байдалд хүрлээ.   Нэг идэж уудаг даргаа соли­лоо гэж жүжиглээд  дараа нь дахиад л яг тийм хүн тавьчихдаг. Бүхэл бүтэн үеэр нь луйварчдыг бэлтгэж тавиад байгааг  юу гэхэв. Яг тэр урвагч, шарвагч хүнийг олоод  энэ олон гишүүдээсээ  сонгоод байдаг нь бүр хачин.   Ийм улсуудаас болоод энэ нам байхгүй болж ч магадгүй. Энэ намыг өдий болтол авч ирсэн тэр олон сайхан хүмүүс,  энэ олон дэмжигч, гишүүдийн хөдөлмөр энэ янзаараа байхгүй болно шүү дээ.  Сонгууль боло­хоор манай намын нөгөө хэдэн иддэг уудаг луй­варчдыг магтаад,  мэдээ­лэл байхгүй ард түмэн тэр цаад муу муухайг нь мэдэхгүй сонгочихоод байна. Тэр О.Магнай,  Ж.Батзандан нарын  яриад байгаа нь зөв шүү дээ. Тэд нар тэсч чадахгүй жагсах гэж байна. Хөдөө гадаагүй манай намыг эсэргүүцэж байгаа нь болохгүй болоод л тэр" хэмээн нөхрийг нь гэнэт намаас хасах шийдвэр удирдлагууд нь гаргасан хийгээд намынхаа нэр хүнд одоогийн дарга нараас нь болоод болж өгөхгүй байгаад эмзэглэж явдгаа намын жирийн гишүүний хувьд хэлсэн юм. Мөн нөхрийг нь ингэж  зодсоныг  ч зүгээр нэг тохиолдол биш на­мынх нь арга барилын илэр­хий­лэл гэж үзсэнээ нуусангүй.  

Онцлох нийтлэлүүд