ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.09.13 04:09

Хүүхнүүд улс төрд хүч түрэхээр бэлдэж байна

Саяхан ардчилсан эмэгтэйчүүд даргаа сонгох гэж бөөн юм болов. Эмэгтэйчүүд гэхээсээ илүүтэй эр­чүүд хор найруулж энэ сонголтод хичээнгүйлэн оролцсон гээч. Гэх­дээ тэр хурлын үр дүнгийн талаар ярих гээгүй ээ. Үйл явц нь юу өгүүлэв гэдэг нь сонин байгаа юм. Өмнө нь энэ албанд очих хүн олддоггүй байсан гэх юм билээ. Одоо харин эсрэгээр эмэгтэйчүү­дийн улс төр нийгмийн оролцоо шаггүй болсныг, үүнийг нь эрчүүд гярхай мэдэрсэн нь харагдаж байна л даа. Өмнөх сонгуулиар хүүхнүүд гучин хувийнхаа квотыг  эрчүүдэд зүгээр л дээрэмдүүлж парламентаас парламентын хоо­ронд улс төр дэх хүүхнүүдийн тоо цөөрч чуулганы танхимд шингэн дуу сонсогдох нь бүр багассан. Монголын парламентын түүхэнд өнгөрсөн сонгуулийнх шиг цөөхөн бүсгүй сонгогдсон түүх байхгүй. Хуулиндаа гучин хувийн квотыг оруулах гэж 2007 оны арванхоёр­ду­гаар сард ярьж байх үед хоёр намын эрчүүд хошуу холбон бөөрөөрөө нийлж суух нь ихэсч, ширээ ширээ хэсч, хүүхнүүдийг "жийсэн". Өөрөөр хэлбэл улстөрч эрчүүд бүсгүйчүүддээ нуруугаа харуулж нүүрээ буруулсан  билээ. Дараа нь сонгуулиар  өрсөлдөхөөр гарч ирсэн цөөхөн хүүхнүүдээ элдвээр нь хэлж хар пиар явуул­саар өөрсдөө ялж санаа нь амарч авсан даа. 

Харин ирэх сонгуулийн өнгө арай өөр болох шинжтэй болчих­лоо. Хүүхнүүд улс төрд хүчтэй оролцохоор ханцуй шамласан нь  саяхан болж өнгөрсөн ардчилсан эмэгтэйчүүдийн хурлаас харагдав.  Ардчилсан намын фракцууд ч ёстой л нэг идэвхжих шиг болсон. Эрчүүд бүр илүү идэвх гарган  эрээ цээргүй хүүхнүүдийг  тал тал тийш нь чангаалаа.  Хаа очиж тэр ятгал­гад хүүхнүүд унаагүй,  аль нэг фракцаас зүтгүүлээгүй Ц.Оюунгэ­рэл мөрийн хөтөлбөрийнхөө давуу­гаар  заалыг эргүүлж чадсан юм. Тиймээс энэ удаа хүүхнүүд эрчүүдийн ятгалгаар биш өөрс­дийн сонголтоор удирдлагаа сонголоо. 

Эрчүүдээс ялгаатай нь бүсгүй­чүүд бид хор найруулахдаа муу ч хов ярихдаа гаргууд. Байгалийн өгөгдөхүүн гэмээр хов ярих чанар нь бүсгүйчүүд биднийг сул дорой болгодог. Бас эрчүүд шиг хор найруулахаар үдэш оройн цагаар хаа нэг газар биллиард цохин,  ширээний ард "зуун грамм"  татаад суух нь үгүй.  Бүсгүй хүн ар гэрийн­хээ ажлыг амжуулж суух зуур эр­чүүд бүх тохироогоо хийчихсэн хүүхнүүд тоглоомын гадна үлдсэн байдаг.  

Энэ удаа хүүхнүүд эрчүүдийн тоглоомын дүрмээр биш өөрсдийн дүрмээр тоглох нь бололтой. Тийм­дээ ч саяхан ардчилсан эмэгтэй­чүүд ардчилалтай сонгууль явуулж чадсан бол удахгүй МАХН-ын ардчилсан социалист эмэгтэйчүү­дийн холбоо хуралдахаар төлөв­лө­жээ. Тэд мөн л удирдлагаа шинээр сонгох тухай  ярих  гэнэ лээ. Одоогийн дарга Д.Алтай Хүний эрхийн комиссын даргад нэр нь явж байгаа нь ч үүнтэй холбоотой байх. Харин Ардчилсан социа­лист эмэгтэйчүүдийн холбооны дараагийн даргаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон хүчтэй яригдаж байгаа сураг сонсогдоно лээ.

Энэ бүхэн хүүхнүүд ирэх сон­гуу­лиас өмнө бэлтгэл ажилдаа хүчтэй орж байгаагийн илрэл болов уу.  Байгууллагаа батжуулж аваад  улс төрд  алхам хийхээр зэхэж буй нь илт. Зарим нам квотын асуудлыг намын дүрэмдээ тусгана гэж бай­гаа ч одоогоор шийдэгдсэн юм алга. Тэгээд ч өмнөх гашуун турш­лага байгаа болохоор хүүхнүүд эрчүүдийн амыг харж суухгүй биз.

Одоо хүүхнүүд аль нэг нам гэлтгүй хөдлөх  цаг иржээ.  Эрчүүдэд найдвал молигодоод өнгөрөх магадлал өндөр. Тиймээс хүүхнүүд минь эр хүнд итгэхээр өөрсдөдөө л найдсан нь өлзийтэй юм шиг байна.

Онцлох нийтлэлүүд