ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.10.11 11:10

ТЭНГЭРТ ТЭМҮҮЛСЭН НЬЮ-ЙОРК

Нью-Йоркт нар эртээ манджээ. Эртлэн босч эргэн тойрныхоо сонин хачныг ажиглан зогсох нь ээ америкчууд нэг алхаад л таарал­дах жижигхэн хоолны газраар ороод гарахдаа манайхны хэмжүү­рээр бол хоёр аяга цай уухын дайны хэмжээтэй цаасан   аягатай кофе мөн цаасан ууттай түргэн хоол авч гараад ажилдаа явах замдаа өглөөний цайгаа амжуулах аж. Тэдний өглөөний унд эрүүл хоолыг шүтэгчдэд бол хор л гэсэн үг.  Өдөр тийшээ өнөөдүүл дахиад л кофе эсвэл  кола, аймшигтай том гамбургер, шарсан төмс, сэндвич иднэ. Оройн хоол мөн л нүсэр их. Хоолны газар суугаад хоол за­хиалахад порц нь дэндүү их, нэг өдөрт бидний долоо хоногийн хоолыг нэг америк хүн идчихдэг бололтой. Аян замд дөрөө нийлсэн хэд маань хамтдаа үдийн хоол идэхээр болж ширээн дээр хүн тус бүрийн өмнө тавагтай биш тогоо­той юм шиг их хоол  тавихад дуу алдав.  Бид гуравны нэгийг нь ч баралгүй толгой сэгсэрч байгаад үлдээгээд гарч одсон. Энэ их идэлт тэднийхний эрүүл мэндийг ёстой алж байгаа байх даа гэж бодогд­сон. Бас гамбургер шигээ хэлбэр­тэй болтлоо таргалсан хүмүүс хажуугаар зөрөх нь дэндүү олон. Таргалалт ДОХ-оос илүү аюулын харанга дэлдэж байгаа гээд бай­сан нь яах аргагүй үнэн юм байна.  Гэхдээ баячууд нь   бол харьцангуй гоолиг юм билээ. Эндхийн хүний хэлснээр Нью-Йоркт  ямар нэг талаараа энгийн биш хүмүүс бай­даг гэсэн нь жаахан  дэгсдүүлсэн үг ч ортой аж. Нэг бол хамгийн шил­дэг нь эсвэл хамгий хүнд гарууд энд байдаг нь олон зүйлээс ажиг­лагдаж байсан. Хамгийн бая­чууд нь, хамгийн лидерүүд нь, бас хам­гийн зүггүйчүүд энэ хотод зэрэгцэн байх аж. Хүнээс бол яаж ийж бай­гаад мөнгө салгах аргаа олсон улс. Тиф буюу үйлчилгээний хөлс авах­гүй байна гэж байхгүй. Бродвейн гудманд явж байтал хамт явсан нөхрөөс минь нэг хар арьст залуу СD авахыг шалаад салдаггүй. "Үгүй" гэж толгой сэгсрээд цааш явтал хой­ноос нь ирж "Май,  би үүнийг чамд бэлэглэчихье" гэлээ. Бэлгэнд дур­гүй хэн байх вэ дээ. Өнөө бэлгийг нь аваад цааш эргэ­тэл  хариу бэлэг нэхээд салахгүй зо­воов. Үгүй бол дөрвөн доллар өг гээд бүр салах янз алга.  "Чадахгүй. Үүнийгээ буцаа­гаад ав" гэхээр "Чи нэгэнт авчихсан" гээд зүтгээд бай­хыг нь яана. Нөгөө нөхөр маань энэ балай юмыг яах вэ" гээд толгой сэгсэрч байгаад арай ядан буцааж өгөөд нэг юм салсан даа. Бродвейд шөнө дунд хүртэл хүний хөл тас­рахгүй. Бродвей хэмээх алдарт урт гудам­жинд худалдаа арилжаа, шоу үзүүлбэр,  реклам сурталчил­гаа, бүр кино зураг авалт тасрахгүй. Хэдхэн хонохдоо хоёр ч удаа кино зураг авч байхтай таарсан.

Гэнэт гудманд байсан хүмүү­сийг хоёр тийшээ ярагдаж замын хажуугийн хашлага руу шахаж эхэлтэл сониучирхвал  кино зураг авахаар болж байна гэнэ. Зураг авалтын талбайд хээнцэр хувцас­тай хэдэн хүн сандал дээр сууж буй нь найруулагч, продюссерууд нь аж.  Энд байсхийгээд л ийм үйл яв­дал болдог болохоор хүмүүс нэг их гайхахгүй юм. Киноны гол  дү­рүүд  бололтой эрэгтэй,  эмэгтэй хоёр Бродвейн гудамжны голд тэврэл­дэн зогсож юм ярих бөгөөд ха­жуу­гаар нь туслах дүр болох ний­тийн хэсэгт тоглогчид  гудам­жаар нааш цааш алхах аж.  Бидний ойролцоо цагаан цувтай нэг бүсгүй хэдэн ч удаа нааш цааш явав. Болохгүй байна гэхээр дахиад л зураг авалт эхлэх аж. Тэрхэн агш­ныг тийм олон удаа авч байгаа юм чинь хэцүү үзүүл­бэртэй хэсгийг нь яадаг бол гэж бодож зогслоо.

Баар цэнгээний газарт хүн дүүрэн байх аж.  Хаа  очиж тамхи татахгүй нь сайхан. Тэгээд ч  Нью-Йоркт нэг хайрцаг тамхи 13 ам.дол­лар. "Ямар үнэтэй юм бэ" гэвэл "Энэ чинь Нью-Йорк шүү дээ. Хажуухан өөр  хотод 4 ам.доллар тавин цент"  гэнэ. Бааранд  харин хүмүүсийн ярих чимээ нь аймшиг­тай. Өдөржин хуримтлуулж бай­гаад орой нэг дураараа хашгирч авдаг юм шиг билээ.  Торхон дотор баахан зөгий хийчихсэн мэт айм­шигтай дүнгэнэх чимээг сонсоод  хөгжлөөс үүдэлтэй хамаг стрессээ ингэж л тайлдаг юм байлгүй дээ гэж бодлоо.

Тэнд амьдардаг хүмүүс "Ногоон авгайтай уулзсан уу" гэж асуух юм. Эрх чөлөөний хөшөөндөө ийм хоч өгчихөж. Америкийн бэлгэ  тэмдэг болсон эрх чөлөөний хө­шөө­гөө ингэж нэрлэчихээд шоглож суугаа тэд далбаагаа дотуур хувц­сандаа хүртэл мөнхлөөд дэл­гүүрт зарж байх юм. Манайхан төрийн далбаа­гаараа турсикээ гоёвол "нүгэл" болно биз дээ. Гэхдээ хууль цаа­занд тэр олон хүн нэг зэрэг  за­хираг­даад овлигогүй нэг нь хүртэл зөвшөөрөөгүй   газар машин тави­на гэж байхгүй. Мэдээж цагдаатай тохирох ойлголт байх­гүй болохоор камераар команд авсан нөхөр ирээд л торгуулийн хуудсыг урд шилэн дээр нь наа­чихна. Цаана нь бүртгэгдчих боло­хоор 150 ам.дол­лар зүгээр нэг цацахыг хэн хүсэх вэ дээ. Тэгээд ч өгөхгүй бол сарын дараа хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд л аргагүйн эрхэнд дү­рэмд захираг­дах нь тэр. Эндээс эрх чөлөө гэдэг хамаагүй дураараа  байхын нэр биш гэдэг нь тодорхой. Дэлхийн хамгийн түгжрэл ихтэй энэ хотод явган хүн ч замын түг­жээнд ормоор. 

Такси барих гээд хамт явсан бүсгүйтэйгээ зогсож байтал уриал­гахан зантай  эрхэм гараа даллан дохилоо. Дугуйныхаа ард сүйх тэрэгнийх шиг суудал зассан нь хоёр хүн зэрэгцээд элбэг суу­чихаар. Найрсагхан  дохилзоод байхаар нь "Бензингүй юм чинь арай хямд" гээд суучихлаа. Замд бас элдвийг хөөрөн хаанаас  ирс­нийг нь асуутал турк хүн гэнэ. Туркийн тухай мэддэг бүхнээ бурж жигтэйхэн инээд хөөр болсоор буудлынхаа үүдэнд буутал  такси­гаар үйлчилгээний хөлсөө өгөөд зургаан ам.доллар болдог газар 48 ам.доллар нэхдэг байгаа. Бүр хүний тоогоор шүү. Биднийг ирэ­хийг харсан нэг нөхөр маань "Оросууд Италид"  кино шиг та хоёр ч хөглөж байх шив" гэж ирээд л инээдээ барьж ядлаа. Одоо яая гэхэв. Инээд алдаад суусан юм чинь дуртай дургүй төлсөн л дөө. 

Нью-Йорк тэнгэрт тэмүүлсэн хот. Дэндүү өндөр байшингийнх нь оройг харах гэвэл арагшаа савж унах биз.  Өргөөшөө биш өндрөө­шөө л тэлж байгаа юм байна гэж бодогдов.  Дуу чимээ гэж нөхцөлгүй.

Манайд намрын аяс орж нав­чис шарлаад унаж байхад тэнд 40 хэмийн халуунтай углааш сан­даал­тайгаа л жирийлгээд байна лээ. Дэлхийн хамгийн өндөр ба­рилга болох ихэр хоёр цамхгийг террористууд дэлбэлчихсэний ор­мон дээр нь  цэцэрлэгт хүрээлэн бай­гуулсан байх юм билээ. Жи­жиг­хэн хэрэмнүүд  хүмүүс найзал­чих­сан хээвнэг гүйлдээд л.  Дэлхий ний­тээ­рээ  ногоон байгууламжид хүндэт­гэл­тэй ханддагийн нэг жи­шээ бол нэг томоохон  барилгыг барихад удаан жил ургаж ирсэн  хэдэн модны асуудал сөхөгдөж. Анх барилга барихдаа тэр хэдэн модыг тооцолгүй зураг төслөө гаргасан байж. Тэгээд нөгөө мод­дыг хэвээр нь үлдээхийн тулд зураг төслийг өөрчилж бүр нар тусахад дөхөм­тэйгээр барилгаа барьсан байгаа юм. Харин манайхан шиг төр засаг нь хүртэл хотынхоо чимэг болсон цэцэрлэгт хүрээлэнг ну­рааж бай­гаад төрийн  ордноо барих тухай яривал энд юу болох бол гэж бо­догдсон шүү. Бас Ж.Со­рос манай улсын Ерөнхий сайд­тай албаны уул­залт хийхээсээ өмнө америк­чуудын  бахархал болсон цэцэр­лэгт хүрээнг ажлын­хаа өрөөний цонхоор зааж бай­гаад гайхуулан ярьж бай­сан шүү.

Дэлхийн бүх улс орны  цуг­луулга гэлтэй зүсэн зүйлийн үндэс­тэн ястан энд байна. Зав­сар зайгүй бөөрөөрөө наал­дан боссон барил­гууд дотор давчдуулна. Хаа очиж гудамжийг нь хайж сүйд болохгүй дугаараар нь олохоор эмх зам­бараатай. Хаа нэг жижиг лааз гартаа барьсан гуйлгачин мөнгө гуйгаад зогсох юм. Ер нь дэлхийн хаана ч иймэрхүү нөхдүүдтэй таа­рал­даад байх юм.

Хятад хүний толгой дээр нар жаргадаггүй гэдэг үг шиг  монгол хүний толгой дээр нар жаргахаа өнгөрсөн бололтой. Хаа сайгүй л мон­голчуудтай таарах юм билээ. Хүүх­нүүд болсон хойно яаж зүгээр байхав. Их ажлын ха­жуу­гаар зав гаргаад хэдэн дэлгүүр ороод ам­жив. Хажууд монгол хү­мүүсийн ярихыг сонсвол нутаг нэгтэн болох хоёр  охин бас дэлгүүр хэсч  таарав. Тэнд сурдаг оюутнууд бо­лолтой. Бас бидний буусан буу­далд таван монгол хүн ажил­ладаг гэж бо­дохоор бид чинь дэлхийгээр нэг болжээ. Хуучин цагийг бодвол заавал Чин­гэсийн нэрийг  ур­даа барилгүй Монгол гэж хэлэ­хээр хэр баргийн хүн мэддэг бол­чихож. Нийслэл хотыг минь хүр­тэл торол­гүй хэлж байгааг бодоход Монгол гэдэг нэр ертөн­цийн хаа сайгүй дуурсагд­жээ. 

Онцлох нийтлэлүүд