ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.10.15 10:10

МАХН нэг л өдөр шилээ харуулна даа, АН-ынхаан

Толгой нь  уруу харчихсан мэт  дөрөө харшуулан "Ижил хоёр шувуу шиг ижилдэн хоёулаа даслаа даа" хэмээн улс орныг минь уруу нь тонгорчих гээд зүтгэж яваа МАХН, АН хоёрын нөхөрлөлийн зам хэр хол явах бол. Улс орноо хамтдаа тонгорохоосоо өмнө АН-ыг МАХН гэмгүй царайлж байгаад дэгээднэ гэдэгт мөрийцөхөд ч бэлэн олон хүн бий шүү. Ядаж л урлаг, соёлын хэдийг хүртэл хувь­чилж аваад нөгөө муу АН-ын сур­талчилгааны нээлт, хаалтад очих хүнгүй болгож орхилоо. МАХН-ын гишүүн атлаа АН-ыг сурталчлалтай нь биш дээ, тэд ч гэсэн ард түмэн­дээ "Ардын намын журамт цэрэг"-ийн ёсоор үйлчилж таарах нь. Ер нь тэгээд МАХН  айхтар тооцоотой хөдөлж байна. Урлаг соёлын одод нь гавьяатай, гавьяагүй уран бүтээлчид нь МАХН-д хайртай болсноо нэг өглөө бо­соод ирэхдээ л мэдэж, гар гараа­саа хөтлөлцөн очиж, нэг дор энгэ­рийн тэмдэг, улаан батлахаа гарда­хыг МАХН л тооцно. Хүү­хэд байхад "булхай нь булчин­гаараа гарлаа" гэж хоорон­доо тоглож байгаад булхайцсан хүүх­дээ баригдахаар нь хэлдэг байсан шиг МАХН нэр солихоо гишүү­дээсээ асууж байж шийдэх юм ярьсан. Яс юман дээрээ аль хэ­дийнэ шийдчихээд МАХН биш МАН гэсэн батлахаа намд шинээр элссэн нөхдүүддээ өгсөн байх юм. Тэгэхээр МАХН-ын жи­рийн гишүү­дийн хувьд хамаг байд­гаа  сольсон үзэл баримтлал өөр намд албад­лагаар гишүүнээр үл­дэх, үгүй бол намаасаа гарах хоёр зам л үлдэж байгаа юм. Гэхдээ энэ зэргийг бол МАХН аргалчихна л даа.  

МАХН өнөөдөр нам гүм мэт байгаа ч нэр, үзэл баримтлалаа солих сургаар дунд, доод шатан­даа хоёр тал болж, шоргоолж шиг л бужигнаж эхэлжээ. Дайны хажуу­гаар дажин гэгчээр жигүүр, хөдөл­гөөн шинэч­лэгчдийн дараагийн үе өөр өнгөтэй болж гарч ирлээ. Намынхан нь ад үзээд байгаа Н.Энхбаяр дагал­дагсдын хамт хөдөлгөөн бай­гуулж цагтаа тэргүүн нь байсан намаа самарч орхих шинжтэй. Энэ нь МАХН-д өширх­сөн Н.Энхбая­рын АН-д барих бэлэг болж тусах магадлал бий. Асуудал ер нь Н.Энх­баяр гэдэг хувь хүндээ бай­гаа юм биш. Намдаа голог­догсод, гомдогсод ч тэнд очоод үгээ хэлж, байж ядан хаш­гирч байгаа нь нөгөө намтайгаа нэг хөнжилд орж чадаж байж өөрийн­хөө намынхныг гудам­жинд түлхэж орхидогийнх нь гор  гарч байгаа хэрэг л дээ.

Одоо МАХН-ын ил далд фрак­циуд хөдөлгөөнд орж амь орж эхэлж байна. Намын нэрээ солих асуудлаар харин удирдлагууд нь тархи угаалтаа аль хэдийнэ явуулж эхэлжээ. Өнгөрсөн даваа  гаригт дэд сайдаас дээш алба хашиж байсан намынхаа ахмадуудыг хүлээж авсан бол өчигдөр аймаг,  нийслэлийн намын хорооны дарга, аймгийн засаг дарга байсан ахма­дуудыг хүлээж авч уулзсан байна. Ахмадууд нэр солихыг эсэргүүцэж, эгдүүцэн хүлээж  авч  байгаа учир удирдлагууд нь  ийнхүү  ажиллагаа явуулж буй нь тэр аж.  Гэвч МАХН аль шатандаа алалцлаа гэхэд  үр дүн нь онцын өөрчлөгдөхгүй ч  Их, Бага хурлынх өмнө ингэдэг нь  жам болсон хойно. Мөн Тэрэлжийн тунхаг хэмээх намын үзэл баримт­лал, нэр солих талаар Удирдах зөвлөл, удирдлагын түвшинд ярь­сан зүйл нь жирийн гишүүдийнхээ санаа бодлыг шалан дээр  гишгэ­сэн худал хуурмаг явдал  болсон хэмээн МАХН-ын гишүүд дэмжиг­чид үзэж байгаа юм. МАХН-ын хувьд нэр, үзэл баримтлалаа солиод шинэчлэгдэнэ гэж ойлгоход бэрх. Хуучин юмаа ярьсан, хуучин үзэл сурталтайгаа үхэн үхтлээ хамт дуусах нөхдөө өөрчилж, удирд­лагын бүрэлдэхүүндээ залуу үеийн төлөөлөл  оруулж өөрчлөх цаг бас болсон билээ.

Ямар ч байсан МАХН  шат шатандаа Их хуралдаа бэлдэж, төлөөлөгч сонгох хурлуудаа хийж  намын үүрүүд өдөр бүр шахам ямар нэг уулзалт хуралд дуудагд­саар байна. МАХН нийт сонгогч­дод  зориулсан ажиллагаагаа эртээ ингэж эхэлж байгаа бол Ардчилсан нам дотоод толхилцооноо шийдэж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Нийс­лэлийн намын шинэ удирдлага Ш.Түвдэндоржийг ажлаа эхлэхтэй нь зэрэг аль, аль фракцийн зүгээс ашигтай хувилбар дэвшүүлж, ажил хэрэг болгохыг санал болгож эхэл­жээ. Тамгаа өгөхгүй гарч гүйгээд байсан С.Эрдэнэ хүртэл тэврэлдэн үнсэлцэж зургаа татуулж эхэлсэн нь учраа олж тохироогоо хийснийг нь нотлоод байгаа юм. Гэвч "Алтан гадас"-ын ая данд тааруулж асуу­далд хандаж байгаа бол байдал өөрсдөд нь сайныг авчрахгүй,  МоАХ угшилтай тэд хоорондоо толхилцоод байвал "Алтан гадас"-ын санааг гүйцэлдүүлсэн болох юм. Ардчилсан намыг ардчилалгүй хаалттай, үл ойлгогдох, зүг чигээ мэдэхгүй болгоход онцгой үүрэг хүлээж байгаа хүн бол мэдээж намын дарга нь. Удирдлагадаа байгаа хүмүүсийг хагаралдуулж  тэр дундаас өөрөө хүчтэй болж тодорч харагдах нь тийм ч сайн удирдагчийн шинж биш. Ер нь тэгээд АН-ын өнөөдрийн байдалд хүргэж буй  цаад эзэн хэн билээ гэдгийг тунгаах цаг ч болсон биз ээ. Ардчилсан намын дүрмээр бол УИХ-ын намрын чуулган хурал­дахаас өмнө ҮЗХ нь хурал­дах ёстой. Гэвч хугацаа аль хэ­дийнэ өнгөрч дүрэм нэгэнт зөрчиг­дөөд байгаа. Удахгүй болох МАХН-ын хурлуудын шийдвэрээс да­раагийн алхмаа тодорхойлох гэж хүлээж буй байх. АН-ын ийм бай­дал нэгэнт гайхах зүйл биш болсон.

Ижилдэн дасалцсан АН, МАХН-ын энэ нялуурал цаашид хэр удаан хэвээр байх бол. Сонгууль боло­хоор шилээ харуулах ахынхаа занг АН-ынхан эрхбиш нэг мэдэх байлгүй.

Онцлох нийтлэлүүд