ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.11.01 10:11

Ард түмэн хорин настай ардчиллыг ерэн настай эмгэний өврөөс гаргаж, аврах цаг болжээ

"Сэтгэл нь сайхан юм,  даанч бүтэлгүйтээд  байх юм" гэж тэнгэр нь хая­чихсан бүтэлгүй хүнийг  хэлдэг дээ. Үүнтэй адил ардчиллыг хаа холоос авч ирэхдээ өлсөж цан­гаж,  хөлдөж үхэхдээ тулж  бай­сан сайхан сэтгэлийг нь бодох гэхээр даанч бүтэлгүй нь дэндсэн, тол­гой нь эргэсэн Ардчилсан намыг тэнгэр нь хаясан гэлтэй байх юм. Өнөөд­рийн энэ маягаараа бол  АН устах өнгөндөө орлоо. "Хорь хү­рэлгүй замдаа үрэгдсэн ч хотол олон Ардчилсан нам  гэдэг  юм" гэж манай сонин бичиж хүртэл үзлээ. "Сант ма­рал" судалгааны төвийн  дүн саяхан гарч Ардчил­сан намын нэр хүнд хотод 15 хувьтай гарчээ.    Ингэж газардаж байсан түүх энэ намд байхгүй ээ. Энэ бол хорьтой идэр залуу нам ерэн настай эмгэн намын өвөрт орсны харгай гэхээс өөр хэлэх үг  алга.  Эмгэн хичнээн мэс ажиллагаанд орж нүүрээ та­тууллаа ч орчлонгийн жамаар ойчих цаг нь ирж яваа биз. Айм­шигтай нь цэл залуухан хорин наст­ныг аваад цуг ойчих юм гэнээ. АН арай ч МАХН-ын зиндаанд очтолоо тамд унах нүгэл хийгээгүй л байлтай.

Орох орон болсон на­мын байрыг нь шатаалаа гээд иргэдээ хорьж, цаг­даж, өшөө авч зөнөг­лө­сөн  эмгэн нам цэл залуу­хан АН-ыгаа өвөртөө хийгээд "Орох орон минь ордон, оочдог аяга минь  Засгийн газар, уудаг цай минь нь татварын мөнгө шүү" гэж уруу татаад амар сайхандаа жаргах юм гэнэ. Ертэй эмээд толгой­гоо мэдүүлдэг идэр залуу хорь настныг ор хөнж­лөөс нь суга татаж гар­гаад аврах цаг бол­жээ. Дулаан хөнжилд дугж­раад ардчиллаа алдах­даа тулсан Ард­чилсан намыг ард түмэн л аварч чадна. Тэгэхгүй бол энэ нам ард­чилалтайгаа хамт олон ялагдлын ая даахгүй сийчүүлж дуусах нь. Ардчилсан нам бол анх удаа Мон­голын түү­хэнд ард түмнээс төрсөн нам юм. Яалт ч үгүй ард­чиллыг хамгаалж, ма­наач нь байх ёстой. Энэ нам байхгүй болбол Мон­го­лын ардчилалд, тус­гаар тогтнолд аюул  нүүрлэхдээ тулах вий.

Ардчилсан нам үгүй бол аюул өөрөө салхин хамхуул шиг ирээд наалдаж л таарна. Тулхтай улс төрийн хүчин байхгүй болсон тохиолдолд  олигархиуд, гадныхны тог­лоо­мын хүүхэлдэйнүүд Мон­го­лын төр болон тоглож, манай тус­гаар тогтнол ганхаж мэдэх аюул байна. Нөгөө харийн дарлал гэдэг чинь өнгөрсөн үед төдийгүй өнөө үед ч өнгөлзөж л байгаа. 

Ашигт малтмалаасаа хувь мувь хүртэх ч бүр лөөлөө боллоо. Хоёр нам нэг хөн­жилд жаргаад, гэрийн гадаа торойгоод үлдсэн ард түмнээ хохироогоод байхаар, цөөнх нь олонхио хянах нь үгүй болчихоор төрөө хэнээр ба­риулах вэ, хэндээ итгэж найдах вэ гэж цөхрөхдөө дэмий л хувь заяандаа най­даад суух уу. Тэгээд гарц нь гуравдагч хүчин гэж үү?

Сая гаруйхан сонгуулийн үнэм­лэх хэвлэгддэг ард түм­нээс  хэн нь  тэр гуравдагч энэ тэр лүү очих вэ дээ. Насаараа дарлуулсан хэрнээ саналаа өгөөд салж чадахгүй сэтгэл­гээтэй улс юун өөр хүчинг хүлээн зөвшөөрөх. Сүүлийн хорин жилд хоёр намтай байх гээд барах­гүй байхад элэнцэг баланцгийн гуравдагч байх вэ дээ. Тэгээд ч гуравдагч хүчинг дэмжих, элсэх хүн хүрэл­цэх­гүй. Бид ийм цөөхүүлээ гэдгээ бас үргэлж санаж байгууш­тай юм.

Муусайн наманцрууд бол зөндөө бий. Тэд Ардчил­сан намын саналаас зулгааж ардчилалд гай тарьсан уу гэхээс гавьяа байгуул­даггүй. С.Оюуны залуу насаа үрж байж зүтгүүлээд явдаггүй  Иргэний зориг нам гэж бий. Буянгийн Жар­галсайханы өөрөө өөрийгөө дэв­шүүлдэг "нам" байна. "Эрэл"-ийн гэх Б.Эрдэнэбатын эзэнтэйгээ  хамт бүгсэн хувийн компа­нийн нам байна. Сонгуулиар эзнээ даллахаар ил гарч, бусад үед нуувчинд орчихоод бас болоогүй улс төрийн ашиг хонжоонд нугасгүй гээч. Дээрх наманцрууд улс төрийн шимэгчийн үүргийг сайн гүйцэтгэж ирлээ. Тэд бас бусадтай хамтарч хамгийн их сайд хийсэн гэж байгаа. Яаж ийгээд наман­цруудаас ганц нэг нь улс төрд шургалаад,  бас төр барьж байгаа­тай  нь сүжирч, ардчиллын буя­наар гарч ирснээ мартчихдаг. Сон­гууль болохоор Ардчилсан намын сана­лаас хумсалж, хамгийн их хорло­сон "гавьяа"-тай. Дээр нь нэмэр хачир болж ивж өгсөн наманцраас дор зиндааныхан нь олон бий. Ард түмний өмнө зогсо­хоороо ардчиллыг бамбай болгох хэрнээ ачир дээрээ МАХН-ын улаан сарнайн дэл­бээн дор нуугдаж амьдар­саар ирлээ. Тийм л сүрхий юм бол АН-д дагаар ороод ард­чиллын төлөө нэг зүгт явахгүй яагаав.

Төр нь төр шиг байхгүй боло­хоор ард түмэн нь итгэл алдрах нь яалт ч үгүй. Өөрс­дөө хулхидуулж сонгочихоод араас нь амаа барьж, өвд­гөө тэврэхээ больж, ардчил­лын энэ хэдэд боломж олгоё. 

Энэ дэлхий дээр намууд л төр засгийн эрх барьж бай­на. Иймээс төрөө хэнээр ба­риулахав, толгой­доо хэнийг залахав гэдгээ ард түмэн анхаарах хэрэгтэй болжээ. Ялангуяа яс махны тасархай Ард­чилсан намыгаа эмгэний өврөөс салгахад бидний са­нал л хэрэгтэй байна. Алийн болгон ардчиллыг авдар ма­насан эмгэний өвөрт хийх вэ дээ.

Тэгэхгүй бол өвөрт нь дагаар ордог хувь тави­лан­тайгаа АН бүр эвлэрч дуус­лаа. Сэтгэлийг нь бо­доод  энэ удаа ялуулж, тэр эмгэний өврөөс суга татаад гаргахсан. 

Чоно "махн"-аас гарч өвс иддэг­гүй л юм бол алийн болгон эмгэнд  хууртаж, гэнэн ишиг шиг  амьдрах ёстой гэж. МАХН-ын гоё үг хэлсэн кос­тюмтай чоно л биш бол АН-ын бор халзан хонь ч байсан яахав гэж аргаа барахдаа хэлмээр болох юм.

Онцлох нийтлэлүүд