ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.11.10 10:11

С.Баяр бичиж, У.Хүрэлсүх найруулж, Сү.Батболд захиалж, утсан хүүхэлдэйнүүд тоглосон эмгэнэлт жүжиг

Оролцон тоглогч 800-гаад утсан хүүхэлдэй. Энэ жүжгийн эсрэг дү­рийн баатар нь Н.Энх­баяр. Жүжигт тусгагдаа­гүй ганц дүр нь Ө.Энхтүвшин. Жүж­гийн нэр "МАХН биш   МАН". Гол дүрд найруу­лагч,  зохиогч,  захиалаг­чид тоглоно. 

Жүжиг ингэж эхлэв. Тайзан дээр цэмцгэр кос­тюмтай намын удирдагч хэдэн хүн  зэрэгцэн сууна. Оролцон тоглогч 801 тө­лөө­лөгчөө өөрсдөө ч мэ­дээ­гүй байхад нь аль хэдийнэ гар хөлд нь утас уяж, гав гинжтэй юм шиг болгожээ.

Тайз чимэглэл нь Ара­бын шахын ордны хур­лын танхим мэт. Оролцон тоглогчдын урамшуулал, байр хоолны мөнгө хан­галттай.  Найруулагч  У.Хүрэл­сүх жүжгийн өгүү­лэг­чээр томилогдон үйл явдлыг самууруулах гэсэн өөр зүйл рүү чангаах оролд­логыг няцаах үүрэг­тэй сууна. Нэг үгээр хэл­бэл жүжигт тусгагдаагүй дүр, үйл явдал орж ирж самууруулахаас хам­гаалж суугаа нь тэр.

Намын даргын уйтгарт оршлын дараа "Их тавилттай жүжгийг сам­раад өгье" хэмээн ирсэн аймгийн төлөөлөгчид санасандаа хүрч чадаагүй учраас зохиолд дур­гүйцсэн 800 төлөөлөгч.  Тэдний хувьд бодож санаснаа хэлэх гэж хэл амаа билүүдсэн бүх зүйл талаар болов. Жүжиг тоглогдохын өмнөх орой зохиогч, найруулагч, захиалагчид аймгийн намын хо­рооны дарга нарыг дуудан  дагал­дан ирэгсдийг албан ёсоор утсан хүүхэлдэй болгох үүрэг өгчээ. Зохиолоос гажвал хариуцлага тооцно гэсэн болохоор үүрэг хүлээ­сэн нөхдүүд үлдсэн төлөөлөгч хүүхэлдэйнүүдэд очиж сценарийн дагуу бүх зүйл явагдахыг сануул­сан байж. Ингээд жүжиг эхлэх өглөө бэлтгэгдсэн хүмүүс буюу аймаг бүрээс хоёр төлөөлөгч л үг хэлэх боломж олгов. Тэд магтаал сайшаалыг харамгүй урсгаж, өгсөн үүрэг даалгаврыг ягштал биелүү­лэв. Төд удалгүй санал хураалт явагдлаа. Бэлгэнд умбаж, хоолон­доо цадсан, утсан хүүхэлдэйнүүд даалгавраа биелүүлснээ харуулж  мандатаа ярайтал өргөлөө.  Зургаа нь л эсрэг санал өгөв. Дураараа тэд нар дарга нарын зуултад орсон нь ойлгомжтой. Гэвч олонхи нь утсаа тастаагүй учраас саналаа өгч  МАН болох дээр нэгдэв. Бүгд алга та­шина. Манай дарга шиг сайн хүн энэ ертөнцөд байхгүй, манай нам шиг агуу нам энэ Монголд байхгүй, ганцхан нэрээ л солих хэрэгтэй байсан. Нэр солих асуудал ийнхүү  саналын дагуу,  захиалгын дагуу үр дүнтэй боллоо.   Хөгжим эгшиг­лэж, Ардын журамт цэргийн дуу уянгалахад шинээр сольсон дал­баа, лого,  бэлэн болчихсон  тайзан дээр хуучны нэр хаягаа хуу татан  гарч ирнэ. Тамга солилцож, нэр өөрчлөгдлөө. Тэд толгой дээрээ МАХН-ыг биш МАН-ыг залав. Энэ хооронд эсрэг дүрийн  баатар Н.Энхбаяр сценари үймүү­лэх гэж элдэв асуултаар зовоов. Гэвч хариулт нэгэнт бэлэн байсан. Эсрэг дүрийн баатартай хэн ч ярихгүй, гар барьж болохгүй. Ха­жууд нь суухдаа ч хамаагүй үг алдаж болохгүй. Жүжгийн гол шу­гам хазайлгачихна.

Даалгавар ёсоор бүгд болов.

Ардын нам,  ардын засаг мандтугай. Ард нь дэлгэцэн дээр жанжин Д.Сүхбаатар "Бидний улс эв саналаа нэгтгэвэл...." гээд л эр хонгор дуугаар үг хэлэх аж. Ура ура /хурай хурай гэсэн байх аа/ хэмээн  нийтээр алга ташив.

Дараа нь  одоо байгаа даргаа үлдээх үү,  үгүй юу гэсэн үзэгдэл эхлэв. Тайзан дээр өнөө л яравгар царайтай, хээнцэр хувцастай дарга нар.  Жүжигт төлөвлөөгүй байсан нэг нөхөр төлөвлөгөө бусниулчих  юм болов. Бусниулна гэдгээ өмнө нь хэлчихсэн болохоор бас л хариуг нь барих тухай зохиолд тусгагдсан байв. Гэвч энэ уйтгарт  жүжгийг арай амь оруулсан нь жүжигт тусгагдаагүй  нөхөр болох Ө.Энхтүвшин байв. Бусниулагчийг эртнээс дарах төлөвлөгөөтэй бай­гаагүй бол зохиолын гол шугамыг өөрчлөөд  балрах байсан нь санал хураалтын дүнгээс харагдав. Бэлд­сэн тулдаа л зохиол цааш жам ёсоороо үргэлжлэв. Тэгээгүй бол зохиолоос гажсан өөр үйл явдал өрнөх байсан юм. МАН-ын дар­гаар Ө.Энхтүвшин гарч ирж МАХН-ын удирдлагууд асан хүмүүсийн  уурыг барах байлаа.

Увс аймгийн төлөөлөгч утсан хүүхэлдэй босч ирлээ. Тэрээр хаа байсан С.Баяраас "С.Батболд, Ө.Энхтүвшин хоёрын аль нь дээр вэ?" гэж асуув. Мэдээж хариулт тодорхой. С.Баяр угаас өөрөө намын дарга байхдаа Ө.Энхтүв­шинг дээр гэж бодоогүй, Сү.Бат­болдыг дээр гээд албаа өгсөн юм чинь. Юу боллоо гэж өөр юм ярихав. Андуурчих вий гэлтэй С.Бат­болд хэмээн яаран хэлэв. Алга  нижигнээд явчихлаа. Ингээд л дүн С.Батболдын талд 80 гаруй хувьтай гарлаа. Ө.Энхтүвшин жү­жигт тоглосон бол ялах байлаа.

Дараагийн үзэгдэл. Дарга нар байдагтаа л сууна. Хүүхэлдэйнүүд ч өмнүүр нь эгнээстэй. Бас ядарчээ. Өдрийн цагаар биш, шөнийн цагаар гар хөлийг нь савчаад,  гарын үсэг зуруулж, мандат өр­гүүлээд байхаар ядарсан байсан биз.

Уг нь нутгаасаа гарахдаа жүжигт тоглох биш хуралд оролцоно гэж гарсан тэд  өөрсдийн бодсон санасан юмтай ирж. Хэнийг Бага хуралд оруулахаа хүртэл яриад тохирсон  атал байдал ингэж эргэж,  жүжгийн  утсан хүүхэлдэйн дүрд өөрийн мэдэлгүй тогложээ.   Санал оруулсан хүмүүсийг нь танхимаас гарсан санал гээд тээр доор жаг­сааж. Яг энэ үед зарим утсан хүүхэлдэйнүүд зохиолын дагуу огт танихгүй хүмүүсийн нэрийг ярай­тал оруулаад ирж.  М.Энхболд, Сү.Батболд, С.Баяр, У.Хүрэлсүх нарын гарын хүмүүсийг Бага ху­ралд зүтгүүлэв. Нэг аймгийн дэв­шүүлсэн хүнийг нөгөө аймаг нь танихгүй болохоор шууд л дугуйлж орхино. Нэг нь хүсээгүй байлаа гэхэд бүх юм санаснаар болж бай­лаа. Хамгийн хачирхалтай нь яаж яваад ч тэр юм эсрэг дүрийн баатар Н.Энхбаяр  Бага  хурлын  гишүүн болохоор  шургачихсан байгаа юм. Ингээд аймгаас ирсэн төлөөлөгчид хэнийг нь мэдэхгүй баахан хүнийг аймгийнхаа нэр дээр дэвшүүлээд учраа олохгүй өнгөрөв. Өглөө сэрэхэд л өөр хүн сонгочихсон байсан нь тэр. Бүгд уйтгарлаж, нойр хүрсэн ч эздийн зарлигийг ийнхүү өөрийн мэдэлгүй дагажээ.  У.Хү­рэл­сүх, М.Энхболд, Сү.Батболд нарын дохио зангааны хүмүүсийн нэрс жирийтэл  жагсчээ.  Гэвч нэгэнт дүн гарч ирсэн нөхдөөс нь нэг хүн ч байхгүй, харин өөр хүмүүс Бага хуралд аймгийг нь төлөөлж суухаар болчихсон байх жишээтэй. Утсан хүүхэлдэйнүүд "Одоо бид аймагтаа очоод намын гишүүддээ юу гэж хэлнэ ээ" гэсээр амаа бариад  үлдсэн гэж байгаа.

Удирдах зөвлөл ч гэсэн сце­нарийн дагуу явж ирж. Дээрээс өгсөн даалгаврын дагуу үйл явдал өрнөлөө. Харахад залуучуудыг түлхүү оруулсан байна лээ.  Шө­нөөр явуулсан сонгуулийн дүн өглөө  ёсоороо  болов.

Жүжиг амжилттай боллоо. Бүх зүйл зохион байгуулагчдын хүссэ­нээр. Тэд жүжиг гэдгийг тас нуусан. Даанч тэр нь хөндлөнгөөс харсан бидэнд жүжиг гэдэг нь тодорхой байсан  юм шүү. МАН мандтугай, ардын засаг мандтугай гэсэн үг чихэнд сонсогдсоор. Яг л өнгөрсөн зууны кино шиг...

Онцлох нийтлэлүүд