ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.11.22 11:11

Та нарын хөдөлмөр талаар болдоггүй цаг үе ирнэ ээ

Охиноо хүний гарт алдчихаад аргаа барахдаа манай сэтгүүлч рүү  зовлонгоо ярьж ирсэн өвгөн ах ийм  үг хэлсэн юм. "Монголын цагдаа­гийн залуу үе үнэхээр шударга юм.  Цагдаагийн залуухан мөрдөгч "Ахаа хоёулаа  алуурчдыг заавал олноо" гэж хэлсэн. Тэд ч олсон. Даанч..." гээд эр хүний харам байдаг нулимсыг энгэрээ нортол асгаруулж билээ. Сонины редакци руу маань зорьж ирэн манай сэт­гүүлчид харууслаа хуваал­­цаж суусан өвгөний нулим­санд нуугд­сан гунигаас тангараг өргөсөн цагдаагийн ажилтанд итгэсэн итгэ­лийг нь олж харсан юм. Нээрээ Монголын цагдаад шудар­га хү­мүүс бий шүү.    

Саяхан бид хар тамхины цув­рал нийтлэл бэлтгэж явахдаа тэд­ний ажлын хүнд хүчрийг жаахан ч гэсэн гадарласан юм. Эрсдэлтэй  ч нийгэмд аюулын харанга дэлдээд буй хар тамхичдын талаар эрэн сурвалжлахаар хөдлөхдөө өдөр бүр үүнээс ч аюултай гал дундуур явдаг цагдаа, хүчний байгуулла­гынхны ажил ямар хүнд бэрх бай­даг бол хэмээн бид ярилцаж, тэд­ний ажлын зах зухаас жаахан ч гэсэн мэддэг болсон.   Цалин мөнгө багатай, ажиллах боломж тааруу­хан, улаан гараа­раа л зэвсэглэсэн тэд яахаас буцах­гүй хүн араат­нууд­тай  байнга л тулдаг. Тэдний тухай янз бүрээр хэвлэлээр бичдэг ч үнэндээ бас Монголын цагдаа­гаар бахархах зүйл олон бий.  Монголын цагдаад томоохон хэр­гийг илрүүлэх чад­вар, мэргэжлийн ур чадвар эр зориг байна. Гэвч дээр байдаг урт хар гар цагдаагийн шударга залуусын хийсэн ажил, урам зоригийг мо­хоож орхидог. Тэгээд хэрэг замхра­хаар цагдаа л буруутай болдог. Үнэн хэрэгтээ цагдаа илрүүлээд ирэхээр цаана нь таслан зогсоо­чихдог явдал олон байна. Цагдаа нар аль муу бол­гоны бай болдог. Авгай нөхрийн зодоон, бар цэнгээ­ний газрын хэрүүлээс эхлээд, согтуу, галзуу, алуурчин дээрэмчин жагсаал, цуглаан, баяр наадмын хамгаа­лал­тад ч ээлж, амралт байхгүй нөгөө муу хэдэн цагдаа нар л явдаг. Ард түмнээ төр нь цагдаатай байл­дуулж бие биенийг нь хэмлүүлнэ. Сүүлдээ байгаль хамгаалуулж, Тэрэлж, Сэлэнгийн замд явган хоёр цагдаа зогсоодог болсон. Жийптэй хулгайч нарын араас явган тавар­гасан тэднийг яаж хулгайчийг  барь  гэсэн юм бол.

Бүр байтлаа "АСА" циркийн­хэнд гологдсон хоёр бамбаруу­шийг хүртэл цагдаа нарт хүлээлгэж өгөхдөө тулав. Нөгөөдүүл цалин­гийнхаа хэдээс хоол хүнсийг нь базаадаг бололтой.

Ертөнцийн хамаг хэцүү муу бүхний өөдөөс цагдаа нарыг л тавих юм. Үнэндээ эргүүлийн цагдаа нар гэмт хэрэгтнүүдийн дунд бараг төрийн эргэлт  хийлээ. Олон ч хэргийг газар дээр нь илрүүлсэн. 

Энд бид Эрүүгийн цагдааг онцолъё. Монголд гарсан онц ноцтой хэргүүдийг хамгийн түрүүнд тэд илрүүлж байна. Харин дараа нь  гавьяаг нь хуваалцагсад дэндүү олон болчих юм. Даанч дээд ша­тан­даа очоод замхардаг. Эрүүгийн цагдаагийн Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн хэдхэн  жилийн өмнө   нэртэй зүстэй, алдартай, хэргэм­тэй,  одонцоруудыг илрүүлж,  баян айлын өнөө муу "баастай бурхад"-ын хар тамхи хэрэглэдгийг нь, зарж борлуулж, хил дамнуулах гэж  бай­хад нь хүртэл бариа биз дээ. Хэргийг илрүүлээд нийгмээрээ анхаарал тийш хандаад байхад  нэг л  мэдэхэд замхруулж орхидог нь хорлонтой.

Цагдаа хөдөлсөн үү, хөдөлсөн. Хууль зөрчигчдийг бөөнөөр ба­риад хорьсон. Жаахан нэр алдар­таа дулдуйдсан, олсон мөнгө нь ихдээд байгаа гэлтэй тэдний дунд одоо ч хар тамхичид олноороо  байгаа мэдээллүүд бидэнд бий. Залуусыг даган дуурайх дуртай үлгэр авдаг ийм хүмүүс өөрийгөө хар тамхиар егүүтгэх нь яахав. Дараа үеийнхэнд ямар их гай тарьж байгаа гээч. 

Эрүүгийн цагдаагийн ганц хэлтэс, хүн цөөтэй ч хэрэндээ ажиллаад байгаа юм. Хар тамхины эсрэг өргөн фронтоор ажиллах шаардлага нэгэнт бий болжээ. Хуулийг нь улам чангатгах хэрэгтэй юм. Харангын Лхагвааг аваачаад хийхэд нь хэн гаргалаа. Хууль зөрчөөд өршөөгдөж болдог юм бол хэн тэр хуулийг биелүүлэх юм. Одоогоор мэдэгдээд байгаа тоо­гоор 700 гаруй хар тамхичид байна гэнэ. Энэ юу гэсэн үг вэ. Бид хэдүүлээ болоод хэд нь ийм юм хэрэглэж байдаг юм. Иймэрхүү янзаараа бол  энэ тоо хэд дахин нэмэгдэнэ. 

Хар тамхитай тэмцэж илрүүл­сэн, хэргийг шалгасан залуус удаан хугацааны хүч хөдөлмөрийг нь зөөлөн сандалд сууж, албан тушаалдаа мансуурсан томчуул   цавчаад хаяхыг сонсоод  хаалганы цаана ширээгээ шаагаад сууж байгаа.  Арга ядаад хавтаст хэргийг нь сейф рүүгээ шидээ биз. Муу бүхний өмнөөс цагдааг тавьчихаад дараа нь ингэж даапаалж суудаг байхгүй юу, Монголын төр.

Тоостой гуталтайгаа  нийгмийг эрүүлжүүлье гээд нойр хоолгүй явдаг цагдаагийн жирийн албан хаагчдад  төрийн нэр зүүхээс өөр гавьяа юу байхав дээ.  Олны олонд буруу зөрүү явдалтай булхайтай, хийтэй цагдаагийн ажилтан, албан хаагчид   байдаг л байх. Тэглээ гээд алдаа гаргасан цөөнхийнх нь бурууг олонхид тохвол зөв гэж үү.  Ядрахаараа "Цагдаа дуудъя" гэх хэрнээ чадрахаараа тэднээс муу хүнгүй болчих юм.  Тэд ч  үрийнхээ төлөө сүүгээ өргөдөг, ээжтэй, бурхандаа залбирдаг аавтай  хү­мүүс. Шөнөжин сэтгэлдээ зовиур­тай харуулддаг хань ижилтэй, эцгийгээ  нойроо хугаслан хүлээдэг үртэй хүмүүс.

Тэдний олон сар жилийн хө­дөлмөр хаана очоод замхардаг вэ. Шударга ажиллах урмыг нь хэн мохоодог. Хэргийг илрүүлэх гэж тэд хэдэн шөнийг нойргүй хуга­салдаг билээ.

Гэвч "Монгол Улсын төлөө зүтгэе" гэсэн үнэнч тангарагтай тэднийг "Цагдаа намайг хамгаал­на" гэчихээд тамласаар байх уу.   Ажил үүргээ гүйцэтгэж яваад хич­нээн цагдаа амь нас, эрүүл мэн­дээрээ хохирч байна. Энэ бүхнийг нэг дор өөрчилнө гэдэг амаргүй.  Ямар ч байсан цагдаагийнхны   хөдөлмөр талаар болохгүй цаг үе ирнэ ээ гэдэгт найдна.

Онцлох нийтлэлүүд