ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.11.25 11:11

Ардчилсан нам МАН болж, Н.Алтанхуяг Ю.Цэдэнбал болжээ

Саяхан болсон Ард­чил­сан намын Үндэсний зөв­лөлдөх хорооны хур­лыг ард­чилалтай болох нь гэж олон нийт хүлээ­сэн. Гэвч бүх зүйл бахь байдгаараа. Хурлаас өм­нө ямар байсан яг тэр чи­гээрээ үлдлээ. Хү­лээлт нэгэнт талаар болов. Шинэч­лэл ярьсан залуус гарч ирж, шинэ намын даргын асуудал сөхөг­дөөд, хэвлэлээр энэ са­наа­гаа илэрхийлж бие биедээ чам­гүй хорон үг шидлээд нэлээд удсан байв. Гэвч АН МАН бол­сон намаас  ялгагда­хаар­гүй гэдгээ энэ удаагийн хур­лаараа харууллаа. 

Бүгд нэг багцанд орж  "Алтан гадас" дээр МоАХ фракц энэ удаа хэвтчи­хэв. Шинэчлэл яриад бай­сан нөхдүүд уг нь дуугар­сан л даа. Гэвч бүтэлгүйт­сэн.      

Хурлын эхэн үед  на­мын даргын гомдол тээ­сэн, ууртай илтгэлээс төд удалгүй  Н.Бат­баяр,  С.Баяр­цогт хоёрын хэн нь илүү худалч вэ гэсэн эрээ­гүй хэрүүлээс өөр  олигтойхон шударга үг ховор байсан. Намын гэхээсээ илүүтэй Оюу тол­гой дээр түшиглэсэн яриа нь хувь хүнийхээ мөн ча­на­рыг харуулсан инээд­тэй юм бол­сон л доо. Гэхдээ хурлын дэглэг­дээгүй ганц үйл явдал нь энэ байсан биз. Эр улс гэхэд охид шиг хов зөөж ирээд хэрэлдсэн нь аль али­ныг нь хэн бэ гэдгийг хэлээд өгсөн.  

Намын ээлжит бус их хурал, хамтарсан Зас­гийн газарт үнэлэлт дүг­нэлт өгөх, цаашлаад на­мын даргын асуудал  яриг­дана гэж байсан ч бүгд талаар болжээ.

Хамтарсан Засгийн газар­таа үнэлэлт дүгнэлт өгье гэсэн ч бүтэмжгүй болоод өнгөрөв. Заал­наас нэг нь "Засгийн га­зарт үнэлэлт өгье гэхээр үр дүн нь эвгүй гарчих гээд байна. Сайн гээд  олонхи нь дэмжчихвэл эрх баригчдыг хамт магт­чих гээд, муулах гэхээр өөрсдөө хамтдаа уна­чих  гээд байна. Ер нь тэгээд   АН-ын ҮЗХ-ны хурлын тог­тоо­лоор Сү.Батбол­дод  дүн тавьж болохгүй ээ" гэжээ. Заалны уур амьсгалыг энэ үг нэлээд өөрчилсөн юм байх.

Хурлаас өмнөхөн Ард­чил­сан хүчний хол­боо, МоАХ-той тохирсон байж. Тэдний тохироо нь хамтарсан зас­гаас га­рах­гүйгээр харин на­мын ээлжит бус их хурлыг хуралдуулах дээр санаа нэгтэй байя гэж. Гэвч МоАХ-ны удирд­лага дав­хар мэх хэрэглэж "Алтан гадас"-тай хавсарсан то­хи­роо хийчихэж. 

Тиймээс ээлжит бус хурлын асуу­дал бүтэлгүйтэв. Ингээд  энэ удаа Н.Алтанхуяг суу­далдаа үл­дэж, хурлаас хамгийн том ялагчаар   МоАХ фракцийн тэргүүн тодорчээ. Намын дарга ч нэг хэсэгтээ л ээлжит бус их хурал болохгүй, суу­дал суудалдаа санаа зовохгүй байх болсон­доо   маадгар байсан нь тодор­хой. 

МАН-ын Бага хурал, Намын их хурлын сцена­ритай тун төстэй бол­сон. Магадгүй намууд ингэж өвөр түрийдээ орохоороо ижилсдэг байж болох юм. Эсвэл элдвийн муухай халдвар авсан байхыг үгүйсгэхгүй.

Хурал эхэлж яваад гэнэт хаалт­тай хуралдав. Ихэнхдээ нээлттэй байдаг АН энэ удаа МАН-аас ялгагдах юмгүй байв.  Нэг ёсондоо Лоохууз, Сур­маа­жав, Нямбуу на­рын  намын эсрэг бүлэг гэдэг шиг намын шинэчлэл ярьсан С.Эрдэнэ Ж.Бат­зандан, Лу.Гантөмөр, Н.Бат­баяр, Г.Баярсайхан  З.Энхболд нар босч үг хэлээд эсэргүү мэт үзэг­дэж,  Н.Алтанхуягт цавчуу­лаад л дуусав. Өөрөөр хэлбэл ҮЗХ-ны гишүүд  хоороор дуулж байхад солгой өнгөөр дуулсан тэднийг хараад удир­даа­чийн уур ч их хүрч байжээ. 

Хурлаас хойш С.Эр­дэнэ тэргүү­тэй эсрэг тэс­рэг байр суурьтай шинэч­лэл ярьсан нөхдүүдийг өрөө­сөн нүдээрээ ха­рах­гүй болсноо Н.Алтанхуяг илэрхийлж, бүлгийн ху­рал дээрээ С.Эрдэнийг элдэвлэ­сэн гэсэн. МАН МАХН-аас гарахгүй гэсэн Ц.Шинэбаяртаа гаргасан хандлагыг С.Эрдэнэ мэ­тийн нөхөд Н.Алтанхуя­гаас амсаад эхэлж. АН, МАН хоёрын ах дүү шиг ижилсэл уг нь намын дар­га, хамтарсан Засгийн газартай салшгүй хол­боотой байлтай. Гэвч ҮЗХ-ны ги­шүүд Н.Алтан­хуяг­таа ингэж ёсолс­ныг бодоход АН МАН болж,     Н.Ал­танхуяг  Ю.Цэдэнбал бол­жээ гэж хэлэхэд хүргэлээ.

Онцлох нийтлэлүүд