ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.12.06 10:12

Толгойгүй МАХН, бөгсгүй МАН

МАХН МАН болсон гэсэн чинь үгүй бололтой юм. МАХН-аас МАН гэдэг толгой нь тасарч, МАХН хэмээх бөгсөн бие нь үлдчихээд ана мана үзэл­­цэж байна. Ингээд их биегүй толгой, толгойгүй бие хоёрын ширүүн тэм­цэл лавтай дараагийн сонгууль хүргэх нь. Ер нь тэгээд их бие, толгой хоёр салчихсан байхад бүтэн гэсэн ойлголт үгүй болно. МАХН-д үлдэгсэд бөгсөн биений толгой болооч хэмээн Н.Энхбаярыг ха­даг барин гуйж, Н.Энх­­баярт толгойгүй ч гэсэн хүйтэн бөгс тэврэх хувь заяа ногдож байх шиг. Ингээд Н.Энхбаяр морь унасан толгойгүй хүн болж МАХН-аа ма­наж, У.Хүрэлсүх Сү.Бат­болд тэргүүтэй биегүй тол­гой­нууд МАН-аа салгаж ав­лаа. Ингэснээр тэд сон­гуу­лиас өмнө хуваагд­лаас болж сон­гуульдах янзтай.   

Шарын шашин Мон­гол нэвтэрч байх үед Гом­богүр бурхныг залж ав­чирч явсан нөхөр халам­цуу явсан уу яасан ха­галж унагахад бөгсөн бие нь үлдэж, цээжин биеийг нь авчирч залсан  гэдэг. Бас болоогүй ээ, "Дуртай толгойг нь аваад явъя, дургүй бөгс нь эндээ үл­дэнэ биз гэж хэлж байсан гэдэг. Өөр нэг хувилбар нь бурхан залж явсан хэдэн хүн зам зуур амраад хөд­лөхдөө залж яваа Гомбо­гүр бурхнаа тавьсан газ­раасаа авах гэтэл наалд­чихсан мэт газраас хөн­дий­рөхгүй байж гэнэ.  Тэгэ­хээр нь "Дургүй бөгс нь эндээ үлдэнэ биз, дур­тай толгойг нь аваад явъя" гээд сэлмээр цав­чиж аваад цээжин биеийг нь авчирч залсан" гэдэг. Одоо энэ МАХН, МАН-ын хуваагдал тэр  бурхныг залж ирсэн дом­гийг санагдуулаад байгаа юм. У.Хүрэлсүх тэр сэ­лэмддэг нөхөртэй ч адил юм уу гэж бодогдохоор. 

Дуртай толгой нь МАН болж, дургүй бөгс нь МАХН-аараа ингээд үл­дэв. Хувь тавилангийн шоглоом гэж үүнийг хэл­дэг байх. Хэдэн дарга нар нь дагалдагсдын хамт МАН болж, анхан, дунд шатныхны ихэнх нь МАХН-аараа үлдсэн энэ түүх хол замыг туулж ир­сэн Гомбогүр бурхны хувь заяатай их төстэй юм.  Бурхан ч яахав бөгсгүй толгойтой залагдаж бол­дог юм байна. Харин нам яадаг бол доо.

ГЭДСЭНДЭЭ ЖИЙЛЦСЭН АН

АН-ын хувьд толгой бөгсөөрөө хуваагдчихаа­гүй ч гэдсэндээ бол хөлөө жийлцээд эхэлсэн. Н.Ал­тан­хуягийн эсрэг Ард­чилсан хүчний холбооны тэргүүн З.Энхболд тэр­гүүтэй нөхөд, дээр нь сүүлийн үед намын дар­гынхаа заналт дайснаар тодорсон С.Эрдэнэ нар  нэг талд зогсож байгаа.  З.Энхболдын талд за­луус жагссан гэдэг нь ч анхаарал татаж байна. Намын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат ээл­жит бүх их хур­лыг хурал­дуулах санал­тай намын нөхдийн сана­лыг хүлээж ч авч буйгаа илэрхийл­сэн. Магадгүй намын дар­га нь ээлжит бус их хур­лыг хуралдуу­лах тал дээр өмнөхөөсөө арай нааш­тай байр суурь­тай болсон юм байл­гүй. Намын ээл­жит бус хурлын төлөөх энэ байдал намын ши­нэч­лэл яригсдыг эв нэг­дэлтэй байхыг са­нуулж байна. Хамтарсан Зас­гаас гарах зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлц­сэнээр  намын ши­нэчлэ­лийн тө­лөөх нэг том ал­хам болох биз. 

Ээлжит бус хурал ху­ралдуулах тал руугаа ч Ардчилсан нам явчих­лаа. Тэгэхээр Үндэсний зөвлөлдөх хорооны хур­лын уйтгарт хурал дахин болохгүй байх. Өрсөл­дөгч гол нам болох МАН залуусыг хайр найргүй элсүүлж ирэх сонгуульд залуусын саналыг авах гэж буй үед залуустай нэгдсэн З.Энхболдын бод­лого ч бас зөв юм.  Гэдсэндээ хөлөө жийл­цэх яах вэ.  Гол нь гэдсээ өвтгөхгүй байх хэрэгтэй.

Онцлох нийтлэлүүд