ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2010.12.27 10:12

Манантай яваа нь Ардын намынхан, маниасаа гуйдаг нь Ху намынхан

-Н.ЭНХБАЯР : БИ ТОМООРОО БАЙГАА-

БУРИАД САМГАНЫ ГАРГАЛГАА

Хуучны  МАХН нэрээ сольж, хоёр салсны дараа Ардын намын гишүүн болох Нямтайширын Номтойбаяр хэмээх хөрөнгөлөг,  чинээлэг  залуу Ардын намдаа орохгүй гэж адарсан Ц.Шинэбаяр нөх­рийг ардын дайсан бол­гон  ярьж,  манай намынх биш гэж ирээд л баахан баалж. Намын даалгавар хойно Номтойбаяр ч Намтайбаяр болтлоо зүтгэсэн юм байгаа  биз. Угаас өөр намын хүн гэдгээ албан ёсоор зарласан Ц.Шинэбаярын тойрогт Н.Номтойбаярыг зүтгүүлж буй  нам нь бодлогоор дайс­ныг нь даруулахаар илгээсэн нь хэнд ч тодорхой хэрэг л дээ.

Төд удалгүй ардын дайс­наар цоллуулсан өнөө Ц.Шинэ­баяр нь нутагтаа дав­хиад очилгүй яав гэж.  Ардын намын Номтойбаярт хариу­гаа дөмөгхөн шиг  барихаа ч тэр мартсангүй. Ц.Шинэбаяр нь Ху нам гэдэг чинь  хуучны МАХН,  харин Ардын намын­хан бол баячуудын нам гээд Дорнодын их талаар нэг Ху намаа сурталчилж. Та нар МАН нэртэй баячуудын намд орж болохгүй. Хуучны юм Ху намаа түшээрэй л гэж гуйгаад явж.  Дорнодынхон Н.Номтой­баярт биш Ц.Шинэбаяр хэ­мээх хуучин хүүдээ илүү итгэж байгаа юм байх. 

Энэ үйл явдлын дараа Дорно­дын нэг сумын буриад  өвөг­цүүлийн дунд ийм яриа бол­жээ. "Бидний сонгуульд орол­цоод санал өгдөг нь аль нь болж таарч байнаа, ингэ­хэд. Байж байгаад л янз янзын "баяр"  нэртэй нөхдүүд ирээд хоёр янзын нам яриад толгой тархи эргүүлээд байх юм" гэцгээж. Гайхаж хоцор­сон хэдэн өвөгцүүлийн яриан дундуур нэг самган орж "Ма­нан дунд яваа нь МАН-ынх, маниусаа гуйгаад байгаа нь Ху нам нь байхгүй юу" гэж хэлж гэнэ. Өвөгцүүлийн ярианд хошуу нэмэрлэсэн самганаа зэмлэж өвгөн нь  "Битгий дэмийр, МАН нь яагаад манан дунд байдаг юм" гэхэд сүрхий сүүхэйтэй самган "Намын нэр солино энэ тэр гэж дэмийрэхэд нь намын их хуралдаа маниу­сын сонгоод явуулсан хэдэн хүүхэд яалаа. Нэр мэр со­лихгүй гээд жигтэйхэн толгой дохиод явчихаад хотод очоод  өдөр шөнөгүй архи дарс,  тархи толгой угаадаг үгэнд нь автаж манангаас гарч  чадах­гүй байсаар намын нэр со­лиу­лаад ирээ биз дээ. Дарга нарын тавьсан манан­гаас гарч чадаагүй хэдийг манан дунд яваа МАН гэж хэлж бай­на. Ард нь сугарч үлдээд маниусыгаа гуйгаад яваа хэдийгээ Ху-гийнх гээд бай­на". Сэргэлэн самган ин­гэж өвөгцүүлийн толгойны эргээг өөрийнхөөрөө гаргаж өгчээ. Ер нь бол нутгаасаа гарахдаа намын нэр солиу­лах­­гүй гэж даалгавар авч хот руу их хуралдаа явсан  хэд нь хотод ирээд тархиа гашилтал эргүүлж бэлэг сэлт, ухуулга сурталчилгаа, айлган сүр­дүүлэлт, архи дарсны мананд ороод өөр нам байгуулал­цаад ирснийг нь хэлж л дээ. Аймгаас төлөөлөгчөөр сон­гог­доод явахдаа уг нь Бага хурлынхаа гишүүнд өөрс­дийн хүнийг сонгох гээд нэрээ хүртэл жагсаагаад бэлэн оч­сон байгаа юм. Ирээд манан­гаас гарч чадалгүй нэг л мэдэхэд өөр хүн сонгочихоод очсон байдаг. Ингээд л дээрх өвөгцүүлийнх шиг яриа хаа сайгүй болохгүй юу.

Н.ЭНХБАЯР МАХН-ДАА ҮЛДЭГСДЭЭ ГООЧЛОВ

Одоо тэр өвгөцүүлийн ярьсан шиг манан дунд яваа МАН-ыг Сү.Батболд авч яваа. Манантай яваа намын дарга маниусаа гуйдаг намынхнаа­саа бас эмээж байгаа нь то­дорхой. С.Баярыг сул гишүүн болоод амбиц нь хөдөлж буцаад хуучин албаа авах гэж анкетаа барьж гүйгээд М.Энх­болдод загнуулаад больсон гэх яриа намын их хурлын үеэр чих дэлсэж байв. Их хурал нь болсны дараа С.Баяр ямар ч байсан АНУ руугаа явчихсан.  Харин Н.Энх­баяр С.Баярыг Ерөн­хий­лөгчийн сонгуулийн үеэр өөрийнх нь эсрэг ажилласан гэх Н.Энхбаярыг хэдэн долоо хоногийн өмнө Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын хүмүүс хүлээн авч уулзжээ. Нөгөө­дүүл нь "Намынхаа эсрэг өөр юм битгий яриад байгаач. Та  сонголтоо хийх хэрэгтэй" гэхэд Н.Энхбаяр эхлээд их л янз муутай байснаа  сүүлдээ "Би МАН-ын Бага хурлын гишүүн ш дээ. Манай хэдэн нөхдүүд л ийм юм хийгээд яваад байх юм" гээд Ц.Шинэ­баяр, Удвал нарыгаа "хөөр­хөн" дөнгөөд авчээ. МАХН-д хамт зүтгэж байгаа хэдийгээ тэрээр цааш нь хэлэхдээ "Тиймэрхүү хэн ч биш гудам­жинд яваа хүмүүстэй юу гэж тэгж явах вэ. Би том алба хашиж байсан хүн. Одоо ч өөрийгөө томоороо байгаа гэж бодож байна" гээд намын бодлогын асуудалд оролцох хүсэлтэйгээ илэрхийлжээ.  Хариуд нь МАН-ын удирд­лагууд   "Тохиролцъё. Н.Бага­банди дарга шиг намынхаа асуудалд оролцоод явж бол­но" гэж найрсжээ. Гэвч түүний энэ хоёр нүүр гаргасан ойл­гомжгүй байдал одоо ч үргэл­жилсээр байна. Соё­лын сай­даас эхлээд УИХ-ын ги­шүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд Монголын бүхий л том албан тушаалыг хашиж явсан тэ­рээр 1992-2009 онд тасралт­гүй өөрийнх нь хэлснээр "то­моо­роо" бай­сан. Өөрийнхөө хаанч­лалын хорь орчим жилд авлигын загалмайлсан эцэг, аалзны тор хэрж явсан гэгддэг атлаа юунд  ингэтлээ өөр хүн шиг одоогийн муу муухай бүхэн өөрт нь хамаа­ралгүй юм шиг ярьж явааг Н.Энхбаяр, бурхан хоёроос өөр хэн мэдэх билээ.  Ямар ч байсан ой ухаанаа гээсэн үү, хуучнаа мартаж шинэ хүн болох гэж жүжиг­лэнэ үү, өөрч­лөгдөх нь өөрч­лөгдсөн. 

Түүний МАН-ын удирд­лагуудтай уулзахдаа ярьсан хар амиа бодсон үгний үр дагаварт МАХН-даа үлдэнэ гэсэн Ю.Атар,  Н.Удвал  нарыг өнгөрсөн баасан гаригт ху­ралдсан нийслэлийн намын хорооны хурлаар намаас хөөсөн шийдвэр гаргажээ. 

   УИХ ДАХЬ МАХН ХОЁР ХӨЛТЭЙ БОЛЛОО

Ху нам УИХ-д ганц хөлтэй байсан бол хоёр хөлтэй болж магадгүй гэнэ. Учир нь Ардын намын нөхдөө зүхэж эхэлсэн дараагийн хүнээр УИХ-ын гишүүн Ц.Батбаяр гишүүн тодорч   байна.  МАХН нэрээ авч үлдэнэ гэж буй Ху-гийн­хан Дорнодын Ц.Шинэ­бая­рын  нөгөө хөл болж гарч ирэх нь. Энэ янзаараа үржиж  нэ­мэгдээд байвал УИХ-д Ху-гийн  бүлэг гээч бий болох нь гэж ажиглагчид яриад эхэл­жээ. Тэгээд мананд төөрсөн МАН, маниасаа гуйдаг МАХН-ынхан гэдэг хоёр бүлэг УИХ-д гарч ирвэл Н.Энхбаяр ха­рин хаана нь бууж ирэх бол.

За тэгээд  мананд төөрдөг нь ч байна уу, маниасаа гуйдаг нь ч байна уу үзэл бодлоороо чөлөөтэй нэгдэх нь ардчиллын зарчим, Үнд­сэн хуулийн заалтад байдаг хөдөлшгүй нотолгоо.  МАХН-даа үлдэнэ үү, МАН-даа нэг­дэнэ үү долдугаар сарын нэгэнд үзэл бодлоо илэр­хийлсэн хүмүүсийг хөөж тууж буудсан шигээ үзэл бодлоор нь ялгаварлаж болохгүй л дээ.  Үзэл бодлоороо хэн нь ч нэгдсэн  хүний эрх. Гэвч  хүний эрхийн байгууллага үзэл бодлоосоо хөдөө хотгүй ал­бан шахалтаар МАН-д элсэ­хийг шахаж шаардаж, дарам­талж байгааг хараад дуугүй суугаад байж болохгүй биз ээ. Дал гарсан буриад өвөө на­мынхаа хуучин, ши­нийн уч­рыг олохгүй будилж явсан  ч МАХН-ын гишүүний улаан батлахтайгаа хадан гэрт ха­рихыг хүсч байгаа гэдгээ харин нуухгүй байсан шүү. Өвгөний хүсэл Дорно­дын талд төдийгүй Монголын тал нутагт үйлчлэх хүчинтэй хэ­вээрээ юм билээ.

Онцлох нийтлэлүүд