ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.01.08 03:01

Хөшөө босгох УРАЛДААН

ЗХУ-ын  "агуу удирдагч"  гэгдэж байсан сахал Сталины томоос том  хөшөөг 1990 онд  улсын төв номын сангийн өмнөөс зайлуулж  байсан­сан. Нэгэн цагт бурхан шиг тахиж явсан тэр хүний хөшөөг буг мэт үзэж, хаях ч газар олдохгүй бол­сон.  Харин нэг сэргэлэн бизнесмэн  "Исмус" хэмээх шөнийн клубтээ аваачаад тавьчихсан байж билээ.  Сталины хувь заяа тэгээд дууссан­гүй. Нөгөө газраасаа нүүж одоо өөр хүний мэдэлд шилжсэн юм билээ. Үзмэр болоод үлдвэл бас ч гэж аз таарч байгаа хэрэг. Үгүй бол хэнд ч хэрэггүй хог л болно. Түүнээс гадна В.И.Ленин, Х.Чойбалсан­гийн хөшөө цагтаа цэцэг, сүү өр­гүүлж яваагүй юм шиг будаг ца­цуулж, адлагдаж билээ. Тухайн цаг үедээ "хайрт багш" Ленин биеэ үнэлэгчдийн зогсдог газрын  бэлгэ  тэмдэг болно гэж хэн мэдэх билээ. Цагийн шалгуурыг дааж  чадахаар­гүй, хүн төрөлхтний, улс орны  бэлгэ тэмдэг, үе үеийн бахархал болж үлдэхгүй ийм  хөшөөнүүдийг ямар хувь тавилан хүлээдгийг дээрх жишээнүүд харуулж байна.  

Өнөөдөр манайд тийм хувь тавилантай учрах магадлал бүхий  хөшөөнүүд өдрөөс өдөрт олон болж байна. Хэд алхаад л хэдэн жил төр барьсан, нутгийн зон  олондоо хүндлэгдэж явсан нэг нөхрийн хөшөө таарах аж. Гадны жуулчин ирээд асуухад гавьтай тайлбар олдохгүй тийм л нэр нь үл мэдэгдэх, цаг хугацааны явцад балран алга болох хүн хөшөөнүүд энэ янзаараа нэмэгдээд байвал амьд яваа хүнээсээ олон чулуун хүнээр дүүрсэн улс орон болох нь.  Хэдэн жил өндөр албан тушаалд сууж байгаад нас барсан нөхрийн хөшөөг босгоод байвал алхах гишгэх газар ч багадахаар боллоо.  Энэ цаг үеийнхэн арай гэж мэддэг,  хойч үеийнхэн хог дээр хаях хө­шөөнд тийм их мөнгө гаргах ямар хэрэгтэй юм бэ.

Өдөр ирэх тусам хөшөө гэдэг утга алдагдаж эхэлж байна. Хэн мөнгөтэй нэг нь тухайн цаг үеийн алдар хүндтэй хүмүүсийн хөшөөг босгодог болж. Үгүй бол аль нэг нутгийн зөвлөлийн лоббигоор нутгийнхаа алдар нэртэй хүний хөшөөг босгочихож байгаа юм. Аль аймаг, сум хамгийн олон хөшөөтэй болох вэ гэсэн уралдаан зарласан мэт.

Хүний хөшөөнөөс гадна Монго­лын бүх суманд адууны хөшөө бий. Гайгүй сайн давхидаг, улс,  аймгийн наадамд хэд түрүүлсэн адуу бол­гон хөшөөтэй, өөрийн гэсэн дуутай болжээ. Тэрний минь адуу, энэний минь хурдан азарга гээд л хөөрч давхиад өнчин хүүхдэд атга чихэр сарвайдаггүй шинэ цагийн зарим хөрөнгөтнүүд адгуусандаа баруун солгойгүй мөнгө цацаж байгаа юм.  Хүнээсээ илүү адуундаа хайртай  байгаа нь энэ. Тиймээс ч цементэн адууны тоо жил ирэх тусам нэмэг­дэж  байна.

"Хөшөө тийш очих ардын зам нь балрахгүй" тийм л хөшөөг дэл­хийн улс орнууд босгодог. Тоо нь дэндүү цөөн.  Тэр улс орны бахар­хал имиж, нэрийн хуудас, хүн төрөлхтний оюуны их гайхамшигт суутнуудынхаа хөшөөг сүндэр­лүүлж, тийш очих ард түмнийх нь зам байтугай тийшээ тэмүүлэх хүн төрөлхтний зам балардаггүй. Тийм хөшөөнд хэн нэгний ёсчилс­ноор биш хүмүүс өөрсдөө хүслээ­рээ цэцэг барин очиж мэхийн ёсол­дог.

Хэн нэгний хөшөө гэхээсээ илүү урлагийн гайхамшигт бүтээлүү­дээрээ дэлхийн улс орнууд гай­хуулдаг.

Төр нийгмийн  зүтгэлтнүүдээ  бүгдийг нь хөшөө болгон хувир­гавал юу болох вэ. Үүнийг цэгцлэх цаг болжээ. Тэгэхгүй бол чулуун хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Чулуу хэдий бат бөх ч гэлээ  хэрэггүй үедээ хөл дор хэвтэж л байдаг эд. Өнөөдөр магтагдаж хөшөө болж байгаа ч маргааш луйварчин байсан нь илэрвэл, алуурчин байсан нь мэдэгдвэл хөөрхий хөшөөг Сталин шиг хувь тавилан угтана.

Цагийн шалгуур даахгүй олон хөшөөнүүд  ур хийцийн хувьд ч хоорондоо ялгагдах юмгүй. Дав­тагд­мал шинж нь их. Нэг бол зогсч, үгүй бол сууж байгаа, нэг тийш гараа хандуулсан эсвэл гартаа ном барьсан хэдхэн янзын дүрс­лэл­тэй. Ядаж урлагийн бүтээл талаас нь ч харахад таатай биш хүн хөшөөнүүдийн талаар ан­заарч харах цаг болжээ.

Хөшөө дурсгалын талаар ямар нэг хууль бий эсэхийг сонирхож үзлээ. Тусгай зориулалттай газар нутгийн тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль зэрэгт ганц нэг заалт байдаг бололтой юм.  

Чулуун хүнд цаг зав, мөнгө хөрөнгө зарахаасаа илүүтэй амьд хүндээ анхаарал хандуулвал хэ­рэгтэйсэн. Ингэхэд талийгаач бо­лоод хөшөө болох тухай хэн ч  мөрөөддөггүй шүү дээ.

Онцлох нийтлэлүүд