ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.01.24 10:01

Тоох тусам чинь том болоод байна, наад Н.Энхбаяр чинь

Шидийг олоод нисэхийг шахав... Шог зургийг С.ЦОГТБАЯР

-Н.ЭНХБАЯРААС ЖИЖИГХЭН МАН-

Иргэн Н.Энхбаярыг  мө­рөөрөө лааз өшиглөөд явж байхад нь өдөөд бай­на шүү дээ, МАН-ынхаан. Н.Энхбаяр хороо най­руулж, ховоо хутгаад явж л байг. МАХН-тайгаа үл­дэнэ гээд манаргана уу, маниасаа гуйгаад явна уу тоохгүй л хаячих ёстой байсан юм. МАН-ынхан айж байгаагаа мэдэгдээд, бүгдээрээ нийлээд гар хөлийн үсэг зураад тоох тусам чинь том болоод байна ш дээ, цаадах чинь.

Тийм л агуу түүхтэй намын том дарга нар юм бол ганц муу иргэнээсээ айж сандарч, гарын үсэг­тэй бичиг шидээд бай­гаа нь хэнд ч инээдтэй  бай­гаа юм. Тэгэхээр нөгөө Н.Энхбаяр нь "Унтаж бай­гаа барыг сэрээлээ шүү" гэх маягийн үг хэлээд улам том болоод байх юм. Нэг ёсондоо шууд хадан­даа авирч байна. Н.Энх­баяр "Албан тушаал со­нир­хохгүй. Бүгдийг хийж үзсэн"  гээд байсан.  Хүсч байгаа ч аргаа барсан хүний л үг. Гэтэл МАН-ынхан дөгөөгөөд л. Ингэж дөгөөснөөрөө шинэ од хүртэл төрүүлж, Ц.Шинэ­баярт хайртай олон хүн бий болголоо. Одоо яая гэхэв. Ц.Шинэбаяр гэдэг нөхөр Н.Энхбаярыг харж жижигрээд байгаа МАН-аар ёстой даажигнаж бай­­на. Түүний ч зөв. МАН гэдэг намд орохгүй, ороо­гүй гээд байхад нь "Ма­най намаас зайл" гэдэг нь ч бас арга ядсан арчаагүй арга л даа. Хүн өөрийнх нь гэрт  тоож хөл тавихгүй гээд байхад  "Манайхаас зайл" гэх нь угтаа тэнэг үйлдэл. МАН-даа ороо­гүй өөр гишүүдийг ч,  МАН-ыг шүүмжилсэн УИХ-ын гишүүдээ ч "алах" гэхээрээ яадаг юм. Энэ янзаараа сонгуулиар МАН-ын эсрэг санал өг­вөл ард түмнээ дэлбэлж мэдэх нь.

Уг нь бол Н.Энхбая­рыг тоохгүй байх улс тө­рийн бүх нөхцөл бүрэлд­сэн байсан. Н.Энхбаяр харин улс төрөөр өөрөө оролдоод байсан юм. Гэтэл тоосноосоо болоод "Улс төрөөр оролдохгүй гэхээр улс төр надаар оролдоод байна" гэж хэ­лэх хүртэл нь  боломж  өгч бөөн далим цаад нөхөр­төө олголоо. Мөн түүнд хаягласан захидалд га­рын үсэг зурсан зарим нөхөд хүнийхээ хувьд тун муухай юм их хийж байна. Цагтаа хаал­ганых нь хатавчинд сууж, дохио зангаагаар нь хө­дөлж явсан  нь холгүй хаа газар дагаж явсан нөх­дүүд нь одоо хуншгүй зан гаргаж байна л даа. Ичих ч үгүй гарын үсгээ па­лийлгасан байгаа юм. Цаад нөхөр нь дургүй хүрмээр дарлаж хаан шиг байсан үе байсан л байх.

Өөрөө ч улс төрд хө­төлж оруулж ирсэн нөх­рөө мартдаг муу зантай. Тэглээ гээд тэрний зин­даанд л байна гэдгээ Ё.Отгонбаяр, Д.Идэвхтэн, М.Энхболд нарын нөх­дүүд харууллаа. Дайраад давшлаад, хүний олон хүнээ барьж идэх гээд байгаа болохоор ба­риулж идүүлэх гэж бай­гаагаасаа барьж идэх гэж байгаа нь зэвүүн хараг­даад байна.

Н.Энхбаярт дургүй хүн олон. Цагтаа зөндөө муу­хай юм хийсэн. Түүнд тоож захиа бичээгүй бол өөрийнхөө хийсэн нүг­лийг өрөөлд наагаад то­морч суухгүй байлаа. Асуу­гаад байгаа авлига хээл хахууль, ажилгүйдэл, ядуурал зэрэг нь жил ха­га­сын өмнө  улс төрөөс хөөгдсөн түүнд бас хамаатай.

Бүр хамаатайгаас илүү хамаа­тай. Энэ бүхний суурийг тавьсан, бий болголцсон хүний нэг яалт ч үгүй Н.Энхбаяр. "Ард түмэндээ өрөө төлөх үү, үгүй юу" гэж асуусан байна лээ, хариу захиандаа. Аль өрөө асуугаад байгаа юм, хэн мэдэхэв. Уг нь өөртөө ч гэсэн энэ асуултыг тавих ёстой. Төлөх ёстой бол олон өр бий.  Төлөлцөх хүн нь бас  Н.Энхбаяр. Монгол Улс Н.Энх­баярын үед хангалуун сайхан цатгалан байж байгаад өнөөдөр гэнэт ийм болсон биш. Түүнээс хойших жил хагасыг бусдад тохлоо гэхэд өмнөх олон жилийн гай барц­дыг үүрч, төлөлцөх ёстой нэгэн. Авлига хээл хахууль ч гэсэн хэний үед ид хүчээ авч байсныг Н.Энх­баяр мэдэж л байгаа.  Харин МАН-ынхан ганц Н.Энхбаярт дэндүү анхаарал хандуулж, бүг­дээр бүг­дээрээ нийлж захиа бичээд байгаа­гаараа түүнд хайртай болох хүмүү­сийн тоог нэмээд байна. Хамтдаа асуудлаа шийдье хэмээн гуйгаад байгаа дээр нь одоо л амыг нь асуугаад буулгаж авдаг цаг биш үү.

Ядарч яваа хүнийг өрөвдөх сэтгэл монголчуудад бий. Бүгдээ­рээ дайраад аархаад байхаар чинь ард түмэн, хэвлэл мэдээлэл аяндаа түүнийг өрөвдөөд талд нь зогсоод байна. Тэгэхээр ганц хү­нээс айгаад байгаа МАН Н.Энхбая­раас жижигхэн болж таарч байна.  

МАН гэдэг бүхэл бүтэн намын дайсан нь ганц Н.Энхбаяр юм бол тэр том л юм байна. Том болж дээшээ өгсөх шатыг нь өөрсдөө тавьчихаад дараа нь орой дээр чинь гараад суувал олон юм ярих хэрэггүй.

МАХН-тайгаа үлдэнэ гээд бай­гаа олон зуун мянган гишүүнээ бүгдийг нь Н.Энхбаярын дохиогоор хөдөлдөг гэж зүхээд доромжлоод байхаар наашаа гэхээсээ илүү цаашаа явах нь олон болжээ. 1990 онд Сүхбаатарын талбай дээр Ц.Элбэгдорж "Өөрөө сайхан амь­дарч чаддаггүй, өрөөлийг сайхан амьдруулдаггүй хүнийг коммунист гэдэг юм" гэж хэлж байсан санаг­дана. МАН яг л тийм коммунист үнэр нэвт ханхлуулаад байна. Өөрсдөө өрх тусгаарласан бол өрөөл ард түмнээ дорд үзээд байх ямар хэрэг байнаа. 

Хувь хүнийхээ хувьд Н.Энхбаяр том, жижиг ямар ч байж болно. Харин түүнийг том болтол нь жижиг­рээд байгаа нам л илүү өрөвдмөөр дүр төрхтэй харагдаж байна. Хэн  дуртай нь, бүр НАМЗХ-ны хориод­хон настай жаалууд хүртэл "Н.Энх­баяр хэн бэ" гэж дураараа орилдог болж. Тэгэх тусам түүний уур хүрч шидийг олж байна. Тоовол тоосон шиг тоогоод, тоохгүй бол хаяж орхихгүй бол цаадахыгаа ямар мэдэхгүй биш дээ, МАН-ынхаан.

Онцлох нийтлэлүүд