ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.01.31 11:01

Монголын улс төр буюу намуудын үйл явц

Н.ЭНХБАЯР ХЭМЭЭХ МАХН ХИЙГЭЭД ГУРАВДАГЧ ХҮЧНИЙ  НЭГДЭЛ


МАХН Онц их хурлаа хийлээ. Н.Энхбаяр ил боллоо. Цээж дүүрэн хор­сол гомдол тээсэн түүний нам МАН-ын хувьд Ард­чилсан намаас нь илүү хортой. Н.Энхбаяр арын фронтоос өдөр бүр дов­толж бай­сан ч төрийн бүх том албыг хашиж байс­наасаа илүү өнгөлөг гя­лалзаж байна лээ. Гэвч МАХН-д Н.Энхбая­раас өөр гялтайх лидер хараг­дах­гүй байсан. Сонгуу­лийн хууль намын нэр дугуйлахаар хувил­бар­тай шийдэгдлээ ч аль ч хувил­бар дээр Н.Энх­баярын нам цөөн ч болов суудал авах магадлалтай. Дээр нь нам дотроо алал­цаад байгаа МАН дахь УИХ-ын гишүүд байна. Н.Энхбаяр алсын тоо­цоо­той, манайдаа том улстөрч. Зарим намууд хүртэл түүний хажууд жи­жигдэнэ. Тэрээр нам үзэл бодлоос гадна монгол­чуудын нутгархаг үзэл дээр тоглож Архангайн гэх гишүү­дийг өөрийнхөө төлөө хөдөлгөж чадсан. Тэр өдрөөс өдөрт томорч байна. Нэг талаас харахад хэдий­гээр Дээд шүүхээр баталгаажуулж амжаагүй байгаа ч парламентад суудалтай намын дарга боллоо.   Тэгэхийн тулд ч Ц.Шинэбаяр түүнд хэрэгтэй байсан. Байдлыг харж байхад Ц.Шинэбаяр дахиж үржих магадлал ч байна.  

Улс төр ид бужигнаж МАН МАХН хэмээх дайсан дүүтэй бол­лоо. Ардчилсан нам фракцийн эрх ашиг, хувийн сонирхлоо дарж чад­вал өрсөлдөгчдийнх нь тэмцэл хагаралдаан тэдэнд боломж олго­но. Харин нам доторх жижигхэн амбицаа дарж том улс төр бодож ажиллахгүй бол байдал хаашаа ч эргэхэд бэлэн болов.    

Улс төрийн гуравдагч  хүчин гэдэг жинхэнэ утгаараа гарч ирлээ. Тэдний нэгдэх үйл явц томоохон намуудын хүнд байдал, зөрчил тэмцлээс үүдэлтэй. Тэд нэгдэж зөв ажиллаж чадвал Сонгуулийн хууль яаж ч гарлаа гэсэн цөөн хэдэн лидерүүд нь бүлэг байгуулах хэм­жээнд санал авах боломжтой.

Том намуудын дотоод, гадаа­дын зөрчлөөс болж жижиг намуу­дад боломж гарч ирж байна. Тэд­ний нэгдэх үйл явц нэгэнт эхэллээ. Жижиг намууд ч МАХН-тай нэгдэ­хээр ярилцаж байгаа нь АН, МАХН-ын хувьд бодох ёстой асуудал мөнөөс мөн.

АРДЧИЛСАН НАМЫН  ФРАКЦУУДЫН АМБИЦ ЮУНД ХҮРГЭХ ВЭ?

Өнгөрсөн баасан гаригт хуралд­­сан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар "Монгол хүн-2020" асуудлыг хэлэлцээд дараа нь дүрмийн өөрчлөлт, түүнээс гадна генсекээ өөрчлөх талаар ярихаар тохирсон байв. Гэвч ҮЗХ энэ про­цедураар яваагүй. Учир нь бүх тохиролцоог Н.Алтанхуяг нурааж орхисон юм. Үүний өмнө юу болов.   МоАХ, Зүүн хойд Ази гэсэн фрак­цууд тохирч намын дарга Н.Алтан­хуягтай буюу "Алтан гадас"-ыг  урвуулж чадсан байлаа. "Алтан гадас"-аас том эрх ашиг хүлээн зөвшөөрч чаддаггүй намын дарга ч энэ удаа зайлуулах шалтаг шалт­гаангүй ч гэлээ дургүй нь хүрч явдаг Д.Эрдэнэбатыг ийм амархан тон­горчих гэж үү хэмээн уухайн тас тэдний хүсэлтийг хүлээж авсан. Гэвч маргааш нь Н.Алтанхуягийн бодол өөрчлөгдөж, намын дүрэм хийгээд генсекийн асуудлыг хэлэл­цэхээ больсон юм. Үүний гол учир нь генсектээ хайртайдаа биш нө­гөө фракцуудын саналыг хүлээн авснаар өөрт нь ашиг авчрахгүйг хожуу ч гэсэн ухаарсан хэрэг байв.

Э.Бат-Үүл гэдэг бол тийм ч амархан хазаад идчихдэг боорцог биш. Э.Бат-Үүл намын нарийн бичгийн дарга боллоо гээд  хэзээ ч Н.Алтанхуягийн тушаалаар хөдлөх хүн биш. Фракцуудын цаад санаа нь Н.Алтанхуягийг өөрийг нь унагаж авах л оролдлого байсан юм. Д.Эрдэнэбатыг Э.Бат-Үүлээр со­лих нь нийтэд бол ойлгогдох зүйл ч гэлээ намын хувьд тийм таатай зүйл биш. Тэгээд ч Д.Эрдэнэ­батыг солих нь Ардчил­сан намын эрх ашиг биш юм. Нөгөө талаас Н.Алтан­хуягийн ингэж бууж өгсөн нь Ардчилсан хүчний холбоо, МҮДН фракцийн энэ удаагийн нэгдлээс ч хамаарсан гэмээр. Хоёр гурван фракц хор найруулж нэгд­лээ ч дахиад  өөр нэгдлүүд, ашиг сонирхлууд ундарсаар байх нь гарцаагүй.

Иймээс ч энэ удаагийн тохи­рооноос буцсан нь Н.Алтанхуягийн хувьд зөв алхам юм. Цаашид нам доторх фракцуудын сонирхол үргэлжлэх нь дамжиггүй. Уг нь Ардчилсан намын өмнөх ялагд­лууд тэдний энэ эв нэгдэлгүй, намаа биш өөрсдийнхөө хувийн сонирхолд хөтлөгддөгөөс шалт­гаалж байсан билээ.

МАХН задарч МАН, МАХН бол­сон Ардчилсан намын хувьд улс төрийн таатай орчин бүрэлдэж байна. Даанч фракцуудын хувийн сонирхол, лидерүүдийнх нь хувийн амбиц, хэзээ ч дийлдэшгүй шунал хүслээс болж энэ нам сонгууль хүртэл эвдрэлцвэл мөрөөдөөд биелэх нь ховор ялалт тэднээс холуур өнгөрөх болно. Тэдэнд энэ удаа намын эрх ашиг чухал боло­хоос хувийн эрх ашиг нэгдүгээрт  тавих чухал асуудал биш. Хэрэв энэ янзаараа генсекийн суудал зэр­гээр оролдоод сонгуультай золго­вол ялагдана.

 МАН-ЫН ШАНАЛАЛ

МАН бол тийм амархан  ялагд­чихдаг нам биш. Дотроо хичнээн хагаралдлаа ч намдаа илүү их хайртай. Тиймээс ч тэд өнөөг хүртэл сайн муу аргаар ялж ирсэн. Одоо арга нь улам нарийсч эв нэгдэл нь улам зузаан байж л тэд дараагийн сонгуулийг давж гарна. 

МАН шаналж байна. Өмнө нь тэд ганц дайсантай байсан. Одоо дээр нь МАХН нэмэгдлээ.  Сонгуу­лийн хууль тэдний том гарц байх болно. Тиймээс ч өнөөг хүртэл хуулийг батлахгүй барьж ирлээ. МАН Сонгуулийн хуулийг нөгөө намаа ялахад биш нөгөөдүүлийг ялахад зориулж хийхгүй бол боло­хоо байлаа. Ардчилсан намын генсекээс илүү МАН-ын генсекийн хувийн зан чанар олон нийтийн анхаарлыг татаж байна. Намын даргатайгаа ярилгүйгээр хувийн өшөө хорслоороо залуучуудыг жагсаасан нь олон нийтэд таатай сэтгэгдэл авчирсангүй. Ямар ч байсан  МАН-ын хувьд  урьд өмнөх шигээ зуун хувь итгэлтэй байдал нь үгүй болсон. Үүн дээр л АН ухаалаг тоглож чадвал одоогоор хөзрийн тамга гарт нь байгаа.

Онцлох нийтлэлүүд