ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2011.03.07 09:03

АН өөрсөдтэйгөө, МАН МАХН-тайгаа...

АН ҮЗХ-НЫ ЭЭЛЖИТ БУС ХУРЛАА ЗАРЛАЖЭЭ

Сонгууль хэрхэн явагдах нь эцэслэн шийдэгдээгүй ч сонгуулийн бэлтгэл ажил  намуудад дотооддоо ч, га­даад­даа ч аль хэдийнэ эхэл­жээ.

Ардчилсан намын  Үндэс­ний зөвлөлдөх хороо ирэх лхагва гаригийн 16 цагт ээл­жит бус хурлаа хийхээр зар­лажээ. Жил бүр зарладаг ротаци энэ намын ардчил­лыг  тодотгодог ч  дотоодын зөрч­лийг туйлд нь хүргэдэг аюул бий. ҮЗХ өчигдрийн байд­лаар ҮЗХ-г хуралдуу­лахаар 130 гаруй гишүүн гарын үсэг зурсан  учир ийн­хүү хурал­дахаар болсон бай­на. Энэ хурлаар намын дүр­мийн өөрч­лөлт яригдах бө­гөөд  фракцуудыг  "зодолдо­ход" хүргээд байгаа   ротацийг  яах  эсэхээ  шийдэх юм. На­мын дарга Н.Алтанхуягтай Ард­чилсан хүчнүүдийн хол­бооны тэргүүн З.Энхболд уулзахдаа ротаци явуулахгүй байх санал хэлжээ.  Намын дүрэмд нэгэнт үүнийг зөв­шөөрөхгүй учир дүрмийн өөрчлөлт хийж байж ийм шийдэлд хүрэх аж. Ямар ч байсан дүрмийн өөрчлөлтөө энэ удаагийн ҮЗХ-ны хур­лаар нэгмөсөн шийдчихвэл энэ удаагийн ротаци яваг­дахгүй болж,  ирэх сонгууль хүртэл АН  одоо байгаа ҮЗХ-ны  гишүүдээсээ л УИХ-д нэр дэвшүүлэхээр болно гэсэн үг. Мөн нам дотор маргаантай дүүргүүд хэд хэд байгаагаас эхний ээлжинд Чингэлтэй дүүрэг асуудлаа шийдэж чад­сан бол араас нь  өөр дүүр­гүүд ч цэгцэрч магадгүй бо­лоод бай­на.

Өнгөрсөн ҮЗХ-ны хур­лаар генсекээ өөрчлөх та­лаар ярьж байсан билээ. Гэвч асуу­дал тэр удаа ямар ч бай­сан хойшилсон. Гэхдээ бүр­мөсөн цэглэгдээгүй нь нам доторхи фракц бүлэглэлүү­дийн со­нирхлоос харагдаж байгаа юм.    Харин генсекийг ингэж өөрчлөх хор явсны   дараа МҮДН фракц хөдөл­гөөнд орж эхэлсэн. МҮДН-тай Ардчил­сан хүчний холбоо, залуусын фракцууд эвсэл болохоор ярьчихсан яваа. Нэг ёсондоо зүгээр байхад зүгээр байл­гахгүй нь гээд хөдөлсөн хэрэг. Сүүлийн үеийн мэдээл­лээр МҮДН нийслэлийн на­мын хорооны даргын сууд­лыг сонирхож эхэлсэн гэх авч хажуугаар нь "Кроун"-ы Ням­хүү ч энэ албыг мөрөөдөж буй мэдээлэл тарах болов.  Нийс­лэ­лийн намын хорооны одоо­­гийн удирдлагыг  унагах фракцуудын сонирхол  ийн­хүү эхэлсэн бололтой.  АН-д фракцуудын тоглолт ид яваг­даж байгаа ч үүнийг эс ажран АН дахь "Алтан гадас" хүчээ зузаатгахаар элдэв арга сү­вэгчилж ил далд хороо най­руулсаар байна.  Нэг үгээр хэлбэл АН  одоогоор дотоод­доо тэмцэлдэх нь намжаагүй л байна. 

МАХН НЭРИЙГ ЗӨВШӨӨРВӨЛ  ЯАХ ВЭ, ҮГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?

Ардчилсан намын ҮЗХ ирэх долоо хоногт хурал­дахаар гишүүддээ зар түгээж эхэлсэн бол  МАН-ын аймаг,  нийслэл,  дүүргүүдийн бага хурлууд тус тусдаа  хурлаа хийж байгаа.

Ерэн  насныхаа ойг шинэ нэртэйгээ хамт таниулах гэ­сэн МАН-ын баяр сүр дуу­лиантай болов. Хажуугаар нь  МАХН бас өөрсдийн хэмжээ­гээрээ насны ойгоо тэмдэг­лэлээ. Аль  нь жинхэнэ ерэн настайг нь  ард түмэн ялгаж ойлгосон ч үгүй. Гэвч насны ой яахав ээ. Ямар ч байсан С.Батболд  МАН-ын  даргын хувьд хэлмэгдүүлэлтийн он жилүүдийн өмнөөс ард түм­нээсээ анх удаа уучлалт гуй­сан. Ерэн насны ойн арга хэмжээнээс иргэдийн ярих сэдэв болж үлдсэн нь энэ л байлаа.

Дээр нь тэрээр "МАН ч,  МАХН ч манай нам" гээд байгаа бол Н.Энхбаяр "МАХН манайх" гээд зүтгээд байгаа.  Н.Энхбаярын намын хувьд Дээд шүүх МАХН гэдэг нэрийг нь албан ёсоор зөвшөөрөх үгүй нь  ирэх долоо хоногт шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл  хуулийн хугацаа нь болж байгаа. Саяхан МАХН-ынхан албан ёсоор Дээд шүүх нэ­рийг нь өгвөл яах вэ, өгөхгүй бол яах вэ гэдгийг ярьж. Өгвөл ч яахав, улс төрөө хийгээд цааш явна. Өгөхгүй бол яахав гэдэг нь харин анхаарал та­таж байна. Удахгүй өрнөхөөр яриад байгаа хувьсгал гээчээ хийнэ гэх юм биш биз.  Дэл­хийн олон оронд өрнөөд буй хувьсгалт тэмцлүүд манайд ч болох тухай яриа л олныг айдаст автуулаад байна. Үүний тулд ч Н.Энхбаяр дол­дугаар сарын нэгний үйл явдлыг дахин сануулж,  бас ч үгүй цаана нь болж байсан нарийн зүйлийг  сөхөж эхлэв. Америкт байгаа С.Баярыг үүнд буруутай,  өөрийг нь шахаанд оруулж Онц байдал зарлуулсан гээд байгаа нь тэр үед Ерөнхий сайд байсан С.Баярыг  буруутгахаас гадна  одоогийн МАН-ыг   ч буруутай гэдгийг хэлээд байх  шиг. Тэрээр нэгэнт дайн эхэлснээ үүгээрээ зарлаж байгаа бо­лолтой. Айхгүй хэлснийг бод­вол арын үр дагавраас нь санаа зовохгүй байгаа гэлтэй. МАН-ын өнөөгийн удирд­лагаас үүнд тодорхой хариу өгөөгүй байна. Бодвол тухайн үеийн удирдлагатай хамаа­тай гээд дуугүй байж болох талтай. Харин Н.Энхбаярын хувьд С.Баярыг ч, МАН-ыг зүгээр орхихгүй.       

МАН-ын хувьд голж ор­хисон  МАХН нэр, жийж орхи­сон Н.Энхбаяр хоёр нь нэ­лээд гай болох нь тодорхой. Н.Энхбаярын намын нэрийг Дээд шүүх зөвшөөрөх эсэхээс  Сонгуулийн хуулиа аль талд нь эцэслэхээ шийдэх биз. Тухайлбал намын нэр, хүний нэрийн алийг сонгох гэх мэт. Одоо яригдаж байгаа хувил­бар нь өнгөрсөн 2008 оных дээрээ тогтож байгаа.  Сон­гууль хүртэл бас хугацаа байна. Түүнээс өмнө АН өөр­сөдтэйгөө, МАН МАХН-тайгаа үзэлцсээр л....

Онцлох нийтлэлүүд