ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.04.09 05:04

Япон пуужин эсэргүүцэх цогцолбороо байршуулав

Умард Солонгосын эрх баригчид баллистик пуужингийн туршилт явуулахаар  бэлтгэл ажлаа хангаад буй. Үүний хариуд Японы тал хариу арга хэмжээ авч эхэлжээ. Тэд  тус улс баллистик пуужингийн туршилт явуулбал пуужингаас хамгаалах системээ бэлэн байдалд байлгахаар болсон байна. Үүнтэй холбогдуулан Токио хотын эргэн тойронд пуужин эсэргүүцэх цогцолбор болох "Пэтриот-3" хэмээх системийг байршуулжээ.  Сануулахад, Японы эрх баригчид урьд нь үүнтэй адил арга хэмжээг нэг бус удаа авч байжээ. Тухайлбал, Умард Солонгосын эрх баригчид цөмийн гурав дахь туршилтаа явуулахад мөн пуужингийн эсрэг хамгаалалтаа чангатгаж байсан удаатай аж. Гэхдээ дээрх туршилтын үеэр Японы нутаг дэвсгэрт аюул занал учруулаагүй тул пуужингийн эсрэг гал нээгээгүй юм. Дашрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын эрх баригчид өөрсдийн бүтээсэн алсын  тусгалтай пуужингаа өмнөд хил рүүгээ ойртуулан зөөж буй талаарх мэдээлэл дэлхийн хэвлэлээр цацагдаж байв.  2.5-4 мянган км зайд тусах хүчин чадалтай тус пуужинг Өмнөд Солонгосын болон АНУ-ын тагнуулын албанаас энэ сарын 10-нд туршиж болзошгүй хэмээн хардаж буй юм. Үүнтэй зэрэгцэн Умард Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгост амьдарч байгаа гадаадын иргэдийг сэрэмжлүүлжээ. Тэд хоёр Солонгосын хооронд үүсэх  цэргийн мөргөлдөөний аюулаас өөрсдийгөө сэргийлэхийг анхааруулсан аж. Умард Солонгосын Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр "Дайн боллоо гэхэд бид Өмнөд Солонгост байгаа гадаадын иргэдэд аюул учруулмааргүй байна" хэмээн мэдэгдсэнийг Ройтерс агентлаг уламжилсан байна.

Онцлох нийтлэлүүд