ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.04.27 10:04

Монголд зочлох тэд хэн бэ

ЙИНГЛАК ЧИНАВАТ, ТАВАККОЛ КАРМАН, АУНГ САН СУ ЧИЙ

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хуралд оролцохоор Монгол Улсад ирж байгаа дэлхийд нэр алдартай зарим  улстөрчдийн товч намтрыг хүргэж байна.

АУНГ САН СУ ЧИЙ

Сүүлийн 20 гаруй жилийн улс төрийн тэмцлийнхээ 15 жилд нь гэрийн хорионд суусан энэ эмэгтэй Мьянмарын Парламентын доод танхимд өөрийн тэргүүлдэг Ард­чиллын төлөөх үндэсний лигийн Ерөнхий нарийн бичгийн дарга. 1990 онд болсон бүх нийтийн сонгуульд түүний  нам 59 хувийн санал авч, парламентын суудлын 81 хувийг эзэлж байсан. Гэвч  үүнээс өмнө тэр хэдийнэ гэрийн хорионд орсон байв. Өөрөөр хэлбэл, 1989 оны долдугаар сарын 20-ноос Аунг Сан Сун Чий гэрийн хорионд орсон байлаа. Түүнийг 2010 оны арваннэгдүгээр сард сулласан юм.  Мьянмар 2010 оноос хойш реформын шинжтэй арга хэмжээ авч эхэлсэн учир либерал ардчиллын замаар холимог эдийн засгийг хөгжүүлж хүний эрхийг хангах талаар ахиц дэвшил гаргаж эхэлжээ. Энэ дэвшлийг бий болго­ход Аунг Сан Сун Чийгийн өрнүүл­сэн тэмцэл нөлөөлсөн байдаг. Түүний хийсэн улс төрийн аядуу хэрнээ уйгагүй яван улс төрийн зүтгэл нь түүнийг дэлхий нийтэд мятаршгүй тэмцэгч болгон харуулж, нэр алдарт хүргэсэн билээ. Цэргийн хатуу дэглэм ноёрхож байсан Мьянмарт тодорч гарч ирсэн эмэгтэй удирдагч нь яах аргагүй Аунг Сан Сун Чий юм. Тиймээс тэрээр Нобелийн энх тайвны шагналтан болсон түүхтэй. 

Тэрээр орчин үеийн Бирм улсыг үндэслэгч гэгддэг Аунг Саны гурав дахь хүүхэд бөгөөд ганц охин нь юм. Түүний аав улсынхаа тус­гаар тогтнолыг зөвшөөрүүлэхийн төлөө Английн Засгийн газартай хэлэлцээ хийж байсан юм. Гэвч тэр  1947 онд  алан хядлагад өртөн амиа алдсан байдаг. Харин ээж Кхи Чи нь Энэтхэг, Балбад улсаа төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байжээ. Хатагтай Аунг Сан Сун Чий 1960 онд Шинэ Делид улстөрч судлал мэргэжил эзэмшсэн юм. Дараа нь Оксфордын их сургуульд элсэн орж философи, улстөрч эдийн засгийн чиглэлээр бакалавр зэрэгтэй болжээ. Их сургуулиа дүүргэснийхээ дараа тэрээр нэг хэсэг Нью-Йорк хот дахь НҮБ-д ажиллаж байв. Тэрээр 1972 онд төвд судлаач М.Эйристэй гэр бүл болж Александр, Ким хэмээх хоёр хүүгээ төрүүл­жээ. Хожмоо Лондон­гийн их сур­гуульд докторын зэрэг хам­гаалсан бөгөөд 1990 онд сургуу­лийнхаа хүндэт гишүүнээр сонгогд­сон юм. Аунг Сан Сун Чий 1988 онд өвчтэй эхээ асрахаар эх орондоо буцаж очихдоо ардчил­лын хөдөл­гөөнийг дэмжиж улмаар Ардчил­лын төлөө лиг намыг тэргүүлэх болсон билээ. Аунг Сан Сун Чий Төвд судлаач эрдэмтэн Майкл Аристай 1972 онд гэрлэж, Александр Арис, Ким Арис хэмээх хоёр хүү төрүүлсэн юм. Түүний нөхөр Бутан, Түвд, Хим­лайн соёл, Буддизмын талаар хэд хэдэн ном хэвлүүлсэн, барууны голлох эрдэмтний нэгд тооцогддог байлаа. Гэвч эхнэрээ улс төрийн тэмцэгч болж, гэрийн хорионд орсноос хойш тэд хоёр талд амьдардаг болсон гэдэг.  Учир нь цэргийн дэглэмтэй Бирма Майкл Ариствиза олгохоос татгалздаг байснаас тэр.  Ингээд Аунг Сан Сун Чийгийн нөхөр 1997 онд хорт хавдраар  нас барсан байдаг. 

  ЙИНГЛАК ЧИНАВАТ

Тайландын вант улсын 28 дахь Ерөнхий сайд, "Пхыа Тхаи" намын тэргүүн, хатагтай Йинглак Чинават 1967 онд Чингмай хотод мэндэл­жээ. Бүс нутгийн парламентын депутат Лерт Чинаватын есөн хүүхдийн отгон нь. Түүний ах Таксин Чинават тэрбумтан бөгөөд  Тайландын Ерөнхий сайдын албыг хашиж байсан бөгөөд одоогоор тэрээр хилийн чанадад амьдарч буй. Хатагтай Йинглак Чинават 1988 онд Чиангмайгийн их сур­гуулийг улс төр судлал, төрийн удирдлагын мэргэжлээр дүүргэсэн тэрээр АНУ-ын Кентуки муж улсын их сургуульд магистр зэрэг хамгаалжээ.  Эх орондоо буцан очсон даруйдаа гэр бүлийн бизнес болох "Shinawatra Direc­tories" хэмээх утсан харилцаааны лавлагааны газарт ажиллах бол­жээ. Тэрээр гар утасны зах зээл дээр тэргүүлдэг телефон харил­цааны "Rainbow Media", "Advanced Info Service" зэрэг компанид удирдах албан тушаал хашиж байв.

Йинглак Чинават 2009 онд анх  улс төрд хөл тавьснаас хоёр жилийн дараа парламентын сон­гуульд ялалт байгуулж, Тайланд улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон юм. Мөн тэрээр тус улсын түүхэн дэх  Гүйцэтгэх засаглалын хамгийн залуу тэргүүн болов. Тай­лан­дын парламентын сонгуулиар түүний тэргүүлж буй "Пхый Тхаи" нам парламентад 264 суудал авсан нь үнэмлэхүй ялалт болсон гэдэг. "Форбес" сэтгүүл 2008 онд Йинглак Чинаватыг хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн тоонд оруул­сан юм. Тэрээр нөхөр, хүүгийн хамт амьдардаг. 

ТАВАККОЛ КАРМАН

Өдгөө 34 настай, гурван хүүхдийн эх Таваккол Карман Арабын орнууд дотроос  Нобелийн Энх тайвны шагналтан болсон анхны эмэгтэй юм. Йемений эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, энх тайвныг тогтоох үйл хэрэгт оролцох эрхийн төлөө хийсэн тэмцлийг нь үнэлэн уг шагналыг Нобелийн хорооноос түүнд хүр­тээсэн билээ. Тэрбээр Нобелийн энх тайвны шагналыг гардан авсан анхны Йемен иргэн, мөн анхны араб, хоёр дахь лалын шашинтай эмэгтэй болоод байна. Түүний зэрэгцээ 32 насандаа Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн хамгийн залуу хүнээр тодорсон юм. Хүний эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч тэрээр сэтгүүлч, улстөрч мэргэжилтэй.  Таваколл Карман 1979 онд Йемений Таиз хотноо мэндэлжээ. 2005 онд хүний эрхийг хамгаалах хөдөлгөөнийг үндэслэн байгуулж, улмаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, ардчилсан эрхийг сурталчилж байжээ. Тэрээр 2007-2010 онд нийслэл Сана хотын төвд байрлах Эрх чөлөөний талбай дахь Засгийн газрынхаа байрны өмнө суугаа хэлбэрээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Харин 2011 онд түүнийг хууль бус цуглаан зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн, Йеменд эмх замбараагүй байдал үүсэхэд турхирсан гэх хэргээр хоригдож байжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Онцлох нийтлэлүүд