ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.05.06 12:05

Монгол хүүхнүүд байнга гадаадынхны гарын шүүс болоод байдаггүй л байхгүй юу

Гадаад хүнтэй гэр бүл болж, түүнийхээ дарамтад олон жил зовж зүдэрсэн эмэгтэйчүүдийн талаар манай сонин бусад монгол бүсгүйчүүддээ сургамж болгох үүднээс мэдээлдэг. Тэгвэл харийн хүнтэй суусан монгол бүсгүйчүүд маань тэр болгон тэдний гарын шүүс болоод байдаггүй юм аа. Харин ч суусан хүнээ хашрааж дөнгөсөн тохиолдлууд ч бас байна. Одоо Солонгосын те­левизээр дуулиан тариад байгаа монгол бүсгүй тус улсын иргэн болох эр нөхрөө хэрхэн өөрийнхөө атганд байлгадаг байсныг сонир­хуулъя.

БНСУ-ын иргэн Чу Ён Ху нь 2002 онд танилаараа дамжуулан монгол бүсгүйтэй танилцжээ. Тэд хоёр жилийн дараа гэр бүл болж Солонгост амьдрах болсон байна. Одоо тэдний дундаас төрсөн долоон настай хүү бий аж. Гэвч эхнэр нь түүнээс салж, хүүгээ аван Монгол руу явжээ. Тиймээс Чу Ён Ху хүүгээ өөр дээрээ  авахыг хүсч байгаа нэгэн аж.

Монголоос залуухан эхнэр авсан Чу Ён Ху өөрийгөө таагүй хувь тавилантай учирна гэж төсөө­лөө ч үгүй бололтой. Өнгөрсөн арван жил түүний хувьд аймшиг­тай, хар дарсан зүүд шиг байсан гэнэ. Эхнэрийнхээ харцаар л хө­дөл­дөг, ямар ч эрх мэдэлгүй бай­жээ. Аргаа барсан Чу Ён Ху өөрт тохиолдсон явдлаа Солонгосын ард түмэнд дэлгэхийг хүсч теле­визийн ярилцлагад орсон байна. Тэрээр энэ сарын 1-ний өдөр Солонгосын "CHANNEL-A" теле­визийн "Бун Нун Уан" нэртэй нэвт­рүүлгийн 33 дахь дугаарын зоч­ноор оролцжээ. Залуухан монгол эхнэрийнхээ өөрт нь ханддаг ханд­лага, зан авир болоод хэрхэн зодуулж, нүдүүлдэг байснаа теле­визийн камерын өмнө өрөв­дөл­тэйгээр өчсөн байх юм.

Чу Ён Ху эхнэртэйгээ нэг гэрт орсон цагаас Монголд байгаа ар гэрийнхэнд нь ихээхэн мөнгөн тусламж үзүүлж байжээ. Улмаар тэднийг гадаадад аялуулж, байд­гаа барьдаг байсан юм байх. Түүний эхнэр өмнө нь Монголд гэр бүлтэй байж. Том болсон хүү нь эх орон­доо үлдсэн бөгөөд тэрнийх нь дээд  сургуулийн төлбөрийг хүртэл Чу Ён Ху даасан юм байна. Хар элгийн хүнд байтугай ээж аавдаа ч зүгээр мөнгө "май" гээд өгдөггүй солонгос­чуудын хувьд ингэж хэн нэгний санхүүгийн байдлыг хан­гана гэдэг байж боломгүй явдал. Тэгвэл Чу Ён Ху эхнэрийнхээ үгнээс гарахгүй хамаатнуудад нь мөнгө өгдөг байсан нь ямар дарамтад амьдарч байсныг нотлох ажээ. Түүнтэй нэг гэрт орсон цагаасаа шалтгаангүйгээр зодуулж, дарамт­луулж эхэлсэн болохоор ар гэрийнхэнд нь мөнгө өгч, тэдний хэлснийг биелүүлэхээс өөр арга­гүйд хүрсэн гэнэ ээ.

Чу Ён Ху телевизийн ярилц­лагад орж байхдаа монгол эхнэ­рийнхээ харгис хэрцгий авирыг нэгд нэггүй ярьж, солонгосчуудыг ихэд гайхшруулжээ.

Ер нь Солонгосын шоу нэвт­рүүлгүүд оролцогч болон үзэгч­дийн сэтгэл хөдлөлийг зориудаар илэрхийлж улам хүч оруулж өгдөг билээ. Тухайлбал, "Оддын хаан" хэмээх нэвтрүүлгийг монголчууд андахгүй байх. Чу Ён Хугийн оролцсон нэвтрүүлэг ч үүнээс дутахааргүй эмоци ихтэй юм билээ. Тэрээр нэвтрүүлэгт орж ирэхдээ л эхнэрийгээ "Хүн биш" гэж орилсоор орж ирж байгаа харагдав. "Эхнэр маань надад байнга хүндэтгэлгүй ханддаг байсан. Хөөе чи, тэнэгээ, мангараа гэж хэлдэг. Сүүлдээ би энэ болгоныг хүндээр хүлээж ава­хаа больсон. Харин "П...", "Хуц чи" гэж зүхдэг" хэмээн эдгээр ха­раа­лын үгийг монголоор хэлэх нь тэр. "Энэ нь ямар учиртай үг юм бэ" гэсэн сэтгүүлчийн асуултад "Со­лонгосоор орчуулбал, хамгийн муу муухай хараалын үг. Бас эхнэр маань монгол байтугай солонгос хараалын үгийг надаас илүү урс­гадаг" гэж "ховлож" байна аа. Түүний ярьж буйгаар эхнэр нь толгой руу нь цохиж, нүүр рүү нь алгадан, өшиглөж, эд хогшлоор цохих нь энүүхэнд байжээ. Байр­ныхаа гадаа оршин суугчдын нүдэн дээр зодож жанчих байдал олон удаа давтагдсан гэнэ. Ингэж эхнэр­тээ хэл амаар доромжлуулан, зо­дуулж жанчуулдгаа тэднийг хараа­гүй хөршүүд болон танилууддаа хэлэхээр огтхон ч итгэдэггүй байж. Учир нь Солонгост бол эцгийн эрхт ёс ноёрхдог. Тиймээс айлын эхнэ­рүүд нөхрийнхөө өөдөөс хэрэлдэж авалцах нь байтугай муухай ч харж зүрхэлдэггүй гэсэн. Харин Монгол эмэгтэйчүүд бол өөр. Манай нийгэмд эхнэр нөхрүүд тэгш эрхтэй. Айлын эхнэрүүд нөхрөө загнаж, үглэх нь жирийн үзэгдэл байдаг. Тэгвэл тэдний нийгэмд ийм ёс байж боломгүй зүйлээр хүлээж авдаг байна. Тиймдээ Чу Ён Хуг эхнэ­рийнхээ дээрлэхүү занг ярингуут хөтлөгч болон оролцогчид сүржнээр хүлээж авах нь тэр.

Бүр уг нэвтрүүлэгт оролцож байсан түүхч Өүлэн эх ямар байсан талаар хүртэл яриад авна лээ. Тэрээр "Ер нь Монголд эхнэр нөхөр хоёр эн тэнцүү эрхтэй байдаг нь тэдний цусанд нь байдаг болол­той. Чингэс хааны ээж Өүлэн эх төрийн эрхийг барих бодлогод ухаанаа нэмэрлэж, эмэгтэй хүн хэрнээ эрэгтэй хүнээс дутахааргүй байсан" гэхчилэн түүхэн явдлын талаар сөхөв.

Харин Чу Ён Ху хаа явсан газраа эхнэртээ дарамтлуулж байсан тохиолдлуудаасаа ингэж өгүүллээ. Тэд нэг удаа Монголд иржээ. Ингээд ах дүү хамаатан садангуудтай нь хамт ресторанд хооллосон байна. Тухайн үед эхнэрийнх нь хамаатны нэг оюутан залуу ОХУ-аас ирсэн байж. Тэрээр самбо бөхөөр хичээллэдэг бөгөөд багагүй амжилт үзүүлсэн байжээ. Тэдний хоолны төлбөр 300 мянган төгрөг гарахад солонгос хүргэн нь төлсөн гэнэ. Ингээд тэндээсээ гарч, Чу Ён Ху машин барин гэрийн зүг жолоо эргүүлжээ. Тэгтэл эхнэр нь гэнэт зодож гарсан аж. "Миний дүү амжилт гаргаад ирж байхад таван цаас ч өгчихгүй" хэмээн түүнийг цохисон бололтой. Ямарваа нэгэн амжилт гаргасан хүндээ талархал илэрхийлж, бэлэг өгөх ухаан мон­гол­чуудад бий. Харин харамч нарийн солонгосчуудын хүнд мөнгө өгөх нь битгий хэл тийм бодол ч зурсхийхгүй нь мэдээжийн хэрэг шүү дээ.

Тэр бичигдээгүй хуулийг мэ­дэхгүй Чу Ён Ху эхнэртээ бал­буулсан тухайгаа яримагц  хөтлөг­чийн зүгээс "Түрүүлээд цохиж болоогүй юм уу" хэмээн асуув. Хариуд нь Чу Ён Ху "Түрүүлээд цохих гэхээр их хүчтэй. Тиймээс чаддаггүй. Монгол хүмүүс сардаа 20 кг үхрийн мах иддэг болохоор хүч ихтэй" гэх нь хөгтэй санагдлаа.  Чу Ён Ху Монголд ирээд эхнэртээ зодуулсан нь үүгээр зогсохгүй. Эхнэр нь монгол найзуудтайгаа ресторанд суужээ. Тэгээд нөхрий­гөө дуудаж гэнэ. Харин мань эр мон­голоор ярьж мэдэхгүй, эхнэрийнх нь найзууд ч солонгос хэл гадар­лахгүй.

Тиймээс эхнэртээ хайртай болохоо найзуудад нь ойлгуулах санаатай англи хэлээр "Энэ бол миний эхнэр. Би түүнд хайртай" хэмээсэн гэнэ. Тэгэнгүүт эхнэр нь гэнэт уурсаж, "Чи муу миний най­зууд руу хандарлаа" гээд өшиглөж гарсан гэдэг.

Уг телевизийн нэвтрүүлгийн үеэр Монголд байгаа нэгэн солон­гос найзтайгаа утсаар холбогджээ. Утасны цаанаас найз нь "Би Чу Ён Хуг бэртэж гэмтсэн үед нь эм авч өгдөг байлаа. Энэ бол үнэхээр аз жаргалтай амьдрал биш. Тэд сал­бал сайхан байна" гэж ярих нь тэр.  Харин Чу Ён Ху Монголд байгаа долоон настай хүүгээ авах нь түүний туйлын зорилго ажээ. Түү­ний өөр нэг хүсэл бол эхнэрийгээ нэг удаа ч гэсэн цохиж үзэх байсан бололтой. Тэрээр энэ тухай теле­визийн нэвтрүүлгийн үеэр дурдаад авна лээ.

Д.НЯМДОРЖ

М.МӨНХЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд