ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.05.06 04:05

Аз жаргалын эрэлд харийг зорьсон бүсгүйг боолын хувь заяа угтжээ

Харийн хүнтэй гэр бүл зохиож, амьдралаа хол­бохоор шийдсэн монгол бүсгүйчүүддээ сургамж болгох үүднээс нэгэн эмэг­тэйд тохиолдсон явд­лыг манай сонин хөндөж байна. Түүнийг Н.Ан­хи­луун гэж нэрлэлээ. Учир нь тэрбээр нийгэмд ажил хөдөлмөр эрхэлж буй за­луу хүн болохоор нэрээ нууцлахыг биднээс аминч­лан хүссэн юм.

Гадаадын иргэнтэй ханилж, сайн сайхан амь­дарч байгаа монгол эмэг­тэйчүүд бий. Гэвч хүний амьдрал алдаа мадаггүй, дардан замаар урагш­ил­на гэдэг ховорхон. Ирээ­дүй­гээ гэгээлгээр тө­сөөлж, гадны иргэнтэй гэрлэн хүүхдийг нь төрүү­лээд эцэс сүүлдээ хохи­рогч болдог бүсгүйчүү­дийн түүх олон. Ийм нэгэн зовлонт амьдралын зам­на­лаар явж ирсэн Т.Аятун­гаа, С.Энхмаа на­рын тухай өмнө бид мэ­дээлсэн. Нөхөр болох хүнээ зөв таньж, сон­гоо­гүй­гээс хайран сайхан амьдралаа үрэн таран хийж, үр хүүхдээ өнч­рүүлж, тэднээсээ хагац­сан монгол эмэгтэйчүүдэд маань тохиолдсон явдал олон хүнд нэгийг бодог­дуулаад авсан. Харин энэ удаад тэвчээрийн хязгаа­рыг туулж, эх орондоо эсэн мэнд ирсэн Н.Ан­хи­луун бүсгүйн талаарх үнэн түүхийг толилуулж байна.

Н.Анхилуун БНХАУ-ын иргэн Фан Фү Сөүтэй гэр бүл болж, хүүтэй болсон юм. Хахир хадмуудынхаа гарт боолчлогдож, шоронд байгаа юм шиг өнгөрүүлсэн найман жил түүний хувьд там шиг л байжээ. Хүнд хэцүү байдлаас өөрийн чад­лаа­раа мултарч, эх нутагтаа  ирсэн энэ бүсгүй өдгөө хүүгээ санан бэтгэрч, зовж шаналж яваа нэгэн.

ӨНГӨ МӨНГӨНД ХУУРТСАН ӨДРҮҮД....

1998 оны тавдугаар сар. Энэ үед Н.Анхилуун аравдугаар ангийн сурагч байв. Төгсөх ангийн сурагч байсан тэрээр шалгалт шүүлэгтээ бэлдэхийн зэрэгцээ ажил хийж, амьжиргаагаа залгуулдаг хөдөл­гөөн­тэй охин байжээ. Гэрийнхээ ойролцоо буюу "Таван шар"-ын орчимд үсчний газарт ажиллаж байсан гэнэ. 

Хаврын улиралд юм бүхэн шинээр сэргэж, хорвоо дэлхий өнгө зүсээ нэмдэг. Тэр утгаар хаврыг хайр дурлалын улирал хэмээн хүмүүс ярьдаг билээ. Сурагч ахуй насандаа үеийнхээ хөвгүүдийг шохоорхон сэтгэл алдрах явдал охид бүсгүйчүүдэд олонтаа учирна. Н.Анхилууны хувьд ч хайр дурла­лаас хол хөндий байгаагүй гэнэ. Үсчин хийж байхад нь гоё сайхан залуучууд орж ирэхэд нь нүд унагах тохиолдол цөөнгүй байж. Дурлалт хосууд үйлчлүүлэхэд нь битүүхэндээ тэдэнд атаархдаг байжээ. "Хэзээ нэгэн цагт сэтгэл татсан хэн нэгэнтэй ингээд явж байна даа" хэмээн хүүхэд насны гэнэн томоогүй зангаар төсөөлж, дотроо догдолдог байснаа нуугаагүй юм.

Түүний ажиллаж байсан үсчний газрынх нь дэргэд БНХАУ-ын хөрөн­гө оруулалттай ясны гурилын үйлд­вэр байдаг байжээ. Уг үйлдвэ­рийн монгол талыг хариуцсан захирал нь үсчний газраар байн байн нэгэн хятад залуутай орж ирэн үсээ засуулдаг байсан гэнэ. Тэрхүү хятад эр нь уг ясны гурилын үйлдвэрийн хөрөнгө оруулагч Фан Фү Сөү аж. Нэг удаа Монгол талын захирал залуу Н.Анхилуунаас Фан Фү Сөүгийн үсийг засаад өгөхийг гуйжээ. Анхандаа тэрээр  үндсэрхэг үзэл битүүхэндээ агуулж, хятад залууд дурамжхан ханддаг байв. "Очиж, очиж хужаагийн үсийг засаад байхдаа яахав дээ" хэмээн цааргалах ч "Мөнгөө төлж байгаа үйлчлүүлэгч юм хойно доо" хэмээн аргагүйн эрхэнд үсийг нь засч өгдөг байжээ. Фан Фү Сөү ч ойр ойрхон үсчинд орж, Н.Анхилууны өмнө очоод суучихдаг болж. Бие хаа сайтай, өндөр нуруулаг, бас царай­лаг төрхтэй түүнээс Н.Ан­хилуун тэр болгон татгалзаж чаддаг­­гүй байсан гэдэг. Хятад эр түүний сэтгэлийг татах гэж олон янзаар өөрийгөө илэрхийлдэг байсан нь аажимдаа таалагдаж эхэлжээ. Бэлэг сэлтнээс авахуу­лаад роман­тик байдалд нь Н.Ан­хилуун өөрийн эрхгүй татагдаж, ойр зуурын юм ярилцдаг болж. Гэхдээ тухайн үед тэдний хооронд ямар нэгэн хайр сэтгэлийн холбоо үүсээгүй байжээ. Жирийн найзууд шиг л дотно харилцаатай, жил шахам болсон гэнэ.

Фан Фү Сөү өдөр болгон үсчний газраар үзэгдэх болж, Н.Анхилуу­ныг хоолонд оруулдаг боллоо. Н.Анхилуунд түүний энэ байдал сайхан санагджээ. Үнэгүй хоол идэж, өнгө өнгийн бэлэг авах нь түүнд таалагджээ. Цаг хугацааны аясаар Н.Анхилуун хятад залууд татагдаж, дасч байгаагаа мэдэрсэн байна.

 МӨРӨӨДЛИЙН АМЬДРАЛ НЬ БИЕЛЭХ ЗАМ...

1999 он. Н.Анхилуун энэ үед дээд сургуулийн нэгдүгээр дам­жааны оюутан байж. Харин гэнэт­хэн нэг өдөр Фан Фү Сөү үсчний газраар нь үзэгдэхээ больжээ. Жил шахам уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлдэг байсан энэ залууг явчихсаны дараа түүнийг Н.Анхи­луун  санагалзаж эхэлсэн байна. Хааяа бодож, дасч дур­ласнаа ойлгожээ. Фан Фү Сөү хоёр сар шахам сураггүй боллоо. Н.Анхи­луун ч ажлаасаа гарчээ. Тэрээр сургал­тынхаа төлбөрийг олохын тулд арай илүү цалинтай газар үсчин хийх болсон гэнэ.

Нэгэн өдөр гэртээ байж байтал хонх нь дуугарчээ. Хаалгаа нээтэл Фан Фү Сөү зогсч байхыг хараад зүүд биш байгаадаа хэмээн ихэд баярлажээ. "Манай гэрийг мэдэхгүй байж ингээд хүрээд ирсэн нь үнэхээр надад  хайртай юм байна" хэмээн итгэсэн гэнэ. Түүнтэй учрах нь хувь тавилан юм байна хэмээн баярласан гэдэг. Фан Фү Сөүд тэдний гэрийг хуучин ажлынх нь хүмүүс зааж өгчээ. Ингээд сураг­ласаар байгаад Н.Анхилуу­ныг олоод ирсэнд улам догдолсон аж.

Фан Фү Сөү түүнийг алган дээрээ бөмбөрүүлж, алт мөнгөөр өлгийдөх нь холгүй байжээ. Аль үнэтэй гэсэн ресторанд романтик байдлаар цагийг өнгөрүүлж, хайрын халуун дулаан үгсийг харамгүй урсгадаг байж. Үнэтэй брэндийн цүнх, гутал, хувцас, үнэт эдлэлүүд авч өгч сэтгэлийг нь 100 хувь өөртөө эргүүлж чадсан байна. Улмаар Н.Анхилууны гэр орноор очиж, ээж, аавтай нь танилцан, тэдэнд таалагдах гэж хэрэндээ хичээдэг байжээ. Танагтай, тансаг гэсэн болгоныг барьдаг байсан гэнэ.

Фан Фү Сөү өөрийнхөө болон нутагтаа байгаа гэр бүлийнхнийгээ тэдэнд танилцуулахдаа мундаг бизнесмэнүүд гэсэн ойлголтыг төрүүлжээ. Ээж, аав нь настай хүмүүс байдаг бол ах эгч нар нь ресторан ажиллуулдаг боломжийн баян амьдралтай гэжээ. Харин өөрөө рестораныхаа хоол хүнсний асуудлыг нь  хариуцан ажилладаг хэмээж. Мөн Монгол дахь үйлдвэ­рийг дангаараа эрхэлдэг мэтээр ярьжээ. Ажил хэргийн шугамаар ойр ойрхон нутаг руугаа яваад ирэх болгондоо хамгийн түрүүнд Н.Анхилууныг зорих болж. Үүнийг нь манай бүсгүй "Надад үнэн сэтгэлээсээ хайртай юм байна" гэж хүлээж авдаг байжээ. Өөрт нь хайртай, халамжтай, мөнгөтэй, дээрээс нь царайлаг хүнтэй гэрлэвэл амьдрал нь сайхан болно гэж үлгэрийн юм шиг төсөөлж байсан бололтой.

 ӨӨРӨӨ Ч МЭДЭЭГҮЙ БАЙХАД НЬ АЙЛЫН БЭР БОЛГОЖЭЭ

2001 он. Ясны гурилын үйлдвэр ч хаалгаа барьж, Фан Фү Сөү нутаг буцжээ. Гэхдээ үе үе Монголд ирж, Н.Анхилуунтай гэрлэх тухайгаа ярьдаг байж. Н.Анхилуун бүсгүй ч энэ тухайгаа ээждээ хэлэхэд тийм ч таатай хүлээж аваагүй гэнэ. Охиноо бүтэхгүй хүнтэй ханилах нь гэж эхийн зөн совингоороо мэдэрч  байсан нь лавтай. Н.Анхилуун хо­ром­хон зуурын жаргалыг үүрдийн юм шиг санаж, Хятад улсад бэр болох шийдвэр гаргахдаа огтхон ч эргэлзэж байгаагүй аж.

Нутаг руугаа яваад гурван сар болсон Фан Фү Сөү нэгэн өдөр Н.Анхилуунтай утсаар ярьж, эцэг эхтэйгээ танилцуулахаар урьжээ. "Миний хайр Эрээнд хүрээд ир. Хайр нь тосч аваад хамтдаа манайх руу явъя. Аав ээж болон нутаг оронтойгоо танилцуулъя" гэсэн байна. Түүний ялдам үгэнд хууртсан Н.Анхилуун анх удаа гадаад орныг зорих болсондоо ихэд хөөрчээ. Ээж, аавдаа Фан Фү Сөү маш сайн хүн болохыг хэлж, ятган байж Эрээн явах зөвшөөрөл авсан гэнэ. Ингээд богино хуга­цаанд гадаад паспорт гаргуулаад харийн нутгийг зорьжээ. Галт тэрэг хөдлөнгүүт дотроо баярлан догдолж байсан аж. Олон сайхан зүйлийг ургуулан бодож, дурлалт залуу руугаа улам яаран тэмүүлсэн гэдэг. Энэ мэт түмэн бодолд хөвсөөр нэг мэдэхэд Эрээн хотод хөл тавьжээ. Анх удаа хилийн дээс алхсан түүнд орчин тойрон нь соньхон санагджээ. Ингээд тэд такси хөлслөн Хөх хотыг чиглэсэн байна. Тал дундуур давхин явж байхад Н.Анхилууны сэтгэлд нэг л тавгүй мэдрэмж үе үе зурсхийн орж иржээ. Гэвч юман чинээ тоолгүй, Фан Фү Сөүгийн энгэрт эрхлэн явсаар зорьсон газраа ирсэн байна. Хөх хотод очингуут  Фан Фү Сөүгийн ээж, аав, ах, эгч нар нь түүнийг найрсгаар хүлээн авчээ. Ингээд дэлгүүр хоршоогоор дагуу­лан явж, баахан л улаан өнгийн хувцас авч өгчээ. Н.Анхилууны хүссэн болгоныг худалдан авч өгөх нь түүний хувьд зүүд зэрэглээ шиг л санагдаж. Харин аав, ээж нь бага оврын ачааны машин дүүрэн бараа ачиж, баглаад түрүүлээд хөдөлжээ. Харин Фан Фү Сөү Н.Ан­хилуунтай үлдэж, үсчинд оруулан, гоёж гоодуулсан байна. Хятад хэл "А" ч байхгүй тэрээр тэдний гарын аясаар л дагаж байж. Энэ бүхэн нь түүнд ихэд таалагдсан гэнэ. Ингэж будаг шунх болж, гоёж гангалсных нь дараа тэд Ү Цухайн гэдэг тос­гонд очжээ. Хөдөөний энэ бөглүү тосгон Н.Анхилуунд тавгүй мэдрэмж төрүүлсэн байна. Машинаас буу­сан даруйд нь нэгэн том байшинд оруулжээ. Улаан тоосгоор барь­сан, автомашины гарааш гэмээр тэр хөндий зааланд дүүрэн хүн цуглаж, идээ будаа зассан байжээ. Энэ байдлыг гайхсан Н.Анхилуун өөрийг нь угтаж байгаа юм байх хэмээн боджээ. Тэгтэл юу юугүй хурим болох нь тэр. Энэ үед тэрээр гэнэт айлын бэр болсноо сая нэг юм анзаарчээ. Нөхөр болох залуудаа "Яагаад надад мэдэгдэлгүй ингэх болов. Эртнээс хэлсэн бол Монголоос ээж, аавтайгаа хамт ирэх байсан" хэмээн бухимдангуй  хэлжээ. Хариуд нь "Манай ёсонд бэр болох хүнээ ингэж хулгайлж авдаг юм" гэсэн гэдэг. Хурим найр ч нижгэр сайхан болж, дурлалт хосууд тусдаа гарчээ. Арга хэмжээ дууссаны дараа Н.Анхилуун ар гэрийнхэн рүүгээ утсаар ярьж, Фан Фү Сөүтэй хуримлаж айлын бэр болсноо пал хийтэл нь хийлжээ. Үүнийг сонссон эцэг, эх нь шоконд орж, мэл гайхсан гэдэг.

Бөглүү энэхэн тосгонд нэгэн жижиг байшинд толгой холбон амьдрах болсон байна. Тэднийх­тэй ойролцоо хадам ээж аав нь, мөн нөхрийнх нь эгч гэр бүлтэйгээ амьдардаг байжээ. Тэд уг тосгонд үнээний фермийн аж ахуй эрхэл­дэг байж. Эхний удаад шинэ бэр­дээ хир халдаахгүй, алган дээрээ бөмбөрүүлж байсан гэнэ. Харам­салтай нь энэ байдал тийм ч удаан үргэлжлээгүй юм байна лээ.

Н.Анхилуун бүсгүй БНХАУ-ын иргэн Фан Фү Сөүтэй гэр бүл болж хэр­хэн боолчлогдон амь­дарч байсан талаар үр­гэлж­лүүлэн хүргэе. Гоё сайхан үг, өнгө мөнгөнд хууртан, түрхэн зуурын жаргалыг үүрдийн хэ­мээн санаж ханиа буруу сонгосон энэ эмэгтэй хай­ран сайхан залуу насаа бусдын эрхэнд өнгөрүүл­сэн­дээ тун ч их харамсдаг юм билээ.

 

ГЭРЛЭЛТИЙГ ХОРИГЛО­СОН ХҮМҮҮСИЙН ҮГЭНД ОР­ДОГ Л БАЙЖ ГЭЖ ХАЛАГЛАВ

2002 он. Н.Анхилуун бие давхар болжээ. Фан Фү Сөүгийн гэр орон, амьжиргааг нь маш сайх­наар төсөөлж, Хятадад ирсэн Н.Анхилуун бодит байдлыг нүдээрээ хара­хад нөхрийнх нь талаарх бодол орвонгоороо эргэ­сэн юм. Хүн ам ихээр суурьш­сан хөгжилтэй хо­тод рестораны бизнес эрхэлдэг хэмээсэн хятад эрийн үгэнд хууртсанаа сая нэг ухаарав. Хөдөө­ний бөглүү тосгонд мал­чин айлын бэр болсон­доо нэлээд дурамжхан байлаа. Уян наалинхай үгээр аргадаж, Н.Анхи­луунд дандаа бууж өгдөг байсан Фан Фү Сөү ну­таг­таа очингуутаа төрөл арилж­жээ. Хадмууд нь ч ялгаагүй. Н.Анхилууныг анхандаа эрдэнийн чулуу шиг алган дээрээ бөм­бө­рүүлдэг байсан бол тун удалгүй зарц шигээ ханд­даг болсон байна. Хүний эрээн дотроо гэдэг ямар үнэн үг вэ хэмээн хөөрхий эмэгтэй тэдэнд гомдож, ганцаарддаг байжээ. "Иймийг нь мэдсэн бол Монголд байхдаа яах гэж гэрлэлтээ батлуулав аа" гэж халаглах үе бишгүй­дээ байж.

 

Цаг хугацаа өнгөрөх тусам Н.Анхилуун бүсгүй "Фан Фү Сөүтэй нэгэнт албан ёсны эхнэр, нөхөр хоёр болсон юм чинь энэ хувь тавилантайгаа эвлэрье дээ" гэж өөрийгөө тайвшруулдаг болсон гэнэ. Хэрэв Н.Анхилуун Фан Фү Сөүтэй гэрлэлтээ батлуулаагүй байсан бол энэ олон жил түүний дарамтад зовж, тэвчээрээ барах шаардлагагүй байснаа нуугаагүй ээ. Уг нь тэднийг гэрлэлтээ батлуу­лахад эсэргүүцэж байсан хүн мэр сэр байсан гэдэг. Хамаатан садан­гуу­даас нь эхлээд хар элгийн хүн хүртэл хориглож байсан удаатай гэнэ.

Яагаад ч юм бэ тэд гэрлэлтийн батлахаа авах гэхэд нэлээд саад­тай байсан аж. Гэрчилгээ бичиж өгдөг дүүргийн мэргэжилтэн шинэ­хэн хосуудын материалыг хүлээж авчихаад сар гаран болсон байна. "Утсаар ярьж байгаад ирээрэй" гэсний дагуу Н.Анхилуун уг мэргэ­жилтэнтэй холбогдохоор "Болоо­гүй байна" хэмээсээр сунжирсаар байсан гэнэ. Сүүлдээ сүйт хархүү ч уурлаж, Н.Анхилуун ч хайртыгаа алдахаас эмээж гэрлэлтээ батлуу­лахаар яаравчилжээ. Ингээд дүү­рэг дээрээ очиж, гэрлэлтийн гэрчил­гээ олгодог мэргэжилтний үүдийг сахиад суучи­хаж. Оочир дарааллаараа явсаар тэдний орох ээлж болов. Хосуудыг хамтдаа ортол өнөөх мэргэжилтэн их л дуу муутай "Фан Фү Сөү гарч бай. Харин Н.Анхилуун үлд" гэжээ. Хятад залууг гарангуут мань эр "За охин минь. Чи чинь юу хийж байгаа нь энэ вэ. Бодлоо өөрчлөхөд одоо оройтоогүй байна шүү дээ" гэж тэдний гэрлэлтийг эсэргүүцжээ. Бүсгүй ч түүний саналыг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, бодлоосоо огтхон ч ухраагүй байна. Н.Анхи­луу­ны эцэг эхэд ч хүргэн болох залуу нь таалагдаагүй гэдэг. Охины­хоо ирээдүйг бодоод хорьж цагдах ч харийн хүнд чин сэтгэлээ­сээ дурласан болохыг нь анзаарч аясаар нь орхижээ. Ингэж олон хүнээс зөрж Хятадын иргэнтэй нэг гэрт орсон Н.Анхилуун хахир хад­мууд, хуурамч нөхрийнхөө гарт шүүслүүлж байсан ч зовлон ша­нал­лаа дотроо л хадгалж бай­сан гэдэг. Фан Фү Сөү зөвхөн гэрлэлтээ батлуулж, Н.Анхилууныг богтолж авах хүртлээ уян наалинхай үгээр аргадаж, өмнө нь бөнжигнөн жү­жиг­лэдэг байсныг хөөрхий эмэгтэй хожуу ухаарчээ. Давхар биетэй болсон түүнийг үл хайрлан өдөр шөнөгүй ажиллуулдаг болжээ. Тогоо шиг том гэдэстэй байхдаа үүрийн таван жингээр босч үнээ саана. Хадмууд нь 40 гаруй үнээтэй гэнэ. Үнээний дэлэн шувтрах нь битгий хэл ойртож ч үзээгүй байсан тэрээр фирмийн аж ахуйд хурдан суралц­жээ. Ганцаараа үнээгээ сааж, малын хашаа хороогоо цэвэрлэж, хадмуудынхаа хоол ундыг бэлтгэн, хувцас хунарыг угаасаар байтал өдөржин борви бохисхийдэггүй байлаа. Тэрээр ар гэрийнхэндээ энэ тухайгаа ярьж, зовж шаналж байгаагаа тоочиж байсан удаагүй. Харин ч бусдад муугаа үзүүлэхгүйн тулд сайхан амьдарч, жаргаж бай­на хэмээн худлаа ярьдаг байжээ.

ХАДМУУДЫНХ НЬ ХУВЬД ХҮҮХЭД ЭРҮҮЛ САРУУЛ ТӨРЖ БАЙВАЛ ЭХ НЬ ҮХСЭН Ч ХАМААГҮЙ БОЛОЛТОЙ

2003 он. Энэ оны долдугаар сард Н.Анхилуун 4.8 кг хүү төрүү­лэв. Тэрээр ширүүн аадар бороо­той өдөр уулын мухарт байх бөглүү тосгонд гэртээ амаржсан юм. Нас залуухан энэ бүсгүй анх жирэмсэн болсон цагаасаа эмчийн хяналтад орно гэдгийг мэдэхгүй явсаар ийн эмнэлэг бараадаж ч чадалгүй гэртээ төржээ. Уг нь тэр тосгоны жирэмсэн эхчүүд төв суурин руугаа хэдэн цаг давхиж очоод хяналтад орохоор үе үе явж үзүүлдэг байж. Гэвч Н.Анхи­луун хятад хэл мэдэх­гүй, дээрээс нь түүний төлөө хэн ч дуугарахгүй болохоор эмчийн бараа харалгүй байсаар хүүгээ төрүүлжээ. Уг нь тэрээр нутагтаа очиж төрнө хэмээн төлөвлөж бай­сан ч тухайн үед шувууны ханиад гарч, хил гааль хаагдсан байна. Хадмуудынх нь хувьд хүүхэд эрүүл саруул төрж байвал эхэд ямар хүндрэл учрах нь огтхон ч падгүй байсан гэнэ. Н.Анхилуун нэлээд хүндрэлтэй төрсөн ч хүүгээ харан баярлаж байсан нь лавтай. Тэрээр хүүтэй болсон тухайгаа ээж, аав­даа хэлье хэмээн нөхрөөсөө удаан хуга­цаанд гуйсны эцэст зөвшөөрүүл­жээ. "Ээжээ ааваа та хоёр минь эмээ өвөө боллоо ш дээ. Охин нь хөөрхөн хүүтэй болсон" гэж баяр хөөртэйгээр дуулгажээ. Харин эцэг эх нь ийм баярт явдлыг яагаад энэ олон хоногийн дараа хэлнэ вэ хэмээн гайхахад хүрэв. Охиноо хэцүүхэн амьдарч байгааг зөнгөө­рөө мэдсэн тэд худуудынхаараа зочлохоор шийджээ. 

Амаржаад тэнхэрч амжаагүй байсан Н.Анхилууныг хадмууд нь үнээ малны ажилд гаргасан байна. Хэдэн талаас нь зодож, жанчин залхуурлаа хэмээн  хөөж туудаг байв. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр таних хүн нэг ч байхгүй тус тосгонд хад­муудынхаа харцаар хөдөлдөг байжээ. Өглөө дөрвөн цагт босч 40 гаруй үнээг ганцаараа саана, өдөр­жин фир­мийн­хээ ажилд нухлагд­саар 02.00 цагийн үед орондоо ордог байсан гэнэ. Заримдаа нойр нь хулжиж, өглөө хурдан болохыг тэсэн ядан хүлээнэ. Түүний хувьд шөнөөс өдөр нь хурдан өнгөрдөг байсан аж. Учир нь өдөржин юм хийж завгүй байвал элдэв янзын бодолд хөврөхгүй, зовж шаналах нь бага байдаг байжээ.

Фан Фү Сөүгийнхэн тун ч бохир заваан хүмүүс гэнэ. Аяга таваг, хиртэй хувцас нь хаа сайгүй хөг­лөр­дөг байж. Гэр орноо цэвэрлэж өөрсдийгөө угааж арчлахыг мэдэх­гүй зөвхөн хэдэн малтайгаа л ноцолддог аж. Тиймээс Н.Анхи­луун тэдний бүх хувцас хунар, гэр орныг нь хүртэл цэмцийлгэнэ. Н.Анхилуун хүүгээ төрүүлээд сар гаруйн хугацааны дараа гэхэд ядарч туйлдаа хүрэн ясан дээр тохсон арьс гэгч болжээ. Энэ үед охин дээрээ очихоор шийдээд байсан түүний эцэг эх нь Мон­голоос айлчлан ирсэн байна. Танигдахын аргагүй болсон охины­гоо харж ямаршуу амьдарч байгааг нь түвэггүйхэн мэджээ. Харин Н.Анхилуун тэднийхээ санааг зовоох­гүйн тулд "Охин нь хүүхэд хөхүүлээд турчихлаа. Уг нь гайгүй байсан юм" гэж худлаа хэлжээ. Эцэг, эх нь тэнд зээ хүүгээ харж хэд хоносон байна. Энэ үед Н.Анхи­лууны нуруу ёстой нэг тэнийх шиг болж. Гэвч хадмууд эцэг эхийг нь нүд үзүүрлэж, түвэгшээх болсон байна. "Хурдан зайлаасай, ажил ихтэй байхад яах гэж ирсэн гайнууд вэ" гэхчилэн Н.Анхилууны урдуур хойгуур нь зөрөхдөө байнга үглэж янших аж. Тэрээр ээж, аавыгаа хурдхан явуулахын түүс болжээ. Ямар ч эрх мэдэл, мөнгө төгрөггүй энэ эмэгтэй эцэг эхийгээ явахад нь атга чихэр ч өгч чадаагүй гэнэ. Ачааны нэмэр хэрэггүй биз дээ гээд хоосон буцааж байжээ.

НӨХРИЙНХӨӨ БАРААГ ЖИЛДЭЭ 3-4 УДАА ХАРДАГ БАЙЖ

Хайлсан тугалга шиг халамж­тай гэж жигтэйхэн Фан Фү Сөү Н.Анхилууныг бөглүү тосгондоо аваачсаныхаа дараа өөрөө үе үе хаашаа ч юм сураггүй алга болчих­дог байжээ. Харин хадмуудаа ирэх сургаар нэг удаа үзэгджээ. Тэрнээс жилдээ гэрээрээ гурван удаа ирвэл  их юм гэнэ. Фан Фү Сөү мөрийтэй тоглоом, даалуу хөөгөөд гэртээ огт ирдэггүй байсан нь тэр аж. Н.Анхилууны хувьд уг тосгонд өнгөрүүлсэн найман жилийн хуга­цаанд нөхрийнхөө барааг арав гаруйхан удаа л харж байсан гэдэг. Нэг ёсондоо Н.Анхилууныг боолч­лох зорилготой аваачсан болол­той. Хоол унд багатай, өдөржин хар ажилд зүтгэдэг Н.Анхилуун хэд хэдэн удаа ухаан алдаж унаж байсан удаатай. Тэрээр үнээгээ саасныхаа дараа малын сарав­чинд үхрийн баас цэвэрлэж бай­гаад хальтирч унажээ. Сэртэл толгойгоо даадаггүй гэнэ. Арай­хийн хөл дээрээ босч иртэл хажууд нь хэн ч байгаагүй  аж. Тэгтэл савж унахдаа толгойгоо хагалсан байжээ. Газраар нэг цус тунарсан байхыг хараад маш их айжээ. Гэртээ орж толгойгоо даавуугаар боочихоод хэвтэж байтал хадам эгч нь орж ирээд дарамталж гарч гэнэ. "Болгоомжтой хийхэд яадаг юм бэ. Битгий бидэнд гай болоод байгаарай. Хурдан босоод ажлаа хий" гэж өшигчин хөөж гаргажээ. Энэ мэт хадмууддаа зодуулж, гадуурхагдах явдал өдөр бүр бол­дог энгийн үзэгдэл аж. Ямар сайн­даа ар гэрийнхэнтэйгээ утсаар ярь гээд дуусчихсан карт өгч тохуур­хахав дээ. Н.Анхилуун хятадаар сайн ярьж чадахгүй болохоор тэдний үгнээс гардаггүй байжээ. Хэлсэн үгнүүдийг нь сайн ойлгож байгаа хэрнээ тэрийгээ илэрхийлэх тал дээр эхний хэдэн жил маруухан байсан гэдэг.

Харийн нутагт байгаа Н.Анхи­луу­н үе, үе эвгүйрч, хар дарах болжээ. Гэрийнхэн рүүгээ залгатал хэн ч утсаа авахгүй байж. Тэгтэл нагац ах нь өөд болсон байжээ. Тэрээр Монголдоо ирээд хоёрхон хонож байтал нөхөр нь байн байн залгаж "Ээжийн бие муудлаа хурдан ир" гэжээ.  Ахын­хаа ажил явдлыг дөнгөж дуусгамаг­цаа яаран очиход хадам эх нь эв эрүүл сав саруул байжээ. Харин ч өөдөөс нь "Ингэж хэлэхгүй л бол чи тэндээ бүр шингэх шинжтэй. Ажил цалгард­лаа" гэж загнан угт­жээ. Тэгтэл хэдэн сарын дараа Н.Анхилууны аавын бие муудан дахиад л Монгол руугаа дуудагд­жээ. Тэрээр тухайн үед хүүгээ авч яваад тэр чигтээ Монголдоо үлд­чихье гэсэн бодолтой байж. Харин хадмууд нь юу гэж түүнийг хүүтэй нь хамт явуулахав. Фан Фү Сөү "Хүү бид хоёр онгоцоор очъё. Чамаас түрүүлээд очих байх" гэж аргалаад Н.Анхилууныг ганцааранг нь явуул­чихжээ. Тэрээр Монголдоо ирээд удаагүй байтал нөхөр нь ойр ойрхон залгаж, ирж байна уу гэж яаруулна. "Хүү маань үхэрт тий­рүүл­чихлээ. Хурдан ир" гэхэд нь  Н.Анхилуун өвчтэй аавыгаа орхиод хүү рүүгээ тэмүүлжээ. Сандран очтол хүү нь яагаа ч үгүй, эрүүл саруул байсан гэнэ. Фан Фү Сөүгийнд Н.Анхилуунаас өөр боо­лын ажил хийх хүн байхгүй боло­хоор түүнийг хууран авчирсныг ойлгожээ.  Хадмуудаасаа "Аавынх нь бие гайгүй юу" гэж асуух байх хэмээн горьдсон Н.Анхилуунд "Танайхан яахаараа өвдөж, үхэж дуусдаггүй хүмүүс вэ. Ажил ихтэй байхад нааш цаашаа явж зугаал­лаа" гэхчилэн харааж зүхсэн гэнэ. 

Н.Анхилууны хувьд өдөр нэгэн хэвийн үргэлжилнэ. Хэдэн жилийн дараа гэхэд хятад хэлээр гарамгай сурч, ярьдаг болжээ. Өөрийг нь доромжлон дээрэлхэх  хадмуудын­хаа өөдөөс хариу тайл­бар хийх хэмжээнд ярьж чаддаг болсон гэнэ. Тэдний хадмынх нэг том хар үнээтэй аж. Бусдаасаа том, ааштай энэ үнээний дөрвөн хөлийг тушиж байгаад саадаг байж. Н.Анхилуун тэр үнээг саагаад сууж байтал хадам эгч нь элдвээр харааж зүхэн доромжилж гэнэ. Тэгэхэд нь Н.Анхилуун "Би ер нь яасан юм бэ. Та нар дандаа намайг гадуурхдаг. Хоосон карт өгч тохуурхдаг биз дээ" гээд дотроо бачуурч байсан бүхнээ хэлээд орхиж. Тэгтэл хадам эгч нь үнээний дэлэн шувтраад сууж байгаа түүнийг ар  нуруу руу нь хөлөөрөө жийж унагаажээ. Н.Анхилуун нөгөө том хар үнээний дор пид хийтэл унажээ. Тэгэхэд өнөөх үнээ бүсгүйн дээрээс хамаг хүнд жингээрээ даран унажээ. Үнээ ч тэр дороо босоод ирж. Харин Н.Анхилуун амьсгаа авч чадахгүй царай нь хөхөрчээ. Тэрээр унах үедээ хувинтай сүүгээ асгачихаж. Гэтэл хадам эгч нь сүү асгалаа хэмээн уурлаж, түүнийг үхэр сургадаг бүдүүн модоор цохиж хэвтэрт ортол нь зодож байжээ.

Үргэлжлэл бий

М.МӨНХЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд