ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.05.10 08:05

Э.Золзаяаг гурван монгол бүсгүй зодсон гэж утсаар хэлжээ

Солонгос дахь монгол оюутнуудын хаврын баяраар болсон сагсан бөмбөгийн тэмцээнээс алтан медаль хүртжээ. Зүүн гар талаас эхнийх нь Золоо

-СОЛОНГОСТ ХАРААР АЖИЛЛАЖ БАЙСАН ЭМЭГТЭЙЧҮҮД Э.ЗОЛЗАЯАГ ЗОДСОН ХЭМЭЭН ГАР УТСААР МЭДЭЭЛСЭН БАЙНА-

БНСУ-ын Инчон их сургуулийн оюутан Э.Зол­заяа ухаангүй олдсон талаар өмнө бид  мэ­дээл­сэн билээ. Тэрээр маш хүнд бэртэл авч, Сөүлийн нэгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм. Одоо  түүнийг ээж болон нагац эгч нь сахиж байгаа аж. Э.Золзаяагийн биеийн байдал дээрдсэн эсэхийг  ар гэрийнхнээс нь лав­ла­хад "Ямартаа ч ухаан орсон. Гэхдээ шокноосоо гарахгүй байна" гэлээ. Анги хамт олонтойгоо нийтэч, эвсэг найрсаг, хэнтэй ч сайхан харилц­даг энэ оюутан бүсгүйд туслах аян Солонгост өрнөөд байгаа юм байна. БНСУ-ын Чён Ин эмэг­тэй­чүүдийн сургуулийн Монгол ажилтан С.Са­ран­чимэг ажил хэргийн шугамаар эх орондоо иржээ.

Түүнтэй Э.Зол­заяа­гийн асуудлаар ярилц­лаа.

-Э.Золзаяа ухаан орсон гэсэн. Өөрт нь юу тохиолдсон гэж байна вэ?

-Шокноосоо бүрэн га­раа­гүй болохоор юу ярьж байгаагаа мэдэхгүй бай­на. Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Ар гэрийнхэн нь өдөрт 30 минутын хуга­цаа­тай хоёр л удаа ордог. "Чамайг өндрөөс үсэрсэн гээд байна. Тэгсэн юм уу" гэж асуухаар "Би юу гэж үсрэх юм бэ. Миний гар утас хаана байна" гээд гар утсаа нэхдэг гэсэн.  -Гар утсан дээр нь ямар нэгэн баримт байгаа юм болов уу?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. "Миний гар утсыг аваад ирвэл би бүгдийг санах гээд байна" гэж ар гэрийнхэндээ хэлсэн гэсэн. Бид гар утсыг нь хайгаад олохгүй байгаа. Э.Золзаяа эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ гадуур хувцастайгаа бай­сан. Эмнэлгийн зүгээс бидэнд түүний гутал, пальто, өмд, цамц, ороолт, цүнх гээд эмнэлэгт ирэхдээ юутай байсан тэр бүгдийг нь хү­лээлгэж өгсөн. Гэтэл гар утас л алга.

-Цагдаагийн байгууллага Э.Зол­заяагийн гар утас болон нөүтбүүк зэргийг нь шалгаж байгаа гэж ар гэрийнхэн нь ярьж байсан. Тэр талаар танд ямар мэдээлэл байна?

-Түүнийг хайж байх үедээ л шалгаж байсан гэсэн. Тэрээр дө­рөв­дүгээр сарын 11-ний орой гэрээсээ гараад шөнө дунд олдсон юм. Цагдаагийн байгууллагын­хантай уулзахад тэр талаар надад юм хэлээгүй.

-Хаанаас олдсон юм бол?

-Түргэний тэргээр эмнэлэгт хүргэгдэж ирсэн.

-Тэр түргэн тусламжийн­хан­тай нь уулзсан уу?

-Үгүй ээ. Тэр талаар бид хөө­цөлдөөгүй. Тэр бол цагдаагийн байгууллагын хийх ажил.

-Солонгосын болон Монго­лын зарим  сайтаар Э.Золзаяаг биеэ үнэлж байсан мэтээр мэ­дээлсэн байсан. Ер нь цагдаа­гийн байгууллагын зүгээс Э.Зол­заяаг ямар учраас бэртэж гэмт­сэн болохыг тогтоосон уу?

-Би өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирсэн. Тэгээд ирэхийнхээ өмнө Инчоны Ён Сү цагдаагийн газрынхантай уулзсан юм. Цагдаа­гийн зүгээс Э.Золзаяаг биеэ үнэлж байгаад баригдаж, өндрөөс үсэр­сэн гэх ямар ч мэдээлэл өгөөгүй юм билээ. Харин Э.Золзаяагийн нэр хүндэд халдах тийм мэдээлэл цацсан солонгос сэтгүүлчтэй уул­за­хад цагдаагаас мэдээлэл авсан гэж байсан. Тэгтэл цагдаагийн зүгээс "Э.Золзаяаг олсон. Гэхдээ биеэ үнэлж байгаад баригдсан гэх мэдээлэл өгөөгүй" гэж байгаа юм. Тэд Э.Золзаяаг эмнэлэгт байхыг нь олсон шүү дээ. Гэрээсээ гараад тэр шөнөө ухаангүй болж эмнэлэгт очсон. Нэр хаяг нь тодорхойгүй болохоор цагдаагийн байгууллага мэдээгүй байсан юм билээ. Тэгээд Э.Золзаяа маань ухаан орж өөрийгөө монгол болохыг хэлээд цагдаа нарын хайж байсан хүн мөн болохыг тогтоосон.

Түүний талаар худал мэдээлэл цацсан тэр сэтгүүлч рүү би мессэж бичиж, "Та Э.Золзаяагийн нэр хүндийг унагасан мэдээлэл цацсан болохоор залруулга хийж өгнө үү. Мөн түүний эмчилгээний зардалд нэмэр болгох үүднээс хандив цуг­луулах аян өрнөж байгаа. Бидний энэ ажилд оролцоорой" гэсэн. Хариуд нь "Би дарга, удирдла­гуудтайгаа ярьсан. Эргээд хариу өгье" гэж байна лээ. Ер нь Э.Зол­заяаг гадаадын хүн болохоор юу ч гэж хамаагүй бичиж болно гээд тоохгүй биччихсэн байх.

-Э.Золзаяад тохиолдсон хэр­гийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юу?

-Одоогийн байдлаар шалгаа­гүй байна. "Хүүхэд чинь олдсон болохоор санаа зоволтгүй. Ухаан орохоороо өөрт нь юу тохиолд­соныг ярих байх" гэж байсан. Гэтэл Э.Золзаяа маань шокноосоо бүрэн гараагүй, юу ярьж байгаагаа ч сайн мэдэхгүй байна. Хэрэв ухаан ороод болсон явдлын тухай ярьж, ар гэрийнхэн нь гомдол гаргавал цагдаагийн байгууллага шалгана гэж байсан.

Тэгээд ч тэнд оюутан хүн биеэ үнэлэх нь хуулинд хориотой. Хэр­вээ биеэ үнэлсэн тохиолдолд цаг­даагаас ял шийтгэл оноодог. Харин Э.Золзаяагийн хувьд биеэ үнэлсэн байвал цагдаагаас  хавтаст хэрэг үүсгээд шалгах ёстой. Өнөөдрийг болтол тийм мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаагүй. Энэ тухай­гаа ч цагдаа нар бидэнд хэлсэн юм. "Золзаяад тохиолдсон явдал бол тэр сайтуудаар мэдээлээд байгаа шиг биеэ үнэлэлт биш учраас мөрдөн байцаалтын ажиллагаа явагдахгүй. Биеэ үнэлсэн гэх гэмт хэргийн сэжүүр алга" гэсэн. Үнэ­хээр тэр сайтуудаар мэдээлсэн шиг буудалд байсан бол юу гэж гадуур хувцастайгаа эмнэлэгт ирэхэв дээ. Энэ мэт зөрчилтэй зүйл бий.

-Э.Золзаяа ухаан орсныхоо дараа ээжийгээ харангуутаа "Намайг битгий орхиоч, муу хүмүүсээс авраач" гэхчилэн айж сандарсан янзтай хэлсэн гэж хүргэн ах нь өмнө ярьж байлаа. Ар гэрийнхэн нь Э.Золзаяад юу тохиолдсон гэж таамаглаж бай­гаа бол?

-Анх ухаан орохдоо ээждээ тэгж хэлсэн гэсэн. Харин намайг харс­наа "Сараа эгч ээ цаад өрөөнд чинь нөгөө гурван эгч байгаа шүү. Болгоомжтой байгаарай" гэж хэл­сэн. Ухаан нь орж гараад байгаа болохоор хэлж ярьсныг нь анзаа­раагүй. Э.Золзаяаг яагаад ийм болчихсон юм бол гэж ар гэрийн­хэн нь ихэд гайхширсан байдалтай байна.

-Түүний эмчилгээний зар­далд хандивлах аян өрнөж бай­гаа гэсэн. Хэдий хэр хэмжээний мөнгө цуглав. Хэр зэрэг хүмүүс хандаж байна вэ?

-Чонжу хот дахь монголчуудаас 700 мянган төгрөг ирүүлсэн байгаа. Мөн манай сургууль дээр хан­дивын хайрцаг нээсэн. Багш оюутнууд маш идэвхтэй оролцож байгаа. Э.Золзаяад тохиолдсон явдлын талаар над руу хүмүүс маш их ярьж байгаа. Хөөрхий эмэгтэйг өрөвдөж, хайрласан хүмүүс бай­хад харааж зүхэж доромжлох хүмүүс ч байх юм. Манай Монголын зарим сайт хүртэл Солонгосын сайтад мэдээлсэн худал мэдээг хуулан тавьж, монгол хүнийхээ нэр сүрийг гутааж байгааг ойлгохгүй юм. Гадаадаас алтан медаль авчир­сан хүнээ тийм сүржнээр мэдээлдэггүй хэрнээ хүний нутагт зовж шаналсан бүсгүйг доромжлон тохуурхсанд харамсаж байлаа. Солонгост амьдардаг нэг эмэгтэй над руу залгаад "Э.Золзаяаг яагаад ийм болсныг би мэднэ. Түүнийг гурван монгол хүүхэн зодсон" гэж утсаар ярьсан.

-Тэд ямар хүмүүс гэнэ. Э.Золзаяа таныг харангуутаа "Нөгөө гурван эгч байгаа шүү, болгоомжтой байгаарай" гэсэн гэлээ. Арай тэд юм биш биз дээ?

-Яг ч тэр талаар сайн мэдэхгүй байна. Ямартаа ч надад утсаар мэдээлэл өгсөн хүний ярьж бай­гаагаар Солонгост хараар ажил­ладаг эмэгтэйчүүд Золзаяаг зодсон гээд байгаа.

-Түүнийг хэр удаан эмчлүү­лэх шаардлагатай гэж байна?

-Гурван сар хэвтэн эмчлүүлэх ёстой гэж эмч хэлсэн. Эмчилгээний зардал хичнээн төгрөг болохыг мэдэхгүй байна. Одоогийн байд­лаар 20 гаруй сая төгрөгийн зардал гарсан. Бид тусламж хөөцөлдөж л байна. 

-Солонгос дахь  манай ЭСЯ тусалж дэмжиж байна уу?

-Солонгост байгаа манай ЭСЯ чадах чинээгээрээ тусалж байна. Гэтэл Солонгос дахь монгол оюут­ны холбоо нэг ч удаа Э.Золза­яагийн талаар асууж сураглаагүй.

-Тэрээр Инчоны их сургуульд ямар мэргэжлээр суралцдаг вэ?

-Э.Золзаяа Солонгост очсон даруйдаа манай охидын колле­жед, миний дор гурван жил су­ралцсан. Эхний жил нь хэлний бэлтгэлд суралцсан. Дараагийн хоёр жил нь онгоцны үйлчлэгчийн ангид сурч, онц дүнтэй төгссөн байгаа. Харин Инчоны их сургуу­льд эдийн засагч мэргэжлээр су­ралцдаг. Э.Золзаяаг би маш сайн мэднэ. Хүмүүстэй эвтэй, уриалга­хан охин байгаа юм. Хичээл номон­доо сайны хажуугаар спортод сонирхолтой. Солонгос дахь Мон­гол оюутнуудын хаврын баяр гэж болдог. Энэ үеэр зохион байгуу­лагддаг сагсан бөмбөгийн тэм­цээнд Э.Золзаяагийн баг дандаа алтан медаль авдаг юм. Хичээл номондоо зүтгэлтэй сайхан оюутан маань ийм болсонд үнэхээр ха­рамсч байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд