ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.05.12 12:05

Баавар батлан даалтад гэртээ байна

"Дижитал" хамтлагийн ах­лагч, Монголын хип хопчдын холбооны ерөнхийлөгч асан Баавар буюу Ш.Батбаяр ур­жиг­дар эмнэлгээс гарсан. Одоо тэрбээр гэртээ байгаа аж.  Бааварын хэргийг са­нуула­хад, тэрээр Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-д зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлд­мэл, бодис борлуулах зорил­гоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэр­лэ­сэн, илгээсэн, борлуулсан, мөн уг хэргийг урьдчилан үгсэж тохиролцсон буюу зо­хион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэх зүйл ангиар буруутгагдсан. Хар тамхины хэрэгт сэжигт­нээр татагдсан тэрээр Цагдан хорих 461 дүгээр ангид саа­туулагдаж байх үедээ галд өртөн шатаж, түлэгдээд эм­нэ­лэгт хүргэгдсэн юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Бааварын шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хэрэг нь түдгэлз­сэн. Тухайн үед Баавар Тү­лэн­хийн төвд хэвтэн эмч­лүүлж байсан болохоор биеийн байдлаас нь шалт­гаа­лан ийн хэргийг нь түр "гацаажээ". "Бааварын биеийн байдал дээрдлээ. Шүүх хуралд оролцох боломжтой" гэсэн эмчийн дүгнэлт гаран­гуут түүнийг шүүх юм байна.

Хар тамхины хэрэгт Баава­раас гадна хэд  хэдэн хүн холбогдсон байгаа. Олон хүнд хамаатай энэ хэргийн анхан шатны шүүх хурал Бааварын биеийн байдлаас шалтгаалан  түдгэлзэхэд хүр­сэн. Шүүх дээр очсон хэрэг түдгэлзэнэ гэхээр "Бүх ажил­лагаа түр зогссон гэсэн үг. Хэрэг шүүх дээрээ байдгаа­раа л байна. Тэрнээс хэргийн талаар нэмэлт мөрдөн бай­цаалт  явагдахгүй гэсэн үг" хэмээн албаны эх сурвалж хэллээ. Тиймээс Баавар на­рын хэрэг Чингэлтэй дүүр­гийн шүүх дээр байдгаараа байгаа аж. Бааварын биеийн байдал хэзээ дээрдэнэ тэр хүртэл анхан шатны шүүх хурал болох юм байна. Хэр­гийг түдгэлзүүлсэн өөр нэг шалтгаан нь Баавартай хамт хар тамхины хэрэгт холбогд­сон хүмүүсийг тусгаарлан хэргийг шүүвэл тэд бие биеийн­хээ эсрэг мэдүүлэг өгч болзошгүй нь мэдээж. Иймд тэдний хэрэг хэзээ сөхөгдөж, хамтад нь шүүх хурал хэдийд товлогдох нь тодорхойгүй байна.

Одоо Баавар батлан даал­­тад гадуур байгаа. Түүн­тэй хамт хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүс ч бас бат­лан даалтад буй аж.

Бааварын хоригдож бай­сан Цагдан хорих 461 дүгээр ангийн камерт гал гарах үед түүний толгой болон ар ну­руун хэсэг нь түлэгдсэн. Шин­жээч­дийн урьдчилсан дүгнэл­тээр гал гарсан шалтгааныг гадны нөлөөтэй гэж тогтоо­сон. Улмаар Бааварын саа­туу­лаг­даж байсан камераас асаагуур гарч ирсэн бөгөөд тэр нь Бааварынх болох та­лаар мэдээлэл цацагдаж бай­сан билээ. Иймд Баавар өө­рөө гал тавьсан гэх мэдээлэл ч олны дунд тархаад байсан юм. Гэтэл яг гал гарах үеийн камерын бичлэг алга болсон нь хачирхалтай. Бааварын өмгөөлөгч галын урьдчилсан дүгнэлтийг ор үндэслэлгүй хэмээн үзэж, дахин шинжээч томилох болсноо мэдэгдэж байсан удаатай. Улмаар ОБЕГ, ЦЕГ, Түлэнхийн төвийн төлөөлөл оролцсон гурван хүний бүрэлдэхүүнтэй шин­жээ­чийн багийг шинээр томи­лон ажиллуулна гэж байлаа. Харин Цагдан хорих 461 дүгээр ангийг хэргийн мөрдөн байцаалтын нууцыг задруул­сан, битүүмжилсэн хэсэгт дураараа нэвтэрч, мэдээл­лийг бусдад тараасан гэсэн шалтгаанаар Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд хандаж шал­гуула­хаар болсон.

Бааварын хувьд арьс нө­хөх косметик хагалгаанд ор­сон бөгөөд одоо биеийн бай­дал дээрдсэн гэнэ. Хэрэв  шүүхээр түүний гэм буруутай нь тогтоогдвол хуулинд заас­ны дагуу 10-15 жил хүртэлх хорих ялаар шийтгэх юм байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд