ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.05.17 08:05

Монгол эрдэмтэн Нобелийн шагналд нэр дэвшиж магадгүй

Л.Баяржаргал

Монгол эрдэмтэн Лхамсүрэнгийн Баяр­жар­галаар ах­луулсан Франкфуртын их сургуулийн эрдэмтэд очир эрдэнийн чулуу үйлдвэрлэх арга нээсэн байна. Байгалийн үнэт чулууг шохойн чулуунаас хиймэл аргаар гарган авсан талаар Германы хэвлэлийнхний гол­лох сэдэв болж байна. "Frankfurtbild.de" сайтын мэ­дээлснээр "Riedenberg ла­зерын лаборатори"-д эрдэм­тэд кальцитаас лазерын ар­гаар алмазыг гарган авчээ. Очир эрдэнэ бол хамгийн хатуу бөгөөд хамгийн үнэтэй чулуу юм. Түүнийг эрдэмтэд хиймэл аргаар гаргаж ава­хаар 60 жилийн турш идэвх­тэй судалж буй. Харин одоо уг чулууг хүссэн хэмжээгээр үйлдвэрлэж болохоор бол­лоо. Тиймээс Франкфуртын эрдэмтдийн уг бүтээл нь ирэх жилийн Нобелийн шагналыг авах нь тодорхой гэсэн" агуул­­­га бүхий мэдээ тус ул­сын хэвлэлүүдээр цацагдсан байна. Мөн доктор Л.Баяр­жаргал уг бүтээлээрэ Гер­маны нэрт эрдэмтэн, физи­кийн Нобелийн шагналт Макс Фон Лауэгийн нэрэмжит шаг­нал хүртлээ гэсэн байна. 

Франкфуртын их сургуу­лийн эрдэмтэд 3000 градусын температурт алмазыг гарган авчээ. Уг бүтээлийнхээ та­лаар доктор Л.Баяржаргал тайлбарлахдаа "Канарын арлууд болон Узбекстанд кальцитын ордоос ихэвчлэн  алмаз олддог. Бид уг ор­дуудад алмаз үнэхээр бай­даг уу эсвэл тохиолдлоор олдсон уу гэдэг талаар судал­гаа явуулахаар шийдсэн юм" гэсэн байна. Одоогоор тур­шилтаар гаргаж авсан алмаз нь хэлтэрхий төдий байгаа тул зөвхөн бичил дурангийн тусламжтайгаар харах бо­ломжтой аж. Л.Баяржаргал судалгаагаа үргэлжлүүлэх болно хэмээн мэдэгдээд  да­раа­гийн төлөвлөгөөнд тусгас­наар туршилтаа 10 мянган хэмийн халуунд явуулахаар зэхэж буй гэнэ. Тэрээр олон жилийн турш хийсэн судал­гаа шинжилгээ нь амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаа аж. Алмазыг хиймэл аргаар гарган авч чадсан монгол эрдэмтний талаар зарим хэвлэлд онцлохдоо дэлхийн эмэгтэйчүүд Б.Лхам­сүрэн шиг залууг хүсэн мө­рөөдөх болсон тухай яриа ч гарчээ.

Алмаз бол байгаль дээрх хамгийн хатуу чулуу юм. Моо­сын шаталбараар (хатуул­гийн чанарыг 1-10 хэмээх үзүү­лэлтээр тодорхойлдог) уг чулуу нь 10 гэсэн ангилалд багтдаг аж. 1980-аад он хүр­тэл жинхэнэ алмазыг үйлд­вэрлэлд хэрэглэдэг байв. Энэ нь үнэ өртөг өндөр байсан аж. Тиймээс алмазан чулууг хий­мэл аргаар гаргаж ава­хаар дэлхийн олон эрдэмтэд  су­далгааг идэвхтэй явуулж ир­жээ. Одоо дэлхийн хэм­жээнд жилд 100 тонноос илүүгүй хиймэл буюу нийлэг алмаз үйлдвэрлэж, зүсэгч багаж болон өнгөлөгч зүлгүүр хий­хэд ашиглаж бай­на. Мөн хий­мэл алмазыг гоёл чимэг­лэлд өргөн ашиг­ладаг. Ал­мазын чанарыг 4C гэсэн хэмжиг­дэхүүнээр үнэл­дэг. Тухайл­бал, С-carat буюу жин, C-clarity буюу тунгалаг бай­дал, C-color буюу өнгө, C-cut буюу зүсэлт гэсэн дөрвөн үзүүлэлт байдаг байна.

АЛМАЗЫГ ХЭРЭГЛЭХ БОЛСОН ТҮҮХ

Эртний түүх сударт дурд­санаар алмазыг ялан дий­лэхийн бэлгэ тэмдэг болгон ашиглаж иржээ.  Юлий Це­зарь, Людовик IV, Наполеон Бонапарт нар алмазыг са­хиус болгон хэрэглэдэг бай­сан гэдэг. Уг чулууг Европт МЭӨV-VI зууны үеэс анх хэ­рэг­лэсэн боловч 500 жилийн өмнөөс алмазыг засч хэрэг­лэх арга нэвтэрчээ. Ингэс­нээр алмаз жинхэнэ үнэт чулуу гэдэг утгаараа олны анхаарлыг татах болсон бай­на. Алмазыг анх цэргийн жан­жид, эзэн хаад хэрэглэдэг байсан бол XV зууны үеэс эмэгтэйчүүд гоёл чимэг­лэл­дээ ашиглаж эхэлжээ. Түүхий алмазыг харахад тийм ч сай­хан биш. Тиймээс персүүд XIII зууны үед алмазыг сувд, рубин, маргадын дараагаар оруулдаг байж.

Энэтхэгийн дархчууд анх алмазыг өөрийнх нь нунт­гаар үрж өнгөлж болохыг нээсэн нь энэ чулуулгийг алдар­шуулах эхлэл тавигд­сан гэдэг. Ийнхүү өнгөлснөөр алмазыг гайхамшигтай эр­дэнэс боло­хыг хүн төрөлхтөн мэдэрсэн гэдэг. Гэхдээ эхэн­дээ алмазыг зөвхөн бай­галийнх нь хэл­бэрээр л өн­гөлдөг байв. Сүүлд талст гарган засах болсон нь ал­мазыг жинхэнэ утгаар "бүх эрдэнэсийн хаан" болгон хувиргасэн гэдэг.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Онцлох нийтлэлүүд