ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.05.17 08:05

Шатахуун түгээгч эмэгтэйг төмрөөр зодож, орлогыг нь дээрэмджээ

-ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ АЮУЛГҮЙ БАЙДЛАА БҮРЭН ХАНГАЖ ЧАДААГҮЙГЭЭС ХАЛДЛАГАД ӨРТЖЭЭ-

Шатахуун түгээх станц дээрэмдсэн хэрэг өчигдөр үүрийн 05.00 цагт нийс­лэлд гарав. Баянзүрх дүүр­гийн XII хорооны ну­таг дэвс­гэрт байрладаг "М-Ойл" шатахуун түгээх станцад багтай хүн хал­даж, гурван  сая төгрөгийг нь дээ­рэмд­сэн байна. Энэ хэргийн эргэн тойрны үйл явдлыг сур­валжил­сан юм.

ТҮГЭЭГЧ ЭМЭГТЭЙГ "АЛНА" ХЭМЭЭН СҮРДҮҮЛЖ БАЙГААД ОРЛОГЫГ НЬ АВЧЭЭ

"М-Ойл"-ын халдла­гад өртсөн ШТС нь "На­ран­туул" захаас "Чулуун-Овоо" чиглэлийн замд байрлан үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бол­сон явдлыг тодруулахаар тус ШТС дээр очлоо. Нэг эрэгтэй, хоёр эмэгтэй ша­тахуун түгээгч жолооч нарт үйлчилж байв. Ха­рин дотор тэдний ахлах эмэгтэй сууж байсан юм. Гэмт халдлагын талаар түүнээс лавлатал "Ямар ч мэдээлэл өгч болохгүй гэсэн захирлын шийдвэр гарсан" хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Уг ШТС-ын эргэн той­ронд хяналтын гурван камер зоосон харагдав. Харин дотор ганц нэг камер байгаа бололтой. Эх сурвалжийн хэлснээр хэрэг гарах үед ШТС-д хоёр л эмэгтэй түгээгч ажиллаж байжээ.
Үүрийн 05.00 цагийн үед хүний хөл хөдөлгөөн сийрэг нам жим байдаг. Тиймээс шатахуун түгээгч бүсгүйчүүд ажлынхаа байранд сууж байжээ. Гэтэл арын өрөөнийх нь цонхоор үл таних этгээд орж ирсэн байна. Гартаа төмөр барьсан тэрээр хар өнгийн юүдэн­тэй цамц өмсөн, нүүрээ битүүлж, нүдээ гаргасан багтай байж. Бүс­гүй­чүүд ч сандралдаж, шоконд орох шиг болсон гэнэ. Багтай залуу шуудхан хоёр бүсгүйгийн нэгийг нь гартаа барьсан төмрөөрөө зодож, нүүр, нүдгүй гөвшжээ. Харин нөгөө бүсгүйд нь гар хүрээгүй гэнэ. Тэгс­нээ зодож байсан түгээгч эмэг­тэй­гээ "Ална" хэмээн сүрдүүлжээ. Улмаар "Мөнгө өгөхгүй бол алчих­на шүү" гэж барьцаалсан аж. Ийн­хүү заналхийлэлд өртсөн бүсгүй аргагүйн эрхэнд түүний хэлсэн ёсоор сейфээ онгойлгож мөнгө гаргаж өгсөн бололтой. Сейфэнд гурван сая гаруй төгрөг байсан гэнэ. Тэгтэл гэмт этгээд задгай мөнгөнүүдийг нь тэрүүгээр нэг цацаж, бүхэл, боодолтой мөн­гө­нүүдийг нь шүүрэн авч оджээ. Азаар өдрийн орлогоо орой нь тушаагаад амжсан байж. Иймд дээрэмчин сейфэнд толгойлоод хийчихсэн байсан мөнгөнүүдийг нь авсан байна.

Энэ ШТС-ын цонхнууд нь хам­гаа­лалтын төмөр хаалтгүй юм билээ. Тиймээс олз хайсан залууд орж ирэх боломж олгосон байна. Гэхдээ ямар нэгэн цонх хагарч, бутарсан ул мөр огт байсангүй. Эх сурвалжийн ярьж буйгаар ШТС-ын цонх нь түгжээгүй байсан гэв. Хамгаалалтын төмөргүй, онгорхой цонхоор дээрэмдэгч түвэггүйхэн орж иржээ. Халдлага болох үед гэрээт хам­гаалагч байтугай эрэгтэй ажилтан ч байгаагүй нь уг ШТС зөвхөн хяналтын камертаа найдаж суусных бололтой. ШТС бүрэн камерын болон дохиолол хамгаалалттай болохоор аливаа халдлага тохиол­до­ход гэрээт хамгаалагчид хэдхэн хормын дотор ирэх учиртай аж. Харин тэдний гэрээт хамгаалагч төв байранд нь байрладаг аж. Өчигд­рийн болсон явдалд түгээгч эмэгтэй дохиоллынхоо товчлуурыг дартал хамгаалагчид хэдхэн минутад ир­сэн гэнэ. Гэвч гэмт этгээд ум хумгүй зугтаажээ. Түүнд зодуулсан түгээгч эмэгтэйн биеийн байдал гайгүй байгаа аж. Цочролд орсон боло­хоор хэсэг хугацаанд ажлаа хийх боломжгүй болжээ. Биеийн байдал нь дээрдэж, тайвширсны дараа ажлаа үргэлжлүүлэн хийх юм бай­на.

Тус ШТС-ыг аюулгүй байдлаа ханга гэж цагдаагаас удаа дараа шаардлага хүргүүлж байсан гэнэ.

"М-Ойл"-ын халдлагад өрт­сөн ШТС-аас явахтай зэрэгцээд хэргийг мөрдөн шалгаж байгаа Баянзүрх дүүргийн цагдаагийн ажилтнууд  ирсэн юм. Цаг­даа­гийн байгуул­лагаас тус ШТС-д албан шаардлага хүргүүлжээ. Энэ талаар Нийслэлийн цаг­даагийн газрын хэвлэлийн тө­лөө­лөгч, цагдаагийн ахлах тө­лөө­лөгч Б.Эрдэнэмөнхөөс тод­руулсан юм.

 -"М-Ойл"-ын ШТС-ыг дээрэмдсэн этгээдийг олсон уу?

-Одоогоор эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна. Гэмт этгээд 20-25 насны эрэгтэй хүн байсан байгаа юм.

-Тус ШТС хяналтын камертай юм билээ. Хэргийн талаар хэрхэн бичигдсэн байна?

-Гэмт этгээд масктай, хар хув­цас­тай байсан болохоор царай зүс нь танигдахгүй. Уг ШТС-ын хувьд хяналтын камер нь шаардлага хангахааргүй. Стандартын бус камер. Тиймээс тухайн үйл явдлын процесс нь тод харагдахааргүй юм билээ. Эднийд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас урьд нь хэд хэдэн удаа анхааруулга, албан шаардлага хүргүүлж байсан. Хянал­тын камеруудаа сайжруулах, цонхнууддаа хамгаалалтын тор хийж, хаалганыхаа түгжээг бататган аюулгүй байдлаа бүрэн хангахыг анхааруулсаар байтал ийм халдлагад өртлөө.

-Гэрээт хамгаалагчтай юу?

-Гэрээт хамгаалагч нь төв байран дээр нь байрладаг гэсэн. Тэд ШТС-уудаа камераар 24 цагийн турш хянадаггүй. Гэмт этгээд мөнгө дээрэмдээд явангуут нь шатахуун түгээгч бүсгүйчүүд дохиоллынхоо хонхыг дарсан юм билээ. Ингээд "Шонхор" гэрээт хамгаалалтын албаныхан 10 минутын дараа очсон байгаа юм. Ер нь тус ШТС-ын удирдлагууд нь ажилчдынхаа аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, тэдэнд сургалт хийдэггүйгээс ажилчид нь сонор сэрэмж алдаж гэмт халдлагад өртлөө. Дан ганц "М-Ойл" ч гэлтгүй хэд хэдэн ШТС урьд нь халдлагад өртөж, хүний эрүүл мэнд, амь нас хохирч байсан тохиолдол цөөнгүй удаа гарч байсан. Одоо манай ШТС-ууд камерын хяналтад найдалгүй аюулгүй байдлаа өөрсдөө бүрэн хангахыг дээрх хэргүүдээ сэрэмжлүүлж байна гэв.

 

М.МӨНХЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд