ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.05.17 03:05

Энэ долоо хоногт ямар гэмт хэргүүд гарав?

Нийслэлийн хэмжээнд нэлээд олон гэмт хэрэг бүртгэгджээ. Эдгээрээс хулгай, дээрэм, танхайн хэрэг зонхилсон байна. Хаана ямар гэмт хэрэг гарсныг тоймоллоо.

Төрсөн нь төрснийгөө хутгалжээ

Аав хүү хоёр, ахан дүүс, найз нөхдүүд хоорондоо маргалдан нэгнийгээ хутгалсан хэргүүд энэ долоо хоногт хэд хэд гарав. Хүн рүү  хүйтэн мэс далайж байгаа хүмүүс бүгд архинд ухаанаа удирдуулан ийм болчихмгүй алхам хийжээ. Баянгол дүүргийн V хороонд ах дүү хоёр нэгнийгээ хутгалж, гэмтээсэн хэрэг гарлаа. Тус хороонд амьдардаг иргэн Т-г гэртээ байхад нь төрсөн ах А нь согтуурсан үедээ  маргалдан хүзүүн тус газар нь хүйтэн мэсээр гэмтээсэн байна. Мөн архи ууж хөлчүүрхсэн эмэгтэйчүүд хоорондоо маргалдан нэгнийгээ хутгалсан хэрэг гарав. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд оршин суудаг 40 гаруй насны Х бүсгүй найз эмэгтэйнхээ хэвлийнд нь хутгалж гэмтээжээ. Одоогоор Х нь Цэргийн төв госпиталд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Бас согтуу залуу аавыгаа хутгалсан хэрэг өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт гарсан байна. Тус дүүргийн VII хорооны иргэн Т-г гэртээ байхад нь түүний хүү Б нь согтуурсан үедээ далан тус газар нь хүйтэн мэсээр гэмтээжээ. Баянгол дүүргийн XI хорооны эзэнгүй айлын хашаанд архи ууж байсан тодорхой ажилгүй Х нь согтуурсан үедээ иргэн З-гийн өгзөг, хөлийн шилбэ рүү хутгалсан байна.

Хүн зодож дээрэмдсэн бүлэг этгээдийг илрүүлэв

Ганцаараа явж байсан хүнийг бүлэг этгээд айлган сүрдүүлж дээрэмдсэн хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарлаа. Тус дүүргийн 19 дүгээр хороонд байрлах хүүхдийн нэгдсэн эмнэлэгийн орчимд иргэн А явж байжээ. Тэгтэл түүнийг тодорхой ажилгүй Б бусадтай бүлэглэн зодож, 11.8 сая төгрөгийг нь дээрэмдэн зугтсан байна. Цагдаа нар хэргийн мөрөөр шуурхай ажиллаж, гэмт этгээдүүдийг илрүүлж, саатуулсан юм. Харин Баянзүрх дүүрэг үйл ажиллагаа явуулдаг "М-Ойл" шатахуун түгээх станцыг дээрэмдсэн этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Үүрийн 05.00 цагийн үед ажлын байран дээрээ байсан шатахуун түгээгч хоёр бүсгүйг багтай залуус зодож, айлган сүрдүүлэн гурван сая төгрөгийг нь дээрэмдсэн юм. Хохирогчдын мэдүүлснээр  гэмт этгээд 20-25 орчим насны залуу ажээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм.

Нийслэлд хулгайн гэмт хэрэг зонхилж байгааг цагдаагийн газраас иргэдэд сэрэмжлүүлэв. Баянзүрх дүүргийн XIV хорооны иргэн Д-ын гэрээс бэлэн мөнгө 335.000 төгрөг, монетон бөгж, монетон ээмэг, дунд гарын хаш хөөрөг  алдагдсан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны хороонд амьдардаг иргэн О-н гэрт түлхүүр тааруулан орж, дунд гарын цулгүй, хээтэй, хээгүй мөнгөн аяга, арслангийн толгойн дүрстэй мөнгөн бугуйвч, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлийг нь хулгайлжээ. Сүхбаатар дүүргийн IX хорооны иргэн  Ү-н гэрээс үнэт эдлэлүүд алдагдсан байна. Дээрх хэргүүдийн харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүд шалгаж байгаа аж. Мөн тус дүүргийн XIV хорооны иргэн Г-ийн гэрт өчигдөр хулгайч орж үнэт эдлэлүүдийг нь аваад зугтсан хэрэг өчигдөр гарсан байна. Тэднийхээс монетон бөгж, гинж хослол, Jordan пүүз, Anycall  зургийн аппарат, чемодантай эмэгтэй хүний хувцас зэрэг эд зүйл алдагдсан байна. Хэргийн мөрөөр цагдаагийн ажилтанууд шуурхай ажиллаж, гэмт этгээд Дорнод аймгийн харьяат тодорхой эрхэлсэн ажилгүй Ч болохыг тогтоожээ.

Хулгайч нар айл гэрт  халдсан дээрх хэргүүдээс гадна автомашинаас эд зүйлс алдагдах явдал газар авчээ. Гэгээн цагаан өдрөөр хүн хөдөлгөөн ихтэй, хотын төвд зогсоолд байсан автомашин хулгайчид өртсөн байна.  Тодруулбал, Урт цагааны урд талын зогсоол дээр байсан "Toyota Corolla" маркийн машинаас байгууллагын бичиг баримт, тамга, эд зүйлс болон  нэг сая 970 мянган төгрөгтэй цүнх алдагдсан байна. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Иймд жолооч нар автомашиндаа тохиолол хийлгэвэл хулгайчаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.

Эхнэр хүүхдээ зодсон хэрэг дахин гарав

Тавхан настай хүүг төрсөн эцэг нь заазуураар зүсч, хүнд гэмтээсэн хэрэг олныг сэртхийлгэсэн. Олныг сэртхийлгэсэн энэ хэрэг намжаагүй байтал дахин ийм хэрэг гарав.  Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр, Туул зөрлөгт амьдардаг иргэн Н согтуурсан үедээ  ямар ч шалтгаангүй эхнэр Ц болон дөрвөн сартай хүүхдээ зодсон байх юм. Согтуу эр эхнэрийнхээ шилбэ рүү сүхдсэн бол нялх  хүүхдийнхээ толгойн ар хэсэг рүү модоор цохиж танхайрсан байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Мөн найман настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан байна. Баянзүрх дүүргийн нэгэн орон сууцны орцонд энэ хэрэг гарчээ.  Ийм жигшүүрт хэрэг үйлдсэн эр 30 орчим настай Э гэгч болохыг цагдаагийн ажилтанууд шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Ажлын байрны аюулгүй байдал алдагдсанаас хүний эрүүл мэнд, амь нас хохирчээ

Ажлын байрны аюулгүй ажиллагаа алдагдсаны улмаас иргэн Э өөрийгөө гэмтээсэн хэрэг гарсан байна. Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах "Туушин" компанийн барилга  дээр түр ажиллаж байсан тэрээр гар хөрөөгөөр мод зүсэж байжээ. Гэтэл хөрөө нь хальтарч, зүүн гарын эрхийн хуруу, өвдөг орчимоо хөрөөдсөн байна. Э одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэнэ. Тэгвэл Налайхын уурхайд нэг хүн амиа алдсан хэрэг гарчээ. Тус дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Ардагельдийн уурхайн манаач агааргүй орчинд орж харамсалтайгаар амиа алдсан байна.

Сүхбаатар дүүргийн I хороонд баригдаж байгаа барилга дээрээс арматур төмөр унасан осол өчигдөр гарлаа. Тодруулбал, Төв шуудангийн урд Эко канстракшны баригдаж буй барилгын 11 давхараас  арматурын  төмөр  унажээ.   Азаар энэ үед хүн бэртэж гэмтээгүй байна. Харин зам дээр явж байсан "МТМ" ХХК-ны ажилчдын автобусны дээврийг цөмлөн сэвтүүлсэн ажээ.

Орон сууцанд мөнгөн ус алдагдлаа

Баянхонгор аймагт мөнгөн ус алдагдаж, олон хүн хордсон талаар "Өдрийн сонин" хөндсөн билээ. Тэгвэл нийслэлд мөнгөн ус алдагдсан хэрэг пүрэв гаригт гарав. Баянзүрх дүүргийн III хорооны хорооны орон сууцанд таван миллиграм мөнгөн ус алдагдсан юм. Онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтынхан шуурхай арга хэмжээ авч, иргэдийг аюулгүй болгов.  Тэд мөнгөн ус асгарсан орцонд маарганцаар саармагжуулалт хийж ажилласан юм. Энэ хэргийн эзэн холбогдогчийг тогтоохоор  Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ажээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд