ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.05.29 08:05

Талийгаачдыг лоом, хутга, утсаар хөнөөжээ

-АМЬД ҮЛДСЭН ГЭРИЙН ЭЗЭГТЭЙГ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭЭД БАЙНА-

Манай сонины тус­гай сурвалжлагч М.Мөнх­цэцэг Дархан-Уул аймагт гарсан хүнд ноцтой хэргийн та­лаар газар дээрээс нь мэдээлж байна.

Дархан-Уул аймагт хүн амины онц ноцтой хэрэг гарсан талаар өчигд­рийн дугаартаа мэ­дээлсэн билээ. Гэмт эт­гээд ямар зорилгоор, хич­нээн хүний амь хөнөөв, хэрэг тогтоох явц ямар байгаа гээд болсон явдлыг газар дээрээс нь сурвалжлахаар Дархан-Уул аймагт ирээд байна.

Энэ сарын 25-26-нд шилжих шөнө буюу өнгөр­сөн амралтын өдөр гарсан уг хэрэг орон нут­гийн иргэдийг нэлээд айдаст автуулжээ. Хүн амины ноцтой хэргийн талаар сонсч мэдсэн хүмүүс ихэд цочирдож, гадуур явахдаа ч сэтгэл амар байж чадахгүй бай­гаа бололтой.

Анхны эх сурвалж бо­лох Цагдаагийн ерөнхий газраас уг хэргийн талаар бидэнд мэдээлэхдээ "Нэг гэр бүлийн дөрвөн хүний амийг хөнөөсөн ноцтой хэрэг гарсан" гэж байв. Харин дээрх хэрэгт гур­ван хүний амь хохирчээ. Тодруулбал, 25 настай  нэг залуу, дунд сургуу­лийн хоёр сурагч харам­салтайгаар бусдын гарт амиа алдсан байна. Бол­сон явдлын талаар эх сурвалжуудаас авсан  мэ­дээллийг хүргэе.

Гэмт халдлагад өртсөн айл иргэн Б-гийнх ажээ. Тэднийх Сэ­лэн­гэ аймгийн Хушаат сумын харьяат гэнэ. Сургуулийн хүүх­дүү­дээ харахаар хоёр хөгшин төв суурин газар бараадан амьдраад жил гаран болжээ. Тэд хоёр ач охин болон өөрийн хүүгийнхээ хамт Дархан-Уул аймгийн нэгдүгээр багт амьдарч байж. Охидын хувьд нэг айлын хүүхдүүд байжээ. Аав ээж нь хөдөө малаа маллан амьдардаг гэсэн. Хэрэг гарах үед гэрийн эзэн Б хөдөө явсан байжээ. Харин эзэгтэй О ач охид болон хүүгийнхээ хамт байсан гэнэ.

Уржигдар буюу ням гаригийн 09.10 цагт "Дархан-Уул аймгийн Нэгдүгээр багт байдаг Б-гийн гэрт дөрвөн хүний цогцос байна" гэсэн  дуудлагын дагуу цагдаа нар  очтол гэр хорооллын нэгэн хашаанд хүн амины ноцтой хэрэг гарсан байжээ. Хашаанд нэг гэр, жижиг амбаар байсан бөгөөд гэрт гурван, хүн  амбаарт нэг эрэгтэй хүний цогцос байжээ. Анхны үзлэг шинжил­гээ­гээр тэд бусдын гарт амиа алдсан болохыг тогтоо­сон байна.

Шинжээчдийг гэрт ороход О нь хоёр ач охины хамт цусанд будагд­сан байхыг харж, бүгд нас барсан гэж бодсон бололтой. Тиймээс дөрвөн хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан гэх анхны мэдээлэл гарчээ. Хэргийн газрын үзлэг шин­жил­гээг хийж байх зуур гэрийн эзэгтэй О хөдөлсөн байна.  Түүнд яаралтай эмнэлгийн түргэн тус­ламж үзүүлснээр амьд үлдэж чад­сан гэх таатай мэдээлэл байна. О-гийн хувьд 58 настай. Эмнэлэгт хүргэгдэнгүүтээ мэс засалд орж, өчигдөр ухаан орсон байна. 

Гэмт этгээд ямар сэдэлтэйгээр дээрх хүмүүсийн аминд халдса­ныг цагдаагийн байгууллага шал­гаж байгаа юм. Дархан-Уул айм­гийн Цагдаагийн газрын дарга хуран­даа Ц.Намсрайжаваас хэр­гийн явцын талаар тодруулахад "Хэд хэдэн ажлын хэсэг гарсан. Одоогоор энэ хэргийг шалгаж байна. Хэрэг га­раад 48  цаг ч болоогүй байхад мэдээлэл өгөхөд эрт байна. Энэ хэрэгт хол­бог­дуулан хэд хэдэн хүнийг сэжиглэн шал­гаж байгаа" гэв. Мөн тэрээр уг хэргийг архи­дал­таас үүдэлтэй байж болзошгүй гэсэн юм.

Талийгаач залуугийн найз нө­хөд болон танил тал, уулзсан хүн гээд олон хүнийг шалгаж байгаа аж. Хэрэг гарахын урьд өдөр  та­лий­­гаач хэн нэгэнтэй архи уусан гэх мэдээлэл ч байгаа аж. Тиймээс хамт архи уусан хүмүүсийг ч давхар шалгаж байгаа гэнэ. Хэргийн газ­раас архины шил олд­сон нь эл балмад хэрэг сархаднаас үүдэлтэй байж болзошгүй гэх эхний сэжүүр болж байна. Мөн хэргийн газраас нэг метр гаруй урттай лоом олдсон байна. Гэмт этгээд үүгээр хохи­рогч­дыг цохиж аминд нь халджээ. О-гийн духыг цөмлөсөн бол охидын толгой руу цохисон байж. Мөн талийгаач охидын томынх толгой болон хоолой руу хутгалсан бай­жээ. Харин зургаан настай охины хоо­лойг нарийхан утсаар тасартал нь боомилж хөнөөсөн байна. Тэг­вэл амбаараас олдсон 25 настай Х-гийн цогцсыг хутгаар нэлээд сийчсэн байжээ. Гэмт этгээд түү­нийг 10 гаруй удаа хутгалж, нэг нүдийг нь ухсан байсан гэнэ.

Дээрх ноцтой хэрэг гарсны дараа Дархан-Уул аймагт  хоолой­гоо боомилж амиа егүүт­гэ­сэн хү­ний цогцос олдсон байна. Түүнийг цагдаа нар уг хэргийн анхны сэ­жиг­тэн байж болзошгүй хэмээн таамаг­лаж бай­гаа юм бай­на.

Үргэлжлэл бий. М.МӨНХЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд