ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.05.30 08:05

Талийгаачдыг лоом, хутга, утсаар хөнөөжээ

Түрүүч нь ¹ 135 (4462) дугаарт

Дархан-Уул аймагт гурван хүний амийг хэрц­гийгээр хөнөөсөн хэргийн талаар газар дээрээс нь сурвалжлаад ирлээ. Хү­ний санаанд багтамгүй аймшигт хэрэг тус аймагт гарч, олон хүнийг уй гашууд автуулав. Хэргийн учиг одоогоор тайлаг­даа­гүй байна. Хэн, яах гэж, ямар зорилгоор ийм олон хүний аминд халдав гэдэг асуултын хариулт таамаг төдийхөн байгаа болол­той. Ямартай ч цаг­даа­гийн байгууллагынхан хэргийн гогцооноос нь атгачихсан, хэд хоногийн дараагаас сэжигтний талаар мэдээлнэ гэдгээ дуулгав.

ТЭДНИЙГ УНТАЖ АМАРЧ БАЙХАД ХААЛГЫГ НЬ ЭВДЭЖ ОРООД ХӨНӨӨСНИЙ УЧИР ЮУ БАЙВ?

Энэ асуултын хариу одоогоор мөн л бүрхэг байгаа. Шөнө дөлөөр ун­таж амарч байсан хүмүү­сийг хүйс тэмтэрсэн уг хэргийн талаар янз бү­рийн таамгийг хэвлэлүүд мэдээлж буй. Өс хон­зонгийн сэдэлтэй, хар­дал­таас үүдсэн хэрэг ч гэх баттай бус мэдээллүүд нийгэмд хүрэх болов. Гэх­дээ аль нь үнэний ортой болох нь хараахан нот­логдоогүй байна. Гагцхүү олон хүний амийг хэн нэгэн санаатайгаар бү­рэл­г­эсэн нь үнэн юм.
Сэлэнгэ аймгийн харьяат Б-гийнх Дархан-Уул аймагт суурьшаад багагүй хугацаа өнгөрчээ. Өндөр настай тэрээр эхнэр О болон бага хүү Х, зээ охидынхоо хамт амь­дар­даг байсан тухай өмнө мэдээлсэн. Талийгаач охид долоо болон 13 настай бай­жээ. Гэрийн эзэгтэй О нь өөрийн төрсөн хүү Х, хоёр зээ охиныхоо хамт гэмт халдла­гад өртөж, гурван халуун амь ийнхүү харамсалтайгаар үрэгд­сэн хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг өнгөрсөн амралтын өдөр 23.00-03.00 цагийн  хооронд шөнө гар­сан байх магадлалтай хэ­мээж байгаа. Талийгаач­дын цогцост хийсэн үзлэг болон шинжээчдийн хэргийн газрын үзлэг шинжилгээ зэргээс хэрэг гарсан цагийг тодор­хойл­жээ. Тухайн үед хохирогч О гэртээ хоёр зээгийнхээ хамт унтаж байсан гэнэ. Харин хүү нь зуны амбаартаа амарч байжээ. Урин дулаан цаг ир­сэн болохоор талийгаач Х голдуу зуны амбаартаа байр­ла­даг байсан бололтой. Гад­наас нь харахад амбаар гэж нэрлэх боловч дотроо ойр зуурын эд хогшилтой, дан байшин гэнэ. Гэтэл гэмт этгээд Х-г олон удаа хутгалж, онц ноцтойгоор хөнөөснийхөө дараа гэр рүү нь халджээ. Гэ­рийн цоожтой хаалгыг эвдэн орж, хохирогч О-гийн толгойн тус газар руу лоомоор хүчтэй цохиж унагаан охидын аминд хүрсэн аж.

Зарим эх сурвалжийн мэ­дээлж байгаагаар талийгаач залуутай хамт архи уусан этгээд түүнтэй маргалдчи­хаад хариугаа авахын тулд шөнө оройн цагаар унтаж амарч байх хойгуур нь дайрч ийм хэрцгий хэрэг үйлдсэн гэх. Гэмт этгээд талийгаач Х-тэй таарамжгүй харилцаа үүсгэснийхээ төлөө гэмгүй хүмүүсийг хоморголсон нь хамгийн их харуусал төрүүлж байна хэмээн олон хүн харамсаж, бас бухимдалтай байв. Хэрэгтэн гэр бүлийн гишүүдийг хөнөөх болсон шалтгаан нь гэрч үлдээхгүй гэсэндээ тэр гэж өөр эх сур­вал­жууд таамаглаж байсан. Мөн уг хэргийг архидалтаас үүдсэнээс гадна гэр бүлийн маргаан, таарамжгүй харил­цаа, олон жилийн өмнөх өс хонзон, хардалтаас улбаал­сан хэмээн зарим хэвлэлүүд мэдээлж байна. Тэгвэл энэ бүх таамаг мэдээллүүдийг албаны эх сурвалжууд албан ёсоор няцаалаа. Одоогийн байдлаар хэрэг шалгалтын явцад байгаа учраас дээрх  мэдээллүүд батлагдаагүй гэж онцлов.

АМИА ХОРЛОГЧ ЭНЭ ХЭРГИЙГ ҮЙЛДСЭН АНХНЫ СЭЖИГТЭН ҮҮ?
Шөнө дунд гарсан дээрх хүн амины хэргийг орон нут­гийн цагдаагийн байгууллага өглөө нь мэдсэн байдаг. Б-гийнхээс юм авахаар орсон иргэнийг аймшигт дүр зураг угтжээ. Гэр бүлийн гишүүд улаан нэлий болж, амьсгал хураасан байхыг харсан ир­гэн цагдаагийн газарт дууд­ла­га өгсөн байна. Хэргийн газрыг яаралтай хамгаалал­тад авч, үзлэг шинжилгээг явуулж эхэлжээ. Б-гийн ха­шааг цагдаа нар бүхэлд нь олон цагийн турш хамгаалал­тад авч, хэргийн газрын үзлэг шинжилгээг явуулсан гэнэ. Уржигдар 14.00 цагийн орчим хамгаалалтыг буулгаж, ар гэрийнхнийг нь дотогш нэвт­рүүл­жээ. Дээрх хүн амины хэрэг гарсны дараахан ойрол­цоо газраас өөрийгөө егүүтгэсэн хүний цогцос олд­сон байна. Хоолойгоо бооми­лон амиа хорлогч залуу эр байжээ. Тэрээр олон хүний аминд хүрснийхээ дараа ийн өөрийгөө боомилж нас бар­сан байж болзошгүй гэх мэ­дээл­лийг цагдаагийн бай­гуул­лагаас өгч байсан. Энэ­хүү амиа хорлосон залуу талийгаач Х-тэй танил, нэг газар ажилладаг байжээ. Та­лий­гаач нар бие биенээ таньж мэддэг байсан боло­хоор амиа хорлогч ноцтой хэргийг үйлдсэн  сэжигтэн байх талтай гэж үзсэн болол­той.

Дээрх хэргийг ганц хүн дангаараа үйлдээгүй гэх мэ­дээ­лэл ч бий. Энэ хэрэг дээр ажлын хэсгүүд ажиллаж бай­гаа бөгөөд хэд хэдэн хүнийг сэжиглэн шалгаж байгаа гэ­сэн. Тухайлбал, талийгаач Х-тэй хамт архи уусан хүмүү­сээс ч мэдүүлэг авч эхэлсэн байна. Хэрэг гарахын өмнөх өдөр талийгаач Х үе тэнгийн нэг танил залуутай хамт сог­туу­руулах ундаа хэрэглэсэн бөгөөд хоорондоо нэлээд ам зөрж, маргалдан зодоон цо­хион хийсэн гэх. Түүнийг ч бас уг хэрэгт холбогдуулан шал­гаж байгааг цагдаагийн эх сурвалж мэдээлэв. Одоогоор мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа. Хэргийн газрын болон цогцост хийсэн шинжилгээний хариу гарсны дараа уг хэргийн сэжигтэн хэн болох нь тодорхой болно гэлээ.

Гэмт халдлагад өртсөн Б-гийнх тохьтой томоотой, ямар нэгэн асуудал гардаггүй айл байсан тухай тэднийг таньж мэдэх хүмүүс ярьж байсан. Хоёр өндөр настан зээ охид­той­гоо хамт амьдардаг боло­хоор тэдний хичээл ном, сур­ла­га хүмүүжилд анхаардаг байсан юм байна.

АМЬД ҮЛДСЭН ХОХИРОГЧ УХААН ОРСОН Ч ШОКНООСОО ГАРААГҮЙ БАЙНА

Энэхүү хүн амины ноцтой хэргээс амьд үлдэж чадсан талийгаач охидын эмээ О нь 58 настай. Хэрэгтэн түүний толгой тус газарт нь лоомоор цохиж гавлын ясыг нь цөмлө­сөн байна. Үүнээс өөрөөр түүний биед ямар нэгэн гэм­тэл учруулаагүй гэнэ. Балмад этгээд гэртээ унтаж байсан О-гийн духан хэсэгт лоомоор хүчтэй цохиход ухаан алджээ. Хэргийн газарт цагдаа нарыг ирэхэд нь хөдөлж, эмнэлгийн яаралтай тусламж авч чадса­наар өнөөдөр амьд гараад байна. Одоо тэрбээр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэл­гийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж буй. Түүний биеийн байдал ямар байгааг тодруу­ла­хаар тус эмнэлгийг зори­лоо. О-г төрсөн охин нь сахиж байлаа. Биеийн байдал нь анх ирснээ бодвол дээрдэж, ухаан орсон бөгөөд Эрчимт эмчилгээний тасгаас энгийн өрөө рүү шилжсэн хэмээн ээлжийн сувилагч эмэгтэй ярилаа.

Хохирогч О эмнэлэгт ирэ­хэд дух болон чамархайн яс нь цөмөрсөн байжээ. Эмнэл­гийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, яаралтай мэс засалд оруулж, цөмөрсөн ясыг авчээ. Хагал­гаа амжилттай болсон бөгөөд түүнийг энгийн тасаг руу шил­жүү­лэх болсон гэнэ. Гэхдээ эмчилгээний явцад ямар нэгэн хүндрэл учирч болзош­гүй гэдгийг эмнэлгийн зүгээс онцлов.

Өвчтөн О нь хүн амины ноцтой хэргийн цорын ганц гэрч. Тэрбээр одоо ухаан орсон ч шокноосоо бүрэн гараагүй байгаа аж. Унтаж байхдаа халдлагад өртөж, ийм байдалд орсон болохоор өөрт нь болон ар гэрийнхэнд нь юу тохиолдсоныг ч мэдэх­гүй байгаа хэмээн ар гэрийн­хэн нь ярилаа. Цагаан сарын дараахан энэ эмэгтэй цус харваж, ар гэрийнхнийгээ багагүй сандаргаж байжээ. Эмчилгээ асаргаа сайн байс­ны үр дүнд бие нь дээрдээд байсан гэнэ. Зээ охидоо хичээлд нь хүргэж өгч авахаас өгсүүлээд гав шав хийсэн хөнгөн шингэн хөдөлгөөн сайтай хүн байсныг ойр дотны­хон нь ярьж байсан. Харамсалтай нь хэн нэгэн хэрцгий этгээдийн харгис үйлдэлд өртөж, бусдын асар­гаанд орлоо. Цаг хугацааны аясаар О-гийн бие эдгэрч, ухаан санаа нь саруул болох үед өмөг түшиг болж байсан хүү нь, өвөртөө эрхлүүлдэг байсан зээ охид нь бусдын гарт хорвоогийн мөнх бусыг үзүүлснийг мэдээд яах бол. Ийм эмзэглэл олон хүнд байгаа юм.

Үргэлжлэл бий

М.МӨНХЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд