ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.05.31 08:05

Дарханд болсон хүн амины ноцтой хэргийн эргэн тойронд

Дархан-Уул аймагт гэр бүлийн гурван хүнийг хэрцгийгээр хөнөө­сөн хэр­­гийн талаарх сур­валж­­лагыг үргэлжлүүлэн хүргэж байна. Талий­гаа­чид 7, 13, 25 настай байв. Дархан-Уул аймагт очин­гуутаа хэрэг гарсан газ­рыг зорилоо. Та­лий­гаа­чид тус аймгийн нэг­дү­гээр багийн нутаг дэвс­гэр буюу орон нутгийнх­ны хэлж заншсанаар "Тос­гон"-д амьдардаг байжээ. Ол­ныг сэртхийлгэсэн айм­шигт хэрэг гарсан газрыг орон нутгийнхан андах­гүй аж. Замд таа­ралд­сан хүмүүсээс гэрийн хая­гийг асуутал "Нөгөө айхавтар хэрэг гарсан газар уу. Сүмийн ойролцоо бай­даг" гэж зааж өгөв.

ТАЛИЙГААЧ ЗАЛУУ АЙЛЫН БАГА ХҮҮ БАЙЖЭЭ

"Тосгон" дундуур урс­даг нарий­хан голын дэр­гэд хохирогчийнх байдаг юм байна. Саруулхан том хашаанд гурван гэр, нэг зуны ам­баар хараг­дав. Хашааны хаалга нь дэлгээстэй дотор нь хот, хөдөөний номертой ма­ши­нууд эгнэн зогсчээ. Харамсалтай байдлаар олон хүнээ алдсан Б гуайнд талийгаач нарын ажил явдалд  ирсэн хүмүү­сийн хөл хөдөлгөөн их байлаа. Хот суурин газар, хөдөө орон нутгаас ах дүү, хамаатан садангууд нь бүгд цуг­лар­чээ. Б гуайнх тэр хашаанд амьд­раад олон жил болсон байна. Тэднийх ганц гэ­рээ­­рээ л амьдардаг бай­жээ. Харин ажил явдал болоход нэмж хоёр гэр барьсан аж. Эхнэр нь эмнэлэгт хүнд бай­дал­тай эмчлүүлж, гурван сайхан хүүх­дээ хүний гарт алд­сан Б хөгшигний сэтгэл санаа тогтворгүй, уймарч сандарсан байхыг хара­хаар өрөвд­мөөр. Тэрээр хүүхдүүдийнхээ хийж бай­­гаа юм болгонд орол­цон тайван ч тогтож сууж чадахгүй, холхино. Б гуай зургаан сайхан хүү­хэд­тэй байж. Одоо тэд­нээс тав нь л үлджээ. Талийгаач Х дороосоо хоёр дахь нь байсан бө­гөөд айлын бага хүү. Орон нутагтаа ажил төрөл хий­дэг нэгэн байжээ. Өрх тус­гаар­лаж, амьдрал зо­хиож амжаа­гүй цэл залуу­хан насан­даа бусдын гарт өртөж хор­воог орхи­сон Х аав ээж­дээ балчир л байсан байж таараа. Тиймдээ ч эцэг эхтэйгээ хамт амь­дар­­даг байсан гэнэ. Тэ­рээр зуны цагт амбаар­таа байрладаг бөгөөд тэндээ унтаж бай­гаад амиа алдсан. Түү­нийг хүйтэн мэсээр арав гаруй удаа хутгалж, хэрц­гий­гээр хөнөөсөн тухай өмнө мэ­дээл­сэн. Талий­гаач Х нас барахынхаа урьд өдөр танилтайгаа архи ууж маргалдан барь­цалдсан гэх. Ха­рин шөнө дунд бусдын гарт амиа алдсан энэ хэрэгт хамт архи уусан нөхдүү­дийг нь бай­цаан шалгаж байгаа юм.

Энэ хэргийн талаар олон янзын мэдээлэл явж буй. Зарим нь таамаг төдий бол зарим нь ор үндэслэлгүй мэдээлэл болохыг хохирогчдын ар гэрийнхэн харуу­сан ярьж байлаа. Тухайлбал, "Б-гийнд архичид ихээр цуг­лар­даг байсан, нийгмийг хамарсан архи­далт өнөө­дөр ийм аймшигт хэрэг гарахад хүрлээ" гэсэн мэ­дээ­лэлд тэд тун эмзэглэж байв. Улмаар олон хоног архидалт болж, зодоон цохион хийсэн гэх асуу­дал ч худлаа гэнэ. Б-гийн том хүүгээс хэргийн та­лаар зарим зүйлийг тод­руулсан юм.

 -Ээжийнх нь биеийн байдал ямар байна?

 -Хүнд байна. Сэхээнээс гарсан байгаа. Ухаан орсон ч гэсэн ярьж байгаа юм нь жирийн хүнийх шиг биш, шокноосоо гараагүй байна. Эмч хэлэхдээ ухаан санаа хадгал­даг бага тархи нь гэмтсэн гэсэн. Ой санамж нь байхгүй юм уу даа.

-Энэ хэрэг юунаас болсон гэж бодож байна?

-Яг тэрнээс, энэнээс болсон гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ямар­таа ч гадуур яригдаад байгаа мэдээллүүдэд тун харамсах юм. Олон хүнээ алдаж, уй гашууд автсан бидэнд тийм мэдээлэл сонсоход хүнд байна. Хэрэг юу­наас гарсан нь тодорхой бус. Шүүх эмнэлгийн дүгнэлт, хэргийн шин­жил­гээний хариу зэргээс дүг­нэлт нь гарах байх.

-Та нарт сэжиглэж байгаа хүн бий юу. Өс хонзон санасан хэн нэгэн байсан юм биш биз дээ?

-Хэлж мэдэхгүй юм даа.

-Амиа хорлосон залууг энэ хэргийн сэжигтэн байж бол­зош­гүй юм дуулдаж байна лээ?

-Анхны таамаг байгаа ч мөн бишийг нь хэлж мэдэхгүй. Талий­гаач дүүтэй маань хамт ажилладаг хүн байсан. Хэн нэгэн сэжигтэн бол­гох гээд түүний хоо­лойг боомилоод  хэргийн эзэн амьд сэрүүн ч байгаа юм билүү, хэн мэдэх вэ дээ.

-Хажуу айлынхаа хүмүүстэй уулзсан уу. Хэрэг болохыг сонсч мэдсэн гэнэ үү?

 -Хажуу айлынхан мэдээгүй юм билээ. Архи ууж, зодолдсон энэ тэр гэж ярихгүй байсан.

 -Танайд хүргэн болох гэж байсан залуу эртний өс санаж, ийм хэрэг үйлдсэн гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан байна лээ...

 -Тийм зүйл огт байхгүй. Анх удаа сонсч байна. Би хоёр эмэгтэй дүүтэй. Тэд бүгд хүнтэй сууж гэр бүл болсон.

ОХИДОО САНАГАЛЗАН УЙЛАХ ЭЭЖИЙГ ХАРАХАД СЭТГЭЛ ӨВДӨЖ БАЙЛАА

Хэргийн газрын үзлэг шин­жил­гээ дуусч, цагдаа нарын хам­гаа­лалт буунгуут ар гэрийнхэн нь дотогш оржээ. Гэтэл нүд  халтирам дүр зураг тэднийг угтсан байна. Энд тэндгүй улаан нэлий болсон байхыг харсан тэд "Ямар харгис хэрцгий хүн гэхээрээ гэм зэмгүй хүмүүсийг ингэж хөнөөдөг байна аа. Монголчууд мал муулахдаа ч тэгдэгүй шүү дээ. Бойны газар шиг л болгож орхисон байсан" хэмээн хоолой зангируулан ярив. Охидын ээж цухиран уйлна. Цөхрөнгөө барсан хөөрхий эмэгтэйг харахад сэтгэл өвдөж байлаа. Хорвоотой бүрэн гүйцэд танилцаж амжаагүй балчир охид юунд буруутай юм бэ. Яагаад заавал тэдний амийг хө­нөөх болов. Цэцэг цэврүү шиг, дэлгэрч яваа насан дээрээ хорвоог орхисон охидын хойноос харам­сан гашуудах хүн олон байгаа. Тэд өвөө эмээгийндээ амьдардаг бай­сан юм. Аав ээж нь мал дээр байдаг болохоор охид сургуулийнхаа ойролцоо өвөөгийндөө суудаг байв. Уг нь тэднийх хотын айл байсан бөгөөд мал дээр гараад гурван жил болсон байна. Хөгш­чүү­лийн хувьд Дархан-Уул аймгийн төв дээр суурьшаад зургаан жил болсон гэнэ. Зээ охидынхоо сур­гуультай ойролцоо гэж хамаат­ныхаа хоосон хашаанд буусан байна. 

Охид хичээл номондоо мундаг, онц сурлагатнууд байжээ. Тэдний сурч байсан Дархан-Уул аймгийн IV сургууль дээр очлоо. Сургуу­лийн захиргаанаас  охидод эмгэнэл илэрхийлэн хөрөг зургийг нь сур­гуульдаа залсан байв. Хүүхэд бүхэн тэдний өмнө очин зогсож, харамсан гашуудаж байлаа. Айм­шигт хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан. Шинэ долоо хоног эхэлж, сурагчид хичээлдээ ирэхэд талийгаач охидын ангиуд эль хуль болж, тэдний орон зай үгүйлэгдэж байгаа нь гарцаагүй. Тиймээс талийгаач охидод хүндэтгэл үзүүлж, өнгөрсөн даваа гаригт тэдний сууж байсан хичээлийн ширээн дээр цэцэг тавьж өнжжээ.

Талийгаач охидын том нь найм­дугаар ангийн сурагч байж. Хү­мүүстэй эвтэй найртай харьцаатай, тун эелдэг охин байжээ. Сур­гуу­лийн Хүүхдийн зөвлөлийн гишүүн бөгөөд нийгмийн идэвхтэй хүүхэд байсныг багш нар нь онцолж бай­лаа. Орон нутгийн болон улсын чанартай шалгалтуудад дандаа тэргүүлж, олон медалиар энгэрээ мялааж, аав ээж, эмээ өвөөгөө баярлуулдаг охин байж. Хэрэг гарахын урьд өдөр улсын шал­галт­даа бэлдэн хичээлээ давтан сууж байсан охин гэнэтэн энэ хор­воо­гоос явсантай найз нөхөд, ойр дотныхон нь эвлэрч өгөхгүй хэцүү­хэн байсан. Түүний төрсөн дүү болох талийгаач охин өнөө жил нэгдүгээр ангиа төгсөх байлаа. Тэр жаахан охин айлын бага байж. Адтай гэж жигтэйхэн, биедээ байм­гүй эрдэм номтой хүүхэд байсан тухай аав нь дурсан ярив. Саяхан үсэглэлийн баяраа тэмдэглэж, "Цэвэр бичигтэн" өргөмжлөл хүрт­жээ. Минутад уншихдаа үеийнх­ний­гээ дагуулдаггүй байсан гэнэ. Ангийнхан нь минутад арав, хо­риод­хон үг уншиж байхад талий­гаач охин 100 хол давдаг байсан аж. Цэцэрлэгт байхын өвөө эмээ­гийн хүүхэд байжээ. Сургуульд орохоосоо өмнө үсэг мэддэг, тоо бодоод сурчихсан байж. Багший­гаа хичээл зааж байхад нь "Багшаа би мэднэ ш дээ" гэдэг байсан сүрхий сурлагатай охин байжээ. Ийм л мундаг авьяастай хоёр охинд тохиолдсон явдалд сургуу­лийн захиргаа, сурагчдын зүгээс харамсан гашуудаж, мөнгө цуглуу­лах ажил өрнүүлж байлаа. Сураг­чид боломжийнхоо хэрээр мөнгө цуглуулан буяны ажилд нь нэмэр­лэ­жээ. Талийгаачдыг маргааш хөдөөлүүлэх юм байна. 

Цэцэг цэврүү шиг балчир охид гэмт хэргийн золиос болж хорвоогийн мөнх бусыг үзүүлж, олон хүн уй гашууд автлаа. Тэдний ар гэр, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

М.МӨНХЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд