ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.06.10 08:06

Дарханд гурван хүнийг хэрцгийгээр хөнөөсөн этгээд амиа хорлосон байж

Татвар төлөгчдийн мөн­гийг тэрбум тэрбумаар хувь­даа хүүдийлсэн төрийн албан тушаалтнуудын хэрэг дуулиан тарилаа. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго, Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар, Сөрөх таг­нуу­лын тасгийн дарга Д.Цогт­баатар нарын мөнгө угаасан хэрэгт холбогдсоныг өчигд­рийн дугаартаа мэдээлсэн. Энэ долоо хоногийн гол дуулиан болсон дээрх мэ­дээл­лийн хажуугаар нийгэмд олны анхаарлыг татсан гэмт хэргүүд гарсныг тоймлон хүргэе.

УНТАЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН ЭЗЭН ХЭН БАЙВ?

Гэртээ унтаж байсан дөр­вөн хүний аминд ноцтойгоор халдаж, гурвыг нь хөнөөсөн аймшигт хэрэг Дархан-Уул аймагт хоёр долоо хоногийн өмнө гарсан. Уг хэргийн та­лаар газар дээрээс нь манай сонин сурвалжлан хүргэсэн билээ. Хэргийн газар ажилла­сан шинжээчдийн дүгнэлт гарсан байна. Хэргийг үйлд­сэн этгээд тодорхой болсон талаар албаны эх сурвалж хэллээ. Тэрхүү аймшигт хэрэг гарсны дараахан ойролцоох газарт өөрийнхөө хоолойг боомилон нас барсан залуу­гийн цогцос олдсон байдаг. Түүнийг уг хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн цаг­даа нарын анхны таамаг гарч байлаа. Тэгвэл урьдчилсан байдлаар энэ таамаг зөв болох нь тогтоогдоод байгаа гэнэ. Амиа хорлосон залуу найз бүсгүйнхээ үүднээс олд­сон гэнэ. Тэрээр хамт ажил­ладаг байсан талийгаач Х-гийн гэр рүү дайрч хэрцгий хэрэг үйлдсэнийхээ дараа өөрийгөө егүүтгэжээ.

АЛГА БОЛСОН ХҮҮХДҮҮД ЭСЭН МЭНД ОЛДЛОО

Энэ долоо хоногт цагдаа­гийн байгууллага алга болсон хэд хэдэн хүүхдүүдийг эрэн сурвалжилж, хоёрыг нь эсэн мэнд олсон байна. Улаанчу­луутын хогийн цэгийн орчим хог түүж амьдралаа залгуул­даг хүү алга болсон талаар мэдээлсэн билээ. Есөн нас­тай С хүүг ээжийнхээ хамт хог түүж байхад автомашинтай залуус ирж, "Морь унах хүү­хэд хайж байна. Хурдан морь унаад өгчих хүүхэд байна уу" гэж асууж сураглаж явсан гэдэг. Тэгтэл тэд С хүүг ар гэрийнхнийх нь зөвшөөрөл­гүй аваад явжээ. Хүүг ээж нь хайж арга ядан цагдаагийн газарт хандсан байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүр­гийн Цагдаагийн хэлтэс шалгаж, хүүг нь эсэн мэнд олж өгчээ. Мөн хүүхдийн баярын өмнөхөн тоглоомын талбай­гаас долоон настай Ц.Цэлмэн хүү алга болсныг манай со­нин мэдээлсэн билээ. Түү­нийг ар гэрийнхэн нь найм хоног хайж, арга тасарсан тухай ярьж байв. Тэдний ярилц­лага "Өдрийн сонин"-д гарсан өдөр хүү нь эсэн мэнд олдсон байна. Ц.Цэлмэн алга болсон тухай мэдээлэл ма­най сонин дээр гарангуут Хүүхдийн хаяг тогтоох тө­вийн­хөн өөрийнх нь байранд ирсэн хүү мөн болохыг тань­жээ. Ц.Цэлмэн хүү байрныхаа гадаа тоглож байхад нь гу­дамж­ны тэнэмэл хүүхдүүд дагуулаад явжээ. Ингээд хаа­чи­хаа мэдэхгүй явж байсан хүүг Хүүхдийн хаяг тогтоох төвийнхөн олж байрандаа авчраад байсан нь тэр аж. Ц.Цэлмэн төрсөн өдрөөсөө өмнө эсэн мэнд олдсон яв­далд түүний ар гэрийнхэн нь "Өдрийн сонин" болон хол­бог­дох байгууллагуудад баяр­лаж талархсанаа илэр­хийл­сэн юм.
 
ДАХИАД Л ХҮҮХДЭЭ ХАЯСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Хүүхэд нь төөрч, алга болоход эцэг эхчүүдийн сэт­гэл санаа хямарч тэвдэж бай­хад төрүүлсэн нялх үрээ хээв нэг хаяад явдаг эх хүн гэж бас байх юм. Нярай хүүхдээ бүр санаатайгаар алах зорилго­той хогийн бункер рүү шидсэн хэрэг ч гарсан. Одоогоор цаг­даагийнхан тэр эмэгтэйг олоо­гүй байгаа гэсэн. Орхон аймагт амьдардаг тэрээр тодорхой эрхэлсэн ажилгүй, нөхөргүй, хоёр охинтой аж. Орон нутгийн харьяат тэрээр төрөхийн тулд хотод ирж, хамаатныхаа нэг айлд байр­лаж байжээ. Ингээд отгон хүүгээ төрүүлчихээд эмнэл­гээс гарч, хогийн сав руу шидсэн байна. Үүнийхээ да­раа хотод байсан хамаатных руугаа залган "Хүү маань төрөхдөө өнгөрчихлөө" гэж худлаа хэлээд утсаа салгасан гэнэ. Тэрээр дахин тэдний­хээр ирээгүй аж. Одоо энэ эмэгтэй хаана байгаа нь тодор­хойгүй бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хэлт­сээс эрэн сурвалжилж буй. Харин хүүгийнх нь хувьд эрүүл саруул бойжиж байгаа гэсэн. Мөн төрүүлсэн үрээ хаясан бас нэг эхийн хэрэг цагдаагийн газарт иржээ. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үн­дэс­ний төвд амаржиж, 1.8 кг охин төрүүлсэн Э бүсгүй хүүх­дээ хаяад зугтжээ. Хэдийгээр дутуу төрсөн ч хорвоод хүн болохоор ирсэн энэ бяцхан охин инкубаторт орж, эмчил­гээ хийлгэж байсан гэнэ. Тэр хойгуур эх нь хүүхдээ хаян эмнэлгээс оргожээ. Харин Баянгол дүүргийн цагдаа нар түүнийг илрүүлсэн гэнэ.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭДЭЭ ТАВИХ ХЯНАЛТАА ЧАНГАТГААРАЙ ГЭВ

Сургууль, цэцэрлэгүүд тарж, зуны амралт эхэллээ. Иймд эцэг эхчүүд хүүхэд бага­чууддаа тавих хяналтаа чангатгахын Нийслэлийн цаг­даа­гийн газрын Хэвлэлийн төлөөлөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэмөнх са­нуул­сан юм. Тухайлбал, энэ долоо хоногт хүүхэдтэй хол­боотой хэд хэдэн хэрэг гарсан байна. Сонгинохайр­хан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Шинэ цэргийн хотхоны есдүгээр байрны арын гараашийн дэргэд на­санд хүрээгүй хоёр хүүхэд ахуйн хэрэглээний газ үнэр­лэн мансуурч байгаад ба­ригд­жээ. Энэ хэргийн Сонги­но­хайрхан дүүргийн Цагдаа­гийн I хэлтэс шалгаж байгаа гэнэ. Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сэлбэ голын ойролцоо тоглож байсан бага насны хүүхэд усанд унаж амиа алдсан байна.

М.МӨНХ

Онцлох нийтлэлүүд