ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.06.12 08:06

Солонгосоос оруулж ирэх шатахууны борлуулалтаас хувь нэхсэн хүмүүсийн сураг гарч эхэллээ

Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан нарын бүлэг албан тушаалтан улсад  их хэмжээний хохирол учруулсан байж болзош­гүй хэрэг сөхөгдлөө. Тэд ямар аргаар хичнээн төгрөгийг хувьдаа хэрхэн завшсаныг эрэн сурвал­жиллаа.

"Монгол-93" шатахуун үйлд­вэр­лэж байгаа "Пейтрочайна дачин тамсаг" компани Монгол Улсын Засгийн газартай "Бүтээгдэхүүн хуваах гэрээ" байгуулан үйл ажил­лагаагаа эхлүүлээд арваад жилийн нүүр үзлээ. Энэ гэрээний дагуу тус компани Дорнод аймгийн нутаг дэвсгэр болох Мэнэнгийн талд газрын тос олборлож байгаа. Газрын тос олборлох дэлхийн арван том компанийн нэг "Пейт­рочайна дачин тамсаг" нь 100 хувийн Хятадын хөрөнгө оруулалт­тай компани юм. Засгийн газартай хийсэн "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний дагуу хөрөнгө оруулагч тал орлогын 76 хувийг авдаг. Харин манайд үлдсэн 24 хувь нь оногддог. Гэтэл энэ хувиас Газрын тосны газрын хэсэг нөхдүүд хувьдаа завшиж байсан аж.

Д.АМАРСАЙХАН АУДИТЫН ШАЛГАЛТ ХИЙХ ГЭХЭЭР ЦЭЭЖЭЭРЭЭ ХАМГААЛДАГ БАЙСАН НЬ ИЙМ УЧИРТАЙ АЖ

"Пейтрочайна дачин тамсаг" компани Мэнэнгийн талд олон цоо­но­гоос газрын тос олборлодог. Тэгтэл Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан нарын хам­саатнууд нь "Пейтрочайна дачин тамсаг"-ийн хоёрхон талбайгаас олборлосон газрын тосны орло­гоос асар их хэмжээний мөнгө угаасан баримт байна. Тэр нь "Тосон уул 19", "Тамсаг 21" талбай аж. "Тосон уул 19"-ийн хувьд газ­рын тос нь олгойдож байдаг тал­бай. Монгол Улсын анхны Ерөн­хийлөгч П.Очирбат уг цооногийн нээлтэд очиж, цагаан дээлнийхээ энгэрийг газрын тосоор мялааж байсан түүхтэй. Тийм нь л баялаг нөөцтэй газар юм.

Д.Амарсайханыг Газрын тосны газрын дарга байх үед дээрх хоёр талбайн орлогын 76 хувь нь Хятадын талд харин 23 хувь нь Монголын талд очдог байж. Угтаа Монгол Улсад 24 хувь нь ирэх ёстой. Гэтэл хариуцсан байгуул­лагын удирдлагууд нэг хувийг нь хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байх юм. Энэ мөнгөн дүнг нэгэн аудитын компани шалгаж, тогтоо­жээ. Аудитын байгууллага нь Газ­рын тосны газар болон "Пейтро­чайна дачин тамсаг" компанид 2005-2012 оныг хүртэлх хугацаанд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу олбоорлосон тосны хэмжээ, бор­луулалтын дүн, хасагдах зардал, талуудад ногдсон орлого зэргийн мэдээг хүснэгтээр албан тоотоор гаргуулж авчээ. Тэгтэл хоёр бай­гуул­лагаас өгсөн тоон мэдээнүүд хоорондоо нэлээд зөрүүтэй дүн гарсан байна. "Пейтрочайна дачин тасаг" компаниас өгсөн мэдээнээс Газрын тосны газрын ирүүлсэн дүн 417.026 баррель буюу 40.522.976 сая ам.доллараар дутуу байжээ. Тухайн үед дээрх хоёр байгуул­лагад хөндлөнгийн шалгалт оруу­лах гэхээр Д.Амарсайхан цээжээ­рээ хамгаалдаг байсныг Газрын тосны газарт тухайн цаг үед ажил­лаж байсан эх сурвалж дуулгав. "Засгийн газартай гэрээтэй компа­нид хэн дуртай нь шалгалт хий­дэггүй юм" гэхчилэн аудитын шал­галт хийх гэхээр эрс эсэргүүцдэг байсан гэнэ. Өөрийнх нь мөнгө угааж буй "но" илэрчих вий гэсэн­дээ хөндлөнгийн шалгалт оруула­хаас ийнхүү татгалздаг байсан ажээ.

ТЭР ИХ МӨНГИЙГ ХУВЬЦААНЫ ХУВЬ НЭРЭЭР ХУВЬДАА ЗАВШСАН УУ?

"Пейтрочайна дачин тамсаг" компаниас Хонконг дахь Шанхай банкны 12 орон бүхий тоот данс руу "SunWang" гэх компанийн нэр дээр хувьцааны ашиг хэмээн их хэмжээний ам.доллар шилжүүлдэг байсан байх юм. 2011 оны эхний найман сарын байдлаар л гэхэд "SunWang" компанийн нэр дээр 1.5 сая ам.доллар шилжсэн байна. Хамгийн сүүлд гэхэд 216 мянган ам.доллар Хонконгийн Шанхай банк руу оржээ. Ийнхүү "Бүтээг­дэхүүн хуваах гэрээ"-ний дагуу "Пейтрочайна дачин тамсаг" компанийн Тосон уул 19, Тамсаг 21 талбайгаас олборлосон газрын тосны борлуулалтын орлогоос Монгол Улсын Засгийн газарт ногддог 24 хувиас нэг хувь нь автоматаар Хонконг руу явдаг байжээ.

Хонконг бол худалдааны чө­лөөт бүс. Тэр утгаараа Д.Амар­сайхан нар тэнд компани байгуу­лан татварын дарамтгүй мөнгө угаах бүрэн боломж бүрдсэн бо­лол­той. Тиймээс гадаадын банкинд данс нээлгэн мөнгө гүйлгэж, улсын мөнгийг хувьдаа завшиж байсан байх юм.

Аудитын шалгалтаар Хятадын талын "Пейтрочайна дачин тамсаг" компани гэрээнийхээ дагуу ямар нэгэн асуудалгүй, үүргээ гүйцэтгэн ажиллаж байхад монголчууд маань өөрсдөөсөө идэж ууж байсан нь харамсалтай. Дээрх хэргийг Д.Амарсайхан дангаараа үйлдээгүй нь мэдээж. Түүний хөлд Газрын тосны газрын нягтлан гээд хэд хэдэн хүн чирэгдэх бололтой.

СОЛОНГОСООС ОРУУЛЖ ИРЭХ ШАТАХУУНЫ БОРЛУУЛАЛТААС ХЭН ХУВЬ НЭХЭВ?

Манай улс шатахууны хувьд ОХУ-аас бүрэн хараат гэхэд болно. Хямд төсөр шатахуун оруулж ирэх хоёрдогч улстай түншийн гэрээ байгуулах асуудал нэг хэсэг яригд­сан. Тэр нь БНСУ байлаа. Солон­госын талаас манайхыг хямд шата­хуунаар хангая гэх саналын хариуд салбарын тодорхой нэр бүхий албан тушаалтан хувь нэхсэн тухай мэдээлэл бий. Солонгосоос оруулж ирэх шатахууны борлуу­лал­таас хэдэн хувийн ашиг өгчих хэмээн шантаажилсан тэдгээр нөхдүүдийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэдэнтээ мэдэгдэж байв. Хоёр улсын хэрэгт хошуу дүрэн хувь хүртэх гэж айлын талыг шантаажилсан нөхдүүд Газрын тосны экс дарга Д.Амарсайхан нарын хүмүүсийн байсан гэх сураг дуулдав.

Манай улсад хямд шатахуун оруулж ирэх асуудалд Солонгосын талын хоёр компани өрсөлдөж байгаа гэх мэдээлэл байсан. Тэд Монголд шатахуун нийлүүлэх гэхээр хариуцсан салбарын тодор­хой албан тушаалтнууд мөнгө нэхэж байна гэж гомдоллосон байдаг. Энэ хэрэгт Газрын тосны газрын Борлуулалт хариуцсан албаны дарга Бадарчийн нэр нэг хэсэг дуулдсан. Тагнуулын ерөн­хий газар уг хэргийг шалгаж  байгаа талаар урьд нь бид мэдээлж байсан. Харин хэргийн эзнээр Д.Амарсайханы сураг гарлаа. Энэ хэргийн эргэн тойрондохыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтоох биз ээ.

Татвар төлөгч бидний мөнгийг ил цагаан иддэг байсан нөхдүү­дийн хэрэг ар араасаа ийнхүү илчлэгдэж байна. МАН-ыг Засгийн эрх барьж байх үед салбар бол­гонд айхавтар мөнгөний мангас байсныг хэн ч "мэддэггүй" байж. Хөшигний ард явагддаг тэдний мөнгө угаах луйвар нь хэрээс хэтэрч, ханаж цадахаа мэдэхгүй ард түмнээ мөлждөг байсан нь одоо илэрч байгаа. Идсэн уусан хэргээсээ эмээж, хил дамнан зугтах эрхмүүд ч цөөнгүй. Төрийн ажил хийж байсан хэд хэдэн хүний нэрс Интерполд бий. Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайханыг тун удахгүй Интерполоор эрэн сурвалжлах бололтой. Учир нь тэрээр хилээр гарсан бөгөөд одоо болтол хаана байгаа нь тодорхой­гүй байна. Түүн­тэй холбоотой хэргийн талаар албаны эх сурвал­жаас тодруула­хад "Д.Амарсайхан нарын хэргийг оны өмнөөс шалгаж эхэлсэн. Одоогоор мөрдөн бай­цаалт яваг­даж байна. Дэлгэ­рэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд